| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2021/0271/З |
| Дугаар | 128/ШШ2021/0597 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2021/0597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт А Г /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аю******* овогтой Гу******* нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Уг тушаалыг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж байна.
1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу Б/20 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй. Уг актыг гаргах гэж байгаа талаар эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийгдэж тэмдэглэл үйлдээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2. Тушаалын үндэслэл хэсэгт албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэх үндэслэлийг дурдсан байдаг. Гэвч энэ талаар шалгаж тогтоосон бодит нөхцөл байдал байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж хуулиар тодорхойлсон байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, үүрэг гүйцэтгэх талаар журамласан байна. Үүнээс үзэхэд сахилгын шийтгэл ногдуулах бодит нөхцөл байдлыг тогтоох, шалгалт явуулах үүргийг захиргааны байгууллага хүлээсэн ба тус хэлтсийн зүгээс тухайн зөрчлийг баримтжуулж эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд танилцуулан сонсох ажиллагаа хийгдэх хуулийн зохицуулалттай байхад уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй.
3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байхад уг хуульд заасан журмын дагуу уг акт гаргах гэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар гаргаж өгөх боломж олгоогүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаараа огт мэдэгдээгүй юм.
4. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.6 дахь хэсэгт шалгалтаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон бол зөрчил гаргагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна гэсэн заалтыг зөрчиж тухайн зөрчлийн үндэслэлийн талаар урьдчилан танилцуулж, тэмдэглэл үйлдээгүй.
5. Дээрх тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шууд гардуулж танилцуулаад ажлаас шууд чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн авч үзвэл Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А.Гу*******т сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай Б/20 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 47 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдон үүсэх эд хөрөнгийн эрхийг зөрчиж байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.Гу*******т 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу уг тушаал гарсан өдөр дээрх тушаалыг танилцуулсан бөгөөд тухайн өдөр эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн болохыг мэдсэн, ийнхүү мэдэж тушаалаа гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаж байгаа болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаалын хууль зүйн үндэслэлийг хариуцагч талаас асуусан боловч тодорхой хариулт авч чадсангүй. Хэрвээ ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол хуулийн зохицуулалт нь өөр байх ёстой. Нийгмийн даатгалын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам гэж байдаг. Үүнд Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Хэрвээ ёс зүйн зөрчил гаргасан бол 8.2.1, 8.2.3, 8.3, 8.4-т заасны дагуу хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Энэ агуулгыг хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа ...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас чиглэл өгсний дагуу, ёс зүйн зөвлөлийн тогтоол гарч, ажлаас нь халсан. Л.Н******* гэдэг хүн гомдол гаргасны дагуу Авлигалтай тэмцэх газарт шалгагдаж байна гэж тайлбарласан. Л.Н******* нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Авлигатай тэмцэх газарт хандаагүй гэж хариулсан. Хэрвээ ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Нийгмийн даатгалын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн зөрчил шалгах үндэслэл гэж байна. Үүнд Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар тэмдэглэл үйлдэж, холбогдох байгууллага руу шилжүүлнэ гэсэн байна. Тухайн тушаалыг харахад авлигын шинжтэй үйлдэл байхаар тухайн тушаалд бичсэн байна. Авлигын эсрэг хуулийн 7.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48.1.4, 37.1.2, 37.1.7, 39.1.4 дүгээр заалтуудыг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан. Ингээд авлигын шинжтэй үйлдэл байсан бол тэмдэглэл үйлдэн, холбогдох байгууллага руу явуулах ёстой байсан. Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна уу? гэж асуухаар Үгүй. Сахилгын зөрчил гаргасан. Хууль зөрчсөн... гэж өрөөсгөл агуулгаар тайлбарладаг. Ёс зүйн зөвлөлийн тогтоолд ...А.Гу******* нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон... гэсэн байна. Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн мөртлөө хууль зөрчсөн гэж мөн үзсэн нь хоёрдмол агуулгатай тушаал гаргаж, А.Гу*******ыг ажлаас халсан нь хуульд үндэслээгүй гэж үзэж байна.
Сонсох ажиллагаа хийгдсэн үү гэж асуухаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонсох ажиллагаа хийгдсэн гэж тайлбарладаг. Нэг өдөр хоёр хурал болсон харагддаг. Хавтаст хэргээс харахад эхлээд Ёс зүйн зөвлөлийн хурал болсон гэж ойлгогдохоор байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлээс харахад ...Чиний асуудлаар Ёс зүйн зөвлөлийн хуралдааны тогтоол гарсан. Энэ хурлын гаргасан тогтоолын дараа хэлтсийн даргын зөвлөл хуралдаж шийдвэр гаргана... гэсэн байдаг. Хариуцагчаас хэлтсийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр халсан юм уу? Ёс зүйн зөвлөлийн хурлын тогтоолоор халсан юм уу? гэж асуухад Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор халсан гэж тайлбарлаж байна. Хэлтсийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т зааснаар ажлаас халсан гэсэн агуулгатай байна. Ёс зүйн зөвлөлийн хурал нь ажлын цаг дууссаны дараа болсон байдаг. А.Гу*******ыг 18:00 цаг өнгөрч байхад дуудсан байдаг.
Ёс зүйн зөвлөлийн хуралдааны тогтоол болон хэлтсийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг харахаар Л.Н******* гэдэг хүн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл тавьсныг л авч хэлэлцсэн тухай байдаг. Тэгэхээр А.Гу*******ын ёс зүйн асуудлыг авч хэлэлцсэн зүйл байхгүй. А.Гу*******т ёс зүйн хариуцлага тооцсон, тухайн асуудлыг авч хэлэлцсэн агуулгатай зүйл огт яригдаагүй. Авлигатай тэмцэх газарт хандаагүй гэдгээ Л.Н******* гэдэг хүн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу гэмт хэргийн шинжтэй, эсвэл шан харамж авсан авлигын шинжтэй бол тэмдэглэл үйлдэн, холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулах ёстой байсан. Үүний дараа ажлаас халах асуудал яригдах ёстой болохоос биш хөндлөнгийн хүний сошиал орчинд тавьсан зүйлийг авч хэлэлцсэн байна. А.Гу*******ын асуудлыг авч хэлэлцэхгүйгээр Л.Н******* гэдэг хүний тавьсан мэдээллийг авч хэлэлцээд байгаа юм. Энэ нь цаашид хэрэгжих боломжгүй юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн халсан эсэх, сахилгын зөрчил гэж үзэн ажлаас халсан эсэх нь тодорхойгүй учраас маргаан бүхий акт нь хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрвээ энэ хүн үнэхээр авлигын шинжтэй үйлдэл гаргасан гэж үзсэн бол тухайн байгуулллага нь өөр байдлаар шийдэх боломжтой байсан. Өөр байдлаар шийдвэрлээгүй тухайн актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Тус хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/125 тоот тушаалын хувьд: Тус хэлтэст бүртгэлтэй Э******* ХХК-ийн захирал Л*******ийн Н******* нь орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан А.Гу*******ын албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига хээл хахууль нэхсэн утгатай мессеж болон уг байцаагчийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан талаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд олон нийтэд мэдээлсний үндсэн дээр А.Гу*******ын зөрчил гаргасан нь ил болсон.
Дээрх зөрчлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас өгсөн чиглэлийн дагуу орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан А.Гу*******той холбогдон хэлтэст яаралтай ирэхийг мэдээлэл, цахилгаан холбооны хэрэгсэл буюу утсаар мэдэгдэж, хэлтсийн Ёс зүйн зөвлөл нэн даруй А.Гу*******ыг байлцуулан хуралдаж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот Ёс зүйн зөвлөлийн тогтоол-оор А.Гу*******ыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж, ёс зүйн хариуцлага хүлээлээлгэхээр томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн Ёс зүйн зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэн хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.2, 48.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн орлого шимтгэлийн байцаагч Аюурзанын Гу******* нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн байх тул 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн А.Гу******* нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, мөн хуулийн 15.1-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд байж боломгүй үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгч А.Гу******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу ажиллагаа хийгээгүй Уг актыг гаргах гэж байгаа талаар эрх, ашиг нь хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийгдэж тэмдэглэл үйлдээгүй ... мөн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэх үндэслэлийг дурьдсан байна.
Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хангалттай урьдчилан мэдэгдэж, тайлбар авсан гэж үзэж байна.
Тухайлбал хэлтсийн Ёс зүйн зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж Ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай 01 тоот тогтоол гаргасан. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотойгоор А.Гу*******ын Ёс зүйн зөвлөлийн хурал дээр гаргасан тайлбар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас өгсөн чиглэл, түүнчлэн Ёс зүйн зөвлөлөөс нэхэмжлэгчид ... бусдаас шан харамж шаардаж, төрийн албан хаагчид байх ёсгүй үйлдэл гаргасан байна гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, нотлох баримт, тайлбар гаргах шийдвэрлэхэд бүрэн оролцох эрхийг нь хангаж сахилгын шийтгэл ногдуулсан учраас урьдчилан мэдэгдэх, тайлбар гаргах, оролцоог нь хангаж ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасны дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдүүлэг, сонсох ажиллагаа хийсэн хурлын тэмдэглэл, Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, А.Гу*******ын Ёс зөвлөлийн хурал дээр гаргасан тайлбар, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн чиглэл, тогтоол, тушаал бусад шийдвэр, баримтыг тус тус үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу захиргааны шийдвэр гаргасан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4-т Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасныг нотлох баримт гэж тодорхойлсны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг цуглуулахдаа байцаагч А.Гу*******ыг байлцуулж тайлбар мэдүүлэг авсан хурлын тэмдэглэлүүдэд гарын үсэг зурсан, иргэн Л.Н*******ын сошиал орчинд тараасан байцаагч А.Гу*******ын авлига нэхсэн гэх баримт, Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд сууж буй гэрэл зураг зэрэг баримтаар ... тухайн зөрчлийг баримтлуулж эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд танилцуулан сонсох ажиллагаа хийгдэх хуулийн зохицуулалт байхад уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, ... уг хуульд заасан журмын дагуу уг акт гаргах гэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар гаргаж өгөх боломж олгоогүй, ... бол зөрчил гаргагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна гэх заалтуудыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэн Л.Н******* нь байцаагч А.Гу*******ын талаар цахим орчноор цацагдсан авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан ба авлигын хэрэг үүсгэн шалгагдаж байгаа, сонсох ажиллагааны явцад А.Гу*******оос өөрийн утсыг үзүүлэхийг хүссэн боловч гаргаж өгөөгүй, мөн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан шийдвэрүүдийг хүлээн авах үедээ өөрийн энэхүү гаргасан алдаандаа хамт олноосоо уучлалт хүссэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш Л.Н******* нь сошиал орчинд сайдад хүртэл постолсон. Ерөнхий газрын дарга, Тамгын газрын дарга, манай хэлтсийн дарга нар хоорондоо яриад А.Гу*******ыг шууд утсаар нь дуудсан. А.Гу******* нь ирсэн. Ёс зүйн зөвлөлийн хурал 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед болсон. Ёс зүйн зөвлөлийн хуралд Ёс зүйн зөвлөлийн бүх гишүүд байсан. Үйлчилгээний хэлтсийн дарга Д.З*******, Ёс зүйн зөвлөлийн дарга Т.М******* би, Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, сайн дурын даатгалын байцаагч Б.Ц******* тэмдэглэл хөтөлсөн, хэлтсийн сангийн нягтлан бодогч Ц.М, тэтгэврийн байцаагч Б.С нар байсан. Дараа нь хэлтсийн даргын зөвлөлийн хурал болсон, А.Гу*******ын тасгийн дарга, дотоод хяналт шалгалтын дарга буюу дотоод аудитор Ч.Б, мөн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.У нар байсан. Сонсох ажиллагаа хийгдэн, Ёс зүйн зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:45 цагт хуралдан, А.Гу*******ыг хууль зөрчсөн гэж үзээд, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу хэлтсийн даргад нотлох баримтын хамт шилжүүлсэн. Үүний дараа хэлтсийн даргын зөвлөлийн хурал болсон. Хэлтсийн даргын зөвлөлийн хурал хуралдан шийдвэр гаргаж, хурлын тэмдэглэлд А.Гу******* гарын үсгээ зурсан. Хууль зөрчсөн гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн албаны тухай хуульд ...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн... гэж байдаг. Ёс зүйн зөрчил гэж ерөөсөө яриагүй. А.Гу******* нь бусдаас шан харамж шаардсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Ёс зүйн зөвлөл нь ёс зүйн зөрчил эсэхийг тогтооно. А.Гу*******ын хэргийн хувьд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал биш юм. Энэ бол хууль зөрчсөн байна гэж үзээд эрх бүхий албан тушаалтанд нотлох баримтын хамт хүргүүлж үүний дагуу эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргадаг. Үүний дагуу бүх ажиллагаа болсон. Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 401 тоот өрөөнд О.Дтай уулзсан. Маргаан бүхий тушаал нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан.
Нийгмийн даатгалын байгууллага харилцагчиддаа ковидын үеийн нөхцөл байдалд чирэгдэл үүсгэхгүйн тулд бүх материалыг шуудангаар авч байсан. Нийгмийн даатгалын байцаагч нар албаны и-мэйл хаягтай.
Бид төрийн жинхэнэ албан хаагчид, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр тангараглаж, тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж төр, ард түмний өмнө нь тангараг өргөсөн хүмүүс юм. Нийгмийн даатгалын байцаагч гэдэг нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг тухайн ажил олгогч дээрээ шалгах, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах эрхтэй эрх бүхий албан тушаалтан юм. Гэтэл өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хариуцсан ажил олгогч аж ахуйн нэгжийн нягтлан бодогчоос ...надад хаялга байхгүй юу тээ... гэж санаатай үйлдэл гарган авлига нэхэж мессеж бичсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотой чиглэл, үүрэг өгсөн. Үүнд ...өвчин зовлон, бухимдалтай байгаа үед ямар ч асуудал үүсгэхгүйгээр тайланг нь ав, тайлан авч байгаа учраас дэвтрийг нь баталгаажуул... гэсэн чиглэл өгсөн. Тухайн дэвтэр баталгаажуул гэсэн чиглэлийг яагаад ийм тодорхой өгсөн бэ гэвэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оноос 2024 оны мөрийн хөтөлбөрт ...нийгмийн даатгалын салбарын хийж хэрэгжүүлэх ажилд нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ... гэсэн байдаг. Үүний дагуу нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр хэдэн зуун мянган хүний дэвтэр баталгаажуулах асуудал үүсгэхгүйгээр цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих ёстой байсан. Тийи учраас 2020 оныг дуустал бүх ажил олгогч нарын өртэй байсан ч хамаагүй дэвтрийг нь баталгаажуулж, тайлан мэдээг өгч ажиллах үүрэг, чиглэлийг сайдаас хүртэл өгсөн. Тухайн чиглэлийн дагуу орлого, шимтгэлийн хэсгийн дарга нь орлого, шимтгэлийн байцаагч нарт ...ямар ч асуудалгүй дэвтэр баталгаажуулна шүү... гэж чиглэл өгөхөд А.Гу******* гэдэг байцаагч Э******* ХХК-ийг хоёроос гурван удаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төл гэж явуулсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэхгүй, өрийг төлүүлэх талаар шүүхэд хандахгүй, алданги төлүүлэхгүй талаар Засгийн газрын шийдвэр хүртэл гарсан байхад энэ хүн ийм асуудал үүсгэн, энэ байгууллагыг чирэгдүүлж байгаа нь санаатай үйлдэл юм. Үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар өндөр юм. Зөвхөн А.Гу******* гэж хувь хүнийг ярихаасаа илүү энэ Засгийн газар, шүүх засаглал, төрийн байгууллага авлига гэдэг муухай зүйлтэй хэрхэн тэмцэж байна гэдгийг харуулж шийдвэр гаргах байх гэж бодож байна.
Сонсох ажиллагаа хийх ёстой байхад хийгээгүй байна гэж тайлбарлаж байна. Сонсох ажиллагаа хийсэн, заавал хийх шаардлагагүй зохицуулалт ч байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1 нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл болно гэж заасан. Нийтийн ашиг сонирхол гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.3.1-д нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гэж заасан.
Авилгын эсрэг хуулийн 7.1.5-д албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно гэж заасан. Энэ нь тодорхой хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Төрийн албаны тухайн хуулийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүрэгтэй гэж заасан, төрийн жинхэнэ албан хаагч бусдаас шан харамж нэхэж зөрчил гарган өөрт тохирсон шийтгэлээ хүлээсэн байна гэж үзэж байна. гэв.
Гэрч Л.Н******* шүүхэд мэдүүлэхдээ: Э ХХК-ийн захирлаар ажилладаг. Тухайн өдөр ажил дээрээ ирэхэд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал О.Д ...Бид нийгмийн даатгалаа төлчихөөд, өргүй болсон байхад манай ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхгүй байна. Ажилчдын дэвтэрт бичилт хийхгүй болохоор орон сууцны зээлд хамрагдахад хүндрэлтэй байдаг. Манай компанийн зүгээс хамгийн түрүүнд ажилчдынхаа цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. О.Дын надад хэлснээр бид нар 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн хоцролдолтой байсныгаа төлсөн. Үүний дараа ямар ч өргүй болсон. 1 сар гаран болоход ямар ч арга хэмжээ авахгүй байна. Аргаа барж байна... гэж хэлсэн. Би тэр үед бухимдсан. Төрийн албан хаагчдад цочроо өгье. Ялангуяа нийгмийн даатгал болон татварын албан хаагчдад цочроо өгье гэж бодсон учраас чамд ямар мэдээлэл байна гэж асуухад О.Д бүх зүйлээ төлсний дараа ..надад хаялга байхгүй юу гэж... асуусан мессеж явуулсан гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр очихоор маш хүнд сурталтай, гар харсан байдалтай хэцүү байдаг юм гэж хэлсэн. Тухайн мэдээллийг надад өгсөн. Би наад мессежээ скрийшот хийж над руу явуул гэсэн. Тухайн мессеж нь нийгмийн даатгалын шимтгэл 76,464,352 төлөгдсөн гэсэн мэдээлэлтэй. Түүний өмнөх мессеж нь жилийн өмнөх мессеж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн өдөр тухайн мессежийг явуулсан байсан. Би үүнийг шууд шан харамж нэхэж байна ойлгосон. Тухайн постыг оруулсны дараа нэлээн шуугиан тарьсан байх, мөн тийм хурдан арга хэмжээ авна гэж бодоогүй. 2 цагийн дараа Авлигатай тэмцэх газраас над руу ярьж, тухайн асуудлаар мэдүүлэг өгөөч ээ гэсэн. Шууд холбогдож байсан ажилтан манай Санхүү эрхэлсэн захирал О.Д юм. Тийм учраас О.Дыг чи очиж мэдүүлэг өг гэсэн. Авлигатай тэмцэх газар утаснаас нь баримтжуулж авсан гэсэн. Би Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргаагүй. Орой нь Гу*******ыг ёс зүйн хариуцлагаар ажлаас нь халсан талаар тогтоолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь жиргэсэн байсан. О.Дын утсанд хадгалаастай байгаа мессежийг би нүдээрээ харсан, мөн бичлэг хийсэн. Фейсбүүк болон твиттер дээр тавьсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь та нар хүн гүтгээд байгаа юм биш үү? гэж асуухад нь Тийм зүйл байхгүй. Танай салбарын доод шатанд авлига хээл хахууль нэхдэг үзэгдэл соёл болон тогтсон байна. Үүнийг эвдэх хэрэгтэй. Би Гу*******ыг буруутгах гэсэн зүйл биш. Эдийн засгийн хүнд үед нийгэмд шударга байгаасай, цочроо аваасай гэсэн үүднээс бичсэн. гэсэн. Тухайн үйл явдал болсны дараа Нийгмийн даатгалын ерөнхий газраас О.Дыг дуудаж тайлбар авсан гэсэн. гэжээ.
Гэрч О.Д шүүхэд мэдүүлэхдээ: Тэр үед би Э******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2018 оны 09 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл ажилласан. Манай компани нь 2020 оны 10,11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөртэй байсан. Ямар ч байсан 2020 оны төлбөрийг төлье гээд үнийн дүнг сайн санахгүй байна. 100 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Байцаагч А.Гу******* руу ...Өмнөх жилийн төлбөрөө төлчихсөн шүү... гэж мессеж бичихэд А.Гу******* нь над руу Надад хаялга байхгүй юу? гэж мессеж бичсэн. Би тухайн мессежийг Л.Н******* захиралд үзүүлчихсэн юм. Ийм мессеж ирсэн байна. Юу гэсэн үг юм бол? гэж ярианы үед зүгээр л асуусан юм. Гэтэл Л.Н******* захирал ...чи наадах мессежээ надад скрийншот хийгээд явуулчих... гэхээр нь би явуулсан. Л.Н******* захирал сошиал орчинд тавьчихсан байсан. Тайлангаа сар бүр аваачиж өгдөг учраас намайг Э******* ХХК-ийн нягтлан бодогч гэж мэднэ. Хааяа утсаар зөвлөгөө авдаг байсан. Фейсбүүк мессенжерээр төлбөрийн даалгаврын баримтын зургийг явуулан, гар утсаар бас мессеж бичсэн юм. Хувийн чатаар л харилцдаг. Албаны и-мэйл хаягийг нийгмийн даатгалын байгууллагаас өгөөгүй. Өмнө нь тухайн хаялга гэдэг агуулгаар хоорондоо харьцаж байгаагүй. Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар мэдээлэл өгөөгүй. Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан. Мессеж ирсэн үйл явдал болсны 3-4 хоногийн дараа Нийгмийн даатгалын ерөнхий газраас дарга нь дуудаж ...Тухайн асуудалд тайлбар өгөөч, тухайн байцаагчид арга хэмжээ авчихсан гэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга болон хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэж 2 хүн байсан. Болсон үйл явдлын талаар л надаар тайлбарлуулсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Гу******* нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан түүнд төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цахим сүлжээнд Л.Н******* гэх иргэнээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч Гу******* гэгч этгээд авлига нэхсэн гэх мэдээлэл 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байршуулж, НД Гу******* хэмээн хадгалагдсан 99174054 дугаарын утаснаас илгээсэн надад хаялага байхгүй юу тээ гэх зурвасыг хавсаргаснаар уг мэдээллийн мөрөөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ёс зүйн зөвлөл мөн өдрийн 17.43 цагт тус хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Гу*******ыг байлцуулан хуралдаж түүнээс тайлбар авсан ч тэрээр албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардсан гэх мэдээллийг баримтаар няцаагаагүй байна. Тодруулбал тэрээр мэдээлэлд дурдагдсан утасны дугаар өөрийнх нь эзэмшлийнх мөн болохыг хүлээн зөвшөөрсөн, зурвас бичээгүй гэж тайлбарласан ч холбогдох дугаарын хуулга, утсан дахь мэдээллээ шалгуулахыг зөвшөөрөөгүй байна.
Ёс зүйн зөвлөл түүнийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэхээр томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргажээ.
Ёс зүйн зөвлөлийн тогтоолын дагуу А.Гу*******ыг байлцуулан Ёс зүйн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар сонсох ажиллагааг хэлтсийн дарга, Орлого шимтгэлийн тасгийн дарга, Хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга, мөн Ёс зүйн зөвлөлийг оролцуулан тухайн өдрийн 18.30 цагт хийж, Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг танилцуулж тайлбар авсан байдаг.
Улмаар хэлтсийн даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн А.Гу*******т төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэн хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар орлого шимтгэлийн байцаагч А.Гу*******ыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрхээс үзвэл хариуцагч байгууллага төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийг шалган тогтоох, мэдэгдэх сонсох ажиллагаа хийх, тайлбар гаргуулах, байгууллагын Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэх зэрэг холбогдох ажиллагааг хийсэн, хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчээс итгэмжлэлээр эрх олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нөхцөл байдалтай холбогдуулж тайлбар гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийн талаар зөрчил гаргагчид урьдчилж танилцуулаагүй нь журам зөрчсөн хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь захиргааны актыг биелүүлэх боломжгүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан ба мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нөхцөл байдалтай холбогдуулж тайлбар гаргах боломж олгоогүй гэх үндэслэл тогтоогдоогүйн дээр эдгээр үндэслэл нь захиргааны актыг илт хууль бус гэж үзэх захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлд хамаарахгүй байна.
Актын хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйлийг зохицуулж, эдгээрийг буюу нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл хүлээлгэхээр мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан байна, тухайлбал 37 дугаар зүйлийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүрэгтэй, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно, 48 дугаар зүйлийн 48.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид ... 48.1.4 төрийн албан гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заажээ.
Мөн тушаалд баримталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хоригложээ. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор заажээ.
Хуулийн эдгээр зохицуулалт, хязгаарлалтууд төрийн жинхэнэ албан хаагчид буюу нийгмийн даатгалын байгууллагын орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалтанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч А.Гу******* нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа харилцагч байгууллагын нягтлан бодогчоос шан харамж шаардсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн талаарх мэдээллээр гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тушаалаар А.Гу*******ыг албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардсан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд ийнхүү сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь ... түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй буюу уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгаж байгаа нь сахилгын шийтгэл хүлээлгэхэд саад болохгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Гу*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА