| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/01079/И |
| Дугаар | 183/ШШ2019/01242 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2019/01242
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2019/01242 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох,
Хариуцагч: Г.Д-д холбогдох
Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ........... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Ж" ХХК, тус компанийн захирал Г.Д-той орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Ж” ХХК-ийн барьж байсан ..................... давхрын 43.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1.600.000 төгрөгөөр тооцож нийт 68.896.000 төгрөгөөр орон сууц захиалгаар худалдаж авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 25.000.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр захирал Г.Д ийн Хаан банкны ..................... тоот данс руу шилжүүлсэн. Тухайн барилга 2016 онд ашиглалтанд орж, миний захиалсан 2 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “.....................” ХХК-д барилгын материал /хөөсөнцөр/-ийн өрөнд шилжүүлэн “.....................” ХХК-ийн захиралтай хуурамч гэрээ үйлдэн /Б.О тай байгуулсан гэрээгээ цуцлаагүй атал/ нэг байрыг хоёр хүнд худалдан борлуулж залилан хийсэн байсныг тэр даруй олж мэдсэнээр захирал Г.Д той уулзахад “...уучлаарай ..................... ХХК-иас өр нэхэгдээд таны байрыг өгчихлөө, таны төлсөн урьдчилгаа 25.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 100% төлж барагдуулна” гэж баталгаа, хүсэлт гарган нотариатаар батлуулж надад өгсөн. Гэвч дээрх хугацаанд төлж барагдуулаагүй, түүнээс хойш удаа дараа нэхүүлж шаардсаны дагуу 2018 оны 7 дугаар сард 15.000.000 төгрөгийг миний Хаан банкны ..................... тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шилжүүлнэ гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, худлаа хэлж аргацаасаар байна. Сүүлийн үед утсаа авдаггүй эсвэл утас нь холбогдохгүй, гэрийн хаягаар нь очихоор гэртээ байдаггүй, намайг хохироосоор өнөөдрийг хүрлээ. Иймд “Ж” ХХК болон уг компанийн захирал Г.Д-оос орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.О-ийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК, Г.Д нарт холбогдох, орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр болох 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О ийн “...Ж ХХК болон уг компанийн захирал Г.Д оос орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг шүүхээс хариуцагч Г.Д , “Ж” ХХК-ийн төлөөлөгч Г.Д-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
“Ж” ХХК, Б.О нар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Ж” ХХК нь ..................... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч Б.О нь ..... м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1.600.000 төгрөгөөр тооцож, нийт 68.896.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 25.000.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь орон сууцыг биет байдлаар захиалагчид 2016 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн, захиалагч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 25.000.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэгчид төлсөн талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг талууд байгуулсан байна гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Ж” ХХК нь орон сууцыг биет байдлаар захиалагч Б.О-т шилжүүлсэн хэдий боловч өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар Б.О-т шилжүүлсэн орон сууцыг бусдад шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар талууд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “Ж” ХХК-ийн захирал ажилтай Г.Д-ийн Хүсэлт гаргах тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “...уг байрны 43.06 м.кв талбайг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ..................... ХХК-д барилгын материал, хөөсөнцөрийн өрөнд шилжүүлсэн тул иргэн Б.О ийн урьдчилгаанд төлсөн 25.000.000 төгрөгийн өрийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэсэн баримтаар нотлогджээ.
Мөн захиалагч Б.О нь орон сууцны урьдчилгаа хөлсөнд төлсөн 25.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Ж” ХХК-иас буцаан авсан талаар маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О нь гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй тул хариуцагч “Ж” ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 25.000.000 төгрөгийн үлдэгдэх хэсэг болох 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Г.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь маргааны зүйл болох “Ж” ХХК, Б.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу Г.Д нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Б.О-ийн өмнө үүрэг хүлээгээгүй болно.
Түүнчлэн, шүүхээс хариуцагч нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, хариуцагч Г.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-с улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД