Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2021/0009

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, Р-ийн ... тоотод хаягтай, “Э” ХХК-ийн нэхэмжлэлээр,

Хариуцагч: Дорноговь аймгийн З сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн

Дорноговь аймгийн З сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/241 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Дорноговь аймгийн З сумын 2-р баг, Төмөр замын гармын баруун урд талд гэрчилгээний 000298265 дугаар бүхий, орон сууцны зориулалттай 1500 мкв газар, гэрчилгээний 000298264 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 3500 мкв газрыг тус тус З сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/188 дугаар захирамжаар эзэмшиж ирсэн.

Манай компани нь газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ямар нэгэн зөрчилгүй эзэмшиж, ашиглаж байсан. Гэтэл З сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар дээрх газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Эзэмших эрхийн гэрчилгээг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй буюу А/241 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1, 2, 3, 4-т ямар нэгэн шалтгаан үндэслэл болон нөхцөл байдлыг тогтоосон зүйл бичигдээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заасан. Гэтэл А/241 дүгээр захирамжид манай газрыг яг ямар үндэслэл, шалтгаанаар хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, тодорхой бичигдээгүйн зэрэгцээ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

Хэдийгээр А/241 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг дурдсан ч 40.4-т заасны дагуу А/241 дүгээр захирамжийг гаргах болсон бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл А/241 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсгийг дурдсан боловч манай компани тус газруудыг эзэмшихдээ ямар хууль тогтоомжийг, гэрээний ямар зүйл заалтыг хэдэн удаа эсхүл яаж ноцтой зөрчсөнийг дурдаагүй, зориулалтын дагуу хэдээс хэдэн оны хооронд хамаарах 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй талаар тогтоож дурдсан зүйл байхгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан "... 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл нь 2 жил буюу түүнээс дээш хугацаа гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг дараалсан 2 жилийн хугацааг ойлгохоор заасан байх тул хэзээнээс хэдий хүртэлх дараалсан 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж тогтоосноо нотлох, захирамждаа дурдах ёстой юм.

Энэхүү дараалсан 2 жилийн хугацаагаа тодорхой мэдэгдэж сонсох ажиллагаа хийсэн бол манай зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжтой. Тухайлбал 2019-2020 онд хамаарах 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж мэдэгдсэн бол манай компанийн зүгээс Ковид-19 цар тахалын нөхцөл байдлын улмаас санхүүгийн байдал муудаж, зориулалтын дагуу ашиглаж чадаагүйгээ нотлох боломжтой байсан. Иймд бодитой нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, захирамждаа бичилгүйгээр гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бүс байгаа тул А/241 дүгээр захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу энэхүү ажлын 10 өдрийн дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Дорноговь аймгийн З сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба түүний өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Дорноговь аймгийн З сумын Засаг даргад холбогдуулан түүний 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл дээр нэмж тайлбарлахад захиргаанд хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад асуудлыг хэрэгжүүлэхийг хориглодог ба хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байдаг учраас хуулиар хүлээн зөвшөөрөөгүй ямар нэгэн асуудлаар захирамж гаргаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.

Хариуцагч нь хэрвээ 2019-2021 оны хугацаанд эсвэл 2018-2020 оны хугацаанд ч юм уу газар эзэмших эрхээ 2 жил дараалан ашиглаагүй байна гэсэн тодорхой зүйл танилцуулсан бол нэхэмжлэгчийн зүгээс цар тахлын улмаас нөхцөл байдалд нөлөөлсөн эсвэл бусад бодит хүндэтгэн үзэх шалтгаанаа тогтоож өгөх байсан. Мөн газар эзэмших, эзэмшүүлэх 2014, 2019 оны гэрээнүүд байна, гэтэл аль гэрээг яаж дүгнэсэн гэдэг нь тодорхойгүй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч тал 2019 оны гэрээг гаргаж өгөөгүй. Манайхаас гаргаж өгсний дараа андуурсан байна гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаагаас харахад хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаандаа хэрхэн хариуцлагагүй ханддаг нь тодорхой байна.

Газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэдэг асуудлыг шүүхээс тодруулж асуухад Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлдээ оруулаагүй гэснээ оруулж байгаа гэсэн зөрүүтэй зүйлийг ярьж байна. Хуулийн уг заалтын үндэслэлд оруулсан байлаа гэхэд газрын төлбөр төлөөгүй гэдэг асуудал Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар тусдаа зохицуулалттай. Гэхдээ маргааны зүйл нь газрын төлбөр төлөөгүйтэй холбоотой асуудал биш. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх зүйлд заасан хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн гэж байгаа. Үүнд хамааруулж байгаа гэрээний заалт нь 3.10 дахь заалт юм байна гэдгийг шүүхийн тодруулснаар мэдлээ. Дээрээс нь газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг үндэслэж байгаа юм байна.

Гэвч яг аль 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж үзсэн юм бэ гэдэг дээр тодорхой байгаа зохицуулалтыг төдийлөн сайн ойлгож хэлэхгүй байх шиг байна. Өөрөөр хэлбэл 2014-2016 онуудынх юм уу, 2016-2018 онуудынх юм уу гэдгийг хэлэхгүй байна. Энэ дараалсан 2 жил гэдгийг хариуцагч тогтоогоогүй байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаараасай гэж хүсэж байна. Шүүхээс 2014 оноос хойш яагаад энэ газар дээр үйл ажиллагаа явуулж, барилга байгууламж бариагүй юм бэ, шүүхийн үзлэгээр энэ байдал харагдаж байна гэж байна. Энэ асуултын хүрээнд тайлбарлахад 2019 оноос хойш нийтэд илэрхий байгаа ковидын нөхцөл байдал үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байгаа, харин 2019 оноос өмнөх асуудалд компанийн зүгээс үйл ажиллагаа эхлэн явуулахад чухал шаардлагатай З суманд байгуулагдахаар төлөвлөгдсөн дулааны цахилгаан станцын асуудал одоо хүртэл байгуулагдаагүй байгаа нь хүлээгдэж буй байдалд мөн нөлөөлж байгааг хариуцагч тал ч өөрсдөө  мэдэж байгаа.

Гэхдээ ганцхан энэ үндэслэлээр манайх ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас газраа ашиглахгүй байгаа талаар хэлж байгаа асуудал биш. Үүнийг шүүхээс асуусан асуултын хүрээнд хэлж байгаа тул маргааны гол үндэслэл биш болохыг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2019 онд захиргааны зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний тал дээр хэлэхэд төрийн байгууллагын ажлын уялдаа холбоогүй байдал харагдаж байна. Нэг албан хаагч нь амралтаа авлаа гэхэд нөгөөдөө ажлаа хүлээлцэж өгөх ёстой, гэтэл ийм уялдаа холбоогүй байдлаас болж А/241 дүгээр захирамж гарсан. Түүнээс болж нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэдгийг шүүх бас анхаараасай гэж хүсэж байна. Ер нь бол нөгөө газрын даамлынхаа байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг хайгаад олохгүй байсан гэж хэлж байх боловч бодит нөхцөл байдал дээр 2019 оны гэрээг огт олж харахгүйгээр шийдвэр гаргасан байна. Эсвэл үүнийг 2019 оноос хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байгаа болохоор мэдэхгүй бол нуучихъя гэсэн бодол агуулсаныг үгүйсгэхгүй. Хэрэв 2019 оны гэрээг үндэслэсэн бол А/241 дүгээр захирамж гарахгүй байхаар байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь З сумын Сүлд баг, Төмөр замын гармын баруун урд талд үйлчилгээний зориулалтаар 3500 мкв газар, орон сууцны зориулалтаар 1500 мкв газар эзэмшиж байсан.

1. Сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/467, 1/468 дугаар албан бичгээр эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 10 хувийн ногоон байгууламж бий болгоогүй гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөлийг бий болгосон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааг эхлүүлж байгааг мэдэгдэж, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, тайлбар гаргах боломжийг олгож эзэмшил газартай холбоотой тайлбар, гэрээний биелэлт болон нотлох баримтыг цахимаар болон биечлэн ирж сонсох ажиллагаанд оролцохыг урьсан.

“Э” ХХК нь сонсох ажиллагаанд хариу тайлбар болгож 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/01 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт барилгын зураг төсөв хийлгэсэн. ковид-19 өвчин гарсан, газрын төлбөрөө гүйцээж төлсөн, ногоон байгууламж бий болгоно гэсэн тайлбар ирсэн.

2. Хариу тайлбарыг судалж үзэхэд “Э” ХХК нь иргэн Н.Алдарсайханаас 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/178 тоот захирамжаар 5000 мкв үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх шилжүүлж авсан. Мөн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/188 тоот захирамжаар эзэмшил газрын зориулалтыг 1500 мкв газрыг орон сууц, 3500 мкв газрыг үйлчилгээний зориулалттай болгон эзэмшсэн. Үүнээс хойш газрыг 2020 он хүртэл зориулалтын дагуу эзэмшээгүй гэдэг нь “Google earth” программын сансарын зураг дээрээс харагдаж байна, эзэмшил газар дээр очиж үзэхэд газар доройтож, хог хурсан байдалтай байна.

Эзэмшил газар дээрээ барилга байгууламж барихаар зураг төсөв хийлгэсэн гэснийг судалж үзэхэд “Э” ХХК эзэмшил газрыг шилжүүлж авахаас өмнө 2013 онд “М” ХХК-ны зочид буудал, орон сууцны барилгын эскиз буюу иж бүрэн зураг төсөв биш барилгын ерөнхий загвар гаргасан анхан шатны ерөнхий зураг байсан.

Газрын төлбөрийг улирал бүр төлдөггүй хоцроож, оны сүүлээр төлдөг, 2017, 2018 оны газрын төлбөрийг 2019 оны 10 сард нөхөж төлсөн, 2021 оны 1-р улирлын газрын төлбөрийг төлөлгүй сонсох ажиллагааны албан бичиг явуулсны дараа нөхөж төлсөн байсан. Мөн ковид-19 өвчин гарсан тул үйл ажиллагаа явуулж чадаагүй гэсэн байсан нь уг өвчин нь 2020 онд гарч 2020 оны 04 дүгээр улирлаас хэсэгчилж хөл хорио тогтоосон учир 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2020 он хүртэл эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахад ковид-19 өвчин нөлөөлөөгүй гэж үзсэн.

3. Иймд  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газрыг дахин төлөвлөлтөнд оруулж,  нөхөн сэргээж, эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэж сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг гаргаж газар эзэмшиж байсан “Э” ХХК-д хүргүүлж мэдэгдсэн гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:    

Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. “Э” ХХК нь Дорноговь аймгийн З сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “Э” ХХК нь З сумын Сүлд баг, Төмөр замын гармын баруун урд талд үйлчилгээний зориулалтаар 3500 мкв газар, орон сууцны зориулалтаар 1500 мкв газар эзэмшиж байсан.

Сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/467, 1/468 дугаар албан бичгээр эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 10 хувийн ногоон байгууламж бий болгоогүй гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөлийг бий болгосон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааг эхлүүлж байгааг мэдэгдэж, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, тайлбар гаргах боломжийг олгож эзэмшил газартай холбоотой тайлбар, гэрээний биелэлт болон нотлох баримтыг цахимаар болон биечлэн ирж сонсох ажиллагаанд оролцохыг урьсан.

  “Э” ХХК нь сонсох ажиллагаанд хариу тайлбар болгож 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/01 тоот албан бичиг ирүүлж, уг албан бичигт барилгын зураг төсөв хийлгэсэн, ковид-19 өвчин гарсан, газрын төлбөрөө гүйцээж төлсөн, ногоон байгууламж бий болгоно гэсэн тайлбар ирүүлсэн.

Хариу тайлбарыг судалж үзэхэд “Э” ХХК нь иргэн Н.Алдарсайханаас 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/178 тоот захирамжаар 5000 мкв үйлчилгээний зориулалттай газрын эрхийг шилжүүлж авсан бөгөөд мөн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/188 тоот захирамжаар эзэмшил газрын зориулалтыг 1500 мкв газрыг орон сууц, 3500 мкв газрыг үйлчилгээний зориулалттай болгон эзэмшсэн. Үүнээс хойш газрыг 2020 он хүртэл зориулалтын дагуу эзэмшээгүй байдал нь “Google earth” программын сансрын зураг дээрээс харагдаж байгаа.

Мөн эзэмшил газар дээр нь биечлэн очиж үзэхэд  газар доройтож, хог хурсан байдалтай байсан. Эзэмшил газар дээрээ барилга байгууламж барихаар зураг төсөв хийлгэсэн гэснийг нь судалж үзэхэд тус компани газрыг шилжүүлж авахаас өмнө 2013 онд хийгдсэн “М” ХХК-ны зочид буудал, орон сууцны барилгын эскиз буюу иж бүрэн зураг төсөв биш барилгын ерөнхий загвар гаргасан анхан шатны ерөнхий зургийг хавсарган ирүүлсэн байсан.

         Газрын төлбөрийг улирал бүр төлдөггүй хоцроож оны сүүлээр төлдөг бөгөөд 2017, 2018 оны газрын төлбөрийг 2019 оны 10 сард нөхөж төлсөн, 2021 оны 1-р улирлын газрын төлбөрийг мөн төлөлгүй байж байгаад сонсох ажиллагааны албан бичиг явуулсны дараа нөхөж төлсөн байсан. Мөн ковид-19 өвчин гарсан тул үйл ажиллагаа явуулж чадаагүй гэсэн байсан бөгөөд гэтэл уг өвчин нь 2020 онд гарч 2020 оны 04 дүгээр улирлаас  эхлэн хэсэгчилж хөл хорио тогтоосон учир 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2020 оныг хүртэл эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй байдалд ковид-19 өвчин нөлөөлөөгүй гэж үзсэн. Иймд  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газрыг дахин төлөвлөлтөнд оруулж,  нөхөн сэргээж,  эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэж сумын Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг гаргасныг газар эзэмшиж байсан “Э” ХХК-д хүргүүлж мэдэгдсэн.

Дорноговь аймгийн З хот байгуулагдаад олон жил болж байгаа. Хотын өнгө үзэмж гэдэг асуудал байнга асуудал дагуулж байдаг. Энэ дотор төрийн захиргааны байгууллагаас гадна газар эзэмшигч, ашиглагч байгууллагууд гэрээний дагуу газраа эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулахгүй байгаа байдлаас хотын өнгө үзэмжинд нөлөөлөх зүйл их байна. Дутуу барьсан барилга, газар эзэмшиж авчихаад ашигладаггүй зэрэг асуудлыг цэгцлэх үүднээс хугацаа өгч боломж олгодог боловч тэр хугацаандаа манайхыг цуцлахгүй яасан юм бэ гэдэг юм ярьж, олгосон хугацаанд ийм байдлаар ханддаг. Иймээс танайхыг цаашид газрыг эзэмшиж, ашиглахгүй бол цуцалъя гэснээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж шийдвэрийг гаргасан. Үүнийг хүчин төгөлдөр, үндэслэлтэй шийдвэр  гэж үзэж байна гэв.

   ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цугларч шүүх хуралдааны явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрөн маргаж буй тус тусын тайлбар зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэн, доор тогтоогдож буй нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Дорноговь аймгийн З сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс:

Хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн А/241 дүгээр захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн боловч нэхэмжлэгч нь тэдгээрийг ямар байдлаар зөрчсөн  үндэслэлүүд хэрхэн тогтоогдсон тухайг захирамжийн 1-4 дүгээр заалтуудад тодорхой заагаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заасантай болон мөн газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сунгаж байгуулснаас хойш 2 жил болоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй,

Үүнийг зөвшөөрөхгүй байгаа  үндэслэлээ хариуцагчийн зүгээс: Нэхэмжлэгч нь 2014 онд анх газар эзэмшсэнээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй  болгох шийдвэр гарах хүртэл хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшээгүй, үйл ажиллагаа эхлүүлээгүй, газрын төлбөрийг гэрээнд зааснаар улирал бүр төлдөггүй, хугацаа хожимдуулж төлдөг, газарт хийгдэх 10 хувийн ногоон байгууламжийг бий болгоогүй зэргээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь зүйлд заасан нөхцөл байдлыг бий болгосон нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон тул сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд холбогдуулан хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

Маргаж буй захиргааны актад дурдагдаж буй газрыг нэхэмжлэгч “Э” ХХК нь тухайн газрын өмнөх эзэмшигч болох иргэн Н.А-аас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх журмаар З сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/178 дугаар захирамжийн дагуу шилжүүлэн авч,

Улмаар тус сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай” А/188 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “Э” ХХК-д З сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, төмөр замын гарамын баруун талд байрлалтай 5000 мкв хэмжээтэй газрын 3500 мкв хэмжээтэй хэсгийг үйлчилгээний зориулалтаар, 1500 мкв хэмжээтэй хэсгийг орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ дагуу тухайн газруудад 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 000298264, 000298265 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд бичигдэн олгогдож, мөн өдөр 14/562, 14/563 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүд байгуулагдснаар нэхэмжлэгч компани нь тухайн газруудын хууль ёсны эзэмшигч болсон байх ба дээрх байдал нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын нэгж талбарын хувийн хэрэг дэх баримтууд /хх-ийн 32-58 –р хуудас/-аар тогтоогдож байна.

Газрыг дээрх байдлаар нэхэмжлэгчид эзэмшүүлснээс хойш буюу тухайн үед анх байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ /2014 оны/-ээс хойш хугацаанд захиргааны зүгээс тус гэрээг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сунгаж 19/006, 19/007 дугаартай гэрээнүүдийг нэхэмжлэгч “Э” ХХК-тай байгуулсан нь шүүхийн тодруулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх гэрээнүүдийн эх хувь, мөн хариуцагчаас ирүүлсэн “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан гэрээнүүд /хх-ийн 91-94, 106-109-р хуудас/-ээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн зүгээс уг сунгаж байгуулсан гэрээний дагуу газрыг эзэмшиж байх явцад хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд заасныг болон 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааны үндэслэл болж байна.

4. Маргааны зүйл болж буй Дорноговь аймгийн З сумын Засаг даргын А/241 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:

Хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг дарга нь А/241 дүгээр захирамжийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж байгааг болон тус ажиллагаанд нэхэмжлэгчийг мөн хуулийн 15, 32 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийн дагуу биечлэн оролцох, газар эзэмшиж, ашиглаж байгаатай холбогдох тайлбар, нотлох баримтыг ирүүлэх шаардлагатай болохыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/467, 1/468 дугаартай мэдэгдэл /хх-ийн 61, 62 –р хуудас/-үүдээр мэдэгдсэн байх бөгөөд,

 Энэ дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 дугаартай албан бичгээр ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн чадавхи буурч үйл ажиллагаагаа явуулж чадаагүйг болон газрын төлбөрийн үлдэгдэлгүй байгааг, цаашид төлбөрийг цаг хугацаанд нь төлж, ногоон байгууламж бий болгон зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах хүсэл зорилготой байдлыг анхааран үзэж, газар эзэмших эрхийг хэвээр үлдээн хамтран ажиллана уу гэсэн хүсэлт бүхий хариу тайлбарыг  холбогдох нотлох баримт болох газрын гэрчилгээнүүдийн хуулбар, барилгын эскиз зураг /хх-ийн 63-67-р хуудас/-ийн хамт хариуцагчид ирүүлжээ.

Маргаанд холбогдож буй хуулийн зохицуулалт болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байгаагаар уг маргаанд хамаарах заалтууд болох мөн хуулийн 40 дүгээр 40.1.1 –д “ ... газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээг сумын Засаг даргад хуулиар олгосон байгаа хэдий ч,

 Дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол ... уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр ... сунгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ... мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг агуулгын хувьд авч үзвэл захиргааны байгууллага болон газар эзэмшигчийн хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийн талаар талууд жил бүр дүгнэн хэлэлцэж, тэрхүү дүгнэлтээр гэрээг зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл газар эзэмшүүлэгчийн зүгээс газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх, хэрэв зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдлууд буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь зүйлүүдэд заасан үндэслэлүүд тухайн гэрээний биелэлтийг дүгнэх үйл явцад тогтоогдвол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу гаргахаар байна.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах үндэслэл нь талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэснээс үүсэх үр дагавар буюу талууд гэрээний биелэлтийг хэлэлцэн дүгнэх явцад газар эзэмшигчийн зүгээс Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7 дахь зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдож, энэ тохиолдолд газар эзэмшүүлэгчийн зүгээс түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах үр дагавар үүсэх агуулгатай байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч буюу захиргаа нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г газар эзэмшигч хуулийн этгээд болох “Э” ХХК-тай хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан байх ба үүнээс хойш тус гэрээг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь зүйл болон уг гэрээний “Газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.4 дэх зүйлд гэрээг “жил бүр” дүгнэхээр заасан хугацааны дагуу 2020 онд тухайн гэрээний биелэлтийг талуудаас дүгнэж байсан асуудал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхын хамт,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөлийг газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тооцохоор байтал хариуцагчийн зүгээс яагаад 2019 оны гэрээний хугацаанаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлүүлэх болсон, түүнчлэн уг сонсох ажиллагааны явцад талууд газар эзэмшүүлэх гэрээ /2014, 2019 онуудын/-ний биелэлтийн талаар хэрхэн хэлэлцэн дүгнэсэн талаарх асуудал сонсох ажиллагааны явцад хэлэлцэгдсэн гэх баримтууд /хх-ийн 61-63, 71-74-р хуудас/- аар мөн тогтоогдохгүй байна.

Тус баримтуудаас үзэхэд тухайн үед хийгдсэн сонсох ажиллагааны хэлэлцүүлгийг хариуцагчаас нэхэмжлэгчид  хүргүүлж байсан мэдэгдэлд дурдсан асуудлын хүрээнд буюу 2014 оноос хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж болон газрын 10 хувьд ногоон байгууламжийг барьж байгуулаагүй, газрын төлбөрийг нөхөж төлдөг талаар болон нэхэмжлэгчийн зүгээс ковид-19 цар тахалын нөхцөл байдал үйл ажиллагаанд нөлөөлж байгаа зэрэг асуудлуудын хүрээнд хэлэлцэгдснээр шийдвэрлэгдсэн байх боловч энэ нь газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг талууд бүхэлд нь хэлэлцэж дүгнэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Гэтэл дээр тогтоогдож байгаагаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны болон 2019 онуудын газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг талууд хэлэлцэн дүгнэсэн асуудал байхгүй байхад хариуцагчаас шүүхийн шаардснаар 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 1/763 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгчийг 2014 оноос хойш газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо 2014 оны гэрээнүүдийг дүгнэсэн гэснээр зөвхөн гэрээний нэг тал болох газрын даамлын гарын үсэг бүхий “Газар эзэмшүүлэх гэрээ дүгнэх хуудас” /хх-ийн 86-90-р хуудас/-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

Мөн шүүхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2019 оны газар эзэмшүүлэх гэрээнүүдийн эх хувийг үндэслэн хариуцагчаас тодруулсны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/782 дугаар албан бичиг /хх-ийн 106-р хуудас/-ээр ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгчтэй 2014, 2019 онуудад газар эзэмшүүлэх гэрээнүүд байгуулсан ба уг гэрээнүүдийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул өмнөх тайлбарыг залруулж байна гэснээр 2019 оны гэрээнүүдийг дүгнэсэн гэх мөн зөвхөн гэрээний нэг тал болох газрын даамлын гарын үсэг бүхий “Газар эзэмшүүлэх гэрээ дүгнэх хуудас” /хх-ийн 125,126-р хуудас/-уудыг шүүх хуралдааны явцад тус тус гарган өгсөн нь ойлгомжгүй байна.

 Гэтэл уг гэрээнүүдийг хэдийд,  хэрхэн дүгнэх талаар нэхэмжлэгчид өмнө нь мэдэгдэж байгаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс  гэрээ дүгнэсэн гэх дээрх баримтуудтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцан, мэдэж байгаа зэрэг байдлууд нь  хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул шүүхэд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн тухайн баримтууд нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг талууд хэлэлцэн дүгнэсний дагуу тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан гэж үзэх нотолгоо болж чадахгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрууд дээр үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаагаар газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нөхцөл байдал шүүхийн үзлэг /хх-ийн 81-84-р хуудас/-ээр тогтоогдож байгаа хэдий ч захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй атлаа сүүлийн гэрээ болох 2019 оны газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан өдрөөс хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу тухайн гэрээний биелэлтийг талууд хэлэлцэж, дүгнэхээс өмнө Газрын тухай 40.1.1, 40.1.6 дахь зүйлд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээр дурдсан Газрын  тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлүүдэд тус тус заасантай нийцэхгүй байх бөгөөд, мөн хариуцагчийн зүгээс захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” болон 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим алдагдснаар шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.

5. Нөгөө талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж, дараа нь нөхөн төлдөг гэх байдлыг газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжинд үндэслэл болгон баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх зүйлд  хамааруулан тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заахдаа тухайн тохиолдол бүрээр, тус тусад нь зүйлчлэн хуульчилсан байгаа бөгөөд үүнээс үзвэл уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд заасан үндэслэл нь мөн хуулийн  40.1.2 - 40.1.6 дахь зүйлд зааснаас бусад хэлбэрээр,

Тухайлбал газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалахдаа уг асуудлуудыг зохицуулсан хуульд заасан журмыг зөрчсөн, мөн газрыг анх олгосон зориулалтаас өөр байдлаар ашигласан зэрэг байдлуудаар буюу хуулийн дээрх зүйл, заалтад тодорхойлон зааснаас өөр үндэслэлүүдээр гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа /энэ нь 2 буюу түүнээс дээш удаа байх/ болон ноцтой зөрчсөн байхыг ойлгохоор хуульчлагдсан байхын хамт газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэх үр дагавар нь  хуулийн дээрх зүйлийн 40.1.5- дахь зүйлд мөн тодорхойлон зааснаар зохицуулагдсан байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчийн газрын төлбөрийг газар эзэмшүүлэх гэрээнд зааснаас хожимдуулж төлдөг асуудлыг захирамжинд үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40.1.1 дэх зүйлд заасантай хамааруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн дээрх заалт буюу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд хамаарах зөрчил болох тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад ашиглуулсан, шилжүүлсэн, барьцаалсан асуудал байхгүйгээр тэдгээр асуудлыг зохицуулсан холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн болон газрыг зориулалт бусаар эзэмшиж, ашиглаж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд,

 Харин хариуцагчийн зүгээс хэдийгээр нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаа хожимдуулж төлдөг гэж байгаа ч тухайн үед нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг 2019 онд сунгаж байгуулсан, мөн нэхэмжлэгч нь газрын төлбөрийг гэрээнд заасан хугацааг хожимдуулсан хэдий ч газрыг эзэмшиж эхэлсэн 2014 оноос 2021 онд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг гарах хүртэл хугацааны газрын төлбөр /хх-ийн 97-104, 107-р хуудас/-үүдийг бүрэн төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэлгүй байгаа, түүнчлэн 2019 онд захиргаатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамраад буй ковид-19 цар тахал нь санхүүгийн байдалд нөлөөлж, үйл ажиллагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргаж байсан тайлбар зэрэг байдлуудыг захиргааны зүгээс шийдвэр гаргахдаа анхаарч, судалж үзэх нь зүйтэй байсныг  дурдах нь зүйтэй байна.

6. Иймд дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үндэслэн дүгнэхэд хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг хуулийн дагуу зөв хэрэгжүүлээгүйн улмаас шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй, улмаар энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг даргын нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  хувьд цаашид хариуцагчтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийн  дагуу  газрын төлбөрөө гэрээнд заасан хугацааны дотор төлж байх, эзэмшил газраа хашаажуулж, ногоон байгууламж бий болгох, мөн орчныг цэвэр байлгах зэрэг гэрээгээр хүлээсэн биелэгдэх боломжтой үүргүүдийг зохих ёсоор биелүүлж ажиллах шаардлагатай байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.6, 40.2 дахь зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг даргын  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/241 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хурааамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЦЭНД