Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорooс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээлийнхэн овогт Ганболдын Нод холбогдох эрүүгийн 2311 00000 0010 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бээлийнхэн овогт Ганболдын Н /РД: ./,

Монгол улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Бөмбөгөр худалдааны төвд гутлын лангуу ажиллуулдаг/, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуарангийн 90а-120 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй караокед согтуурсан үедээ агсам тавьж хохирогч Б.Үнэнхүүгийн толгойн тус газарт архины шилээр цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Н нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй караокед согтуурсан үедээ агсам тавьж хохирогч Б.Үнэнхүүгийн толгойн тус газарт архины шилээр цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Үнэнхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны 18 цагийн орчимд “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд зэргэлдээ лангуу ажиллуулдаг хүмүүс болох Н /88072426/, түүний эхнэр Баярмаа /89588989/, Баярмаагийн төрсөн дүү Цэдэвдорж /80670727/, Баяраа /88042851/, Баяраагийн эхнэр Даагий нарын хамт 6-лаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Монгол” нэртэй караокед орсон. Тухайн караокед 3 цаг авч 2 шил 1 литрийн “Эдэн” нэртэй архи ус, ундааны хамт авч суусан. Тэгээд ууж байгаад ерөнхийдөө согтоцгоосон ба Цэдэвдорж түрүүлж явсан. Ингээд 5-лаа үлдээд сууж байтал Нын төрсөн ах нь гэх залуу Нын машиныг авахаар ирсэн ба согтууруулах ундаа огт хэрэглээгүй юм. Тэгээд байж байтал Н Даагий гэх эмэгтэйтэй маргалдаад хэрэлдээд байсан юунаас болж хэрэлдээд байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр 2 маргалдаад болохгүй болохоор нь би Баяраатай хамт гарч тамхи татаад одоо тарцгаая чи эхнэрээ аваад явчих харин би энэ 3-тай хамт явчихъя гэж хэлсэн. Ингээд буцаад караоке руугаа ортол нөгөө 2 маргалдаад байхаар нь би Баярмааг одоо явцгаая хэрүүл хэтэрлээ гэж хэлсэн. Тэр үед Ныг ах нь болиулах гээд буйдан дээр дараад авсан байсан тэр үед Н ахдаа дийлдэхгүй байсан. Тэгээд би Баярмааг босгохоор тонгойтол араас Н архины шилээр миний толгой руу цохиж хагалсан тэгэхээр нь би эргээд хартал Ныг ах нь дахин татаж буйдан дээр суулгасан энэ үед Баяраа, Даагий 2 ер нь зайтай зогсож байсан. Эхлээд би цус гарсан гэдгийг мэдээгүй байж байтал гэнэт халуу оргиод хацраар цус урссан. Гэтэл Ныг ах нь аваад гарсан, Баяраа Даагий хоёр ч гэсэн гараад явсан. Харин ресефшин дээр Баярмаа бид 2 үлдээд зөөгчөөс салфетка авч цусаа дартал тогтохгүй байсан. Зөөгч нь цагдаа дуудсан ба их хэмжээний цус гараад байхаар нь Баярмаа бид 2 такси бариад ГССҮТ-рүү явсан. Тэгэхэд Баярмаа манай эхнэр рүү мессеж бичсэн байсан ба намайг ГССҮТ байхад эхнэр араас ирсэн би тэнд 4 оёдол тавиулсан юм...” гэх /хавтас хэргийн 5 дугаар тал/,

Гэрч Г.Мягмарбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би эхнэр болон “Бөмбөгөр” худалдааны төвд хамт ажилладаг Н, Үнэнхүү, Баярмаа, Цэдэвээ, Ургамал, мөн эхнэр Даваажаргал нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Монгол” нэртэй караокед орсон. Ороод “Эдэн” нэртэй архи ус ундаа зэргийг авч ууцгаасан ба эхлээд дундаа орж байхад Цэдэвээ, Ургамал 2 гараад явсан ба харин Нын ах нь ирсэн юм. Ингээд сууж байгаад Үнэнхүү ах явахаар болж бид 2 хамт гараад тамхи татаад юм ярьж байгаад би эхнэрээ аваад харин Үнэнхүү ах Н, Баярмаа 2-той явахаар болсон. Тэгээд караокены өрөө рүү ороход 1 шил архи нэмээд авсан байсан ба архинаас бага зэрэг ууцгаасан гэтэл манай эхнэр над руу уурлаад агсан тавих гээд байхаар нь би эхнэрээсээ бага зэрэг зайтай сууж байтал Н манай эхнэртэй бас хэрэлдээд маргалдаад байсан, харин Үнэнхүү ах Баярмааг одоо тарцгаая гэж хэлээд аваад гарах гэж байхад нэг нь Үнэнхүү ахын толгой руу юмаар цохисон. Тэгэхэд би эхнэрийгээ аргадаад ширээний хажууд хажууд зогсож байсан. Харин Н агсраад ах нь түүнийг болиулах гээд дийлэхгүй байсан. Үнэнхүү цохиулчхаад эргэж харангуутаа Ноо чи яагаад ахыгаа цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Үнэнхүү ахын толгойноос цус гарч байсан...” гэх /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16573 дугаартай дүгнэлтэд:

Б.Үнэнхүүгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,  

Шүүгдэгч Г.Нын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 28-31, 34-49 дүгээр талууд/

Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Бөмбөгөр” худалдааны төвд хамт худалдаа эрхэлдэг ахынхаа биед хөнгөн гэмтэл учруулсан. Маргах зүйлгүй...” гэх /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Н 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршигийн талаар

Хохирогч Б.Үнэнхүү, шүүгдэгч Г.Ноос нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бээлийнхэн овогт Ганболдын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АРИУНБОЛД