Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1005

 

                                                           Э.Ө-т  холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/2546 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Э.Ө-т  холбогдох эрүүгийн 1806 01572 1578 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-н Ө, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1........... оршин суух бүртгэлтэй, /РД: ........./;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Э.Ө нь 2018 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 2 дугаар гудамжны 6-46 тоот нийтийн байранд иргэн С.Б-н “Самсунг галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Ө-н өгсөн “...2018 оны 1 дүгээр сард 100 айлын автобусны буудлын ард байрлах “Smile” гэх бааранд хохирогчтой танилцсан. Б бид хоёр найзынх нь гэрт очоод бид гурав хамт байж байхдаа хөргөгчид байсан тал шил архи гаргаж ирсэн. Би Б-с “гар утсыг яриад өгье” гэж хэлээд авч гараад такси бариад явсан” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б-н “... нөгөө хүүхэнтэй юм ярьж байгаад үүрэглээд 10 минут орчим болоод сэртэл нөгөө хүүхэн байхгүй байхаар нь өөрийн “Самсунг Жи-7” загварын гар утсаа үзтэл алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ө-н яллагдагчаар өгсөн “... Б гэх залуугийн түрээсэлж амьдардаг гэх нийтийн байранд очсон. Тэдний гэрт ороод байж байтал Б нь ууж байгаад үлдээсэн гээд 1 хагас шил архи гаргаж ирсэн. Тэгээд архи уугаад сууж байгаад би Б-н утсаар ярих гэж түүний утсыг аваад гадаа гарч утсаар ярьж байгаад тэр чигээрээ такси бариад явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг үнэлж, Э.Ө-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Э.Ө урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас цагдан хорьсон 42 хоногийг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 64 цагийн хугацаагаар тогтоосон боловч тус ялыг биелүүлээгүй байх бөгөөд шүүгдэгчийг үүнээс өмнө буюу “2018 оны 1 дүгээр сард иргэн С.Б-н “Самсунг Галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд тусгасан Э.Ө-н үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, түүнийг шүүх мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулж, уг хэргийг сэргээн шалгахаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурор дүгнэлт гаргаж хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй. Тэгээд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх боловч тус хуульд ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол хэрхэн ял оногдуулах тухай зохицуулалт тусгагдаагүй байна.

Хэрэв ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон үед яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж ял оногдуулбал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй, улмаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй 2 шийтгэх тогтоолоор тус тусад нь оногдуулсан хорих ялыг хэрхэн тооцож эдлүүлэх нь тодорхой бус болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулах юм.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Э.Ө-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасанчлан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэхээр байна. Үүнд: Яллагдагч Э.Ө-т  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас цагдан хорьсон 42 хоногийг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 64 цагаар тогтоосон боловч уг ялаа эдлээгүй, шүүхээс гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй буюу шүүхийн шатанд байхад нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2546 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх Э.Ө-н урьд ял шийтгэгдсэн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулж, уг хэргийг сэргээн шалгуулахаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурор дүгнэлт гаргаж, хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр Э.Ө-т  холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Э.Ө нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас түүний цагдан хоригдсон 42 хоногийг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 64 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Э.Ө нь уг ялыг хэрхэн эдэлсэн талаарх баримтыг прокурор лавлагаа авах замаар нотлох баримт цуглуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй болно.

Түүнчлэн, Э.Ө-т  холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, өөрөөр хэлбэл түүний үйлдэл нь хулгайлах болон залилах гэмт хэргийн аль шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Ө-т  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.