Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

    2023         02           01                                      2023/ШЦТ/105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан эрүүгийн 2211 00492 1749 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Ч-ын О /РД:хх0000000/, Монгол Улсын иргэн 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Зүүн Баян-Уул гудамжны 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байр, 4 дүгээр орцны 1 тоотод хохирогч Н.Х-тай маргалдаж үснээс нь зулгааж, нүүр рүү нь цохиж, өшиглөн зодсоны улмаас хүний биед тархи доргилт, толгойн дагзны хуйх, дух, баруун, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хацар, чихний ар хэсэг, эрүүний зүүн буланд зулгаралт, баруун чамархай урд хэсэг, духанд 2.5х2.5 см, зүүн хөмсөг, хацар, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үенд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Н.Х-ы мэдүүлэг, гэрч С.Саранчимэг, Б.Ганганбайгаль, Ч.Тэлмүүн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 4792 тоот дүгнэлт, шүүгдэгч Ч.О-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.О-гийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байр, 4 дүгээр орцны 1 тоотод хохирогч Н.Х-тай маргалдаж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогчийн толгойн хэсгээс үсдэж цохиж, гараараа цохиж өшиглөх зэргээр зодсоны улмаас хүний биед тархи доргилт, толгойны дагзны хуйх, дух, баруун, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хацар, чихний ар хэсэг, эрүүний зүүн буланд зулгаралт, баруун чамархай урд хэсэг, духанд 2.5х2.5 см, зүүн хөмсөг, хацар, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үенд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 4792  дүгнэлтээр “...Н.Х-ы биед тархи доргилт, толгойн дагзны хуйх, дух, баруун, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хацар, чихний ар хэсэг, эрүүний зүүн буланд зулгаралт, баруун чамархайн урд хэсэг, духанд 2.5x2.5 см, зүүн хөмсөг, хацар, баруун гарын 4-р хурууны 1-р үенд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Н.Х-ы биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Н.Х мэдүүлсэн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 02 цаг 15 минутын үед манай найз болох Ганганбайгаль согтуу залгаад “найзыгаа ирж аваад гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд зааж өгсөн газар болох Хүнсний 1-ийн урд байрлах нэг байранд очоод заасан айлд нь орсон. Намайг орох үед хоёр ах, хоёр эгч тэгээд Ганганбайгаль гээд тавуулаа архи уугаад сууж байсан. Тэгээд намайг “наашаа суугаач Ганганбайгалийг авах гэж ирсэн охин уу” гэж яриад ууж байсан архинаасаа хийж өгөөд “энийг уучихаад яв” гэхээр нь уусан. Тэгээд би ариун цэврийн өрөө ороход араас Ганганбайгаль ороод ирэхээр нь би “энэ хүмүүс чинь ямар учиртай хүмүүс юм бэ” гэхэд Ганганбайгал “манай найзууд санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн. “Энэ архиа ууж дуусгачихаад явья” гэж хэлсэн. ...шардуу үстэй намхан 27-30 орчим насны эмэгтэй нь надаас “Чи явах гэж байгаа юм уу? Чи 00 бөөлжсөн үү” гэж асуухаар нь би “үгүй 00 орох санаатай цүнхээ хайж байна” гэтэл тэр эмэгтэй “намайг явах гээд байгаа юм уу?” гэхээр нь би дугараагүй юм. Тэгтэл бор шаргал үстэй эмэгтэй нь намайг алгадаад авахад цуг байсан хар үстэй эмэгтэй нь араас намайг барьж аваад үснээс зулгааж доош нь дарахад бор шаргал үстэй нь мөн адил миний үснээс зулгаасан. Тэр үед би нүүрээ дараад доошоо газар хэвтэх үед хэн нь мэдэгдэхгүй намайг гараараа цохиж бас толгой, бие рүү өшиглөсөн. Тэгээд орилох үед нөгөө талын өрөөнөөс унтах гээд орчихсон байсан хоёр эрэгтэй нь гарч ирж салгасан. ...Ганганбайгал болон тэр хоёр эрэгтэй бол надад ямар нэг байдлаар гар хүрч зодсон зүйл байхгүй. ...Тэгээд би тэндээсээ гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа хүлээгээд гадаа зогсож байхад бор шаргал үстэй эмэгтэй араас гарч ирснээ цагдаад дуудлага өгсөн үү гэж хашгирж хараагаад үсдээд өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрч С.Саранчимэг мэдүүлсэн: “...тэгээд бид нарыг хөзөр тоглоод сууж байхад гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эмэгтэй орж ирсэн. Тэгээд орж ирээд бид нартай хамт сууж бид нарын ууж байсан шилтэй Эден архинаас мөн л уусан. Тэгээд тэр гаднаас орж ирсэн охин болох Н.Х нь хэрүүл хүсээд байгаа бололтой би Баянбүрдийн охин шүү гээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл тэр үеэр Ч.О “чи одоо яагаад байгаа юм бэ? гэтэл Н.Х гээд байгаа охин өөдөөс нт үг хэлээд хоорондоо үсдэлцээд авсан. Тэр үед хамт байсан бид нар салгасан. Ганганбайгаль гээд байгаа охинтой танилцсан байсан болохоор тэр Н.Х гэх охиныг дуудсаныг нь мэдсэн юм. Н.Х-, Ч.О хоёрыг салгаад тэр байрны залуу гаргаж явуулсан. Тэрний араас Ганганбайгаль гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрч Б.Ганганбайгаль мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Тэмүүлэнгийн хамтаар гадуур архи ууж байсан. Тэгтэл Тэмүүлэн найз маань өөрийн эрэгтэй найз гээд нэг залуугийн гэр болох Хүнсний 1-ийн “Анкара” байрны ард байрлах 3 давхар үргэлжилсэн шар байр байдаг хэсэгт очсон. Тэр танихгүй залуугийн хоёр эмэгтэй найз гээд бор царайтай урт үстэй махлагдуу хоёр охин орж ирсэн. Бид тавуулаа архи согтууруулах ундааны зүйл уугаад байж байх үедээ өөрийн эмэгтэй найз болох Халиукатай чаталж таарах уу гэж асуухад, Халиука гадуур явж байна, би өөрөө яваад очьё гэсэн. Удалгүй 30 гаруй минутын дараа нэлээн согтуу ирсэн. ...бид нар архи согтууруулах ундааны зүйл нэмж ууцгаасан. Шөнийн 4 цагийн үед миний танихгүй залуу өөрийн өрөөндөө ороод унтаж байхад нь Н.Х-аа өрөө рүү нь орсон, тэгтэл Одко гэх охин араас нь очиж холдооч ээ наад залуу чинь манай найз залуу гэж Н.Х-аатай хэрэлдсэн. Тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаалцаж эхэлсэн. Одко гэх охин үстэж байх үедээ 2-3 удаа толгой тус газар нь цохисон энэ үеэр бид нар тэр хоёрыг очиж салгасан. Салгасны дараа Н.Х-аа гүйж гараад явсан. Би араас нь гарахад шууд такси бариад яваад өгсөн. ...Н.Х-аа, Одко хоёр бие биетэйгээ муудалцаж хэрэлдэж зодолдсон. Тэр хоёр бие биенийхээ сүнээс зулгаалцаад байсан. Одко гэх охин нь 2-3 удаа толгой нь тус газар нь цохисон. Яг хаана нь цохисныг сайн харж чадаагүй.Одкотой хамт орж ирсэн гэх охин нь ямар нэг байдлаар тус хэрүүл зодоонд оролцож Н.Х-ааг зодсон гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч Ч.Тэлмүүн мэдүүлсэн: “...бид нар хоорондоо юм яриад сууж байтал гаднаас зодуулсан гэх нөгөө эмэгтэй ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ нилээн согтуу, бараг тасрах шахуу болчихсон байдалтай орж ирсэн. Түүнийг Ганганбайгаль хүрээд ир гэж дуудсан байсан. ...зодооныг бол би хажуугаас харсан. Хар үстэй эмэгтэй гэдэг нь Ч.О-г, бор шаргал үстэй эмэгтэй гэдэг нь Саранчимэгийг хэлээд байгаа. Түүний мэдүүлсэн шиг Ч.О үсдэж доош нь дараад Саранчимэг өшиглөж цохисон гэх үйлдэл болоогүй, хохирогч гээд байгаа энэ эмэгтэй яаж болсон асуудлыг бүрэн санаад байгааг ойлгохгүй байна. Учир нь тухайн үед бараг өөрийгөө хянаж чадахааргүй нэлээн согтолттой байсан. Ч.О нь түүнийг үстэж доош нь дараад цохиж байхыг нь бол харсан, өшиглөж байхыг нь бол би анзаарч хараагүй, өшиглөсөн байж магадгүй байх. Гэхдээ энэ үйлдэлд Саранчимэг оролцоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал), шүүгдэгч Ч.О яллагдагаар мэдүүлсэн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч Н.Х нь хоёулаа зодсон гэх боловч гэрчүүдийн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна. Тодруулбал энэ хэрэгт яллагдагч Ч.О-тай гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогч тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Ч.О-гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №04/1626 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг баримтууд авагдсан боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдээгүйг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 176.000 /нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (хавтаст хэргийн 102 дахь тал) хэрэгт авагдсан байна.

            Хохирогч Н.Х-аас эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэндэд нь учирсан шууд сөрөг үр дагаварыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэн хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Н.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.   

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Ч.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 36 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ч.О-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ч.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч-ын О /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.О-д сануулсугай.

5. Шүүгдэгч Ч.О нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Н.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хохирол, төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР