Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

  2023         02           02                                      2023/ШЦТ/110

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Г” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан эрүүгийн 2211 00000 1388 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-н Э /РД:хх0000000/, Монгол Улсын иргэн 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, Ховд аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын гипсэн тааз хийдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, 00 дүгээр баг, Хайрханы 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Л-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, нүүрэн тус газарт нь Ай фоне-6 маркийн гар утасны доод хэсгээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний биед духанд язарсан шарх, баруун доод зовхи, хамрын нуруунаас зүүн хацар хүрсэн цус хуралт, баруун эгэмд зулгаралт, баруун завжинд язралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Н.Л-гийн мэдүүлэг, гэрч Л.Ганбаяр, М.Буяннэмэх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 10166 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Л-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, нүүрэн тус газарт нь Ай фоне-6 маркийн гар утасны доод хэсгээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний биед духанд язарсан шарх, баруун доод зовхи, хамрын нуруунаас зүүн хацар хүрсэн цус хуралт, баруун эгэмд зулгаралт, баруун завжинд язралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 10166 дүгнэлтээр “...Н.Л-гийн биед духанд язарсан шарх, баруун доод зовхи, хамрын нуруунаас зүүн хацар хүрсэн цус хуралт, баруун эгэмд зулгаралт, баруун завжинд язралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. ...Дээрх гэмтлүүд нь 2022.07.19-20-ны өдөр үүссэн байх боломжтой. ...Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо.” (хавтаст хэргийн 19-20 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Н.Л-гийн биед 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Н.Л мэдүүлсэн: “...2022 оны 7 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд мөн найзууд болох Б.Э-, Өлзийбаяр хоёр ирж бид нар гадуур гарахаар болж миний 02-19 УНД улсын дугаартай Sterna маркийн машинтай гадуур гарцгаан 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын ойролцоо машин дотроо 0.75 литр хэмжээтэй Соёрхол нэртэй архи 1 шилийг, 2.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад Баянбүрдийн тойргийн ойролцоо Өлзийбаярыг гэрт нь хүргэж өгөөд манай гэрийн гадаа очсон ба замдаа Б.Э бид хоёр үг зөрж маргалдсан яг юунаас болсон талаараа сайн санахгүй байна. Тэгээд гэрийн гадаа очоод мөн Б.Э-тай маргалдаад машинаасаа бууж байсан ба нэг мэдэхэд толгойноос цус гарчихсан, нүүр хавдчихсан гэртээ ухаан ороход цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

Гэрч Л.Ганбаяр мэдүүлсэн: “...Б.Э нь баруун гартаа Ай фоне-6 маркийн гар утас барьж байгаад булангаар нь Н.Л-гийн толгой руу нь 4-5 удаа цохисон, энэ үед нь Буяннэмэх гүйж очоод Б.Э-ын баруун гарыг нь бариад салгахад Н.Л-гийн толгой нь хагарчихсан цус гараад газар суусан. Харин Б.Э нь цаашаа гудамжны үзүүр рүү алхаад явахаар нь би араас нь очоод Б.Э-ыг авчирсан. Тэгээд Буяннэмэх түүнд “чи Н.Л-гийн толгойг нь хагалчихлаа” гэсэн чинь Б.Э нь Н.Л-г харж зогсож байснаа нүүр рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч М.Буяннэмэх мэдүүлсэн: “...Б.Э нь баруун гартаа Ай фоне-6 маркийн гар утас барьж байгаад булангаар нь Н.Л-гийн толгой руу нь 4-5 удаа цохисон, энэ үед нь би гүйж очоод Б.Э-ын баруун гарыг нь бариад салгахад Н.Л-гийн толгой нь хагарчихсан цус гараад газар суусан. Харин Б.Э нь цааш гудамжны үзүүр лүү алхаад явсан. Араас нь Ганбаяр очоод Б.Э-ыг аваад ирэхээр нь би түүнд “чи Н.Л-гийн толгойг нь хагалчихлаа" гэсэн чинь Б.Э нь Н.Л-г харж зогсож байснаа нүүр рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), шүүгдэгч Б.Э яллагдагаар мэдүүлсэн “...миний уур хүрээд Н.Л-гийн нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохиод, халаасанд байсан шаргал өнгийн Ай фоне-6 маркийн гар утсаа гаргаж ирээд доод талын булангаар нь толгой руу нь нэг удаа цохисон чинь миний утаснны дэлгэц хагарсан ба энэ үед Буяннэмэх, Ганбаяр хоёр зодооныг салгаад намайг Н.Л-гийн толгойг нь хагалчихлаа гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Л-гийн толгойн тус газарт цохиж, түүнийг биед халдан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Н.Л “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлт (хавтаст хэргийн 40 дэх тал) бичгээр илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа мэдүүлсэн “...Н.Л нь 2022 оны 7 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвд 1 удаагийн дуудлагын үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №04/3847 албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №04/3847 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Э-аас 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 23 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Хэдийгээр улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон боловч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ай фоне-6 маркийн эвдэрхий гар утас нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав. 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д сануулсугай..

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ай фоне-6 маркийн эвдэрхий гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э-аас иргэний нэхэмжлэлийг хангах хүрээнд 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаахыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР