| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0029/э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэ-Очирын *******д холбогдох 2226004490012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 14-01 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан Боржигон овогт Эрдэнэ-Очирын ******* РД:/*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” буудлын гадаа *******гийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг санаатайгаар төмөр лүү цохиж, газар луу шидэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр ******* над дээр ирээд чи утсаа өгчих гээд байсан. Тэгэхээр нь би утсаа өгөхгүй байгаад байсан чинь олон хүнтэй байхад нэхээд болохгүй байхаар нь би утсаа өгсөн. Тэгсэн намайг гараад уулзаадахъя гэсэн. Тэгэхээр нь үгүй гэсэн. Манай дарга камераар харж байсан болохоор нягтлан гараад ирсэн. Нягтлан гарч ирээд аниагийн дүү гараад уулзчих юм уу би кассан дээр зогсож байя гэхээр нь би гараад уулзсан. Гарч ирээд нэлээн юм уучихсан байхаар нь чи яагаад юм уучихсан юм бэ, гарах бүртээ юм ууж байх юм гэсэн чинь би уугаагүй гэсэн. Тэгээд миний утсыг өгөөдөх гэсэн чинь өгөхгүй байсан. Би утсаа булааж авах гэж байснаа болиод чи юм уугаад байх юм хоёулаа болъё гээд хэлсэн чинь миний утсыг төмөр лүү шидээд газар дэвсэлчихээд чи ингээд аваарай гэж хэлчихээд гүйгээд явсан. Тэгээд намайг ажил руугаа ороод ирсэн чинь манай дарга яахаараа энэ хүн чиний өмчид халдаж эвддэг юм гэсэн. Даргын утсаар ******* руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд орой нь тайлан тооцоогоо өгчихөөд 11 болж байхад би гэртээ ирээд дүүгийнхээ утсаар залгаад би гэртээ байна чи гэртээ хүрээд ир гэж хэлээд ирэхээр нь цагдаа дуудаад өгсөн. 450.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өгнө гээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болсон” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19:00 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь манай хамтран амьдрагч ******* ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг гар утсаа өгчих гэхээр нь нилээн байж байгаад гар утсаа өгсөн чинь хоёулаа уулзаадахуу гэсэн, би кассан дээрээ нягтлангаа түр зогсоочихоод хамт гарсан. Тэгээд би *******г чи яагаад юм уучихсан байгаа юм гэж хэлсэн чинь ******* би юм уугаагүй гээд уурлаад байсан. Би тэгэхээр нь утсаа авъя гэсэн чинь өгөхгүй байсан. Чи гарахаараа дандаа юм уучих юм, Хоёулаа ерөөсөө больё гэж хэлсэн чинь миний гар утсыг төмөр лүү цохиод газар шидээд, дээрээс нь дэвсчихээд яваад өгсөн. Би 23:00 цагийн үед ажлаасаа тарж гэртээ очоод дүүгийн утсаар ******* руу яриад би гэртээ байна хүрээд ир гэсэн чинь гэртээ ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. ...Самсунг А52 загварын гар утас байсан. Би тухайн гар утсыг 2021 оны 08 дугаар сард Хаан кредит банк бус санхүүгийн байгууллагаас 1.099.900 төгрөгөөр лизингээр авсан байсан. Зээлийн хугацаа нь 2023 оны 08 дугаар сард дуусахаар байгаа. Тухайн асуудал болох үед ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. ******* миний биед халдаж цохиж, зодсон зүйл байхгүй. Би *******тай 2019 оноос эхэлж хамт амьдарч байгаа, бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа нэг хүүхэдтэй, миний гар утасны хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Б.Баатарцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг гар утасны дэлгэц хагарч ар талын таг цуурсан байна. Уг гар утасны дэлгэцийг сольсон тохиолдолд хэвийн ажиллах боломжтой. Уг гар утсыг засварлахад 300.000-аас 350.000 төгрөгийн зардал гарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг гар утасны дэлгэц хагарч ар талын таг цуурсан байна. Уг гар утасны дэлгэцийг сольсон тохиолдолд хэвийн ажиллах боломжтой. ...уг гар утасны дэлгэц гэмтсэн, ар талын таг гол хэсгээрээ цуурсан байна. Уг гар утасны дэлгэцийг сольсоны дараа өөр ямар гэмтэл байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой, хүчтэй доргилт авсан бол доторх плат гэмтдэг байгаа. ...Уг гар утасны плат гэмтээгүй тохиолдолд дэлгэцийг солисон тохиолдолд ажиллах боломжтой. ...Уг гар утасны дэлгэцийг солиход 350.000 төгрөг, ар талын тагийг солиход 20.000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Гэрч Д.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг Самсунг А52 загварын гар утасны үндсэн дэлгэц хагарч, ар талын таг дундуураа цуурсан байна. Гар утасны дэлгэцийг солиход 350.000 төгрөг, ар талын тагийг солиход 20.000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/10 дугаартай “...нэг ширхэг Самсунг А52 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 450.000 төгрөг...” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-10- 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” буудлын гадаа *******гийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг санаатайгаар төмөр лүү цохих, газар луу шидэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******гийн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19:00 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь манай хамтран амьдрагч ******* ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг гар утсаа өгчих гэхээр нь нилээн байж байгаад гар утсаа өгсөн чинь хоёулаа уулзаадахуу гэсэн, би кассан дээрээ нягтлангаа түр зогсоочихоод хамт гарсан. Тэгээд би *******г чи яагаад юм уучихсан байгаа юм гэж хэлсэн чинь ******* би юм уугаагүй гээд уурлаад байсан. Би тэгэхээр нь утсаа авъя гэсэн чинь өгөхгүй байсан. Чи гарахаараа дандаа юм уучих юм, Хоёулаа ерөөсөө больё гэж хэлсэн чинь миний гар утсыг төмөр лүү цохиод газар шидээд, дээрээс нь дэвсчихээд яваад өгсөн. Би 23:00 цагийн үед ажлаасаа тарж гэртээ очоод дүүгийн утсаар ******* руу яриад би гэртээ байна хүрээд ир гэсэн чинь гэртээ ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. ...Самсунг А52 загварын гар утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Л.Ганбатын “...Уг гар утасны дэлгэц хагарч ар талын таг цуурсан байна. Уг гар утасны дэлгэцийг сольсон тохиолдолд хэвийн ажиллах боломжтой. .. Уг гар утасны дэлгэцийг сольсоны дараа өөр ямар гэмтэл байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой, хүчтэй доргилт авсан бол доторх плат гэмтдэг байгаа. ...Уг гар утасны плат гэмтээгүй тохиолдолд дэлгэцийг солисон тохиолдолд ажиллаж боломжтой. ...Уг гар утасны дэлгэцийг солиход 350.000 төгрөг, ар талын тагийн солиход 20.000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Д.Цэдэвсүрэнгийн “...Уг Самсунг А52 загварын гар утасны үндсэн дэлгэц хагарч, ар талын таг дундуураа цуурсан байна. ...Гар утасын дэлгэцийг солиход 350.000 төгрөг, ар талын тагийг солиход 20.000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/10 дугаартай “...нэг ширхэг Самсунг А52 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 450.000 төгрөг...” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан./хх-10- 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч *******д шүүгдэгч *******гийн гэмт үйлдлийн улмаас 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/10 дугаартай “...нэг ширхэг Самсунг А52 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 450.000 төгрөг...” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-10- 13 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь дээрх 450,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 450,000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд “....Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” буудлын гадаа *******гийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг санаатайгаар төмөр лүү цохих, газар луу шидэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/10 тоот хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 10-13/, гэрч Б.Баатарцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 59-60/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 65-66/, гэрч Д.Цэдэвсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 68-69/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А52 загварын гар утсыг хохирогч *******д буцаан олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Миний буруу би ойлгож байна. Ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******гийн мэдүүлэг, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г дөрвөн сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung А-52 маркийн гар утас 1 ширхэгийг хохирогч *******д буцаан олгохыг,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г дөрвөн сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 450.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung А-52 маркийн гар утас 1 ширхэгийг хохирогч *******д буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР