| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 117/2024/0004/3 |
| Дугаар | 221/МА2024/0687 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0687
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0** дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мгийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Г” ХХК
Хариуцагч Дундговь аймгийн *****************
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М
Хариуцагч Т.С
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг
Хэргийн индекс: 117/2024/00**/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0** дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-иас Дундговь аймгийн *****************ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0**8503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 12/28**** дугаартай албан бичгээр Дундговь аймгийн байгаль орчин.аялал жуулчлалын газарт “Тайлбар хүргүүлэх тухай” гэсэн албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн байдаг дээрх албан бичигт Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах,газрын тос болон ашигт малтмал хайх,ашиглах,аж ахуйн зориулалтаар газар эзэмших,ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах харьяалал.цар хүрээг тус хуулийн хавсралт болох “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-аар тогтоож Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг нийслэлийн Байгаль орчны газарт хариуцуулсан.Тус хавсралтад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн,цацраг идэвхт бодисын хайгуулын үед Төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж,нарийвчилсан үнэлгээний тайланг хянаж баталж байна. Дээрх 2 чиглэлээс бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын үед Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж сум, дүүргийн засаг даргаар батлуулна гэсэн бөгөөд “Г” ХХК хувьд дээрх ангиллын дагуу Байгаль хамгаалах төлөвлөгөө, Менежментийн төлөвлөгөөг Аймгийн байгаль орчны мэргэжилтэнд хянуулж, сумын засаг даргаар батлуулж ирсэн. Дундговь аймгийн байгаль орчны улсын байцаагч Т.С дээд шатны байгууллага буюу Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас, тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт цаашид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ анхаарч ажиллах чиглэл.зөвлөгөөг надад хандаж ирээгүй би мэдэхгүй.би дагаж мөрдөх албагүй гэж үзэж ойлгож,ярьж байгаа нь хууль,дүрэм,журмыг нэг мөр хэрэглэх ойлгох гэсэн үндсэн суурь зарчимтай нийцэхгүй байна. Төрийн захиргааны төв байгууллагаас ашигт малтмалын хайгуулын лицензтэй ААНБ-ыг 2 хувааж 1.газрын тосны бүтээгдэхүүн 2.цацраг идэвхт бодисын хайгуулын лицензээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг сум, дүүргийн засаг даргаар Байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулан ажлаа эхлүүлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Дундговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 95 дугаартай албан бичгээр Дундговь аймгийн Дэрэн сумын засаг дарга Л.А-д Мэдээлэл хүргэх тухай гэсэн 19 хуудас хавсралт бүхий бичиг ирүүлсэн байдаг. Тус бичигт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/6*** тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,хянан батлах.тайлагнах журам"-ын 1.4 “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх,үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн баримт бичиг болно. 2.11 Г азрын тос.уламжлалт бус газрын тос.цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ, 3.5 Газрын тос,уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын төслөөс бусад ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум,дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан,3асаг даргаар батлуулж,аймаг нийслэлийн байгаль газарт нэг хувийг хүргүүлнэ гэсний дагуу 1 дүгээр хавсралтын Б загвар “Газрын тос,уламжлалт бус газрын тос.цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийн тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний баталгаажих нүүр хуудасны загвар”-аар батлуулсан байгаль хамгаалах төлөвлөгөөг хүлээн авч бүртгэдэг болно. Дээрх журмын дагуу “Г” ХХК Байгаль хамгаалах төлөвлөгөө-г Сумын засаг даргаар батлуулан хувийг 2021,2022,2023,2024 онуудад манай байгууллагад ирүүлэн бүртгүүлсэн байна. гэсэн байдаг. “Г” ХХК нь Монгол улсын хууль тогтоомжийг дээдлэн Төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл болгосны дагуу Байгаль хамгаалах төлөвлөгөө,Менежментийн төлөвлөгөө зэргийг жил болгон боловсруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн. Иймд Дундговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 117/ШШ2024/00** дугаартай Шийдвэр, Дундговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.Сийн 0**8503 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
1. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 0**8503 дугаар шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-г байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3,0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2. Анхан шатны шүүх “... хууль тогтоомжийн заалтаас үзвэл байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь тус тусдаа ойлголт хийгээд энэ тохиолдолд “Г” ХХК нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгүүлж, ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулахаар байна. ... байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй ” гэж дүгнэсэн нь ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3. Гомдол гаргагч нь Ашигт малтмалын тухай хуульд “үнэлгээ” хийлгэх үүргийг заагаагүй зөвхөн “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гаргаж батлуулснаар хайгуулын үйл ажиллагаа явуулж болохоор заасан, харин “үнэлгээ” гаргуулахаар заагаагүй гэж маргаж байх боловч Ашигт малтмалын хуулийн зорилго нь байгаль орчныг хамгаалахтай холбоотой харилцааг бүрэн зохицуулахгүй.
4. Анхан шатны шүүх улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил гарсан эсэх буюу тодруулбал 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, … үйл ажиллагаа явуулсан бол” гэх зөрчилд тооцогдох үйлдэл гарсан эсэхийг тогтоохын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байна.
5. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;” ойлгохоор,
4 дүгээр зүйлийн 4.1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна: … 4.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж,
6 дугаар зүйлийн 6.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна.”, 6.2-д “Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна.” гэж заажээ.
6. Үүнээс үзвэл тухайн хайгуул хийх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид … төлөвлөгөө, … боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлсон Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь гарахаар байна.
7. Гэтэл хэрэгт уг төлөвлөгөө нь бүхэлдээ авагдаагүй, төлөвлөгөөг баталсан этгээд болох Засаг дарга болон байгаль орчны мэргэжилтэн нь тухайн үед төлөв байдлын үнэлгээ хийгдсэн эсэх, байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх, түүнийг хэрхэн сэргээхээр төлөвлөснийг хянаж баталсан эсэх талаар тодруулаагүй байх тул эдгээрийг цуглуулсны үндсэн дээр тухайн төлөвлөгөөнд юу тусгагдсан, байгаль орчны төлөв байдлыг судалж, байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлсон эсэхийг тогтоож, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 117/ШШ2024/00** дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ