Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1696

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/01696

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:А.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Ү.О.Н.Р.Тд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану-Үжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1525 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01881 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал бүх шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2019/02099 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан.Энэ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж М.Ү.О.Н.Р.Тийн ерөнхий захирлын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б/157 дугаар урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох тухай тушаал гарсан, би уг тушаалтай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцаж гардаж авсан байна.Тиймээс Баянгол дүүргийн Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж урьд эрхэлж байсан ажилд томилох тухай тушаал гардаж авсан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хүртэлх бүтэн жилийн цалинг хариуцагч М.Ү.О.Н.Р.Тээс нэхэмжилж байна.Үндсэн цалин сарын 684 000 төгрөг, ажлын үр дүн, ур чадвар буюу нэмэгдэл хөлс 132 000 төгрөг, ажил мэргэжлийн гүйцэтгэлийн болон нэмэгдэл 20 хувь буюу 163 000 төгрөгийг үндсэн цалин буюу ур чадварын нэмэгдлээс тооцдог.Нийт сарын цалин хөлс 979 000 төгрөг болж байна.Үүнийг аваагүй өнгөрсөн 12 сар буюу 1 жилээр тооцож нийт 11 748 000 төгрөгийг М.Ү.О.Н.Р.Тээс нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Намайг ажилд эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариуг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр авсан.Би 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилдаа орсон тул 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 12 215 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч М.Ү.О.Н.Р.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрийн дагуу М.Ү.О.Н.Р.Т нь А.Эыг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийж, ажилгүй байсан хугацааны цалинг олгоод байгаа.Өнөөдрийг хүртэл А.Э нь М.Ү.О.Н.Р.Тид ажиллаж байна.Улсын дээд шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 001/ХТ2018/01881 дугаар тогтоол гарсан байдаг.Бид тус тогтоолд хуульд заасан хугацаанд Ерөнхий шүүгчид гомдол гаргаж 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн тамгийн газраас Б/1233 тоот хариу авсан байдаг.Тус хариуг авсан өдөр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий захирал Б/157 тоот тушаал гаргаж А.Эыг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилсон.Бид тушаал гарснаас хойш удаа дараа нэхэмжлэгчтэй холбогдож хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьж байсан боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж, М.Ү.О.Н.Р.Тийн хүний нөөцийн мэргэжилтэнтэй зүй бусаар харилцаж байсан.Хүний нөөцийн мэргэжилтэн Р.Болормаа тушаал гарсан өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдэж ажилдаа ирж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг хүссэн боловч хүлээж аваагүй, А.Э өөрөө ирж тушаалтай танилцаж, хөдөлмөрийн гэрээ байгулахгүй байсан учир 3 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2/384 тоот албан бичгийн хавсралтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хөдөлмөрийн гэрээний хувийг хүргүүлсэн.А.Э хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж, тушаалыг гардаж авахгүй явсаар 5 дугаар сарын 7-ны өдөр л хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/66 тоот тушаалыг хүчингүйд тооцуулахаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрт талуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг. Цалин хөлстэй тэнцэх олговор нь ажилтаны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний үр дүнд түүнд ажил олгогчоос олгодог мөнгө байдаг.Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж шүүх дүгнэсэн учир цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох нь үндэслэлгүй байна.Иймд А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э хариуцагч М.Ү.О.Н.Р.Тид холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацааны цалин 12 215 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрээр А.Эыг М.Ү.О.Н.Р.Тийн Монголын мэдээ сувгийн шуурхай мэдээний албаны тоймчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хэргийг талуудын гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Улмаар хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хуралдаанаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1525 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч М.Ү.О.Н.Р.Тийн ерөнхий захирлын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай Б/157 дугаартай тушаал гарч А.Эыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Монголын мэдээ сувгийн шуурхай мэдээний редакцид тоймчийн албан тушаалд эгүүлэн томилж, түүнтэй 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01393 дугаар шийдвэрийг биеүүлэхгүй, А.Эыг ажлаар хангаагүй болох нь тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг М.Ү.О.Н.Р.Т төлөх үүрэгтэй байна.

 

А.Эын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэхэмжлэгчийн үндсэн цалин 652 000 төгрөг байх бөгөөд нэг өдрийн цалинг 30 325 төгрөгөөр тооцож, түүний ажилгүй байсан 265 хоногийн цалинд хариуцагч байгууллагаас 8 036 125 төгрөгийг гаргуулан нэхэмжэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 829 875 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Мөн ажил олгогч байгууллага нь ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар тутам зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй байдаг тул А.Эын дээрх ажилгүй байсан хугацааны шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвэтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 278 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 143 528 төгрөгийг гаргуулан А.Э олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан М.Ү.О.Н.Р.Тээс 8 036 125 /найман сая гучин зургаан мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 829 875 /дөрвөн сая найман зуун хорин есөн мянга найман зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан А.Эын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг М.Ү.О.Н.Р.Тид даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 278 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 143 528 төгрөгийг гаргуулан А.Эд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН