| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/1009/3 |
| Дугаар | 221/МА2024/0717 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0717
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06** дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч Байгаль****************************
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг
Хэргийн индекс: 128/2023/10***/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06** дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5*** дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Газрын тухай хуулийн 40.1.5-д “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Газрын төлбөрийг төлөхдөө иргэн, аж ахуй нэгж нь хугацаанд нь төлөх, бүрэн төлөх гэсэн үүргийг хуулиар хүлээдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан. Энэ нь газрын төлбөр төлөгч этгээдийн хэзээ, ямар хэмжээгээр төлөхийг зааж өгсөн нарийвчилсан заалт. Гэтэл нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй. Энэ талаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14/1**** дугаар албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь 2022, 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй байдаг.
Мөн нэхэмжлэгчээс дээрх нөхцөл байдлыг газар ашиглах гэрээ байгуулаагүйтэй холбож тайлбарладаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь заалтад “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших, ашиглах гэрээнд тусгахаар заасан хуулийн зохицуулалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Газар ашиглах эрх олгох түр журам”-ын 3.4-т заасан газар ашиглах гэрээ байгуулах, гэрээг батлуулах үүргээ газар ашиглагч өөрөө биелүүлээгүй /Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гэрээгээ авахыг удаа дараа шаардсан ч аваагүй талаар 363 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байгаа/ нь нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх, уг үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “... газрын төлбөр төлөөгүй нь газар ашиглагчаас үл хамаарсан байх тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Харин Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч нь анх 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/3***** дугаар тушаалаар газар ашиглах эрх олж авсан төслийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.
Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч газраа ашиглаагүй байгаа нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс “... маргаан бүхий газар нь барилгажаагүй боловч аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажил хийсэн, КТПН 250 кВА-ын цахилгаан дамжуулах байгууламж барьж ашиглалтад оруулсан, худаг гаргуулсан, мод бут тарьсан болох нь тогтоогдов” гэж нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Нэхэмжлэгчийн барьсан гэх цахилгаан дамжуулагч нь 2010 онд баригдсан, нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээ авахад тэнд байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийг 10 жил газар ашиглах эрхтэй байхдаа газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэхээргүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Б” ХХК-иас хүчингүй болгуулахыг хүссэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5*** дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны А-3** дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хар Бургастайд 9,1 га газрыг, мөн сайдын 2015 оны А/3** дүгээр тушаалаар 2 га газрыг нэмж “Б” ХХК-д тус тус ашиглуулахаар олгосон, тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тул 11,1 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
1. Шийдвэрт маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үйл баримтыг дүгнэсэн тухайд:
1.1. Анхан шатны шүүх “... 2022, 2023 оны газрын төлбөр төлөгдөөгүй байна. Гэвч тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, 2022/** тоот гэрээнд “Б” ХХК-ийн захирал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байхад хариуцагч нь “... газар ашиглах 2015/618 тоот гэрчилгээний хавсралтад газар ашиглах эрхийн сунгалт хийгдсэн талаарх тэмдэглэгээ хийж гэрчилгээг нэхэмжлэгчид гардуулсан атлаа гэрээг баталгаажуулаагүй, газрын төлбөр төлөөгүй нь газар ашиглагчаас үл хамаарсан байх тул буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
1.2. Нэхэмжлэгч компани нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-3*** дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 9,1 га газар ашиглах эрх олгож, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар газрын хэмжээг нэмэгдүүлж, нийт 11,1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон, тэдгээрийг үндэслэн, газар ашиглах эрхийн 2013.12.12.-ны өдрийн 2013/** дугаар, 2015.08.06-ны өдрийн 2015/6*** дугаар гэрчилгээнүүдийг авсан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглуулах гэрээ /1-р хавтас 12-13 дугаар тал/ байгуулсан, уг гэрээнд газар ашиглах эрхийн хугацааг 2015.08.06-2020.08.06 хүртэл гэж заасан.
1.3. Үүнээс хойш хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаснаар газар ашиглах эрхээ үргэлжлүүлэн эдлэх боломжтой болсон байна. Харин 2022 оны гэрээнд Налайх үүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, эрх бүхий этгээд баталгаажуулаагүй байх бөгөөд газрын төлбөр төлөхөд гэрээ байгуулагдаагүй асуудалд хэн буруутайг тогтоох нь төдийлөн ач холбогдолгүй байна.
1.3.1.Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”,
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж,
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх эдэлж байгаа этгээд нь газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээхийг хуульчилсан.
1.3.2. Мөн газрын төлбөр нь татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д "төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” ойлгохоор зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласныхаа төлөө газрын төлбөрийг гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч хуульд заасан эрх бүхий этгээдийн тогтоосон хэмжээгээр, дээрх хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
1.3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т газар ашиглах гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа[1]”-г тусгахаар заасан нь уг гэрээг байгуулаагүй тохиолдолд газрын төлбөрийг төлөхгүй байх шалтгаан болохгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх үүрэг, хэмжээ, хугацааг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тогтоодог, харин гэрээгээр харилцан тохиролцож тогтоодоггүй тул гэрээ байгуулаагүйгээс төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, үүргийн талаар мэдэх боломжгүй тул “төлбөрөө төлөөгүй” гэж үзэх боломжгүй юм.
1.4. Иймд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацааг сунгаж газар ашиглах эрхийг үргэлжлүүлэн эдэлсэн атлаа 2022, 2023 онд газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж гаргасан маргаан бүхий актыг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2. Шүүхийн шийдвэрт маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үйл баримтыг дүгнэсэн тухайд:
2.1. Анхан шатны шүүх “... Шүүхээс хийсэн газрын үзлэг болон нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4** тоот саналын хавсралт зурагт тусгагдсанаар маргаан бүхий газар нь барилгажаагүй боловч аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажил хийгдсэн, КТПН 250кВа-ын цахилгаан дамжуулах байгууламж барьж ашиглалтад оруулсан, худаг гаргуулсан, мод бут тарьсан болох нь тогтоогдов” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.
2.2.Хэдийгээр 2013 онд газар ашиглах эрх авснаас хойш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ, Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Зөвлөх үйлчилгээний гэрээ, Мод худалдах, худалдан авах гэрээ, Мод тарих зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Бараа нийлүүлэх гэрээ, “Б” зочид буудал амралтын цогцолборын эскиз зураг, “Ба” төслийн тайлан зэргийг хийсэн боловч бодитоор газар ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй байна.
2.3.Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхээ 2013 онд авахдаа “Ба” амралт, аялал жуулчлалын бааз байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж авсан, улмаар 2018 онд холбогдох инженер геологийн судалгааны дүгнэлт, байгаль орчны үнэлгээний тайлан, мод тарих гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, 2023 оны 06 дугаар сард мөн тод худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзэхээргүй байна.
2.4.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн барьсан гэх цахилгаан дамжуулах байгууламж нь 2010 онд баригдсан, нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээ авахад тэнд байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч нь “тухайн шугам сүлжээгээ өргөтгөх, сайжруулах, дэд станц нэмж барих ажлыг хийсэн, ковид цар тахал гарсантай холбоотой үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, аялал жуулчлалын цогцолбор барихын тулд дэд бүтцээ эхэлж хийхээр шийдээд ажлуудаа хийж байсан” гэх зэргээр тайлбарлах боловч 2013 оноос хойш 10 жилийн хугацаанд 11.1 га газраа зориулалтын дагуу ашиглаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэхээргүй байна.
2.5. Хариуцагч нь газар ашиглах 5 жилийн хугацаа дуусахад зориулалтын дагуу ашиглаагүй байсан ч эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар /ковидын үед/ газар ашиглах эрхийг сунгаж боломж олгосон боловч маргаан бүхий акт 2023 оны 9 сард гаргах хүртэл мөн л бэлтгэл ажил буюу дэд бүтэц, мод тарих ажил хийж, газар ашиглах үндсэн зориулалт буюу аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээгүй” байх тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл үүссэн гэж үзэж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.
2.6. Учир нь Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан хуулийн зорилго нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалттай газрыг ашиглагч нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талаас үйл ажиллагааны орлогоосоо татвар төлснөөр газар ашиглагч болон төр хэн аль нь газрын үр шимийг хүртэх зорилготой бөгөөд газар ашиглагч нь уг зорилгыг тодорхой хугацаанд хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор уг хуульд заасан.
2.7. Аливаа аялал жуулчлалын зориулалтаар үйлчилгээ явуулахад барилга байгууламж барих, дэд бүтцийг шийдвэрлэх нь зүй ёсны асуудал бөгөөд үүний тулд хуульд заасан зөвшөөрөл, баримт бичиг, зураг төсөл боловсруулах шаардлагатай нь тодорхой боловч уг бэлтгэл ажлыг 10 жилийн хугацаанд хийснийг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Дээрх нөхцөл байдлуудаар анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, гарын тухай , Газрын төлбөрийн тухай хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах төслөө хэрэгжүүлж, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/06** дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] 2023.01.06-ны хулиар өөрчилсөн