Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч:  “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: М.Г-т холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх болон түрээсийн төлбөр 9.390.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  хариуцагч М.Г нар оролцов.

                                                                           Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч М.Г нь Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 38 дугаартай тогтоолоор Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн манай байгууллагын захиалгаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдсан 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 01 тоот 52м2  бүхий 2 өрөө орон сууцанд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Бор-Өндөр/ТАХ-1 тоот Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээг тус газартай тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Гэтэл түрээслэгч М.Г нь гэрээний 3.3-т “Түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлнө”, мөн 6.6-д “Түрээслэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцох ба төлбөрийг 20 ба түүнээс дээш хоногоор, 2 буюу түүнээс дээш удаа хожимдуулсан тохиолдолд нь гэрээг цуцлах үндэслэл болно” гэснийг тус тус зөрчиж гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа болно. Тус газраас удаа дараа М.Г гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж байнга сануулж анхааруулж байсан бөгөөд тухайн иргэний зүгээс төлбөрөө барагдуулах ямар нэг бодитой арга хэмжээ аваагүйн улмаас манай байгууллагаас “Төрийн түрээсийн орон сууц”-ыг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Гэвч М.Г зүгээс өнөөдрийг хүртэл Төрийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөхгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын эзэмшлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 19 тоот 69.1м2 бүхий 2 өрөө орон сууцыг М.Г хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

М.Г “Төрийн түрээсийн орон сууц”-ны түрээсийн төлөөгүй төлбөрийн үлдэгдэл болох нийт 9.390.000 /есөн сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний 3.3, 6.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учир орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөр 9.390.000 төгрөгөөс 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүртэлх 1.350.000 төгрөгийг хасаад 8040000 төгрөг нэхэмжилж байна. ... Төрийн орон сууцны корпорацын ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны А4/69 тоот дугаартай тушаал гарсан байдаг. ... Уг тушаалын хавсралтанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 69.1м кв-ыг 4500 төгрөгөөр үржүүлэхээр 310.950 төгрөг болж байгаа. Үүнийг тэгшитгээд 310.000 төгрөг болгосон. Үүнийг тайлбарлахдаа тушаал гарсан үедээ бүх байгууллагын гэрээт ажилтан руу явуулсан гэсэн тайлбар өгсөн” гэв.

            Хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 05 сард тус байранд орсон. Үүнээс хойших өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг би төлнө. Энэ хугацаанд төлсөн 1700000 төгрөгийг хасаад төлнө. Би түрээсийн төлбөрөө төлөөгүй биш тодорхой хэмжээгээр төлөөд явсан. Үлдэгдэл түрээсийн төлбөрийг төлөөд орон сууцнаасаа гарах хүсэлгүй байна. Сарын түрээсийн төлбөр ямар нэгэн тушаал шийдвэр болон бидэнд мэдэгдсэн зүйлгүйгээр гэнэт нэмэгдээд 310000 төгрөг болсныг би хүлээн зөвшөөрөхгүй.  Бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. ... Түрээсийн төлбөр төлөхгүй байх нэг шалтгаан байсан. Учир нь хуучин энэ байрыг хариуцаж байсан гэрээт ажилтан Д  байх үед 30 хувиа төлчих юм бол уг байр өөрийн өмчлөлийн байр болох талаар ярьсан. Хэрвээ урьдчилгаа төлбөрөө их хэмжээгээр төлбөл сар сардаа түрээсийн төлбөр төлөөд байх шаардлагагүй гэж хэлсэн учраас энэ байраа өөрийн өмчлөлийн байр болгох үүднээс өөрийн хуучин амьдарч байсан 40 дүгээр байраа зараад түүнээс 8 сая төгрөгийг ТОСК-ийн Г гэх хүнд өгсөн. Үүн дээр хүүхдээсээ сая төгрөг авч нийт 9 сая төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Би 3 сая төгрөгийг нь буцааж авсан. Сарын дотор буцаагаад үлдэгдлийн өгнө гэсэн. Хэрвээ би энэ үлдэгдэл мөнгө авбал уг түрээсийн төлбөрийг төлж барагдуулъя гэж бодож байгаа ” гэв.

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь хариуцагч М.Г холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдөөгүй түрээсийн төлбөр 9.390.000 төгрөг гаргуулах болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хариуцагч нь амьдарсан хугацаанаас өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө. Амьдрах хугацаандаа төлбөрөө огт төлөөгүй зүйл байхгүй, төлбөр 310.000 төгрөг болсныг надад мэдэгдээгүй тул орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Зохигчид буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, М.Г нар нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг 52 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай 63.1 м2 кв.метр 2 өрөө орон сууцыг  2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 60 сар буюу 5 жилийн ерөнхий хугацаатайгаар, дээрх хугацааны хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 сарын хугацаатай байгуулжээ. Тус гэрээний 2.4-т гэрээний сунгалтыг хийхдээ талууд гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх бөгөөд түрээслэгч талаас гэрээний үүргийг зөрчөөгүй бол дахин 12 сарын хугацаагаар сунгахаар харилцан тохиролцжээ. /хх-н 4-7 хуу/

            Талуудын хооронд Түрээсийн гэрээний харилцаа, эсхүл Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааны аль нь үүссэн эсэхийг тодорхойлоход зөвхөн эд хөрөнгө ашиглахаар тохиролцсон уу эд хөрөнгө ашиглаад зогсохгүй үр шимийг хүртэхээр тохиролцсон уу гэдэг нь чухал ач холбогдолтой юм. Учир нь Түрээсийн гэрээний хувьд эд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртэх асуудал тэргүүн ээлжинд тавигддаг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг ашиглаад зогсохгүй, эд хөрөнгийн үр шим ашиглалтын давуу талыг өөртөө авч үлддэг онцлогтой байдаг. Тэгвэл талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь орон сууцыг хүн амьдран суух зориулалтаар эзэмшил ашиглалтад шилжүүлж байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Орон сууц хөлслөх гэрээний тухайд тусгайлан тавигдах хэлбэрийн шаардлага байхгүй болно.

            Орон сууцны хөлс гаргуулах шаардлагын тухайд:

            Хариуцагч нь тус орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд түрээслэж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс худалдан борлуулахаар болж урьдчилгаа авч эхэлсэн. Эхний 3 сарын хугацаанд 150.000 төгрөгөөр 450.000 төгрөг, үлдсэн 9 сарын хугацацаанд 280.000 төгрөгөөр 2.520.000 төгрөг нийт 2.970.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой байснаас түрээсийн төлбөрт өгсөн 860.000 төгрөг, барьцаанд өгсөн 840.000 төгрөгийг тус тус хасч 1.270.000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцжээ.

            Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “М.Г төлөөгүй төлбөрийн үлдэгдлийн тооцоолол” гэх хүснэгтээр хариуцагч нь орон сууцны хөлсөнд 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 150.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, барьцаа төлбөрт 390.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 280.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 280.000 төгрөг нийт 1.250.000 төгрөг төлжээ. /хх-н 23 хуу/ Мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн банкны баримтуудаар 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 150.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 280.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 280.000 төгрөг нийт 860.000 төгрөгийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ дансанд тушаажээ. Хариуцагчийн урьдчилгаа буюу барьцаанд 450.000 төгрөгийг бэлнээр Д.Д д өгсөн гэх боловч дээрх мөнгө нь нэхэмжлэгч байгууллагын дансанд ороогүй, Д.Д  нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх мөнгийг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, цааш зохих дансанд тушаасан талаарх баримт байхгүй тул төлбөр төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.    

            Хариуцагч нь хөлсөлж буй орон сууцаа худалдан авахаар урьдчилгаа 8.000.000 төгрөгийг Д.Д гаар дамжуулан Н.Г гэх хүний дансанд тушаасан гэх асуудал нь энэхүү маргаантай холбоогүй, албан ёсны гэрээ хэлцэлгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна.

            Орон сууц хөлслүүлэх гэрээний 6.4-т түрээсийн төлбөрийг гэрээ байгуулснаар сарын сүүлийн өдрөөр тооцон, сар бүрээр урьдчилан төлж байх бөгөөд түрээсийн төлбөрийг сарын эхний 10 хоногт багтаан төлж байхаар тохиролцжээ. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг ба хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч нь түрээсийн төлбөр 310.000 төгрөг болсныг мэдээгүй гэж тайлбарлах боловч энэ нь түүнийг хөлс төлөх үүргээс чөлөөлөх шалтгаан биш бөгөөд талуудын байгуулсан гэрээний 6.2-т “Түрээслэгч нь түрээсийн төлбөрт өөрчлөлт орсныг нэмэлт гэрээгээр баталгаажуулаагүй ч гэсэн Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн жилийн төрийн түрээсийн орон сууцны төлбөрийг өөрчилж, мөрдсөн өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчлөгдсөнд тооцно” гэж мөн гэрээний 6.3-т “Гэрээний хугацаанд түрээсийн төлбөр нь тогтмол биш бөгөөд энэхүү гэрээний 6.1-д зааснаар жил бүр өөрчлөгдөх боломжтой болохыг хөлслөгч үүгээр хүлээн зөвшөөрч, гэрээний 6.2-т заасныг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэж тус тус тохиролцжээ. Мөн Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/69 дугаартай “Шинэчлэн батлагдсан түрээсийн төлбөрийг программд бүртгэж, түрээсийн орлогыг төвлөрүүлэх тухай” тушаал, тушаалын хавсралтаар орон сууцны түрээсийн төлбөр /хөлсийг/ шинэчлэн баталжээ. /хх-н 27-28 хуу/

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 1.350.000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 8.040.000 төгрөг болгож багасгаж байгаа гэж тайлбарлах боловч түүнд олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгоогүй байна. /хх-н 31 хуу/

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй түрээсийн төлбөр гэж 9.390.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн гэх нотлох баримт байхгүй тул  2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөр 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Харин хариуцагч нь тус орон сууцанд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орсон гэх тайлбар нь гэрч Д.Д гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

            Иймд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс болох 9.440.000 төгрөгөөс төлөгдсөн хөлс болох 1.250.000 төгрөгийг хасч хариуцагчаас 8.190.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Орон сууц албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

                Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч шаардах эрхтэй хэдий ч хөлслүүлэгчийн хувьд хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн Эд хөрөнгө хөлслөх гэрээний 288 дугаар зүйлийн 288.2.3 “...хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар” тус тус гэрээг цуцалж болохоор заасан боловч гэрээг цуцлахын тулд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6-д зааснаар нөгөө талдаа мэдэгдэх үүргийг хүлээдэг. Учир нь Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдагтай холбоотой. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа М.Г гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага тавьж байнга сануулж анхааруулж байсан гэж дурдсан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.  

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж, мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно” гэж зохицуулсан. Талуудын гэрээний ерөнхий хугацааг 5 жилийн хугацаагаар байгуулж жил бүр гэрээг дүгнэж цааш сунгах эсэхээ шийдвэрлэж байхаар тохиролцсон боловч тус гэрээг дүгнээгүй байна. Ийнхүү дүгнээгүй нь тус гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм. Тус гэрээний ерөнхий хугацаа 5 жил бөгөөд жил бүр дүгнэх үүрэг нь нэхэмжлэгч буюу Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т байсан байна.

Иймд дээрх үндэслэлээр орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.6-д заасныг баримтлан хариуцагч М.Г 8.190.000 /найман сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г 8.190.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 145.990 төгрөгийг гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР