Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2019/00071/И |
Дугаар | 134/ШШ2019/00085 |
Огноо | 2019-06-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 134/ШШ2019/00085
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш-д холбогдох
Гэрээний үндсэн төлбөр 72 126 900 төгрөг, хүүгийн хохирол 11 120 177 төгрөг 40 мөнгө, нийт 83 247 077 төгрөг 40 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТЭТ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш ХК нь манай компанитай 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дизель түлш худалдах, худалдан авах №ШО18-2/206 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасан үүргээ биелүүлж, манай компани 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 45 420 литр дизель түлшийг нэг литрийг нь 2015 төгрөгөөр, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 35 040 литр дизель түлшийг нэг литрийг нь мөн 2015 төгрөгөөр тус тус нийлүүлсэн болно. Ш ХК нь гэрээнд зааснаар дээрх нийлүүлсэн дизель түлшний үнэ 162 126 900 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 40 000 000 төгрөгийг гэрээний хугацаандаа, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийн шилжүүлж, төлбөр хийх хугацааг хэтрүүлэн гүйцэтгэсэн ба үлдэгдэл 72 126 900 төгрөгийн төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Түүнчлэн манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХААН банк ХХК-тай зээлийн шугамын гэрээ байгуулж, 800 000 000 төгрөгийн зээл авсан байсан ба Ш ХК гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс манай компанид хүүгийн хохирол учраад байна. Хэрэв Ш ХК төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол 72 126 900 төрөгт ногдох хэмжээний зээлийн хүүг хэтрүүлсэн хугацаанд төлж хохирохгүй байсан. Худалдан авагч нь гэрээний 6.3-т заасны дагуу 14-21 хоногт төлбөрийг төлөх үүрэгтэй. Эхний нийлүүлсэн буюу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн нийлүүлсэн дизель түлшний үнэ 91 524 300 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн тул үлдэгдэл 51 521 300 төгрөгт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хүүгийн хохирол тооцох ёстой боловч сүүлийн нийлүүлсэн буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дизель түлшний үнэ болох 70 605 600 төгрөгийн хүүгийн хохирол тооцох хоног нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс тооцогдохоор байх тул хамтад нь буюу нийт 122 126 900 төгрөгийн хүүгийн хохирлыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 20 000 000 төгрөг төлсөн хугацаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоногийг тооцоход нийт 141 хоног байна. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 102 126 900 төгрөгт хүүгийн хохирол тооцох хугацаа нь 27 хоног, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 82 126 900 төгрөгт хүүгийн хохирол тооцох хугацаа нь 23 хоног, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 72 126 900 төгрөгт хүүгийн хохирол тооцох хуагцаа нь 32 хоног тус тус болж байна. /Алданги бодсон тооцоог хавсралтаас харна уу/ ХААН банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар жилийн 16.8 хувийн хүүтэй ба энэ хүүг хоногт шилжүүлэн тооцоход хоногийн 0.046 хувийн хүү гарч байгаа ба төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хоногт тооцоолон хүүгийн хохирлыг нэхэмжилж байна.
Иймд, гэрээний үндсэн төлбөр 72 126 900 төгрөг, хүүгийн хохирол 11 120 177 төгрөг 40 мөнгө буюу нийт 83 247 077 төгрөг 40 мөнгийг Ш ХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ш ХК нь ТЭТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш ХК нь 2018 онд ТЭТ ХХК-иас дизель түлш худалдан авч үлдэгдэл төлбөрийн тооцоотой байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин ТЭТ ХХК-ийн ХААН банк ХХК-иас авсан шугамын зээлийн хүүгийн төлбөр 11 120 177 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 72 126 900 төгрөгийг төлөхөд маргаангүй. Харин хүүгийн хохирол 11 120 177 төгрөгийг юунаас болж яаж хохироод байгааг манайх ойлгохгүй байгаа. Хохирч байгаа гэдгээ нотлох ёстой. Нэгэнт нотолгоо хэрэгт авагдаагүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТЭТ ХХК нь хариуцагч Ш ХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 72 126 900 төгрөг, хүүгийн хохирол 11 120 177 төгрөг 40 мөнгө, нийт 83 247 077 төгрөг 40 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ТЭТ ХХК нь хариуцагч Шивээ Овоо ХК-тай 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дизель түлш худалдах, худалдан авах №ШО18-2/206 тоот гэрээ байгуулж, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 45 420 литр дизель түлшийг, нэг литрийг нь 2015 төгрөгөөр, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 35 040 литр дизель түлшийг, нэг литрийг нь 2015 төгрөгөөр тус тус нийлүүлжээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид 72 126 900 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй болох нь Дизель түлш худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, /хх7-12/, шатахууны зарлагын баримт /хх-13/, харилцагчийн дансны хуулга /хх16-19/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-29/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ш ХК нь гэрээний үндсэн төлбөр буюу 72 126 900 төгрөг төлөхөд маргаагүй ба ... хүүгийн хохирол дээр нэхэмжлэгч талтай тохиролцох бүрэн боломжтой ... гэж тайлбарлана.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно хэмээн заажээ.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч хариуцагчийн үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид ямар хэмжээний бодит хохирол үүссэн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ХААН банкны Зээлийн шугамын гэрээг /хх-14/ үндэслэн хүүгийн хохирлыг нэхэмжилсэн боловч хариуцагчийн үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.
Иймд, хариуцагч Ш ХК-иас гэрээний үндсэн төлбөр 72 126 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хүүгийн хохирол 11 120 177 төгрөг 40 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574 185 төгрөгийг улсынорлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 518 584 төгрөгийггаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Ш ХК-иас гэрээний үндсэн төлбөр болох 72 126 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТЭТ ХХК-д олгож, хүүгийн хохирол 11 120 177 төгрөг 40 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 518 584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА