Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: УБҮ-н нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Г.Э-д холбогдох 3100 кг шингэн шилний төлбөр 3.284.016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Г.Э хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нар оролцов.

                                                                           Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа УБҮ-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Э нь Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тушаалаар Бор-Өндөр УБҮ-ийн хангамжийн хэлтэст няраваар томилогдон Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 3100 кг шингэн шил дутагдуулж тус үйлдвэрт 3284016 төгрөгийн хохирол учруулсан нь компанийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн шалгалтаар тогтоогдсон. Шингэн шилний дутагдлын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж улмаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын 2018.06.20-ны өдрийн 5-32 тоот хариу мэдэгдэх хуудсаар УБҮ-т  хохирол учруулсан түүний үйлдлийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хааж, хохирол болох 3284016 төгрөгийг эд хариуцагч Г.Э иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэсэн. Г.Э нь тус үйлдвэрт эд хариуцагчаар ажиллаж байхдаа УБҮ-тэй байгуулсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 2.1.3-т “Өөрийн хариуцаж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд, сэлбэг тоног төхөөрөмж эд хогшил, үнэт зүйлсийг хүлээн авахдаа дагалдах анхан шатны санхүүгийн баримт нь бүрэн тохиолдолд хариуцсан хангамжийн мэргэжилтэн болон бусад эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авч тоо, хэмжээ, үнэ, чанар, бүрэн бүтэн эсэх болон зохих баримт бичгүүдтэй тохирч байгаа эсэхийг тулган шалгах ба “Материалын төв агуулахад материал үнэ бүхий зүйлийг олж бэлтгэх түүний орлого авахад бүрдүүлэх баримт” журмыг мөрдлөг болгон ажиллах, мөн 2.2.3-т заасан “Бараа материалын үнэ бүхий зүйл эд хөрөнгийг хүлээн авах, тавин олгох, борлуулах үед шалгалт тооллогыг тогтмол хийж, тоо хэмжээ зөрсөн буюу чанар байдлаа алдсан зүйлд акт тогтоохыг шаардах” зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдаг ба “Монголросцветмет” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс хийсэн шалгалтын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тайланд “Агуулахын материалын нярав, эд хариуцагч нь хариуцсан ажилдаа хайнга хандаж, бараа материалыг орлогод авах, зарлагадах үйл ажиллагаа, ажлын дэс дарааллыг холбогдох журмын дагуу гүйцэтгээгүй, бүртгэлээ бодитой хөтлөөгүй, холбогдох зөвшөөрөлгүйгээр агуулахаас бараа материал гаргасан, шингэн шилний дутагдал гарсан даруйд хариуцсан нягтлан болон УБҮ-ийн удирдлагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг болон холбогдох бусад зөрчлүүд” гаргасан талаар тэмдэглэсэн байдаг.

Г.Э нь өөрийн хариуцлагагүйгээс УБҮ-т учруулсан 3284016 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулахаа Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад болон УБҮ-ийн захиргаанд удаа дараа бичгээр илэрхийлж байсан боловч төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Иймд УБҮ-т учруулсан 3100 кг шингэн шилний хохирол 3284016 төгрөгийн төлбөрийг Г.Э гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Э шингэн шилний дутагдал гаргасан үйлдэл нь эд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон эд хариуцагчийн үүргийг зохицуулсан журмуудыг зөрчсөн, үйл ажиллагаагаа журмын хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, хайхрамжгүй илт хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон дутагдал юм. Дутагдал нь УБҮ-нт хийсэн "Монголросцветмет" ХХК-ийн дотоод хяналтаас хийсэн шалгалтаар тогтоогдож, шалгалтын явцад 17 тонн дутаж, энэ нь сүүлдээ баглаатай ирсэн шингэн шилний килограммын зөрүүнээс гарсныг шалгалтаар олж тогтоосон байдаг юм. Ингээд үлдэгдэл 3100 кг шингэн шилний дутагдал Г.Э дээр төлбөр болж тавигдсан.  Г.Э нь төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөөд байдаг мөн дотоод хяналтын  шалгалтын тайланд тусгагдсан, дээрээс өгсөн чиглэлээр Г.Э тус дутагдалтай холбогдуулж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар чиглэл болгосон. Г.Э нь эд хариуцагчийн гэрээ болон үйлчилж байгаа хэм хэмжээ тогтоосон дотоод журмаа зөрчин ажилласан үйлдэл нь шингэн шилний хохирлыг төлөх мөн дээр нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хариуцлагыг төлөх үндэслэл болно гэж үзэж байна. Үүн дээр мөн хоёрдмол байдал байдаг. Энэ нь хариуцлагын хувьд ийм байсан боловч шингэн шил гадагшаа гараагүй, тухайн байгууллагын дотоод хэрэгцээнд өөрийнх нь хайхрамжгүй, илт хяналтгүй үйл ажиллагаанаас болоод шингэн шилийг ашигладаг УБҮ-нийн фабрикийн цех болон бусад байдлаар зарлага гүйлгээд явчихсан байхыг үгүйсгэхгүй. Энийгээ хариуцагч өөрөө нотолж чадвал хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжтой юм болов уу гэж төлөөлөгчийн хувьд харж байна. Хэрэв нотолж чадахгүй бол эд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хохирлыг төлөх ёстой” гэв.

            Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шалгалтаар нийт 17 тонн шингэн шил дутсан. Надад харагдах бодит шингэн шил байхгүй болохоор нь би ерөнхий нягтлан Болорт очоод миний шингэн шил дутчихлаа. Бодит байдлаар 17 тонн шингэн шил үлдээд байх юм, тэгтэл гадаа байхгүй. Бүгдийн татаад авсан байна гэж хэлсэн. Тэгтэл ерөнхий нягтлан эхлээд шалгая, бичиг баримтаа аваад байж бай гэсэн. Тэгээд би шалгуултал тухай үед Баяжуулах Фабрик хэмнэлт гарлаа гээд байсан ийм учиртай байжээ. Манай юмыг хангамжаас авчхаад хэмнэлт гаргалаа гэж яриад байсан байна гэж хэлж байсан.  Наадахыг чинь учрыг олноо гэж тухайн үед надад хэлж байсан. Мөн шингэн шилийг тухайн үед 62.5 килограммтай гээд уут нь дээрээ бичсэн байсныг анзаараагүй. Урд нь 50 кг-тай ирдэг байсан юм. Түүнийг анзааралгүйгээр 50 кг-аар нь зарлагадсан байсан. Түүнээс 6 тонн шингэн шилийг гаалийн газрын бүрдүүлтэнд дээр би өөрийн биеэр очиж шалгаад даруй ерөнхий нягтланд эндээс 6 тонн шингэн шил гараад ирлээ. 62.5 кг байсныг мэдэлгүйгээр 50 кг-аар буюу урд нь өгч байснаараа өгчихжээ гэтэл ашгүй ашгүй 6 тонн гарч байгаа нь их юм гэж ерөнхий нягтлан тухайн үедээ хэлсэн... Миний алдаа дутагдал гаргах гол шалтгаан нь миний ажлын ачаалалтай холбоотой. ... Захиралд хийж өгсөн бичгийн хувьд Буд нягтлан та ажлаасаа чөлөөлөгдөх боллоо гээд гэнэт нэг өдөр намайг ажлаа хийж байхад дуудсан. Тэгээд очтол захирлын зөвлөлийн хурал болж байсан. Тэгтэл та 3100 кг-ийн шингэн шилний дутагдал гаргасан байна. Үүн дээр прокурорын байгууллагаас төлөх тухай бичиг ирсэн байна. Тиймээс таныг цаашдаа ажлуулах боломжгүй гэсэн. Тэгээд та 3100 кг шингэн шилний төлбөрийг төлнө гэсэн бичиг одоо энд суугаад бичээд өг гэсэн. Тухайн үед би тулгамдаад байсан болохоор гадаа гараад биччээд ирье гэсэн. ... Мөн Буд нягтлан би ажлаа өгөх гэж байгаа учраас та төлнө гэсэн гарын үсгээ зурж өг, би таныг хүлээгээд байж чадахгүй гээд ерөнхий нягтлангийн өрөөнд оруулж ирээд гарын үсэг зуруулж авахуулж байсан. Би тухайн үед хүн ажлаа өгөх гэж байхад нь чирэгдэл учруулаад яахав гээд дараа нь шүүх, цагдаагаар үнэн учрын ольё гэж бодоод гарын үсэг зурж байсан юм” гэв.

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа УБҮ-н нь хариуцагч Г.Э  холбогдуулан 3100 кг шингэн шилний төлбөр 3.284.016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Г.Э нь “...дотоод хяналт шалгалтын ажилтан нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй тооцоолж, энэ хохирлыг зохиомлоор гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хавтаст хэрэгт хариуцагчийг ЗААХ-ийн бичиг хэргийг эрхлэгчээс МТХХ-ийн няраваар 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилсон УБҮ-нийн захирлын 2010 оны 03 дугаар сарын 02-ны  өдрийн 228 дугаартай тушаал, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭХ-2016-22 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус авагдсан байх бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч УБҮ-нт МТХХ-ийн /материал, техник хангамжийн хэлтэс/ няраваар ажиллаж байсан болох нь ажилд томилсон тушаал болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Түүнчлэн мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэсний дагуу талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭХ-2016-22 дугаартай “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ” байгуулагдсан байхаас гадна эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1-д эд хариуцагчийн үүрэг болон 3-т эд хариуцагчид хүлээлгэх хариуцагчид хүлээлгэх хариуцлагыг тус тус заасан байна.  

Хариуцагчийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа буюу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хариуцсан бараа материал болох шингэн шилнээс 3100 килограммыг дутааж байгууллагад 3.284.016 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм.

            Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож буй Монголросцветмет ХХК-ийн дотоод хяналт, мониторингийн мэргэжилтэн Л.Х үйлдсэн “ажлын тайлан”-гийн 5 дугаар хэсэгт “2017 оны 06-р сарын 23-ны өдөр БФ-ийн нярав, ачигч дүүргэгч нар нь агуулахаас САТ980Н маркийн погрузчик /Эрдэнэхуяг/-аар 3 рейс, SL-50 №1 погрузчик /О.Энхбаяр/-аар 4 рейс нийт 7 рейс шингэн шил татан авч, автопүүгээр оруулалгүйгээр шууд БФ-т буулгажээ. Хангамжийн нярав нь “Бараа материалыг гаргах зөвшөөрөл”-д шингэн шилний жинг бичилгүйгээр зөвхөн “Шингэн шил 7 рейс” гэж тэмдэглэн харуулд хүлээлгэн өгсөн байна. БФ-ийн нярав, ачигч нар нь пүүний бичиг нь ирээгүй байна гэж харуулын тэмдэглэлд бичүүлээд агуулахын хашаанаас ачин гарсан ба тухайн өдрийн БФ-т нормчлогдсон материалын орлогод шингэн шил 4000 кг, техникийн сода 2000 кг, алюмин 5000 кг гэж бүртгэжээ. Гэтэл тухайн өдөр техникийн сода-г агуулахаас БФ-т ачуулсан ямар нэг баримт, няравын бүртгэл, харуулын бүртгэл, автопүүний бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд агуулахаас тухайн өдөр нийт 10 рейс урвалж авч гарсан ба үүний 3 рейс нь тусдаа 5000 кг алюмин бусад нь “Шингэн шил 7 рейс” хэмээн тэмдэглүүлэн авч гарсан 7 рейс бүгд шингэн шил байхаар байна. Тухайн өдөр автопүүгээр жинлүүлсэн ачааны жинг үндэслэвэл: 7 рейс х 1700 кг = 11900 кг болсон байна. Үүнээс БФ-т бүртгэсэн 4000 кг-ийг хасвал 11900 кг – 4000 кг = 7900 кг шингэн шилийг агуулахаас илүү авч гарсан байна” гэж. Мөн “ажлын тайлан”-гийн 10 дугаар хэсэгт “2017 оны 12-р сарын 05-ны байдлаар дутсан 17000 кг шингэн шилнээс 2017 оны 6-р сарын 23-ны өдөр БФ-руу илүү авч гарсан /5-р тайлбарласан/ 7900 кг, шуудайны жингийн зөрүүнээс БФ-т илүү ачуулсан /9-рт тайлбарласан/ 6000 кг, нийт 13900 кг шингэн шилийг хасвал Төв агуулахын эд хариуцагч Г.Э 3100 кг шингэн шилний дутагдал илэрлээ” гэж тус тус дурджээ.

Хариуцагчийн хүсэлтийн дагуу SL-50, CAT980H маркийн авто ачигч нь нэг удаад хичнээн тонн шингэн шилийг тээвэрлэдэг болохыг тогтоолгохоор хийгдсэн туршилтаар SL-50 маркийн авто ачигч нь тухайн нөхцөлд 2.4 тонн буюу 2400 кг шингэн шилийг тээвэрлэх боломжтой болох нь туршилтаар тогтоогдсон. /хх-н 104 хуу/ Нэхэмжлэгч талаас ирүүлсэн SL-50, CAT980H маркийн авто ачигчийн техникийн тодорхойлолтод SL-50 маркийн авто ачигчийн шанаганы багтаамж 3 куб метр, CAT980H авто ачигчийн шанаганы багтаамж 3.8-6.1 куб метр гэж тодорхойлжээ. /хх-н 34-35 хуу/ Мөн гэрч Ч.Б мэдүүлэгт “...задгай шингэн шилийг САТ-980Н маркийн авто ачигчаар 4 тонн орчмыг хутгаж авдаг, ер нь бол 6 тонн орчим багтдаг, асгараад байдаг тул дундуур хутгадаг. SL-50 маркийн авто ачигчийн шанагаар ихдээ 3 тонн орчмыг хутгадаг, дунджаар бол 2.5 тонн хутгадаг. САТ-980Н маркийн авто ачигчаар шингэн шил хутгаж пүүлүүлэхэд дунджаар 4 тонн, SL-50 маркийн авто ачигчаар шингэн шил хутгаж пүүлүүлэхэд дунджаар 2.5 тонн болдог” гэх мэдүүлэг. /хх-н 120-121 хуу/ Үйлдвэрийн техникийн хэлтсийн инженер Э.А-ийн үйлдсэн Баяжуулах фабрик нь 2017 онд буюу бүтэн жилийн хугацаанд 20381 кг шингэн шилний хэмнэлттэй ажилласнаас 6 дугаар сард 3212 кг шингэн шилний хэмнэлт гаргасан талаарх хүснэгт /хх-н118 хуу/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Монголросцветмет ХХК-ийн дотоод хяналт, мониторингийн мэргэжилтэн Л.Х нь дээрх ажлын тайланг үйлдэхдээ хоёр өөр техникийн үзүүлэлт бүхий авто ачигч болох SL-50, CAT980H маркийн авто ачигчийн шанаганы хэмжээг харьцуулж үзээгүйгээс гадна 1м3 эзлэх шингэн шилний хувийн жинг бодитойгоор тогтоолгүйгээр алюминий жинг үндэслэн бүх рейсийг 1700 кг гэж тооцсон, Баяжуулах фабракт хэрэглэж буй шингэн шилний хэмжээ, орлого, зарлага, хэмнэлт, хэтрэлт зэргийн нэг бүрчлэн тулгаж шалгаагүй нь дээрх тайланг учир дутагдалтай болоход нөлөөлжээ.

Хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан 2017 оны шингэн шилний орлого зарлагын тайланд  2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 50.000 кг шингэн шилийг орлогод авч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 13.000 кг шингэн шилийг зарлагдсан гэж тэмдэглэжээ. /хх-н 102 хуу/ Хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд авагдсан Баяжуулах фабрикийн 2017 онд зарцуулсан урвалж шингэн шилний үзүүлэлт гэх хүснэгтэд 2017 оны 06 дугаар сард баяжуулах фабрик нь хангамжийн хэлтсээс 16.872 кг шингэн шилийг татан авсан байгаа нь /13000-16872= -3872/ дээрх шингэн шилний зөрүү гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ нэхэмжлэгчид учруулсан бодит хохирол тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-нийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э  холбогдох 3.284.016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.495 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР