Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

2022.12.08                                         2022/ШЦТ/215

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0255/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ө,

шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Э-т холбогдох эрүүгийн 2239000000406 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Э  нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөдөө хэсэгт өөрийн гэртээ Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж галын дэгээ төмрөөр цохиж түүний биед зүүн чихний дэлбэн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол идэвхтэй үйлдлээр гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Э.Э :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000406 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч нь Э.Э  нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөдөө хэсэгт өөрийн гэртээ Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж галын дэгээ төмрөөр цохижтүүний биед зүүн чихний дэлбэн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах

хохирогч Ж.Э-ын гаргасан өргөдөл, гомдол  /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллий хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №702 дугаартай

...Ж.Э-ын биед зүүн чихний дэлбэн хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн зулгаралт бүхий бүхий хөнгөн гэмтэл учирсан..., ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

хохирогч Ж.Э-ын ...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөдөө хэсэг “Гэдгэр” гэх газарт эх******* хүүхдүүдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай нутгийн ах Молом нь тугал хөнгөлж байгаа ирж туслаарай гэхээр нь цагийг нь сайн санахгүй байна өдөрхөн эх******* Номингэрэлийн хамтаар очсон. Намайг очиход Молом ахынх малаа хөнгөлөөд дууссан байсан бөгөөд түүний гэрт Молом ахын эх******* Э , малчин Болдоо, Нэргүй нар байсан. Ингээд би авч явсан 0.75 л хараа *******тэй архийг гаргаад Э , малчин Болдоо, Нэргүй, бид 4 хувааж уусан манай эх******* бол архи уугаагүй. Тэгээд архиа ууж байхад Э  эгч гэрийн гадаах чингэлэгэнд байсан элдсэн хурганы арьс алдагдсан, хэн авчив гээд ер нь надад хандаж хэлээд мөн малчин Болдоодоо хэлээд байсан. Тэгээд удалгүй Э  эгч над руу уурлаад “Чамайг ална гээд гэрт байсан шар өнгийн иштэй сүх бариад” над руу ална гээд дайрахад Нэргүй Э  эгчийг боль гээд сүхийг нь булааж авсан. Тэгээд би эргэж харахад Э  эгч зуухныхаа урдаас галынхаа дэгээ төмрийг гаргаж ирээд зүүн чихэнд маань нэг удаа цохиж зүүн чихийг маань сэтлэж гэмтээн, мөн нүүр амыг маань маажиж хэл амаар доромжилсон. Тэгээд миний чихнээс цус гараад байсан учраас Болдоо, Э  нар намайг Баянхутаг сумын эмнэлэг рүү авч явсан. Ерөнхийдөө ийм асуудал болсон...Ерөнхийдөө Э  эгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хурганы элдсэн арьс алдагдсан гэж намайг хардаж галын дэгээ төмрөөр зүүн чихэнд минь цохиж гэмтэл учруулсан...Дээрх үйлдэл нь Молом ахын гэрт болсон...Бүгд байсан. Э  эгч, малчин Болдоо, Нэргүй, манай эх******* Номингэрэл байсан...Э  эгчийн утас нь 98636400, Нэргүй 98211412 Болдоо бол Э  эгчтэй цуг байгаа...Байхгүй ээ...Э  нь эхлээд миний нүүрийг хумсаараа урж майжсан, мөн дэгээ төмрөөр миний зүүн чихийг цохиж сэтэлсний улмаас эмч 5 оёдол тавьсан...Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардал болон нааш цааш явсан замын зардлаа нэхэмжилнэ... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Ч.Нэргүйгийн ... Би Хэнтий аймгийн Баянхутаг Жаргалант 1 дүгээр баг “Хавцал” гэх газарт эх******* хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм л даа. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Молом ахынх туглаа хөнгөлж багахан цайллага хийсэн юм л даа. Тэр үед би Ж.Э-ын хамтаар Хэнтий аймгийн Чингис хотод хүний машинтай орж ирж дэлгүүрээс ойр зуурын хүнс болон архи аваад Молом ахын хөдөө гэрт нь очсон. Ингээд Молом ахын хөдөө гэрт ирэхэд Молом ах гол руу хонио услахаа явчихсан гэрт нь Э  эгч болон малчин нь байсан. Ингээд бид нар авчирсан архийг ууж байхад Э  эгч халамцуухан: Ойрд хулгай зэлгээ их байна гэрийн гадаах чингэлгэнд байсан хурганы арьс алдагдсан, хэн авчив, хэн аваад байдаг юм бэ гээд өөрийн малчин Болдоо болон Ж.Э нар руу уурлаад байсан. Тэгээд Э  эгч “Ж.Э-ыг  ална гээд нэг сүх аваад дайрахаар нь би Э  эгчийг “Та хүн аллаа гээд тэр сүхийг нь булааж аваад” гэрийнх нь баруун урд талын шүүгээний ойролцоо чулуудсан. Тэгээд би эргээд харсан чинь Э  эгч галынхаа дэгээ төмрөөр Ж.Э-ын толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохиход Ж.Э-ын зүүн чихнээс цуг гарсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын эмнэлэг рүү явуулсан. Ерөнхийдөө ийм л асуудал болсон...Ер нь бол нэг нутаг усны бие биенээ их сайн мэддэг л хүмүүс байгаа юм л даа...Э  эгч халамцуухан: Ойрд хулгай зэлгээ их байна гэрийн гадаах чингэлэгэнд байсан хурганы арьс алдагдсан, хэн авчив, хэн аваад байдаг юм бэ гээд өөрийн малчин Болдоо болон Ж.Э нарлуу уурлаад байсан. Тэгээд л удалгүй Ж.Э руу Э  эгч дайрсан...Тухайн үед Болдоо, Номингэрэл, Ж.Эрдэнэбаатар, Э  бид 5 байсан. Дээрх асуудал нь Э  эгчийн гэрт болсон...тийм ээ... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч А.Оюунболдын ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 76-14 тоотод эх******* хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг бөгөөд одоогоор Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөдөө хэсэг “Баруун айраг” гэх газарт нутаглах Г.Молом гэх хүний туслах малчингаар ажиллаж байна. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сайн өдөр байсан учир Г.Молом ахынх туглаа хөнгөлсөн. Ингээд туглаа хөнгөлж байхад Г.Молом ах хониндоо яваад өгсөн. Тэгээд удалгүй Г.Молом ахын саахалт айлын хүн болох Ж.Э болон Ч.Нэргүй нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу Г.Молом ахын гэрт ирсэн. Би сүүлийн туглаа хөнгөлөөд гэр рүү ороход Ж.Эрдэнэбаатар, Ч.Нэргүй нар архи авчирсан сууж байсан. Тэгээд би гараа угааж байхад Э.Э  эгч Ж.Э нар хоорондоо хэрэлдэж муудалцаад байхаар нь би эргээд харахад Э.Э  эгч галын дэгээ төмрөөр Ж.Э-ын зүүн талын чихний орчимд 1 удаа цохиход Ж.Э-ын зүүн чихнээс цус гараад тогтохгүй болохоор нь Э.Э  эгч бид 2 Ж.Э аваад машинтай Баянхутаг сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан. Ерөнхийдөө ийм асуудал болсон...Тухайн үед Э.Э  эгч эрүүл саруул архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Э.Э  эгч чингэлэгнээс элдсэн хурганы арьс алдагдсан гээд Ж.Э-тай хэрэлдээд дээрх асуудал болсон...Тухайн үед Э.Э  эгч Ж.Эрдэнэбаатарт уурлаад галын дэгээ төмрөөр түүний зүүн талын чих орчимд 1 удаа цохиж гэмтэл шарх учруулсан...Тухайн үед гэр дотор Э.Э  эгч, Ж.Эрдэнэбаатар, Ч.Нэргүй бид нар байсан. Хэрэг явдал болсны дараа шиг санаж байна Ж.Э-ын эх******* гэрт орж ирсэн... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

гэрч Ш.Энхтуяагийн ...Би Э.Э  гэх хүнийг танина. Садан төрлийн холбоо байхгүй ээ. Нэг нутаг усны хүмүүс л байгаа юм л даа...Би Э.Э  эгчийг хүүхэд байхаас нь мэднэ. Бид 2 Хэнтий аймгийн Баянхутаг суманд хөдөө саахалт айл байсан юм л даа. Хувийн зан байдлын хувьд Э.Э  эгч маань төлөв даруухан хүнд тусархаг их нийтэч ажилд сайн, мал сайн малладаг. Одоогоор Хэнтий аймгийн Баянхутаг суманд хөдөө нөхрийнхөө хамтаар мал маллаж амьдардаг тийм л хүн байгаа юм л даа. Олон хүүхэдтэй бөгөөд үр хүүхдүүд нь одоо бүгд л тус тусдаа гарсан...үгүй ээ...Ер нь авьяас сонирхол гээд байх зүйлгүй ээ. Багаасаа л мал дээр байсан. Харин хөдөөнийхөө ажилд бол сайн. Ер нь их өглөгч хүн байгаа юм л даа. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй...зах зухаас нь ярьсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Э.Энхсаруулын ...Э.Э  нь миний төрсөн эгч байгаа юм л даа...Би хуульд заасан эрх үүргүүдийг ойлгосон. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө...Эгч маань 1964 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн. Манай аав, ээж 13 хүүхэд төрүүлж өсөгсөн бөгөөд эгч маань дээрээсээ 4 дэх нь байгаа юм л даа. Эгч маань хүүхэд насандаа цэцэрлэгт хүмүүжээгүй хөдөө мал дээр аав ээжтэй маань мал маллаж амьдардаг байсан бөгөөд 1972 онд Баянхутаг сумын сургуульд 1 дүгээр ангид элсэн орж 3 дугаар анги хүртлээ суралцаж байгаа тэр жилдээ хөлөө хугалаад сургуулиас гарч аав ээжтэй хөдөө мал дээр мал маллаж амьдарч байгаа насанд хүрээд буюу 20, 21 настайдаа одоогийн нөхөр Моломтой сууж 5 хүүхэд төрүүлж өсгөж өнөөдрийг хүртэл сайхан амьдарч байна. Одоо ах эгчийн маань 5 хүүхэд нь бүгд л тус тусдаа гарцгааж амьдарч байна. Эгч маань зан байдлын хувьд их тогтоон дуугай, олон долоон үггүй, их даруухан мал сайн малладаг хүн байгаа юм л даа...Эгч маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ээ. Би зуны цагаар эгч дээрээ очиж тусалдаг бөгөөд тухайн үед эгчийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсныг нь хараагүй ээ...Эгчид маань гоц гойд авъяас чадвар гээд байх зүйл байхгүй ээ. Мал л сайн малладаг хүн байгаа юм л даа...Тийм ээ би өөрөөс нь сонссон. Энэ асуудал нь архинаас болсон бөгөөд Ж.Энхбаатар нь манай ахын гэрт архи авчирч ууснаас л дээрх асуудал үүссэн. Мөн Ж.Энхбаатар нь байнга шахуу шөнө орой ирж архи авчирч Молом ахад өгч архи уулгадагт нь манай эгч их дургүй байдаг байсан юм байна лээ... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Э ийн ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна...Эрдэнэ-Очир овогтой Э  миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээрт багт нөхөр Моломын хамт хоёулаа мал маллан амьдардаг юм. Манай нөхөр тархины хүнд өвчинтэй бөгөөд гэртээ миний асрамжид байдаг, өвчнийхөө улмаас өмдөндөө шээдэг болчихсон хүн байдаг юм аа. Манай нутгийн Эрдэнэбаатар нутгийнхан Баадай гэж дууддаг хүн бол архи уудаг хүн бөгөөд намраас хойш манайхаар гурван ч удаа шөнө ирж манай өвгөнд архи өгсөн. Тэрээр ирэхдээ дандаа шөнө дунд ирдэг бөгөөд их ирээд байхаар нь би “чи өвчтэй хүнд архи өглөө, настай хоёр хүнийг дээрэлхлээ, өвгөн архи уухаараа өмдөндөө шээгээд байна, чи боль одоо” гэж хэлсэн. 2022 оны 10 сарын 12-ны шөнийн 3 цагт өвгөн бид хоёрыг унтаж байхад Эрдэнэбаатар нэг шил архитай хүрээд ирсэн. Тэгээд манай өвгөнд архи өгсөн. Би зүүн талынхаа орон дээр өвгөнтэйгөө өвгөнийхөө урдуур хэвтэж байсан. Өвгөн болохоор Эрдэнэбаатарын хийж өгсөн архинаас өндийгөөд уусан. Эрдэнэбаатар нь зүүн талын орны урьд хойшоо хараад сууж байснаа намайг “хөхийг маань барьж, хөлийг маань илсэн” тэгээд би их айж сандарсан. Бүхэл бүтэн өвгөн маань хажууд маань байж байхад ийм үйлдэл гаргасанд нь би маш их айж балмагдсан. Тэгээд шууд намайг өвгөндөө хэлэхэд Эрдэнэбаатар нь гараад яваад өгсөн. 2022 оны 10 сарын 13-ны өдөр манайхыг тугал хөнгөлж байхад өглөө 10 цагийн үед Эрдэнэбаатар нь хүмүүстэй бүгд согтуу 2 шил архи бариад манайх руу ирсэн. Тэгээд тугал хөнгөлж дуусаад гэрт ороод тэд архиа ууцгаасан. Би урьд нь хурганы арьс алга болчихлоо гэж ярьж байсан юм. Тэр арьсыг Эрдэнэбаатар нь “та намайг хурганы арьс авсан гэлээ” гээд агсамнаж дайрсан. Тэгээд дайрахаар нь би айж цочсондоо галынхаа үнсыг буулгах гээд бариад байж байсан дэгээ төмрөөрөө цохичихсон байсан. Тэгээд чихнээс нь цус гарсан байхаар нь би дүүгийн хамт сумын төв рүү авч яваад боолгосон. Эрдэнэбаатар нь тэр шөнөө өөр газар руу очиж архи ууцгаасан байсан. Эрдэнэбаатар нь урьд нь манай хониноос хулгайлж хөлийг нь хүлж ачиж явах гэж байгаад манай охинд баригдсан. Зураг нь байгаа. Эрдэнэбаатар нь манайд ирэхдээ дандаа Болдоо гээд дүүг маань байхгүй аймгийн төв орсон үеэр ирдэг. Эрдэнэбаатар нь гуч гаруй насны хүн, харин би одоо 59 настай, манай өвгөн 71 настай хүн байдаг. Эрдэнэбаатар нь санаатайгаар хоёр настай хүнийг удаа дараа дээрэлхэж, дандаа санаатайгаар шөнө дөлөөр ирж, өвчтэй нөхөрт маань архи өгч, надтай ёс бус харьцсанд маш их гомдолтой байна. Би Эрдэнэбаатарыг үнэхээр санаатай цохиогүй. Урьд шөнийнх нь намайг нөхрийн маань дэргэд хөхийг маань илж, хөлийг маань барьсан сэтгэлийн шок арилаагүй байхад дараа өдөр нь надад агсам тавьж, хашгираад дайрахаар нь би нэг мэдсэн л цохичихсон байсан. Одоо Эрдэнэбаатар нь дүү Ариунаагийн хамт намайг байнга дарамталж байгаа. Ариунаа гэдэг дүү нь над руу удаа дараа хөдөө гэрт ганцаараа байхад ирж ширээ, сандал өшиглөж, салаавч гаргаж, харааж зүхээд 2 сая төгрөг өг гэж дарамталсан. Тэгэхээр нь би айгаад надад мөнгө байхгүй, виза карт маань аймгийн төвд дүүд маань байгаа гээд хэлчихсэн. Тэгсэн чинь аймгийн төв рүү манай төрсөн дүү шуудан холбоонд кассын ажил хийдэг Энхсаруул руу очиж ажил дээр нь “баахан харааж загнаж “Э ийн виза картыг өг” гэж нэхсэн байсан. Дараа нь миний охин Саранчимэг рүү утсаар залгаж, мессеж бичиж “мөнгө өг” гэж дарамталсан...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үйл явдлын дараа бие муудсан. Бие муудаж гэртээ хэвтсэн. Тэгээд охин Саранчимэг маань ирж намайг аймаг авч явж үзүүлэхэд даралт нь 200 хүрсэн, харвалт өгсөн байна гэж хэлсэн. Иймд миний бие Эрдэнэбаатарт маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шалгаж өгнө үү...Миний хувьд Ж.Э-ыг  санаатай галын төмрөөр цохиж зодсон асуудал байхгүй ээ. Тухайн үед Ж.Э надад агсам тавиад над руу дайраад байхаар нь тухайн үедээ галаа түлээд байж байсан учраас л галын дэгээ төмрөөр цохисон...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ээ. Зүгээр архи хундагалж өгөхөөр нь л амсаад өгсөн. Түүнээс би ер нь архи уудаггүй ээ...Миний хувьд Ж.Э-ын хохирлыг барагдуулаагүй ээ. Анх түүнийг Баянхутаг сумын эрүүл мэндийн төв рүү авч явж байхдаа эмчилгээндээ хэрэглээрэй гээд 100.000 төгрөг өгсөн...Тухайн үед би Ж.Э-ын нүүр амыг урж маажаагүй, мөн тэр үед Ж.Э эх******* нь байгаагүй, тэд нар өөрсдөө шал согтуу машин барьж чадахгүй согтуу архитай ирж манай гэрт авчирсан архиа уусан. Түүнээс манайх цайллага хийгээгүй, мөн манай гэрт сүх байгаагүй, би сүх барьж Ж.Эрдэнэбатар руу дайраагүй... /хх-ийн 54-55 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Э ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56-59 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Э.Э  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Э ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Өнөбат:

 ...Шүүгдэгч Э.Э  нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөдөө хэсэгт өөрийн гэртээ Ж.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж галын дэгээ төмрөөр цохиж түүний биед зүүн чихний дэлбэн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол идэвхтэй үйлдлээр гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан:

...Э.Э  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү ...гэсэн мэдүүлгийг

 

Шүүгдэгч Э.Э :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Э.Э  түүний өмгөөлөгч Б.Жавхлан нар нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Э  дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...”,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг, мөн /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Э.Э ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Түүнээс гадна “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тухайн гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Эрүүгийн 2239003510391 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

Шүүгдэгч Э.Э ийн хохирогч Ж.Э-ыг үл ялих зүйлээр шалтаглан, галын дэгээ төмрөөр зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж хүч хэрэглэн халдаж, энэ гэмт үйлдлийн улмаас улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт гэж үзэхээр байна.

 

Тэрээр шүүгдэгчийн галын дэгээ төмрөөр хүний биед хүч хэрэглэн халдаж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилго эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Э.Э ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-ын биед зүүн чихний дэлбэн хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины хэсгийн зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Э нь шүүгдэгч Э.Э ээс эмчилгээний зардал, нааш цааш явсан зардал болон сэтгэл санааны зардал тус тус нэхэмжилнэ гэсэн хэдий ч энэ нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан болох нь хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.Э-ын ...миний бие иргэн Э т гомдол санал байхгүй... талаарх хүсэлт, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаарх шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Өнөбат:

...Шүүгдэгч Э.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна. Гэмт хэргээс учирсан хор хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан:

...улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.Э :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Э.Э ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

Шүүх шүүгдэгч Э.Э  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй.

 

Зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймээс шүүгдэгч Э.Э т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,

шүүхээс шүүгдэгч Э.Э т оногдуулсан торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг улсын яллагч, шүүгдэгч нарын хооронд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг биелүүлэх талаар тохиролцсон хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,    

шүүгдэгч Э.Э т шүүхээс оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000406 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Э  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Э ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг галын дэгээ төмрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Э-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

5. Эрүүгийн 2239000000406 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Э   энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

        

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН