Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2019/00073

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Б.Б, Н.Н нцацрал нарын гэрлэлтийг цуцалсугай.   

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн хүү Б.Б, 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.С нарыг эх Н.Н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.С 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн түүнийг болон 2006 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн хүү Б.Б , 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, түүнчлэн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө болох королла аксио маркийн автомашины үнэ болох 15 000 000 төгрөг, байрны үнэ болох 45 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг гаргуулах тухай, эмчилгээ болон сэтгэл санааны хохирол нийт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бат-Оргилд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 854 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 189 742 төгрөгийг гаргуулж, үүнээс 139 050 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 50 692 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

8. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 2 ширхэг рентген зураг, 3 ширхэг CD, флаш дискийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЦОГЗОЛМАА

                    ШҮҮГЧИД                             Б.НАРАНЧИМЭГ

                                                                Д.НАРАНЦЭЦЭГ