| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01490/И |
| Дугаар | 165 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 165
| 2019 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2019/00165 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Г.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Т ХХКомпанид холбогдох
Гэрээнээс үүссэн хохиролд 331 622 536 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Ц, өмгөөлөгч М.Хатанзориг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Алтанцэцэг, өмгөөлөгч А.Дугармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр А.Т ХХКомпанитай Гүнт зусланд жилийн 4 улиралд амьдрах зориулалт бүхий 232 метр квадрат талбайтай, 2 давхар, канад модон сууцны барилгыг 45 метр квадрат талбайтай машины гараашийн хамт барьж 2014 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн дотор ашиглалтад оруулах гэрээ байгуулж, нийт 277 200 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа бэлнээр төлсөн.Гэтэл А.Т ХХКомпани гэрээний хугацаанд барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөөгүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дуусгаж өгөхөөр мөн 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр багтаан ашиглалтад оруулах, тогтсон хугацаанд ашиглалтад оруулж чадахгүй бол гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг бүрэн төлж барагдуулах баталгааг гаргасан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байна.Нөгөө талаар гүйцэтгэл нь зогссон дутуу барилгын сууринд ан цав гарч хагарсан, үүнээс хамаарч байшингийн гадна хаалга гажиж онгойхгүй босон, барилгын дотор хана болон таазанд цууралт үүсэн хагарсан, гал тогооны хэсгийн цонх цуурч хагарсан, гадна бохирын шугам суулт өгсөн, цахилгааны суулгалт буруу хийгдсэнээс тогны залгуурууд бүрэн ажиллахгүй зэрэг гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байгаа бөгөөд гадна цэвэр бохир усны холболт, барилгын суурийн өнгөлгөө, гадна тохижилт, цахилгааны ил утсыг далдлах, хагарсан цонх болон цонхны стандарт бус шил солих зэрэг ажлууд хийгдээгүй байна.Иймд А.Т ХХКомпани нь барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгэлгүйгээр 2 жил 7 сарын хугацааг өнгөрүүлсэн бөгөөд гүйцэтгэл дутуу барилга чанарын шаардлага хангахгүй болж улмаар ашиглалтад оруулах боломжгүй болсоныг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаа 2 дугаар сарын 20-ны өдрийн уулзалтаар илэрхийлсэн тул А.Т ХХКомпанид бэлнээр төлсөн 277 200 00 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 31 013 136 төгрөг, захиалагчийн барилгад оруулсан 23 409 400 төгрөг, хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээр 331 622 536 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид хариуцагч талтай ярилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч А.Т ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манайх 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгчтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба тус барилгыг нэхэмжлэгчид өгөхөд шал нь таалагдахгүй байна гэсэн учир бид өөрсдийн зардлаар шалыг сольж, захиалагчийн хүсэлтээр гэрээнд заагаагүй ажил болох гэрлүүдийг суурилуулж өгсөн ба нэхэмжлэгч нь уг байшинд 2 жил гаруй хугацаанд амьдарч байна.Тухайн үед захиалагчаас барилгатай холбоотой гаргаж байсан шаардлагуудыг биелүүлж, тухай бүрт нь ажлуудыг хийж гүйцэтгэсэн.Хаалга, шал, цонхны шил сольсон.Гал тогооны тавилга, хувцасны шкаф, канад зуух, хөшиг, гэрэлтүүлэгт 23 409 400 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.Эдгээр тавилгуудтай холбоотой ямар нэгэн хариуцлагыг манайх хүлээхгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нартай ярилцаж нэхэмжлэлийн шаардлагын талаар бүрэн тохиролцож эвлэрч гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч А.Т ХХКомпанид холбогдуулан бэлнээр төлсөн 277 200 00 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 31 013 136 төгрөг, захиалагчийн барилгад оруулсан 23 409 400 төгрөг нийт 331 622 536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Талуудын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:А.Т ХХК-иас барилгын ажлын гүйцэтгэлд төлсөн 277 200 000 төгрөг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний алданги 31 013 136 төгрөг, хөрөнгө оруулалт 23 409 400 төгрөг нийт 331 622 536 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч тал нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт зуслан, 26 дугаар хэсэгт /Б.Амаржилийн эзэмшлийн газар дээр/ баригдаж байгаа 232 м2, талбайтай, 45м2 талбай авто машины гражтай амины орон сууцны барилгыг нэхэмжпэгч талд өгөхөөр тохиролцов.Үүнд:
1.Нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх барилгын ажлыг хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн дуусгаж, ажил хүлээлцэх актын дагуу тухайн хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.Амины орон сууцны барилгын хүлээлгэн өгөхөд газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцов. Нэхэмжпэгч нь барилгын ажлыг хүлээн авснаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан ашиглалтын шаардлага хангаагүй дутуу барилга, түүний газар эзэмших эрхийг хариуцагч талд шилжүүлэн өгөх үүргийг хүлээнэ.Амины орон сууцны барилгыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөөгүй, энэхүү гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага 331 622 536 төгрөгийг Г.Цад төлөх үүргийг А.Т ХХКомпани нь хүлээн зөвшөөрөв.Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр амины орон сууцны барилгыг хүлээн авахад өмнөх захиалгат барилгыг тохижуулсан 23 409 400 төгрөгийн үнэ бүхий тавилгыг буцаан авна.Энэхүү гэрээ байгуулснаар дахин санхүүжилтийн талаар талууд маргахгүй.
2.Нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх барилга даарх шаардлагыг хангасан байна. Байшингын гадна өнгөлгөө нь цементен хавтан james Hardie, гадна хана нь 38*140 модон каркас Канад, салхи, чийг, нарын хамгаалалтын НW цаас, 12мм ОСБ, R- 19Guardian шилэн хөвөн.Обой эмульсийг тухайн үеийн нэхэмжлэгчийн сонголтоор гүйцэтгэнэ.Дотор хана нь 38*90 модон каркас Канад, 12мм гипсэн хавтан, Обой эмульс сонголтоор, 1 дүгээр давхарын зочины өрөөний нэг тал хана Орос модон рейк, 2-р давхарын өрөөнүүд ханын нэг тал Орос модон рейк байна.Шал нь 1 дүгээр давхар ламинатан шал, 2 дугаар давхар дрож/ Номин дэлгүүр/.тааз нь 38*186 модон каркас Канад, 9мм гипс, эмульс, тааз модон рейктэй.Модон вакум 2 давхар шилтэй, дотор хаалга нь наамал цагаан өнгийн хаалга, гадна талын хаалга нь төмөр, гражын хаалга төмөр-Алютөх бор өнгөтэй байна.Цахилгааны монтаж нь ОХУ-ын цахилгааны кабель, розетк, унтраалгатай байна.Амины орон сууцны гэрэлтүүлгийг суурилуулах ажлыг нэхэмжлэгч хариуцна.Угаалтуур, суултуур нь Евростандарт/ Номин дэлгүүр/, ванн болон 00-ын өрөө нь хана, шалны плита бүрэн хийгдсэн, ваннтай байна.Амины орон сууцны ус нь зөөврийн биш гүний худагт холбогдсон шийдэлтэй, бохирын гүн 3 м, урт 5 м, өргөн 1,5 м септек суурилуулна.Гадна талбайн тохижилтийг бүрэн хийсэн байна.Үүнд 1.Гарааш руу орох авто машины замыг зурагт заасан 2 м уртын хэмжээнд бэлэн болгох, 2. Амины орон сууц байрлах хотхоны сайжруулсан /дайрга индүүдсэн/ замыг авто машины хаалга хүртэл хийж гүйцэтгэж өгөхөөр тохиролцов гэжээ.
Иймд талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар бүрэн хэмжээгээр эвлэрэн хэлэлцсэн байх тул тэдний эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Цын шүүхэд гаргасан 331 622 536 төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч А.Т ХХКомпани нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт зуслан 26 дугаар хэсэгт /Б.Амаржилийн эзэмшлийн газар дээр/ баригдаж байгаа 232 метр квадрат талбайтай, 45 метр квадрат авто машины гарааштай амины орон сууцны барилгыг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож талууд эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 816 063 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Т ХХКомпаниас 908 031 /есөн зуун найман мянга гучин нэгэн/ төгрөгийг гаргуулан Г.Цад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН