Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0682

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06** дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Ш***************

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Т,

Хариуцагч Ш***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, У.Б, П.А,

Хариуцагч Ү************ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ж.О, Р.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг

 

Хэргийн индекс: 128/2024/0*******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06** дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3-т тус тус заасныг баримтлан “С” ХХК-иас Шүүх шинжилгээний ерөнхий газар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05/***** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “С” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо”-нд, гэрээ байгуулахыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиалагч нь оролцогчдод хүргүүлэх шийдвэрийг боловсруулахад Сангийн яамны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баталсан А/2** дугаар тушаалын  хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох тухай аргачлал, заавар”-ын 10.8-д нийцүүлэн үндэслэлийг тодорхой дурдаж ажиллаагүй нь дээрх журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаан дээр талуудын мэтгэлцээнээс үзвэл хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газар болон түүний байгуулсан Үнэлгээний хорооны гишүүд нь тендерээс татгалзсан үндэслэлээ бүрэн гүйцэт тайлбарлаагүй, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дурдаагүй үндэслэлүүд хэлж буйгаас үзвэл Үнэлгээний хороо хуралдаагүй, зөвлөмжөө нөхөж үйлдсэн байх боломжтой гэж үзэж байна. Нэгэнт хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газар буюу захиалагчийн техникийн тодорхойлолтод 360 дээж авагчтай байх, 360 багагүй дээж авагчтай байх гэж огт заагаагүй тул 240 дээж авагчтай 2 тавиур буюу нийт 480 дээж авагч санал болгож байгаа нэхэмжлэгчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм. Мөн 360 хүртэл гэдэг нь дээж авагчийн дээд хэмжээг заасан тоон утга бөгөөд 360 дээж авагчаас илүү буюу 480 дээж авагч санал болгож буй нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж буй нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох нь хэсэгт дурдсанаар “... Сангийн яамны шийдвэрийн дагуу нэхэмжлэгчээс тодруулга хүсэхэд “С” ХХК-иас дээж байрлуулах тавиурын тоо 204*2=480 дээж унших боломжтой талаар хариуг хүргүүлсэн боловч энэ талаарх баримтыг захиалагчид  хүргүүлээгүй байх бөгөөд Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн санал болгосон барааг техникийн тодорхойлолттой илүү нарийвчлан харьцуулж, дахин  хэлэлцэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй ...” гэсэн нь үндэслэлгүй юм. Захиалагч нь “С” ХХК-иас зөвхөн тавиурын тооны талаар тодруулга хүссэн бөгөөд түүнд нь “С” ХХК-иас дээж байрлуулах тавиурын тоо 240*2=480 дээж унших боломжтой талаар хариуг хүргүүлсэн. Тавиурын тоо болон бусад үзүүлэлт, дэлгэрэнгүй зураг, катологийг өмнө нь захиалагчид хүргүүлсэн байсан тул дахин явуулаагүй бөгөөд тендерийн баримт бичгээс харах бүрэн боломжтой юм. Иймд “... 240*2=480 дээж унших боломжтой талаар хариуг хүргүүлсэн боловч энэ талаарх баримтыг захиалагчид хүргүүлээгүй...” хэмээн үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “... цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй...” гэж заасан. Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт дурдсан https://www.shimazdu.com/ цахим хаягаас танилцах бүрэн боломжтой байхад санал болгосон барааг техникийн тодорхойлолтоос илүү нарийвчлан харьцуулж, дахин хэлэлцэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзсэн нь буруу дүгнэлт болсон гэж үзэж байна. Захиалагч тендерийн тодорхойлолтод заагаагүй нөхцөлийг тендер нээлтээ хийсний дараа нэхэмжлэгч “С” ХХК-д тулгасан бөгөөд анх техникийн тодорхойлолт түүнтэй дүйцэхүйц гэж заасан атлаа сонгон шалгаруулахдаа дүйцэхүйц барааг ижилхэн биш гэдэг үндэслэлээр хассан нь буруу юм. Техникийн тодорхойлолтын шаардлага хангасан өөр марктай /загварын нэр өөр/ барааг яг ижил марк биш байна, өөр марктай учир авахгүй гэж байгаа захиалагчийн шийдвэрийг шүүх зөвтгөж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06** дугаартай шийдвэрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийн “Багц 7. Химийн шинжилгээний тоног төхөөрөмж” хэсгийн шалгаруулалтад оролцсон байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05/***** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “С” ХХК-ийн тендерээс татгалзсан байх бөгөөд тус компани нь “уг мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг тендерийн Үнэлгээний хороо”-нд, гэрээ байгуулахыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... 05/***** дүгээр албан бичиг, 2024 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05/****** дүгээр албан бичгээр хүргүүлсэн хариу үндэслэлтэй гэж хариу өгөхдөө “... захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан автомат дээж авагч нь 360 хүртэлх дээж авах хүчин чадалтай байхаар заасан байхад нэхэмжлэгчийн санал болгож буй ASX-**** автомат дээж авагч  нь 240 хүртэлх дээжийг шинжилдэг байх ба захиалагч нэхэмжлэгчийн тендерийг санал болгосон бараа техникийн тодорхойлолтод  нийцсэн байх шаардлага хангаагүй ...” гэж дүгнэхдээ зарим баримтыг үнэлээгүйгээс шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

3. Маргаан бүхий Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05/***** дугаар албан бичгээр “... танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэж дурдсан, харин ямар шалтгаанаар татгалзсанаа заагаагүй.

Нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг эс зөвшөөрч Үнэлгээний хороо болон захиалагчийн үйл ажиллагааны талаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/1*** дугаар албан бичигт “... тендерийн баримт бичигт S*** автомат дээж авагчтай байхаар тусгасан, энэ нь 360 дээж бэлтгэдэг, арин нэхэмжлэгчийн дээж авагч ASX-560 маркийнх бөгөөд 240 дээж бэлтгэдэг, ажлын талбай бага гэж тендрээс татгалзсан байна. “С” ХХК нь тавиурын тоо 240х2 буюу 480” гэж дурдсан тул төхөөрөмж нь 2 тавиуртай эсэхийг тодруулж, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журамын 5.9, 5.10-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэж захиалагчид мэдэгджээ.

Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин хэлэлцээд С ХХК-аас тодруулахад 240х2 гэж албан бичиг ирүүлсэн боловч нотлох баримт ирүүлээгүй, 240 уншуулсны дараа дахин хүлээж байгаад уншуулах нь шинжээчид ажил нэмэхээс гадна үргүй зардал нэмэгдэнэ, SP** бол нэг мөр 360 уншина, бас бүхээгтэй, гэтэл энэ компанийнх бүхээггүй байна” гэх мэтээр хэлэлцэж, 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдэгдлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

4. Гэтэл хэрэгт авагдсан Тендер шалгаруулалтын баримт бичгийн Техникийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр тал/ хэсэгт  “AGILENT *** ICP-MS эсхүл түүнтэй дүйцэхүйц байх”, “SP** автомат дээж авагчтай байх” гэж заасан, харин ямар нэгэн тусгай тавиурын тоо ширхэг 360, бүхээгтэй байх” гэх зэргээр тухайн төхөөрөмжийн тусгай, онцлог шинжийг тодорхой заагаагүй, харин нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн техникийн тодорхойлолтын энэ хэсэгт “дээжлэгч ASX-****” /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал/ гэж ирүүлсэн, мөн ямар нэгэн тоо ширхэг буюу 240х2 гэх мэт, онцлох зүйлийн талаар мэдээлэл ирүүлээгүй болох нь цахимаар ирүүлсэн /дискэнд байгаа/ болон хэрэгт авагдсан эдгээр баримтаар тогтоогдож байна.

5. Харин хариуцагч Үнэлгээний хороо нь Сангийн яамнаас өгсөн үүргийн дагуу тендерийг дахин үнэлэхдээ нэхэмжлэгчээс энэ талаар тодруулахад “AXS-**** төхөөрөмж нь 240 тавиуртай, 2 ширхэгийг нийлүүлнэ” гэхээс өөр баримт бичиг материал гаргаж өгөөгүй гэх тайлбараас үзвэл Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэсэнд нийцэхээргүй байна. Өөрөөр хэлбэл уг заалтад тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой заасан асуудлаар оролцогч тодорхойгүй тендер ирүүлсэн тохиолдолд тодруулга авахаар зохицуулсан, харин баримт бичигт тодорхойгүй заасан зүйлээ дараа нь тодруулж, түүнд нийцсэн тодруулга оролцогчоос нэмж авах эрх олгосон зохицуулалт биш юм.

Хэрэв хариуцагчийн худалдаж авах тоног төхөөрөмжийн дээж авагчийн “тавиурын тоо 360 байх,  бүхээгтэй байх” шаардлага нь чухал буюу дүйцүүлж болохооргүй байсан бол тендер шалгаруулалтын баримт бичигт энэ онцлог шинжүүдийн мэдээллийг тодорхой заах үүрэгтэй.

6. Хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “S**” болон “ASX-***” гэсэн нь аль аль нь “дээж авагч” байх боловч тавиурын тоо, бусад хэлбэр нь ялгаатай, хариуцагчийн санал болгосон “SP**” нь зөвхөн “AGILENT” маркийн үндсэн төхөөрөмжид холбогдон ажилладаг гэдэгтэй талууд маргаагүй.

Үүнээс үзвэл үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхойлоогүй зүйлсийг шаардсан, мөн хэдийгээр “дүйцэхүйц” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн тендерийг үнэлэхдээ зөвхөн нэг тодорхой бүтээгдэхүүнд холбогдож ажилладаг техникийн шаардлагад тусгасан “SP**” гэх барааны тоо, ширхэг, бусад шинж чанарыг дүйцүүлэн үнэлээгүй, ижил байхыг шаардаж нэхэмжлэгчийн тендерийг “шаардлага хангаагүй” гэж үзсэн байна.

7. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод “дээж авагч”-ийн талаар заахдаа тоо ширхэг онцлох шинжийг, дүйцүүлж болох утгыг заагаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.” гэж, 12 дугаар зүйлийн 12.4-д “Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

8. Түүнчлэн Үнэлгээний хороо нь баримт бичигт тодорхой заагаагүй зүйлийг оролцогчоос шаардсан, мөн тодорхой марк зааж, түүнтэй дүйцүүлэн үнэлээгүй байхад захиалагч нь үүнийг хяналгүй тендерээс татгалзаж нэхэмжлэгчид мэдэгдэхдээ ямар шаардлагыг хэрхэн хангаагүй талаар заагаагүй нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчжээ.

9. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиалагч техникийн тодорхойлолтод заагаагүй үндэслэлээр татгалзсан. ... техникийн тодорхойлолтод 360 дээж авагчтай байх, 360-с багагүй байх, эсвэл 360 хүртэл гэх мэтээр огт заагаагүй ... атлаа 240х2 нийт 480 байхаар заасныг шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. ... хуулийн 12.4-т заасныг зөрчсөн асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргаагүй гэснийг зөвшөөрөхгүй, дүйцэхүйц гэсэн атлаа загвар болгосон марктай ижил барааг шаардсан ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

10. Иймд гомдлын энэ хэсгийг хангаж, тус шүүх нэхэмжлэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын нэхэмжлэгчийн тендерээс татгалзсаныг мэдэгдсэн 05/***** дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

11. Харин нэхэмжлэлийн үлдэх хэсэг “... гэрээ байгуулахыг зөвлөмж болгохыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах” шаардлагын тухайд хангах үндэслэлгүй байна.

Учир нь дээр дурдсанаар хариуцагч нь тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолтын маргаж байгаа хэсэг буюу “дээж авагч”-ийн тодорхой онцлог шинж чанар, хэлбэр, тоо ширхэгийг заагаагүй нь буруу боловч энэ нь нэхэмжлэгчийн бараа нь “шаардлагад нийцнэ” гэх нөхцлийг бий болгохгүй, өөрөөр хэлбэл “240х2” гэж тендерийн саналд тусгагдаагүй тул захиалагч нь баримт бичгээ зөвтгөх, дахин тендер зарлах эсэхийг хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацаа, төсвийн жил, санхүүжилт зэргийг харгалзан шийдвэрлэхээр байх тул “нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шууд шаардлагад нийцсэн гэж үнэлж, гэрээ байгуулахыг зөвлөмж болгохыг Үнэлгээний хороонд, мөн гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах” шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.  

12. Хариуцагчийн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “дахин тендер шалгаруулалт зарлаж явуулсан, нэг этгээд оролцож шалгаран гэрээ байгуулах шатандаа явж байгаа” гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул тухайн асуудалд шүүхүүд дүгнэлт өгөх боломжгүй.

13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.4, 24 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-т оролцогч “С” ХХК-ийн тендерээс татгалзсан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05/***** дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

                    ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ

       ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ