Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 


2022              12               27                           2023/ШЦТ/09

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0247

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч ,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д  холбогдох эрүүгийн 2239000000413 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өмнөдэлгэр” цэцэрлэгийн байранд 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим цэцэрлэгийн эрхлэгч ажилтай О.Г-тэй “хүнд чадваргүй гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар О.Г-ийн нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж, 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн хөмсөгний хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.М :

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3.850.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000413 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өмнөдэлгэр” цэцэрлэгийн байранд 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим цэцэрлэгийн эрхлэгч ажилтай О.Г-тэй “хүнд чадваргүй гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар О.Г-ийн нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж, 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн хөмсөгний хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оын 11 дүгээр сарын 04-ний өдрийн 731 дугаартай ...О.Г-ийн тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн хөмсөгний хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

хохирогч О.Г-ийн ...Манай байгууллага нь 10 сарын 22-ноос 23-ны өдрүүдэд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 10 сарын 23-ны орой 20:30 цагийн орчим өндөрлөж зочид төлөөлөгчид хоолоо идэн ачаагаа баглан 21:00 цаг өнгөрөөгөөд тус тусын чиглэлд аян замдаа гарсан. Тэгээд манай байгууллагын багш ажилчид анги танхимаа хүлээн авч цэвэрлэн тохижуулж 22:00 цагийн үед амрахаар гэр гэр рүүгээ явцгаасан. О.Г би багш Б.М , тогооч Б.Төгсжаргал, туслах багш Ц.Ариунчимэг, Т.Болортуяа нар нь хамгийн сүүлд явахдаа хөгжимийн өрөөнд орж байгууллагуудаас өгсөн бэлэг дурсгалын зүйлийг сонирхож байгаад би гараад өрөөндөө ортол Багш Б.М  төрсөн өдрийн дуу тоглохоор нь эргэн хөгжимийн өрөөнд ороход тогооч Б.Төгсжаргал, туслах багш Ц.Ариунчимэг, Т.Болортуяа нар маргааш болох төрсөн өдөрт минь баяр хүргэцгээгээд бичлэг хийнэ байгууллагын нэгдсэн группэд байршуулан тогооч Б.Төгсжаргал, туслах багш Ц.Ариунчимэг, Т.Болортуяа нар гэр рүүгээ яваад өгсөн. Миний бие мөн явахаар цүнх номоо авахаар өрөөндөө орсон. Гэтэл багш Б.М , О.Г надад хэлэх юм байна гэхээр нь цүнхээ аван өрөөний хаалгаа түгжин гарах замдаа хөгжимийн өрөө рүү эргэж орсон тэгтэл Б.М  багш ”Адила эрхлэгчид та намайг чадваргүй нэг юм манай байгууллагад байж байдаг юм гэж муулсан байна тэр эрхлэгч чинь надад хэлсэн” гээд уурласан. Тэгэхээр нь би ”ажилтанаа муулаад суудаг эрхлэгч гэж юу байхав дээ би чамайг магтдаг болохоос хэзээ ч муулдаггүй, би тэр эрхлэгчтэй ярих зав ч гараагүй” гэсэн бөгөөд ойлголцохгүй хэрэлдсэн. Тэгтэл багш Б. Б.М , О.Г миний нүүр рүү гараараа чичээд доромжилсон. Тэгэхээр нь О.Г би зүүн хацрыг нь алгадаж өөрөөсөө холдуулсан энэ үед тухайн өдрийн жижүүр Д.Ган-Эрдэнэ бид 2-ын дундуур орсон боловч жижүүрийг холдуулан миний нүүрний баруун тал руу цохисон. Би гомдлоод тэр Адилаатайгаа ярьж учраа ол. Та надад төрсөн өдрийн дуу тоглож баяр хүргэсэн биз дээ гэж хэлсэн гэтэл Б.М  тийм би чамайг хаа явсан газарт чинь дарамтлах болно гэж сүрдүүлж чичлээд дахин нэг цохиод толгойгоороо нүүрний зүүн тал руу мөргөсөн. Би мөргүүлээд тэр доороо газарт унасан бөгөөд нэг нүд бүтэн хаагдан хавдаж зүүн талын хамрын нүхнээс их хэмжээний цус гарсан бөгөөд цусаа тогтоон эмнэлэг рүү явж анхан шатны тусламж аван эмнэлгийн машинаар гэртээ хүргүүлсэн. Иймээс Б.М д зодуулж гэмтэл авсандаа гомдолтой байна. Гэмтэл авсан өдрөөс эхлэн ажил төрлөө хийх боломжгүй болж, үр хүүхэд минь сургууль, ажлаасаа чөлөө авч хотоос ирж ээжийгээ нарийн мэргэжилийн эмчид үзүүлэх гэх мэтчилэн миний гэр бүлд төлөвлөгдөөгүй санхүү, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санааны хохирол гарсан бөгөөд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...тиймээ би үзүүлнэ... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Д.Ган-Эрдэнийн  ...2022 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд манай суманд манай цэцэрлэг бүх сумдуудын цэцэрлэгийн багш нарын дундах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж 23-ны орой дууссан. Би 23-ны өдөр жижүүртэй цэцэрлэг дээрээ байж байхад оройхон 22 цаг өнгөрч байсан санаж байна Цэцэрлэгийн эрхлэгч О.Г болон хөгжимийн багш Б.М  мөн багш Төгсжаргал, Ариунчимэг, Болортуяа нар цэцэрлэг рүү орж ирсэн. Тэгээд дээр байж байгаад Төгсжаргал, Ариунчимэг, Болортуяа нар цэцэрлэгээс гараад явсан. Дээр О.Г болон хөгжимийн багш Б.М  нар үлдсэн бууж ирээгүй байсан. Тэгтэл хэрэлдэх чимээ гараад би дээшээ гараад хөгжимийн багшийн өрөө рүү ороход хэрэлдээд байж байсан. Тэгтэл О.Г нь Б.М  багшийг 2 гараараа ээлжлээд алгадсан би одоо болио нэг байгууллагын хүмүүс гэж хэлээд байж байхад Б.М  багш уурлаад Г багшийг нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд би дундуур нь орж салгаад Б.М г гадаа гаргаад гэр рүү нь явуулсан. Г эрхлэгчийг болохоор эмнэлэпт очиж үзүүлсэн дээр байх гэж хэлээд явуулсан...2 лаа хэрэглэсэн байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Т.Хандсүрэнгийн ...манай хүргэн Б.М  нь зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөнтэй, хүн дугарвал дугарчихаад л байж байдаг, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүргэнийгээ хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл ер нь хэрэглээд байдаггүй, би лав хүргэнээ архи уучихсан, согтуу явж байхыг нь бол харж байгаагүй, би хүргэнийгээ ер нь архи уудаггүй гэж бодож явдаг, тамхи татдаггүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй. Одоо л хүн цохиж зодсон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, дуу хөгжимд сонирхолтой, авъяас чадвар гэвэл дуу сайн дуулдаг, хөгжим сайн тоглодог, гэр бүлийн хувьд эх*******, нэг хүүтэй, одоо эх*******, хүүгийнхээ хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суудаг бөгөөд хүргэн маань сумынхаа цэцэрлэгт дуу хөгжимийн багш хийдэг, ер нь манай хүргэн Б.М  нь даруу төлөв, үг дуу цөөнтэй, ажилласаг хичээнгүй л хүн байгаа юм... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Ш.Эрдэнэтөгсийн ...би Б.М г багаас нь мэднэ. Б.М  нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй. Би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байх гэж бодож байна. Би Б.М тэй байнгын хамт амьдраад байдаггүй учир энэ талаар нь бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би Б.М г архи уучихсан согтуу явж байхыг нь бол харж байгаагүй, тамхи татдаггүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, дуу хөгжимд сонирхолтой, авъяас чадвар гэвэл дуу сайн дуулж, хөгжим сайн тоглодог, гэр бүл эх*******, нэг хүүтэй, уг нь хоёр хүүтэй байсан боловч том хүү нь өвчний улмаас нас барчихсан юм. Одоо Б.М  нь эх*******, хүүгийнхээ хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин сууж байгаа, ер нь Б.М  нь даруу төлөв, ажилсаг л хүн байгаа юм... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

яллагдагч Б.М гийн ...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Хэнтий аймгийн Өмөндэлгэр сумын Цэцэрлэгт дуу хөгжимийн багшаар ажилладаг юм. 2022 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдсан юм. Тэгээд 22, 23- ны өдрүүдэд тэмцээн амжилттай зохион байгууллагдлаа гээд аймгаас ирсэн багш нартай 23-ны орой 18 цагийн үед заалны гаднах зогсоол дээр машин дотор ганц шил архи задалж тойруулсан. Би тухайн архинаас ганц нэг татчихаад тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааг дуусгаад заалнаас ажил руугаа очсон. Ажил дээр ирэхэд манай өрөөнд ширээ засчихсан аймгаас ирсэн цэцэрлэгийн багш нарт хоол идүүлсэн, багш нар ч хоол ундаа идчихээд явцгаасан. Тэгээд цэцэрлэгийн туслах багш, тогооч нар манай өрөөг цэвэрлээд гарахад цэцэрлэгийн эрхлэгч Г гаднаас халамцуу орж ирэхээр нь би Ганцэцэгт “та гадна дотноос ирсэн багш нарт намайг мэргэжилийн хөгжимийн багш биш гэж хэлсэн байна лээ, тэгж хэлэх шаардлага байсан юм уу” гэж хэлэхэд Г би тэгэж хэлээгүй гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Г даргыг та миний өрөөнөөс гар гэж хэлэхэд Г дарга гараад явсан. Тэгэхээр нь би өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд өрөөн дотроо сууж байхад, хаалганы гадна талд зоолттой байсан түлхүүрээр Г дарга хаалгыг онгойлгоод орж ирсэн. Тэгээд дахин надтай маргалдаж над руу дайраад намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадахад Г надтай зууралдаад татаж чангаалцаж байхад жижүүр Ган-Эрдэнэ орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь болгоод салгасан.  Тэгсэн Г дахин над руу ирсэнээ намайг хоёр гараараа хоёр гурван удаа алдагдахаар нь би тонгойгоод нүүр рүү нь мөргөчихсөн. Тэгсэн жижүүр Ган-Эрдэнэ даргыг аваад гарсан, би ч өрөөндөө үлдсэн...Тэмцээний өдөр аймгаас ирсэн ахмад багш нар манай өрөөнд орж ирээд манай өрөөг сонирхож явахдаа нэг ахмад багш нь “даргатай чинь түрүүнд уулзахад дарга чинь чамайг мэргэжилийн багш биш юмаа гэж хэлж байсан, чи чинь мэргэжилийн багшаас дутхааргүй л бүх юм чинь цэгцтэй юм байна ш дээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн хэлсэн үгэнд юм бодоод дарга намайг яагаад мэргэжилийн багш биш гэж хэлсэн юм болдоо гээд, бодсон зүйлээ даргад хэлээд бид хоёр маргалдсан юм...Одоо тэр багшийг танихгүй, нэлээн хэдэн ахмад багш орж ирээд манай өрөөг сонирхосон юм. Тэгэхдээ л нэг ахмад багш нь хальт хэлсэн юм... Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлага байхгүй...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Тэгэхдээ согтуурлын зэрэг гайгүй байсан...Би Г даргад эмчилгээний төлбөр 3.850.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй гэсэн... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.М гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-56 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч :

...Шүүгдэгч Б.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өмнөдэлгэр” цэцэрлэгийн байранд 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим цэцэрлэгийн эрхлэгч ажилтай О.Г-тэй “хүнд чадваргүй гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар О.Г-ийн нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж, 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн хөмсөгний хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд цуглуулж бэхжүүлсэн хохирогч О.Г-ийн мэдүүлэг, гэрч Д.Ган-Эрдэнийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 731 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч О.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогчид 3.850.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгч Б.М :

...байхгүй....гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.М г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.М гийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Прокуророос шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.М гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан, дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгсдөг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.М  нь хохирогч О.Ганцэцэгийг мөргөх, цохих, эрүүл мэндийг нь гэмтээх, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед дух, зүүн чих, баруун чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн хөмсөгний хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан байна. 

    

Хохирогч О.Г нь шүүгдэгч Б.М гээс мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтгүйгээр 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

  

Иймд шүүгдэгч Б.М г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч :                                     

...шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгтлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.М :

...өөрийнхөө хийсэн хэрэгт маш их харамсаж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Б.М д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.М д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Б.М д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000413 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М-д  шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2239000000413 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН