Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Г.Шинэтуяа, түүний өмгөөлөгч В.Оюунсүрэн,

хохирогч Г.Гунгаажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Гомбосүрэнгийн Шинэтуяад холбогдох эрүүгийн 201625031940 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Гомбосүрэнгийн Шинэтуяа, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Оношлогооны төвд карказны мужаан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 28 дугаар гудамжны 731 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЮ88061713.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Шинэтуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Г.Гунгаажавыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Шинэтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй…” гэв.

Хохирогч Г.Гунгаажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Гунгаажав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найз Мөнхзоригийн хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрладаг нийтийн байранд амьдардаг найз Энх-Амгалангийнд очсон юм. Бид очихдоо замаараа 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэгийг аваад очсон. Тухайн үед Энх-Амгалан ганцаараа байсан. Тэгээд бид гурав пиво хувааж ууж дуусчихаад миний гар утсыг барьцаалаад 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шил, 2.5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэгийг аваад Энх-Амгалан, Мөнхзориг бид гурав хувааж уугаад дуусчихсан байхад Энх-Амгалангийн дүү нь ирж байна гэж байсан. Тэгсэн Мөнхзоригийн эхнэр нь залгаад дуудаж байна гээд явахаар болоод Энх-Амгалан бид хоёр Мөнхзоригийг гаргаж өгч байхад гудамжинд Энх-Амгалангийн дүү Түнтүүш таарсан ба Мөнхзориг яваад өгсөн. Энх-Амгалан Түнтүүш хоёр түрүүлээд гэрт орсон, би бие засчихаад араас нь орсон чинь Шинэтуяа гэх залуу гэрт нь гэрийнхээ түлхүүрийг авах гэсэн юм гээд зогсож байсан. Шинэтуяа гэр рүүгээ яваад орсон, би коридорт гарсан чинь Шинэтуяагийн өрөөний хаалга нь онгорхой байхаар нь орсон ганцаараа сууж байсан. Би дүү нь жаахан уучихсан байна уучлаарай гэж хэлсэн. Шинэтуяа чи муу битгий давраад байгаарай гээд барьж аваад газар унагаад өшиглөөд дээрээс дэвсээд, өшиглөөд гэрээсээ чирээд гаргасан. Тэгээд би цагдаад өгсөн, цагдаа нарын машины гэрэл дохио дуугарсан чинь Шинэтуяа зугтаагаад яваад өгсөн. Миний эрүү хөдөлж болохгүй, толгой дүүрээд баруун талын хавирга руу амьсгаа авахаар өвдөөд амьсгалж болохгүй байсан. Өөр гэмтэл, шарх байхгүй зүгээр байсан… гэжээ /хх-7-8/,

2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр дахин мэдүүлэхдээ “…Би жаахан уучихсан байна. Хаана ажиллаж байгаа юм бэ гэх зэрэг л юм ярьсан, хэрүүл маргаан өдөөгүй. Би Шинэтуяаг мөргөөгүй огт тийм зүйл болоогүй, худлаа хэлж байна. Би урьд өмнө дотно байгаагүй, ямар байсан гэдгийг нь ч мэдэхгүй байна. Шинэтуяагийн гэрт нь ороод том болчихсон байна гэж хэлсэн зүйл байхгүй...” гэжээ /хх-9/.

Гэрч Т.Энхманлай мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах нийтийн байранд эгч Энх-Амгалангийнд очсон гэрийнх нь үүдэнд ирсэн чинь өөдөөс Энх-Амгалан эгч нутгийн ах Гунгаажавтай гарч ирсэн Гунгаажав ах архи уучихсан согтуу байсан. Энх-Амгалан бид хоёр түрүүлээд гэр рүү орсон, Гунгаажав ах бие засчихаад араас орж ирээд шууд Шинэтуяа ахын гэр рүү яваад орсон. Тэгсэн Шинэтуяа ахын гэрт нь юм түжигнээд дуугараад байхаар нь Энх-Амгалан эгч бид хоёр гэрт нь орсон чинь Гунгаажав нь газар уначихсан, Шинэтуяа нь дээр нь гарчихсан ална шүү гээд зууралдчихсан байж байсан. Энх-Амгалан эгч салгасан, би айгаад ойртоогүй. Тэгсэн Гунгаажав нь Шинэтуяа ахын өөдөөс манай ах нар том хүмүүс байдаг гээд юм яриад байсан. Тэгсэн Шинэтуяа ах тэр чинь ямар хамаатай юм бэ гээд зүүн талын шанаа руу нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн чинь Гунгаажав баруун тийшээ ойчоод унахад цээж рүү нь дахиад нэг өшиглөчихсөн чинь босч чадахгүй ёолоод байхад Шинэтуяа ах Гунгаажавыг татаад гэрээсээ чирээд үүдэнд гаргасан. Гунгаажав босч чадахгүй газар ёолоод хэвтээд байхаар нь эгч бид хоёр Гунгаажав ахыг босгоод эгчийн гэр рүү нь оруулсан. Гунгаажав ах миний утсыг аваад эгч рүүгээ залгаад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн машины дохио дуугарсан чинь Шинэтуяа ах зугтаад яваад өгсөн…” гэжээ /хх-10-11/.

Гэрч Т.Энх-Амгалан мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Гунгаажав найз нь гэх Мөнхөөтэй цуг ирсэн. Би дүү Энхманлайтай үүдэнд тэр хоёрыг тосч хүлээн авсан. Тэгээд дүү бид хоёр гэртээ түрүүлж орсон тэр үед Мөнхөө гэдэг найз нь гарч яваад Гунгаажав 00 орох гээд явсан. Тэгээд хажуу талын өрөөнд хүмүүс шуугаад, орилоод байхаар нь би очиж харахад зодолдож байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гунгаажав гаднаас орж ирэхдээ жаахан уусан байсан. Тэгээд манайд ирэхдээ хамт ирсэн найз гэх Мөнхөөтэй пиво уусан. Харин тэр Шинэтуяаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. 00 орно гэж гарч яваад тэр өрөөнд орсон байсан. Шинэтуяа, Гунгаажав нарын хоорондын маргааныг сонсоогүй. Гэхдээ зодолдож байгаа юм шиг чимээ гарахаар нь явж орсон...” гэжээ /хх-14-17/.

Гэрч Б.Мөнхзориг мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найз Гунгаажавын хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байдаг найз Энх-Амгалангийнд очихоор явсан. Бид хоёр замаасаа 2.5 литрийн Сэнгүр пиво нэгийг аваад очсон. Бид хоёрыг очиход нэг эмэгтэй байсан. Тэгээд бид гурав хөзөр тоглоод авсан пивоо хувааж уусан. Тэгээд Гунгаажав өөрийнхөө утсыг тавиад 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шил, 2.5 литрийн Сэнгүр пиво аваад хоол унд хийж идчихээд авсан архи, пиво хувааж ууж дуусаад байж байхад манай эхнэр залгаад би явахаар болоод Гунгаажав, Энх-Амгалан хоёр намайг гаргаж өгөхөд Энх-Амгалангийн дүү эмэгтэй замд таараад тэр гурав буцаад гэр рүүгээ явсан, би гэртэй харьсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Түүнээс хойш би Гунгаажавтай холбогдож чадаагүй, өнөөдөр л уулзаж байна. Намайг явсны дараа хүнд зодуулсан гэж байна. Намайг байхад ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэжээ /хх-19/.

Гэрч Г.Даваасүрэн мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дүүгээ сургуулиас нь авчихаад гэртээ ирэхэд манай дүү Гунгаажав найзтайгаа уулзчихаад ирье гээд гараад явсан. Тухайн үед 14 цаг болж байсан байх. Орой 19 цагийн үед над руу Гунгаажав залгаад намайг хүн зодчихлоо Гандангийн ойролцоо ирээд авч чадах уу гэсэн. Би тэр үед завгүй байсан учир чи такси бариад хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд таксинд суугаад гэртээ ирсэн. Тэгсэн нүүр ам нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь найзындаа очсон чинь намайг хажуу өрөөний залуу зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд өвдөлт намдаах эм уулгаад унтуулсан. Маргааш нь амралтын өдөр байсан учраас зураг авахуулж чадаагүй, нөгөөдөр нь зураг авахуулсан чинь эрүүний доод талаар хоёр хугарсан, зүүн шанаа нь бярамтгай хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэжээ /хх-20-21/.

Гэрч М.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд дүү Янжинлхамын хамтаар амьдардаг байсан юм. Хэрэг гардаг өдрийн урьд нь Г.Шинэтуяа хөдөөнөөс ирээд манайд байсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө ажилдаа яваад орой 20 цагийн үе гэртээ ирсэн чинь Шинэтуяа Гунгаажав гэх хүнийг зодоод зугтаачихсан гэж байсан. Зодох үед нь би байгаагүй, ажил дээр байсан юм. Шинэтуяаг юунаас болж зодсон гэдгийг мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр над руу залгаад бид хоёр байрнаасаа гараад дахиад өөр байранд орсон юм. Тэгээд Шинэтуяагаас юу болсон талаар асуусан чинь Гунгаажав намайг хоол хийх гээд байж байсан чинь согтуу орж ирээд олон юм яриад байхаар нь цохисон гэж хэлсэн. Надад хаашаа нь хэдэн удаа, юугаар цохисон, ямар гэмтэл учруулсан гэдгийг хэлээгүй, мэдэхгүй байна...” гэжээ /хх-22/.       

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ¹13763 дугаар акт:

“1. Г.Гунгаажавын биед эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээнээс хамаарна” гэжээ /хх-29/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, хохирогч Г.Гунгаажавын нэхэмжилж буй хохирлын 461.200 төгрөгийн баримт /хх-54-57/, шүүхэд шинээр гаргаж өгсөн буюу шүүгдэгч Г.Шинэтуяагаас 1 сая төгрөгийг хохирогч Г.Гунгаажавд хүлээлгэн өгсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Г.Шинэтуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Г.Гунгаажавтай гар утас хулгайллаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч Г.Гунгаажавын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ¹13763 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Шинэтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэгт хохирлын 461.200 төгрөгийн баримт авагдсан бөгөөд хохирогч Г.Гунгаажав нь шүүгдэгч Г.Шинэтуяагаас эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан болохыг дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан үзээд, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гомбосүрэнгийн Шинэтуяаг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шинэтуяад 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шинэтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Шинэтуяагийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл баривчлагдсан 3 хоногийн хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Г.Шинэтуяа нь хохиролд 1.000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Г.Гунгаажав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Шинэтуяад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН