Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 


Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхөгшин овогт Гаваадондовын *******д холбогдох 2226004210338 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 3 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 61 дугаартай туслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3, мөн хуулийн 214-р зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар 5 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон. Ханхөгшин овогт Гаваадондовын ******* /РД:ЙЮ78110317/,
          
           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 219 дүгээр байрны үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж, 238.000 төгрөгийн үнэ бүхий хяналтын камерын дэлгэц 1 ширхэг, бичигч төхөөрөмж, хард зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд энэ хэргийг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 06 дугаар сард нэг хулгайн гэмт хэрэг үйлдсэн энэ хэрэг цагдаа дээр байгаа энэ хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлмээр байна” гэв.
  
Хохирогч Д.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 56 минутын үед гэртээ иртэл С.Галбадрах байрны дотоод фейсбүүкээр хяналтын камерын дэлгэц, бичигч хард байхгүй шатны доод талд байдаг вакум хаалтын хаалга онгорхой байна гэж бичээд байхаар нь би хариуцдаг, түлхүүр нь надад байдаг болохоор гараад харсан чинь вакум хаалгыг нь хөшиж онгойлгоод дотор нь байсан дэлгэц хардыг аваад явсан байсан. Бичигч нь 200,000 гаран төгрөг байх гэж бодож байна, 31 айлаас 35,000 төгрөг хурааж тухайн үедээ авч байсан. Тэр өдөр С.Галбадрахыг гэр лүүгээ үдээс хойш 15 цагийн үед ороход гадуур архи уугаад явдаг хүн зөрсөн гэсэн. Тэгээд яваач гэсэн чинь хүн хүлээж байна гэж хариулсан гэсэн. С.Галбадрах нь тэр хүнийг өмнө нь харж байсан таньдаг юм байна лээ. Дэлгэцийн дээд талд цаасан дээр тоо бичээд тавьсан л байдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

Хохирогч Д.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Анх тухайн 219 дүгээр байранд орох үед ямар нэгэн хяналтын камер гэх зүйл байхгүй. Тухайн хяналтын камерыг оршин суугчид нийлж байгаад байрны коридор үүд хэсэгт суурилуулж байсан. Тухай хяналтын камерыг “Сууц өмчлөгчдийн холбоо” суурилуулж байрлуулаагүй болохоор хяналт тавьдаггүй, оршин суугчид дундаас би тухайн хяналтын камерын өрөөнд хяналт тавьж байдаг, хаалганы түлхүүр нь надад ганцхан байдаг. Манай байрны оршин суугчдаас би тухай хяналтын камерын өрөөнд хяналт тавьж хариуцдаг. Тийм болохоор би хохирогчоор оролцоход ямар нэгэн санал хүсэлт байхгүй, манай байрны оршин суугчид зөвшөөрсөн. Миний зүгээс эд зүйлд үнэлгээ гаргуулахад төлсөн 30.000 төгрөг, хаалганд үүссэн хонхорхой эвдрэлийг засахад нийт 178.000 төгрөгийг нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

Гэрч С.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Арвайхээр сумын 5-р баг 219-р байранд байх гэрээсээ гарах гээд явж байтал 2 давхрын шатан дээр дээр үед Уянга суманд нинжа хийж байсан Аска буюу ******* зогсож байсан. Чи юу хийж яваа юм гэсэн чинь найзыгаа хүлээж байна гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь танай найз гэж энэ орцонд юу байдаг юм гээд байрнаас гаргасан. Манай байрны хаалга код эвдэрсэн онгорхой байдаг. Орой 21 цагийн үед гэртээ ирээд тэр вакум цонх руу харахад гэрэл нь тусахгүй байхаар очоод харсан чинь хаалгыг нь хөшиж онгойлгосон бололтой цоожны хэл нь цухуйсан байсан. Шагайгаад харсан чинь дэлгэц, хард байхгүй байхлаар нь байрны чатад ороод болсон явдлын талаар бичсэн, ******* нь хар өнгийн куртиктэй байсан байх сайн анзаарч хараагүй. ******* л авсан гэж бодож байна, өөр сэжигтэй хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №121 дугаартай “...Хяналтын камерын дэлгэц 60,000 төгрөг, Бичигч 72,000 төгрөг, хард диск 96,000 төгрөг, вакум хаалга сэргээн засах 10,000 төгрөг, нийт 238,000 төгрөг...” гэсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 26-31 дүгээр хуудас/,

  Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “..хяналтын камерын дэлгэц 1 ширхгийг хураан авав...” гэсэн прокурорын тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/,

  2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан “...*******гээс DELL гэсэн суурин дээр Асег гэх бичигтэй, суурин дээд хэсэгт 3000333 гэж цагаанаар бичсэн, дэлгэцийн нүүр хэрэгт цаасан дээр 3902030001017 гэж бичиж наасан, дэлгэц рүү орсон утсыг нь тасалсан байдалтай, дэлгэцийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны “...3 дугаартай DELL загварын баруун дээд буландаа кодолсон дэлгэц манай байрны хяналтын камерын дэлгэц мөн байна. Дэлгэцийн буланд байгаа цаасан дээр код бичиж наасан байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...хохирогч Д.Цэрэнхандад Хар өнгийн Dell гэх бичиглэлтэй дэлгэцийг бцаан өгсөн тухай ”Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44-45 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 219 дүгээр байрны үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж, 238.000 төгрөгийн үнэ бүхий хяналтын камерын дэлгэц 1 ширхэг, бичигч төхөөрөмж, хард зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Цэрэнхандын мэдүүлэг,  хохирогч Д.Цэрэнхандын дахин өгсөн мэдүүлэг,  гэрч С.Галбадрахын мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан,  2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна. ...Дээрх баримтуудаас үзэхэд 219 дүгээр байрны оршин суугчид өөрсдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор хөрөнгө бий болгож үйл ажиллагаа явуулах тусгай хамгаалагдсан байранд байршуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд хамааруулан үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. ...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  “...Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдсэн.  Гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө  нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. *******гийн 2022 оны  06 дугаар сард үйлдсэн гэх хэргийн хувьд нэгэнт хэргийг  нэгтгэн шалгуулах боломжгүй  буюу нэгтгэн шалгуулах үндэслэл тогтоогдохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдээгүй учраас хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх боломжгүй байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах, шүүгдэгч нь хохирол төлбөрөө  нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 219 дүгээр байрны үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж, 238.000 төгрөгийн үнэ бүхий хяналтын камерын дэлгэц 1 ширхэг, бичигч төхөөрөмж, хард зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Шүүгдэгч Ханхөгшин овогт Гаваадондовын ******* нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

Хохирогч Д.Цэрэнхандын “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 56 минутын үед гэртээ иртэл Галбадрах байрны дотоод фейсбүүкээр хяналтын камерын дэлгэц, бичигч хард байхгүй шатны доод талд байдаг вакум хаалтын хаалга онгорхой байна гэж бичээд байхаар нь би хариуцдаг, түлхүүр нь надад байдаг болохоор гараад харсан чинь вакум хаалгыг нь хөшиж онгойлгоод дотор нь байсан дэлгэц хардыг аваад явсан байсан. Бичигч нь 200,000 гаран төгрөг байх гэж бодож байна, 31 айлаас 35,000 төгрөг хурааж тухайн үедээ авч байсан. Тэр өдөр Галбадрахыг гэр лүгээ үдээс хойш 15 цагийн үед ороход гадуур архи уугаад явдаг хүн зөрсөн гэсэн тэгээд яваач гэсэн чинь хүн хүлээж байна гэж хариулсан гэсэн. Галбадрах нь тэр хүнийг өмнө нь харж байсан таньдаг юм байна лээ. ...Манай байрны оршин суугчдаас би тухай хяналтын камерын өрөөнд хяналт тавьж хариуцдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18, 19-21 дүгээр хуудас/, гэрч С.Галбадрахын “...Намайг Арвайхээр сумын 5-р баг 219-р байранд байх гэрээсээ гарах гээд явж байтал 2 давхрын шатан дээр дээр үед Уянга суманд нинжа хийж байсан Аска буюу ******* зогсож байсан. Чи юу хийж яваа юм гэсэн чинь найзыгаа хүлээж байна гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь танай найз гэж энэ орцонд юу байдаг юм гээд байрнаас гаргасан. Манай байрны хаалга код эвдэрсэн онгорхой байдаг. Орой 21 цагийн үед гэртээ ирээд тэр вакум цонх руу харахад гэрэл нь тусахгүй байхаар очоод харсан чинь хаалгыг нь хөшиж онгойлгосон бололтой цоожны хэл нь цухуйсан байсан. Шагайгаад харсан чинь дэлгэц хард байхгүй байхлаар нь байрны чатад ороод болсон явдлын талаар бичсэн. ******* нь хар өнгийн куртиктэй байсан байх сайн анзаарч хараагүй. ******* л авсан гэж бодож байна, өөр сэжигтэй хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,  Хөрөнгийн үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Хяналтын камерын дэлгэц 60,000 төгрөг, Бичигч 72,000 төгрөг, хард диск 96,000 төгрөг, вакум хаалга сэргээн засах 10,000 төгрөг, нийт 238,000 төгрөг...” гэсэн 120 дугаартай тайлан, /хх-ийн 26-31 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “..хяналтын камерын дэлгэц 1 ширхгийг хураан авав...” гэсэн прокурорын тогтоол, /хх-ийн 12 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан “...*******гээс DELL гэсэн суурин дээр Асег гэх бичигтэй, суурин дээд хэсэгт 3000333 гэж цагаанаар бичсэн, дэлгэцийн нүүр хэрэгт цаасан дээр 3902030001017 гэж бичиж наасан, дэлгэц рүү орсон утсыг нь тасалсан байдалтай, дэлгэцийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 8-10 дугаар хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны “...3 дугаартай DELL загварын баруун дээд буландаа кодолсон дэлгэц манай байрны хяналтын камерын дэлгэц мөн байна. Дэлгэцийн буланд байгаа цаасан дээр код бичиж наасан байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Цэрэнханд, гэрч С.Галбадрах нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-31 хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 
 
Шүүгдэгч *******гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 2022 оны 06 дугаар сард нэг хулгайн гэмт хэрэг үйлдсэн энэ хэрэг цагдаа дээр байгаа энэ хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлмээр байна” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар баримтгүй байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хохирогч Д.Цэрэнхандад шүүгдэгч *******гийн гэмт үйлдлийн улмаас 238.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн “...Хяналтын камерын дэлгэц 60,000 төгрөг, Бичигч 72,000 төгрөг, хард диск 96,000 төгрөг, вакум хаалга сэргээн засах 10,000 төгрөг, нийт 238,000 төгрөг...” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №120 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 26-31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...хохирогч Д.Цэрэнхандад 60.000 төгрөгний үнэ бүхий Хар өнгийн Dell гэх бичиглэлтэй дэлгэцийг буцаан өгсөн болох нь  ”Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. 

Иймд нийт хохирол 238.000 төгрөгөөс дэлгэцийн үнэ 60,000 төгрөгийг хасч үлдэх 178.000 төгрөгийг   Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч Д.Цэрэнхандад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  
    
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шүүгчийн захирамжаар 5 сар 2 хоногийн өмнө тэнссэн суллагдсан. Дээрх 5 сар 2 хоногийг Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу  нэмж нэгтгүүлэх саналтай. Шүүгдэгч *******д 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй. Нэгэнт хорих ялын санал тавьж байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна.  Хэрэгт мөрдөн шалгаж ажиллагааны явцад гарсан зардлыг баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг, 
 
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. *******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай. Шүүгдэгч нь хохирогчид 178,000 төгрөгийг төлөх төлбөртэй байгаа. Уг төлбөрийг хорих ял эдэлж байх хугацаандаа төлж барагдуулна гэснээ илэрхийлсэн байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
 
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хэрэгт хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар таван сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан ба хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж хуульчилан заажээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хоёр жил хоёр сарын  хугацаагаар хорих ялд,  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10  дугаар сарын 20-ний өдрийн 2021/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн таван сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг хоёр жил долоон сар хоёр хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хоёр жил долоон сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

      Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, 
 
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:
 
    1. Шүүгдэгч Ханхөгшин овогт Гаваадондовын *******г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Ханхөгшин овогт Гаваадондовын *******г хоёр жил хоёр сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
    
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд,  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10  дугаар сарын 20-ний өдрийн 2021/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн таван сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил долоон сар хоёр хоногийн хугацаагаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил долоон сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******гээс 178.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэрэнхандад олгосугай.

 6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.