Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 184/2017/01992/и |
Дугаар | 00407 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00407
Б.Б-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02690 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн асран хамгаалагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэлдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн асран хамгаалагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Д-той 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, 12 дугаар сарын 10-ны өдөр хүүхэдтэй болж, хүү Д.Э-ийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрүүлсэн. Г.Д нь надтай утсаар ярьдаггүй, утсаар ярихаар би ажилтай байна гэж хэлээд уулздаггүй. Хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтсэн байхад Г.Д ажилтай гээд ирээгүй. Түүний ээж А.Б ирсэн. Тэгэхдээ манай гэрийнхэнд хүүхэдтэйгээ суулгахгүй гэж хэлсэн байсан. Тиймээс Г.Д-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн асран хамгаалагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү сэтгэцийн өвчтэй учраас би утсаар хүүхдээ удирддаг. Г.Д руу залгахад утсыг нь нэг охин авдаг болоод удалгүй энэ охиныг дагуулаад ирсэн. Бид эхэндээ найз охинтой боллоо гээд баярлаж байсан. Тухайн үед Г.Д ажил хийж байсан нь үнэн, одоо ажил хийхгүй байгаа. Нэхэмжлэгч манайд байж, төрсний дараа ч гэсэн би гэртээ авчирсан, удаагүй манайхаас явсан. Манай хүү сэтгэл санаагаар унаж, бие нь муу, сэтгэл гутралтай байгаа. Би байнга нэхэмжлэгч дээр очдог байсан. Гэтэл намайг хүүхэдтэйгээ суулгахгүй гэж хэлсэн байгаа ч тэгж хэлээгүй. Манай хүү сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдож, хөдөлмөрийн чадваргүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Д.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Д-оор тэжээн тэтгүүлж,
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасныг баримтлан уг шийдвэрийн 1-д заасан тэтгэлгийн хэмжээг тус бүр 50 хувиар багасгаж тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгөөс 17 336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 710 төгрөгийг улсын орлого /Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2601025961 тоот данс/-оос, 17 336 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн асран хамгаалагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, хэрэгжих боломжгүй байгаагаас үзвэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул хүүхдийг тэжээн тэтгүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа өөр бусад хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой байсан. Тухайлбал, Эрх зүйн чадамж нь тухайн бодгаль этгээд өөрийн ухамсартай үйлдлээр өөртөө эрх олж авах, хууль зүйн үүрэг бий болгох, хариуцлага хүлээх чадварыг ойлгох бөгөөд Г.Д нь сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар болон эрх зүйн чадамжаа бүрэн алдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн 140 000 төгрөгөөс өөр орлогогүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, миний асрамжид байдаг тул өөрөө бие даан ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүйн улмаас хүүхдийн тэтгэвэр төлөх чадваргүй.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6-д заасныг шүүх анхаарч үзэлгүй Г.Д-оор хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр бодит амьдралд нийцэхгүй, хэрэгжих боломжгүй шийдвэрийг гаргасан. Дээрх шүүхийн шийдвэр болон хуулийн заалтаас үзвэл Г.Д-ийн хүүхэд тэжээн тэтгэх үүргийг асран хамгаалагч надад оногдуулж байгаа нь ойлгомжгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Д-ыг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Т.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2015 оны 10 дугаар сард танилцаж, тэдний дундаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүү Д.Э төрсөн болон хариуцагч Т.Д-ыг эрх зүйн чадамжгүйд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Хүү Д.Э-ийн эцэг Г.Д мөн болох талаар талууд маргаагүй, харин хариуцагчийн асран хамгаалагч А.Б нь хариуцагч эрх зүйн чадамжгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эхийн хүлээх үүргийг заасан бөгөөд энэхүү үүргээс эрх зүйн чадамжгүй этгээдийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хөдөлмөрийн чадваргүй этгээдийн хүүхдээ тэжээн тэтгэх тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаар шүүх багасгаж болох бөгөөд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийн хэмжээг 50 хувиар багасгаж тогтоосныг буруутгах боломжгүй.
Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүнд асран хамгаалалт тогтоох бөгөөд мөн хуулийн 18.3 дахь хэсэгт иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн өмнөөс хэлцэл хийх журмыг тодорхойлсон. Иргэний эрх зүйн хэлцэл хийх, үр дагавар үүсгэхтэй холбоотой хуулийн эдгээр зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эхийн хүлээх үүрэг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Аливаа этгээдийн хооронд үүсч буй эцэг, хүүхдийн хоорондын харилцаа нь тодорхой хэлцлийн дагуу бус харин хүүхэд төрсөн гэх үйл явцаар үүсдэг болохы Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан.
Иймд анхан шатны шүүх хүү Д.Э-ийг эхийн асрамжид үлдээж, эцэг Т.Д-оос хуульд заасан хэмжээг бууруулан тэтгэлэг тогтоож шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хариуцагчийн асран хамгаалагчаас “сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар, эрх зүйн чадамжаа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний улсаас авч байгаа тэтгэмжээс хүүхдийн тэтгэлэг гаргах үндэслэлгүй” гэж давж заалдах гомдол гаргасан нь эрх зөрчигдсөн гэх нөхцөлд хамаарахгүй байна. Хариуцагч Г.Д-оор хүүхдийг тэжээн тэтгүүлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ төлбөр төлөгчийн ямар орлогоос гаргуулж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т тухайлан зохицуулсан бөгөөд энэ нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны зүйл биш учраас давж заалдах гомдолд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн асран хамгаалагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн асран хамгаалагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2018/00205 дугаар захирамжаар хариуцагчийг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.БАЙГАЛМАА