| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/00685/и |
| Дугаар | 1030 |
| Огноо | 2019-04-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1030
| 2019 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2019/01030 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
|
|
|
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Г.Ч-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: У ХХКомпанид холбогдох
2 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г.Ч нь авто машины засварын үйлчилгээг үзүүлэх зориулалтаар УХХК-ийн эзэмшлийн 170 м.кв талбай бүхий объектыг 2018 оны 7 сарын 15-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцон 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан.Гэрээний 1.8-д зааснаар баталгаа төлбөр болох нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг түрээслүүлэгч талд төлөх үүрэг хүлээсний дагуу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээслүүлэгчийн 5099114199 тоот дансанд 2 250 000 төгрөгийг түрээслэгч шилжүүлсэн байгаа.Түрээслэгч нь гэрээний хүчинтэй хугацаа тоологдохоос өмнө гэрээний зүйл болох объект нь авто машины засварын үйлчилгээг явуулахад тохиромжгүй, тоног төхөөрөмж суурилуулахад даацын хана, багана чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа түрээслүүлэгч талд удаа дараа мэдэгдсэн бөгөөд Г.Ч тухайн объектод үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээслүүлэгч нь гэрээний баталгааны төлбөрийг эргүүлж өгөхгүй байна.Гэрээнээс татгалзах саналаа 7 сарын эхээр УХХК-д амаар илэрхийлж байсан, тухайн объектыг хүлээж аваагүй, тэнд үйл ажиллагаа явуулаагүй тул УХХК-иас 2 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч УХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компанийн авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах 170 м.кв ажлын байрыг Г.Чтой тохиролцон гэрээ байгуулж, төсөв гаргаж засварын ажлыг эхлүүлсэн.Гэрээний 2.12-т түрээслүүлэгч тал нь 23Б гараашийн засварын ажлыг 2018 оны 7 сарын 15-ны өдрөөс өмнө дуусгаж түрээслэгч талд хүлээлгэн өгнө гэсний дагуу 2018 оны 7 сарын 15-ны өдөр засварын ажлыг дуусгаж түрээслэгч талд хүлээлгэн өгсөн.Түрээслэгч Г.Ч гэрээ байгуулахдаа баталгаа төлбөр болох нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 2 250 000 төгрөгийг манайд шилжүүлсэн.Түрээслэгч Г.Ч түрээсийн гэрээний 3.13-т заасан үүргээ биелүүлээгүй, түрээслүүлэгч талд түрээсийн гэрээг цуцлах талаар албан ёсоор мэдэгдээгүй, ажлын байраа хүлээлгэж өгөөгүйн улмаас манай компани олох орлогоороо хохиролд ороод байна.Г.Ч нь түрээсийн гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 50 хувийн хөнгөлөлтийг хасаж тооцон 1 275 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 25 хувийн хөнгөлөлтийг хасаж тооцон 1 912 500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 2 550 000 төгрөгийг нийт 5 737 500 төгрөг төлөхөөр байсан.Гэрээнээс татгалзах тухайгаа манайд 8 сар гаргаад хэлсэн, бид Г.Чийг тухайн байранд үйл ажиллагаа явуулж байгаа байх гэж ойлгож байсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч хариуцагч УХХКомпанид холбогдуулан түрээсийн гэрээний баталгаанд төлсөн 2 550 000 төгрөгийг буцааан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Г.Ч болон УХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/06-1 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр УХХКомпани нь 170 метр квадрат талбайтай 23Б агуулахыг авто машины засвар үйлчилгээний зориулалтаар нэхэмжлэгчид 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшүүлэх, Г.Ч нь түрээсийн төлбөрийг эхний сар 50 хувь, 2 дахь сар 25 хувиар хөнгөлж төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон байна.
Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д гэрээ байгуулахдаа баталгаа төлбөр болох нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсоны дагуу Г.Ч нь УХХКомпанид 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2 250 000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.
Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар түрээслүүлэгч нь аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан байр, талбайг түрээслэгчид санал болгох үүрэгтэй байх боловч түрээслүүлэгчийн өмчлөлийн агуулахын зориулалттай объектыг авто машины засвар үйлчилгээ явуулах зориулалтаар ашиглахад тохиромжгүй, тоног төхөөрөмж суурилуулахад даацын хана болон багана чанарын шаардлага хангахгүй байсан тул Г.Ч гэрээнээс татгалзаж, баталгаанд өгсөн мөнгөө буцаан авахаар шаардаж байна.
Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т түрээсийн байрыг хүлээлгэн өгөх, хүлээн авахдаа эд хөрөнгө, байр талбайг тоо чанараар нь нэг бүрчлэн бүртгэсэн актыг 2 хувь үйлдэж, энэ тухай протокол үйлдэн энэхүү гэрээнд фото зургийн хамт хавсаргана, 5.3-т түрээсийн байрыг түрээслэгчид хүлээлгэн өгснөөр түрээсийн төлбөр тооцох хугацаа эхэлж, түрээслүүлэгч хүлээн авснаар төлбөр тооцох хугацаа дуусгавар болно гэж заасан байна.
Гэтэл Г.Ч нь тухайн объектыг хүлээж аваагүй, ашиглаагүй, тэнд үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байхад хариуцагч тал хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцож эхлэнэ гэж заасан байх ба түрээслэгч нь гэрээнээс татгалзах тухайгаа 8 сарын эхээр мэдэгдсэн гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасан үндэслэлд нийцэж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч УХХКомпаниас гэрээний баталгаанд өгсөн мөнгөө шаардах эрхтэй байна.
Иймд УХХКомпаниас 2 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжийн 55 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар УХХКомпаниас 2 550 000 /хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Г.Ч-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 750 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХКомпаниас 55 750 /тавин таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан Г.Ч-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН