| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0142/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/155 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Д.Г,
Шүүгдэгч Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д-ийн Т-т холбогдох 2129002710130 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Э.У-ийн гэрт “фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулсан постоо устга” гэх шалтгааны улмаас Э.У-ийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг хэвээрээ” гэв.
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн Д.Т-т холбогдох 2129002710130 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан агуй 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.У-ийн гэрт шүүгдэгч Д.Т нь очиж фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулсан постоо устга гэх шалтгаанаар хохирогчийн эрүүл мэндэд шууд санаатай хэлбэрээр халддаг. Энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Э.У-ийн мэдүүлэг, гэрч Б, гэрч О, гэрч Б, насанд хүрээгүй гэрч Х нарын мэдүүлэг болон Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ үйлдлийн улмаас учирсан хохирол нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас гаргасан хохирлын дүгнэлт зэргээр хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 24,000,000 төгрөг нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчоос хохирол, төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөр байхгүй гэж дүгнэлээ” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т-ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Э.У-ийн: “...2021 оны 11 сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад манай нөхөр өглөө 08 цагийн үед залгаад “чи фейсбүүкт оруулсан постоо устга тэгэхгүй бол чамайг очоод ална шүү” гэж хэлсэн. Тэгээд би “чадахгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 14 цаг 40 минутанд манай нөхөр Т гаднаас халамцуу орж ирээд намайг оруулсан постоо устга гээд уурласан. Би устгаж чадахгүй гэсэн чинь миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Дараа нь дахиад зүүн хацар луу алгадахаар нь би ухаан алдчихсан. Тэгээд нэг сэрсэн чинь миний духны баруун талаас цус гарчихсан гэрийн паарны хажууд сууж байсан. Тэгээд би “чи намайг цохичихсон юм уу” гэсэн чинь “би чамайг алгадсан чинь чи паар мөргөөд газар унасан одоо цусаа арилга” гэж хэлсэн. Тэгээд цус тогтохгүй байхаар нь би таван толгойн эмчийг дуудаж духандаа оёдол тавиулсан. Эмч ирээд намайг юу болсон талаар асуухад би манай нөхөр ирсэн. Тэгээд нөхөртэйгөө маргалдаад би паар мөргөчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь толгой өвдөөд байхаар нь би 2021 оны 11 сарын 13-ны өдөр Цогтцэций сумын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь гадны нөлөөтэй толгой чинь хагарсан байна, цагдаад заавал мэдэгдэх ёстой гээд цагдаад дуудлага өгсөн... Би 2021 оны 11 сарын 09-ний шөнө нөхрийнхөө хуучин фейсбүүк хаягаар ороод О болон нөхрийнхөө талаар “Одоо бид 2-ыг хүлээн зөвшөөр, би энэ хүүхэнд хайртай” гэж пост оруулснаас болж манай нөхөр надад уурлаж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Х.Б-ын: “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед байх Цогтцэций сумын гэр хороололд дуудлагатай гадуур явж байхад их эмч А “эмнэлэгт нэг хүнд зодуулсан эмэгтэй хүн ирлээ. Сумын цагдаагийн хэлтэс рүү ярьж дуудлага өгнөө, асуудалтай юм байна” гэж хэлсэн тул би сумын цагдаагийн жижүүрийн утас руу ярьж сумын эмнэлэгт нөхөртөө зодуулсан эмэгтэй хүн ирлээ гэсэн дуудлага өгсөн... Би орж уулзахад тэр эмэгтэй “Би А эмчээс өөр хүнд энэ тухайгаа хэлэхгүй, А эмчид үзүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхэд духан дээрээ шархны лент наачихсан байсан... Надад хэлэхдээ 2 хоногийн өмнө гэртээ зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
Гэрч М.О-ийн: “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Цогтцэций сумын нутагт байрлах орон нутгийн Таван толгой ХХК-ний эмнэлгийн байранд ажил дээрээ байж байхад Б эмч хүрч ирээд хамт хоёулаа дуудлаганд явъя гээд намайг дагуулаад явсан. Тэгээд уурхайн тосгоны байранд очиход манай уурхайн ажилтан У эгч байсан. Тэгэхэд У-ийн духнаас цус гарсан, духан дээрээ язарсан шархтай байсан тул уг шархыг цэвэрлэж духан дээр нь 3 оёдол тавьж боолт хийсэн... Гал тогооны баруун талд байдаг цонхны доор нь паар байсан. Уг паарны баруун хойд талын 2 дахь секц нь цусаар бохирлогдоод доошоо урссан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
Гэрч Э.Б-ын: “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед Цогтцэций сумын нутагт байрлах орон нутгийн Таван толгой ХК-ийн ажилчдын амрах байранд амарч байхад У над руу утсаар залгаад “намайг ирээд үзээч” гэж хэлэхээр би сувилагч О-ийг аваад У-ийн гэрт очиход тэнд Уг, нэг залуутай хамт байсан... У-ийн биеийг нь үзэхэд баруун хөмсөгний дээд талд зүсэгдсэн шархтай байхаар юу болсон талаар асуухад паар мөргөчихлөө гэж л хэлсэн... Гал тогооны баруун талд байдаг цонхны доор нь паар байсан. Намайг очиход У паарны доор дэвссэн хивсээ арчиж байсан. Хивс нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 54-55-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Х-ын: “...2021 онд ээжийг зодож байсан. Том өрөөндөө байж байхад ээж яа яа гэж хашгирахаар би гал тогоо руу очсон чинь дэсвгэр, шал, паар нь цус болчихсон байсан ээжийн өмсөж байсан гэрийн ягаан халаат нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 615 дугаартай “Э.У-ийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, шулуун гэдэсний салстын цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Угтахцэцэг нь умайн хүзүүний түрхэцийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих заг хүйтэн өвчтэй болох нь тогтоогджээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Э.У-ийн гэрт “фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулсан постоо устга” гэх шалтгааны улмаас Э.У-ийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна. Шүүгдэгч Д.Т-ын хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Э.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 24,180,724.82 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн талаараа бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, өнөөдрийн байдлаар хохирогчийн зүгээс гомдол, саналгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Д.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Д-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Э.У нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА