| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/00449/и |
| Дугаар | 942 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 942
| 2019 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2019/00942 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ц.В-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.У.Б.Б.ГОНӨААТҮГазарт холбогдох
Ажлаас буруу халсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг ажил олгогч байгууллагаас нөхөн гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гарамханд, өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.В нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Г.У.Б.Б.ГОНӨААТҮГазарт жолоочоор ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээ болон тушаалаар сар бүр тодорхой хэмжээний цалин авч байсан ба гэтэл тус газрын дарга нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б/05 тоот тушаал гаргаж ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.Ц.Вийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 7.3.5-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна.Иймд Ц.Вийг ажлаас буруу халсныг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, орлогыг нөхөн гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Г.У.Б.Б.ГОНӨААТҮГазар шүүхэд гаргасан тайлбартаа:Ц.В манай байгууллагад 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан бобкатын жолоочоор ажилласан.Ц.Вид 2019 оны Б/05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 7.3.5-т зааснаар ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь үндэстэй. Ц.Вид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын дотоод журмын 7.3.5-т заасан ажлын байранд болон албан ёсны бусад арга хэмжээний үеэр танхайрсан, бусдыг хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хамт олны эв нэгдлийг задлах гэсэн заалтын дагуу сахилгын шийтгэл авсан, энэ заалт нь Ц.Втой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.3.4-т заасантай уялдаж байна.Ц.В нь байгууллагын хамт олныг хамарсан шинэ жилийн арга хэмжээний үеэр биеэ зүй бусаар авч яван хамт олны дунд эвгүй уур амьсгал үүсгэн байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл хийсэн нь ёс зүй болоод сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болж байна. Ц.Вийн жолоочоор ажилладаг ажлын байрны тодорхойлолтод зааснаар жолооны эрхийн үнэмлэхтэй байх ёстой байтал 2018 оны 6 сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан байсан боловч энэ тухайгаа байгууллагад мэдэгдээгүй байсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.В 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн манайд тусгай зориулалтын машины жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б/05 тоот тушаалаар ажлаас халах сахилгын арга хэмжээ авагдсан.Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.Г заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан.Тодруулбал хөдөлмөрийн дотоод журмын 7.3.Г-д ажлын байранд болон албан ёсны арга хэмжээн дээр танхайрсан, бусдыг хэл амаар доромжилсон, эрх чөлөөнд нь халдсан гэж тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан.Манай байгууллага жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн бүртгэлийг жил болгон авдаг ба Цагдаагийн ерөнхий газраас 23 жолоочийн бүртгэлийг авахад Ц.В нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр жолоодох эрхээ хасуулсанаа хэлээгүй байсан.Түүнийг эргүүлээд ажилд авлаа гэхэд ажлын байрны шаардлагад жолоодох эрхийн үнэмлэхтэй байх ёстой гэж заасан байгаа гэв.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.В 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинэ жилийн үйл ажиллагаан дээр согтуу ирж ширээнд хамт суусан хүмүүст танхайн үйлдэл гаргасан, Сайнбаярыг зодсон, үг хэлээр доромжилсон нь хөдөлмөрийн гэрээний 5.4.4.3-т тусгайлан заасан зөрчил байгаа.Энд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хамт олны эв нэгдлийг бутаргах, удирдлагын нэр хүндийг унагаах зэрэг зөрчлүүд багтсан байна. Сайнбаяр байгууллагын ёс зүйн хороонд өргөдөл гаргасан, Цэрэнпунцаг, Мөнхнаран нарын тайлбар, мэдүүлэг зэрэг нь хурлаар хэлэлцэх үндэс болсон, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд ажлаас халсан, Ц.В 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ажлаас чөлөөлөх тушаал 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гарсан, түүнийг сар шахам хүлээсэн, ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэх гээд дуудахад ирээгүй, жолооны үнэмлэхээ хураалгасан тухайгаа хэлээгүй нуусан, ажлын байрны шаардлагыг хангахгүй болсон байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.В хариуцагч Г.У.Б.Б.ГОНӨААТҮГазарт холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нөхөн гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.В нь Г.У.Б.Б.ГОНӨААТҮГазарт 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн /бобкат/ жолоочоор ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Ц.Вийг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын дүрмийн 7.2.11-т заасныг үндэслэн тус байгууллагын жолооч Ц.В хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.г-д заасны дагуу сахилгын зөрчил гаргасан тул 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Ц.Вийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж, ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын дотоод журмын 7.3.5.г-д ажлын байранд болон албан ёсны бусад арга хэмжээний үеэр танхайрсан, бусдыг хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хамт олны эв нэгдлийг задлах, байгууллага удирдлагын нэр хүндийг унагаах зорилгоор хуурамч мэдээлэл тараасан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримтгүйгээр мэдээлэл өгөх, дамжуулах, цацах зэргийг ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэж заажээ.
Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын Ц.Втой 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан 61 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3.4-т байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хамт олны эв нэгдлийг задлах, байгууллага удирдлагын нэр хүндийг унагаах үйл ажиллагааг санаатайгаар үйлдсэн нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.
Хариуцагч байгууллагын дээрх хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.г-д заасан ноцтой зөрчилд тооцсон ...албан ёсны бусад арга хэмжээний үеэр танхайрсан, бусдыг хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хамт олны эв нэгдлийг задлах, байгууллага удирдлагын нэр хүндийг унагаах зорилгоор хуурамч мэдээлэл тараасан... гэх үйлдэлүүд нь Ц.Вийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэгтэй нь холбоогүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг ажилтантай тохиролцон тогтоох бөгөөд уг нэрлэсэн ноцтой зөрчил нь ажилтаны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл байх ёстой байдаг.
Гэтэл Ц.Вийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээний үеэр бусдыг зодсон, үг хэлээр доромжилсон гэх үйлдлийг түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч байгууллагын ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Ц.Вийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг даргын зөвлөлд оруулахаар шийдвэрлэсэн боловч Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/54 дугаартай тушаалаар ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан байгааг дурдах нь зүйтэй байна
Иймд Ц.Вийг Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд нь эргүүлэн тогтоох нь үндэстэй байна.
Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн нийлбэрээс дундаж цалинг бодож, түүний ажилгүй байсан 60 хоногийн цалингийн олговорт 2 021 280 төгрөгийг Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Ц.В-г Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-ын жолоочийн /бобкат/ ажилд эргүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-аас 2 021 280 /хоёр сая хорин нэгэн мянга хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулан Ц.Вид олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.В улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Г.У.Б.Б.ГОНӨААТҮГ-аас 47 290 /дөчин долоон мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН