| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З-,
шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Х-ийн М-д холбогдох эрүүгийн 2213003420007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт Х-ийн М-, БК............ регистрийн дугаартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.М- нь охин болох З- 2008 оны 2 дугаар сарын сүүлээр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар М-гийн З-ийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл сард 20,000 төгрөгөөр нийт 1800,000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл сард 100,000 төгрөгөөр нийт 2,400,000 төгрөгийг авч, нийгмийн халамжийн санд нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.М- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй 4.200.000 төгрөгийг аймгийн Нийгмийн халамжийн санд төлүүлэх саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Х.М- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003420007 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54, 55 дахь тал/,
5. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
6. Гэрч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
7. Гэрч Х.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
8. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
9. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1424 дугаар албан ирүүлсэн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
11. Аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 11 дэх тал/,
12. Хаан банкны 0000000000, 111111111 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 20-22, 26-42 дахь тал/,
13. Шүүгдэгч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
14. Шүүгдэгч Х.М-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.М-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч Х.М- нь охин болох З- 2008 оны 2 дугаар сарын сүүлээр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар М-гийн З-ийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл сард 20,000 төгрөгөөр нийт 1800,000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл сард 100,000 төгрөгөөр нийт 2,400,000 төгрөгийг авч, нийгмийн халамжийн санд нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус аймгийн Улаанхус сумын 10 дугаар багийн иргэн М.З- нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байсан байна. Өөрөөр хэлбэл иргэн М.З-ийн нэр дээр 2012 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр, 1,800,000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр, 2,400,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авсан байна. М.З- нь 2012 оны 10 дугаар сараас өмнөх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг огт авч байгаагүй байна. Дээрх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Хаан банкны 0000000000 тоот дансаар авч байгаа гэх мэдээлэл манай байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54, 55 дахь тал/,
19. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2002 онд А.Т-тай анх гэр бүл болж 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амаржиж охин болох З-ийг төрүүлсэн. А.Т- гэгчтэй хамт амьдарч байгаад таарамжгүй харилцаанаас болж салсан юм. Улмаар 2004 оны 12 дугаар сард Х.М-тэй гэр бүл болсон, гэр бүл болохдоо охин болох З-ийг өөрийн аав болох Ж.Х-, ээж болох М.К- нарт үлдээгээд явсан. Улмаар нөхөр болох Х.М-гээс хүүхэдтэй болж 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охинтой болж, М.М- гэх нэрийг өгсөн. Тухайн үед нөхөр Х.М- түүнтэй суугаагүй байхдаа миний төрүүлсэн охин болох З-ийг нэр дээрээ бүртгүүлж гэрчилгээ авлаа гэж төрсний гэрчилгээ бичүүлээд ирсэн байсан. Тэрнээс хойш охин З- маань миний 2 дахь нөхөр М-гийн нэрээр овоглох болсон. М-гийн нэрээр овоглох болсон хэдий ч манай гэрт ирж огт амьдарч байгаагүй юм. Харин охин З- маань миний аав, ээжийн асаргаанд, тэдний гэрт амьдарч байгаад 2008 оны 02 дугаар сарын сүүлээр хатгаа туссаны улмаас 2 хоног өвдөөд нас барсан юм. Нас барах үед нь би жирэмсэн байсан бөгөөд 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр амаржсан. Намайг бие давхар байсан тул манай гэрийнхэн надад нас барсан талаар хэлээгүй юм байна лээ. Би төрснийхөө дараа эмнэлгээс гэртээ гарч ирээд охин З-ийг нас барсныг мэдсэн юм. Харин манай нөхөр болох Х.М- нь З-ийн нэр дээр авч байсан хүүхдийн мөнгийг нөхөж төлөх байх, нөхөж төлбөл их хэмжээний мөнгө болно гэж бодоод З-ийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан талаар мэдүүлсэн байна лээ...", ...Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн манай нөхөр болох Х.М- авдаг, мөнгөөрөө өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг, гурил, будаа, хоол хүнсний хэрэгцээнд зарцуулдаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
20. Гэрч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай эгч бол Х.Н- нь 2000 оны эхэнд шиг санагдаж байна, манай сумын залуу болох Т- гэх хүнтэй гэр бүл болж улмаар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж салсан юм. Тухайн үед тэр хоёрын дундаас З- нь төрсөн юм. Манай эгч Н- нь 2004 онд М- гэх хүнтэй гэр бүл болсон бөгөөд охин З-ийг аав, ээжид үлдээгээд явсан. Улмаар З- нь манай гэрт бидэнтэй хамт амьдарч байгаад 2008 оны 2 дугаар сарын сүүлээр нас барсан. Яг хэдний өдөр нас барсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
21. Гэрч Х.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанхус сумын 3 дугаар багийн эмчээр томилогдон ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хариуцсан багийнхаа ихэнх айлуудаар орж, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байсан. Манай багийн оршин суугч Х.М-гийн гэрт багийн эмчээр томилогдсоноос хойш нэлээд хэдэн удаа очиж, тэдний гэр бүлийнхэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг явуулж л байсан. Энэ үед М.З- гэх нэртэй хүүхдийг огт харж байгаагүй. Тэдний гэрт миний мэдэхийн М.М-, М.Ахтоты, М.Гүлнар, М.Хундыз, М.Көптилеу гэх 5 хүүхэдтэй юм. Би тэдний айл дээрх 4 охин, 1 хүүтэй л гэж боддог юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
22. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллагад хандаж албан ёсоор нас барсны гэрчилгээг М.З- /РД:БК.........../ аваагүй байгаа байна, хаана байгааг нь би мэдэхгүй байна. Одоогоор манай иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тодорхойгүй төлөвт бүртгэлтэй байгаа. Учир нь М.З- нь 16 насанд хүрсэн, иргэний цахим бүртгэлд бүртгүүлж, иргэний үнэмлэх аваагүй байгаа тул одоо хаана байгааг нь мэдэхгүй, манайд хандаж цахим үнэмлэх авах хүсэлт гаргаагүй, одоогоор 18 настай, мөн нас барсан эсэх талаар гэрчилгээ гаргуулан авахаар өргөдөл, хүсэлт ар гэрээс нь гаргаж байгаагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
23. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Нас барсны бүртгэл"-д холбогдох заалтуудыг хуульчилж өгсөн байдаг. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ гэж заасан байдаг. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Үүнд: Мөн хуулийн 13.2.1-д нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг...” улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд бүртгүүлнэ” гэж заасан байдаг болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
24. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1424 дугаар албан ирүүлсэн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
25. Аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 11 дэх тал/,
26. Хаан банкны 0000000000, 111111111 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 20-22, 26-42 дахь тал/,
27. Шүүгдэгч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие анхны эхнэр маань нас барсны дараа 2004 онд Х.Н- гэх хүнтэй гэр бүл болсон. Тэр үед Х.Н- өмнөх нөхрөөсөө салсан байсан. Х.Н- бид хоёр гэр бүл болсон үед З- гэх дагавар охинтой байсан. Гэхдээ тухайн дагавар охин болох З- бид нартай хамт амьдарч байгаагүй. Эхнэр бид хоёр анхны охинтой болсон үед эхнэрийн дагавар охин З-ийг өөрийн нэр дээр бүртгүүлж авсан. Өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан охин болох З- 2008 оны 02 дугаар сарын сүүлээр өвчний улмаас нас барсан. Тухайн үед би тухайн охиныг нас барсны бүртгэлд бүртгүүлж нэрээс нь хасуулаагүй байсан. 2012 оны 12 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгож эхэлсэн үед нас барсан охин болох З-ийн хүүхдийн мөнгө миний дансанд орж эхэлсэн. Би нас барсан охины нас барсан бүртгэлд оруулахгүйгээр түүний хүүхдийн мөнгийг авч байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 03 дугаар сард охин З- 18 нас хүрсэн гэх үед хүүхдийн мөнгө хасагдсан. Би өөрийн мэдлэг боловсролгүй байдлаас болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний бие төрд учруулсан хохирлыг өлж өгөхөө илэрхийлж байна. Иймд миний гаргасан гэмт үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
28. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
29. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-Т “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж нийгмийн халамжийн хамрах хүрээг тодорхойлж, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд багтаан тус тус хуульчилжээ.
30. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор 2012 оны 10 дугаар сараас эхлэн 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.000 төгрөг /2020 оны 05 дугаар сараас эхлэн 100.000 төгрөг/ олгохоор шийдвэрлэж, Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ыг баталжээ. Уг журмын 3.8-д “Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь энэ тухай сонгосон арилжааны банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, ажилтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна.
31. Шүүгдэгч Х.М- нь 2008 оны 02 дугаар сарын сүүлээр охин М.З- өвчний улмаас нас барсан үед улсын бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ аваагүй, улмаар Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 10 дугаар сараас эхлэн “Хүний хөгжил сан”-гаас хүүхдийн мөнгийг арилжааны банкаар дамжуулан олгох үед нас барсан хүүхэд М.З-ийн нэр дээр орж ирсэн хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч байсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
32. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын 4.1.2 дахь заалтад “хүүхэд нас барсан” тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоохоор зохицуулсан буюу хүүхэд нас барсан тохиолдолд хүүхдийн мөнгийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь тус тус авах эрхгүй байна.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3. “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.М- нь бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж болох хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд тасралтгүй авч, нас барсан охин М.З- 18 насанд хүрснээр хүүхдийн мөнгийг авах боломжгүй болж гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.
34. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
35. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.М-гийн хүүхдийн мөнгийг сар бүр авах шунахайн сэдэлт, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
37. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
38. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М- нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд нийт 4.200.000 төгрөгийн хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг 4.200.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Х.М-гээс гэмт хэргийн хохирол 4.200.000 төгрөг гаргуулан улсын төсөвт төвлөрүүлэхийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
39. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэх” дүгнэлтийг,
40. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
41. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь, шүүгдэгч Х.М- нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин суудаг ба энэ нь сүлжээгүй газарт хамаардаг, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.М-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
43. Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
44. Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
45. Шүүгдэгч Х.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж хууль бусаар авч “Хуул бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо”-ны 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоов.
47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
48. Шүүгдэгч Х.М-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
49. Улсын яллагчаас “шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэх” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
50. Энэ хэрэгт шүүгдэгч Х.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
51. Шүүгдэгч Х.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Х-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо”-ны ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Х.М-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.М-гээс гэмт хэргийн хохиролд 4.200.000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулан улсын төсөвт төвлөрүүлэхийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК