Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2019/00045/И |
Дугаар | 66 |
Огноо | 2019-05-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.У-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “С.Э миний бие Б.У 2000 онд танилцаж 2002 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсноос хойш 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин У.А 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бага охин У.А нар төрсөн. Б.У нь архи ууж, ааш зан нь эвдэрч, элдэв хэрүүл маргаан үүсгэж, түүгээр зогсохгүй удаа дараа зодож байсан удаатай. Мөн үндэслэлгүйгээр хардаж, хэл амаар доромжилж хэрүүл маргаан тасралтгүй үүсэх болсон тул бидний таарамжгүй харьцаанаас болж 2012 оны 04 дүгээр сараас хойш одоо хүртэл 7 жил тусдаа амьдарсан. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх байсан болохоор цаашид хамт амьдрах нөхцөл бүрдээгүй. Тусдаа амьдрах хугацаанд охидуудаа өөрийн асрамжид байлгаж одоог хүртэл хамт байгаа бөгөөд цаашид Б.У хамтран амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж охин У.А охин У.А нараа өөрийн асрамжиндаа авч Б.У хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. С.Э миний хувьд эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.
Нэхэмжлэгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.У нь Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байхдаа архи ууснаас болоод 3 удаа ажлаасаа халагдсан. Тухайн үед миний ааш араншин өөрчлөгдсөн зүйл байхгүй. У нь намайг гүтгэж, хардаж 3 удаа зодсон. Ах дүү нар маань энэ талаар мэднэ. У нь бичгээр гаргасан тайлбартаа охиндоо бэлнээр сая төгрөг өгч байсан гэж бичсэн байсан. Би охидуудаасаа асуутал аваагүй гэж байсан. Гутал хувцас авч өгч байсан нь үнэн” гэв.
Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.У миний бие 2002 онд анх гэрлэлтээ батлуулж хоёр охинтой болж сайхан амьдарч байлаа. УБҮ зогсож хөдөө ажилладаг болсон. Тэр цагаас эхэлж эхнэр С.Эрдэнэчимэгийн харьцаа өөр болж, ажилдаа явж байгаад ирэхэд элдэв дээдээр загнаж зүхэж гэртээ тайван байх аргагүйд хүргэдэг байсан. Энэ явдал даамжирсаар удаа дараа гэрээсээ хүртэл хөөдөг гэрт минь оруулахгүй байсан. Би С.Э-г байнга зодож байгаагүй гэдгийг ойр хавийн айл өрхийн хүмүүс мэднэ. Ийм учраас хэцүү байдалд орж аргагүй эрхэнд хөөгдөөд сүүлдээ ээжийндээ очдог болсон. С.Э нь одоо нөхөр хүүхэдтэй болсон. Миний бие хоёр охиноо бодоод одоог хүртэл эхнэр аваагүй болно. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулахад гомдолгүй тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Б.У-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд явцад нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтанд тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Э хариуцагч Б.У нар нь 2002 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2002 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж /хх-н 2-р хуу/, тэдний дундаас 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин У.А 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин У.А нар төрсөн болох нь У.А, У.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл саруул бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолтоор /хх-н 5-7 хуу/ тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Э нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Б.У-т холбогдуулан эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Б.У нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй, С.Э нь хамтран амьдрагчтай болсны улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болсон байна. /хх-н 9 хуу/
Хариуцагч Б.У нь эхнэр С.Э-н эрх чөлөөнд халдаж байсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн “Би С.Э-г байнга зодож байгаагүй” гэх тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь гэр бүлийн таагүй уур амьсгалыг үүсгэснээс зохигчид тусдаа амьдраад 7 жил болж байгаа, нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай болж хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдийг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд У.А У.А нарын эх С.Э-тэй хамт амьдрах талаарх санал, С.Э-т ээнэгшин дассан байдал, ахуй нөхцөл зэргийг харгалзан үзэж охин У.А У.А нарыг эх С.Э-н асрамжид үлдээж эцэг Б.У-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид охин У.А У.А нарын асрамжийн талаар, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт С.Э , Боржигин овогт Б.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин У.А 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин У.А нарыг эх С.Э-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин У.А У.А нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.У-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин У.А У.А нарын хэрэгцээнд зарцуулахыг С.Э-т даалгасугай.
5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.
7. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.190 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.У-аас 157.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР