Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0593

 

 

2021 09 15 128/ШШ2021/0593

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З ХХК /РД:/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Богдхан уулын дархан цаазтай газар нутагт хуулийн дагуу эзэмшиж ашиглахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандсан ба тус яамны сайдын 2016 оны А/155 дугаар тушаалын дагуу тусгай хамгаалалттай газар нутаг Нүхтийн аманд 0,25 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар ******* тоот гэрчилгээг гаргуулан авсан болно.

Улмаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах ******* тоот гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай хамтран байгуулсан гурвалсан гэрээний дагуу газрынхаа төлбөрийг тухай бүр төлж үүргээ биелүүлж ирсэн.

Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8235 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хүрээнд нийт газар ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд манай компанийг газрын төлбөрөө төлөөгүй байна, төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлах, хариу тайлбараа 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх тухай уг албан бичигт дурьдсан ба манай компанид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М******* компаниар дамжигдан ирсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178, 181, 194 дүгээр тогтоолуудаар кoвид 19 цар тахалтай холбоотойгоор нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорио явагдаж манай компанийн үйл ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүтэн 00 тэг зогсолт хийсэн. Ийнхүү хөл хориотой холбогдуулан компанийн ажилчдаас тодруулга авах боломжгүй байсаар газрын төлбөрийн талаар мэдээлэл авч 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан газрын төлбөрийг бүрэн төлсөн.

Мөн сонсох ажиллагааны талаарх мэдээллийн хүрээнд энэ тухай тайлбар танилцуулгаа цар тахлын үед Засгийн газрын тогтоосон дүрэм журмын хүрээнд хариу тайлбарыг *******@mne.gov.mn цахим шууданруу илгээсэн болно. Тус тайлбарт газрын төлбөр төлсөн баримт, зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажил хийж буй ажлын фото зураг зэргийг хавсаргасан.

Манай компани нь 2016 онд тус газрын ашиглах эрхийг авч БНСУ-аас санхүүжилт авах хэлэлцээр хийж гэрээний шатанд явж байсан боловч дэлхий дахинд коронавирус цар тахал гарч хөрөнгө оруулагч тал энэхүү нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалтыг түр хойшлуулсан ба одоогоор цар тахлын нөхцөл байдал намжсан тул хөрөнгө оруулалтын гэрээ эрчимтэй явагдаж байна, мөн тус газарт 10,000,000 (арван сая) төгрөгөөр Газрын тухай хуулинд заасны дагуу эзэмшил газраа хашиж хамгаалан хашаа байгууламж барьсан.

Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу манай компани нь эрчим хүчний эх үүсвэрийг хангах, газраа зүй зохистой ашиглахаар өндөр хүчдэлийн зураг төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагаар 30,000,000 (гучин сая) төгрөгөөр эрчим хүчний шугамыг нүүлгэн шилжүүлж дууссан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн хэлтэст мэдээллийн санд оруулах хүсэлтийг өгсөн байгаа болно.

Мөн манай компани нь газрын төлбөрийн талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн тооцоогоор ямар нэг төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн тооцоо гарсан болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байх бөгөөд энэ тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 262 тоот албан бичгээр мэдээлэл хүргүүлж, манай компани нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Учир нь М******* компаниар дээрх албан бичгийг явуулсан боловч үл ойлгогдох нөхцөл байдлын улмаас буцаагдаж дахин компани руу ирсэн зэрэг шалтгаанаас болж манай компани нь 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан ба энэ тухай тус шуудан компанийн тэмдэглэлээр батлагддаг ба газрын төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг мэдсэн болно.

Монгол Улсад коронавирус /ковид-19/-тай холбоотой хөл хориог Монгол Улсын Засгийн газраас тогтоож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шат дараатайгаар удаа дараа зогсоосон зэргээс тус яамтай харилцах болон хамтран ажиллаж хариу тайлбар гаргах ажиллагаа хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн сайдын шийдвэр гарахаас 1 сарын өмнө манай компани нь ямар төлбөр тооцоогүй байсан зэргийг сайтар нягтлаагүй зэргийг тус яамны холбогдох албан тушаалтнууд үл ойшоож газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл учруулж асуудлыг шийдвэрлэх хамтын ойлголцол зэргийг үгүйсгэж байгаад гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.1 хуульд үндэслэх; 4.2.2 шуурхай, тасралтгүй байх; 4.2.4 үр нөлөөтэй байх; 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэж тус тус заасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох хэлтэс, нэгж, албан тушаалтнууд үйл ажиллагаандаа болон сайдын тушаал захиргааны акт гаргахдаа энэхүү хуулийн зүйл заалтыг үл баримталсан эс үйлдэхүй гаргасан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар газрын ашиглах эрхийг цуцлах сайдын тушаалыг гаргахдаа манай компанийн нөхцөл байдлыг сайтар тогтоох ёстой байсан. Тус зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байхад манай компанийн газрын төлбөр төлсөн эсэхийг нягтлалгүй хуулийн үндэслэлгүй зорилгодоо үл нийцсэн сайдын тушаалыг гаргуулсан болно.

Яамны ажил хариуцсан албан тушаалтан дээрх хуулийн зүйл, заалтыг үйл ажиллагаандаа баримтлан ажилласан бол, манай компанийн талаар тохиолдол бүрийг судалсан бол, газрын төлбөр төлсөн мэдээллийг шалгасан бол, сонсох ажиллагаа зохион байгуулсан албан тушаалтнууд мөн сонсох ажиллагааны талаарх хуулийн зүйл заалтыг мөрдөж ажилласан бол хуульд үл нийцэх сайдын тушаал гарахгүй байсан.

Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалснаар гадаадын хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээ цуцлагдах, газраа зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж зураг төсөл боловсруулсан хашаа байгууламж барьсан зэргээс ажиллагаанд зарцуулагдсан 40 гаран сая төгрөг салхинд хийсэх, огт ашиггүй хөрөнгө оруулалт болж хувирах нөхцөл байдал үүсч, манай компанийн газраа зүй зохистой ашиглах болон санхүүгийн мөн хамтын ажиллагааны эрх ашиг хөндөгдөж байх ба хуульд үл нийцсэн, хуулийн үндэслэлгүй, зорилгодоо үл нийцсэн газрын ашиглах эрх цуцалсан сайдын тушаал шийдвэрийг хүчин болгосноор манай компанийн дээрх эрх ашиг сонирхол сэргээгдэх болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хуулийн үндэслэлгүй цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тусгай хамгаалалттай газрыг 2016 онд ашиглах эрх авсан. Монгол Улсад хавар болон зуны улиралд барилга барих боломжтой байдаг. 2017 онд төслөө баталгаажуулж байж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх бичиг баримтуудыг бүрдүүлж гүйцсэний дараа гэрчилгээ олгосон. Газрын байдалтай танилцахад тухайн газарт өндөр хүчдэлийн агаарын шугам байсан. Аялал жуулчлалын зориулалтаар тухайн газрыг ашиглах учраас өндөр хүчдэлийн шугам нь хүний биед сөрөг нөлөөтэй гэдэг үүднээс тухайн шугамыг зөөвөрлөх хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр У******* ТӨХК-д өгсөн. 2017 онд техникийн нөхцөлөө аван, 2018 онд тухайн шугамыг зөөвөрлөх зургийг хийлгэн, 2019 онд тухайн шугамыг зөөвөрлөсөн. Монгол Улсад Солонгосын жуулчид их ирдэг, тав тухтай орчин байдаггүй учраас Бүгд Найрамдах Солонгосын Улсын иргэдтэй хамтран, харилцан хөрөнгө оруулах маягаар тав тухтай зүйл хийх гэсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс Монгол Улс хилээ хаасан учир онгоцоор нисэх боломжгүй болсон. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мэдэгдэл нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Тухайн мэдэгдлийг хүлээн аваад, нэг цэгийн үйлчилгээ рүү ...Танай мэдэгдлийг хүлээн авлаа. Зөрчлөө арилгах нэг хоногийн хугацаа байна. Энэ хооронд зөрчлөө арилгах боломжгүй байна. Бүх нийтийн хөл хорио тогтоосон учир банк ажиллахгүй байна... гэж мэдэгдсэн. Үүний дараа хөрөнгө оруулагч тал руу мөн энэ тухай мэдэгдэн яаравчлах талаар ярьсан. Тэгээд шинэчилсэн зураг төсөл гаргуулахаар Ш ХХК-тай гэрээ хийх гэсэн чинь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалтай мэдэгдэл 2020 оны 02 дугаар сард ирсэн.

2016 онд тухайн газар ашиглах эрхийг авахад өндөр хүчдэлийн шугам анхнаасаа байсан. Өндөр хүчдэлийн шугамтай газар газар ашиглах эрх олгохгүй гэсэн зохицуулалт байдаггүй юм байна. Хойд талд нь газар ашиглах эрх авахаар арай нарийхан байсан. Би өөрөө солонгос хэлээр ярьдаг учраас тухайн газарт үйл ажиллагаа явуулахаар аман хэлцэл хийж байсан. Тухайн газрын кадастрын зургийг Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулагч нар руу явуулсан. Хөрөнгө оруулагч зураг төсөл боловсруулан ирэх байсан ч ковидын нөхцөл байдлаас болон ирж чадахгүй байна.

Одоогоор батлуулсан, хийлгэсэн техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, батлуулсан зураг төсөл байхгүй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8235 дугаартай сонсох ажиллагааны тухай Танай компанийн газартай холбоотой үйл ажиллагаанд эрх ашгийг чинь хөндөх гэж байна. Иймд хариу тайлбар ирүүлнэ үү... гэсэн мэдэгдэл нь М******* ХХК-иас манай компанид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Гэхдээ тус албан бичигт хариу тайлбараа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхээр заасан. Гэтэл тухайн үед Засгийн газрын 178, 181, 194 дүгээр тогтоолуудаар цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн хөл хорио тавигдсан байсан. Үүнтэй холбоотойгоор манай компани нь тухайн хугацаанд нь хариу тайлбарыг гарган өгч чадаагүй, 12 дугаар сарын 04-нд хариу тайлбараа явуулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс сонсох ажиллагаа хийгдсэн гэдэг үндэслэлээр цаашид сайдын тушаал гарах буюу эрх зүйн актыг гаргах ажиллагаа явагдсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим, 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3 Энэ ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4 Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйгээс сонсох ажиллагаа нь учир дутагдалтай явагдсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 27/31 тоот албан бичгийг үндэслэсэн. Тухайн албан бичигт ...Эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагуудаас шаардлагатай саналыг авч дуусгавар болох мэдэгдэл хүргүүлсэн. 116 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хүргүүлэв... гэсэн байдаг. Тус албан бичиг ирсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан. Тус тушаал нь Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн газрын албаны ирүүлсэн жагсаалт, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн саналыг үндэслэн аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших ашиглах эрхийг цуцалсан. Гэтэл манай компани нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 27/31 тоот албан бичигт дурдагдсан. Харин Хан-Уул дүүргийн Газрын албанаас авсан саналд манай компанийн нэр байдаггүй. Энэ нь гуравласан гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн Газрын албанаас гарган өгсөн газрын төлбөртэй холбоотой бичиг юм. Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн ажлыг судалсан. Тус жагсаалтад мөн З ХХК-ийн нэр байдаггүй. Ямар учраас манай компанийг холбогдох жагсаалтад оруулан газар ашиглах эрхийг цуцалсан нь тодорхой бус байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай нэхэмжлэлийн дагуу шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Тухайн хариу тайлбарт 5 жилийн хугацаанд газраа огт ашиглаагүй гэсэн байдлаар бичсэн. Бусад тайлбарт холбогдох судалгааг авсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэсэн гэсэн боловч манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж буй гол үндэслэл нь 5 жилийн хугацаанд тухайн газраа огт ашиглаагүй гэсэн байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь хуульд нийцсэн эсэх нь учир дутагдалтай. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэсэн. Тухайн хуулийн заалт нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамааралтай заалт юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгохтой холбоотой заалт, газар ашиглах эрхтэй хамааралгүй заалт юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн судалгаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь гарахдаа ямар судалгаа, жагсаалтад үндэслэж гарсан нь ойлгомжгүй. Холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаанд манай компанийн нэр байдаггүй. Газрын төлбөртэй холбоотой судалгаанд, мөн газрыг хууль бусаар авсан асуудлаар эрүүгийн цагдаагийн газраас шалган, судалгааг ирүүлсэнд манай компанийн нэр байдаггүй. Зохих хууль журмын дагуу ашигласан учраас хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй байхад яагаад энэ жагсаалтад орсон гэдэг нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн газрыг зориулалтын дагуу 5 жилийн хугацаанд ашиглаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Манай компани нь Нүхтийн аманд байрлах хойд зүгээс урд зүг рүү явж байгаа өндөр хүчдэлийн агаарын шугамын манай газар дээгүүрх хэсгийг өөрийн хөрөнгөөр, 2017 онд У******* ТӨХК-иас зөвшөөрөл аван зөөвөрлөсөн. Бид тухайн газрыг ашиглах, эрүүл аюулгүй орчин үүсгэхийн тулд өндөр хүчдэлийн шугамыг зөөвөрлөсөн. Үүний дараа барилга байгууламж барих боломжтой болно. Энэ нь тухайн газрыг ашиглаж байгаа хэлбэр мөн. Барилга хот байгуулалтын яамны 2009 оны тушаалд ...Өөрийн хүчин чадлаар буюу дотоод хэрэгцээгээрээ цэвэр болон бохир, дулааныг хангаж байгаа бол заавал архитектур төлөвлөлтийн даалгавар авахгүй... гэж заасан. Тухайн өндөр хүчдэлийн шугам нь анх модон тулгууртай шугам байсан юм байна лээ. Шинэ бетонон шугамаар сольсон байсныг зөөвөрлөж, 30 гаран сая төгрөгийн зардал гаргасан. Аялал, жуулчлалын зориулалттай учраас хүний ая тухтай нөхцөлийг хангах ёстой. Шууд хэдэн модон байшин, гэр барьж тухайн газрыг ашиглаж байна гэж үзэх боломжгүй.

Тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шуудангаар явуулан, тухайн хаягт байхгүй байна гээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа руу буцаан явуулсан. Дараа нь бид нарт холбогдож мэдэгдэхээр нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан. Бид энэ үед газар ашиглах эрхийг цуцалсан гэдгийг мэдээгүй. Зөвхөн сонсох ажиллагааны мэдэгдэл явагдаж байна гэсэн ойлголттой байсан. Цуцалсан тухай мэдэгдээгүй байсан учраас газрын төлөв байдлын үнэлгээ хийлгэх гэж гэрээ байгуулсан.

Мөн дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн гэдэг боловч тухайн мэдэгдлийг өнөөдрийг хүртэл хараагүй байна. Зөвхөн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авсан. Хариуцагч тайлбарлахдаа ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гаргах үндэслэл нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 27/31 дугаар албан бичиг юм, үүнд үндэслэн танай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан... гэж тайлбарладаг. Гэтэл дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн талаар бид мэдэхгүй. Энэ нь төрийн байгууллагын дутуу үйл ажиллагааны үр дүнд манай компанийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Бид газар ашиглах эрх авсны дараа 10 гаран сая төгрөгийн зардал гаргаж, 2,5 метр өндөртэй төмөр хашаа барьсан.

Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн 2008 онд гаргасан тайлбарт одоогийн 2021 оны нөхцөл байдал өөр болсон. 13 жилийн өмнөх тайлбарыг одоо хэрэглэх нь хэр зүй зохистой гэдгийг анхаарах ёстой. Одоо бол судалгаа хийнэ, хөрөнгө оруулалтаа тооцно, хүнд нөлөөлөх нөлөөллийг тооцож үзэх зэрэг олон судалгааг хийж байж гардаг болохоос биш шууд барилга барих гэдэг асуудал байж болохгүй. 2008 онд 2 жилийн дотор барилга барьж болж байсан. Тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гарсан газрыг Нийслэлийн Засаг даргаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулдаггүй байсан. Сүүлийн үед яармагийн бүсэд барилга барьж эхэлснээс хойш архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог болж эхэлсэн. Улсын дээд шүүхийн 13 жилийн өмнө гаргасан тогтоолыг үндэслэн барилга бариагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй байна гэж үзэх нь зөв үү? Манай компанийг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарладаг. Гэтэл Газрын тухай хуульд ..Гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй бол... гэж заасан. Тухайн гэрээнд заасны дагуу манай компани нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах ёстой.

Кадастрын зургаа Солонгос улс руу явуулж холбогдох судалгааг хийж, хамтарч ажиллах хэлцэл амаар хий байсан боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагч нар ирэх боломжгүй болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын үндэслэх хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй учраас тухайн тушаалыг хүчингүй болгон манай компанийн эрх ашгийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/155 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд байршилтай 0.25 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл олгож, ******* дугаар Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 2731 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот гэрээний 3 дугаар зүйлийн 5-д газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдсөн тохиолдолд гэрээг хүчингүй болгож, газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх" гэж заасан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтаа хийж дээрх саналыг ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш гэрээ болон хуульд заасан зориулалтын дагуу 5 жилийн хугацаанд газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон болно.

Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/155 тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын Нүхтийн аманд байршилтай 0,25 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож, 2016 онд ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. Маргаан бүхий захиргааны акт буюу сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалд баримталсан Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь заалт нь сайдын эрхлэх асуудал буюу эрх хэмжээний заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 20.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар заалт, мөн холбогдох дэд хэсэгт заасан албан бичгүүдийг үндэслэн тухайн тушаал гарсан. Гол үндэслэл болгож буй заалт нь Газрын тухайн хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалт юм. Газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтууд юм.

Тушаалд дурдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 27/31 тоот албан бичиг нь тус маргаанд хамааралтай. Нөгөө албан бичгүүд нь нэхэмжлэгчид хамааралгүй. Тухайн тушаал нь зөвхөн З ХХК-д тодорхойлогдсон тушаал биш, олон иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан тушаал, үндэслэл болсон албан бичгүүдийг дэд хэсэгт дурдсан. Бүх албан бичигт тухайн компанийн нэр байх албагүй. Учир нь гаргасан зөрчилтэй холбоотой албан бичгүүдийг зайлшгүй тухайн тушаалд дурдах ёстой учраас дурдсан. Тус маргаанд хамааралтай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 27/31 тоот албан бичгийн хавсралтын 50-д З ХХК-д холбогдох үндэслэсэн хуулийн заалтуудыг дурдсан. Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот гэрээний 3.5-д Газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, зориулалт өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дах хэсэгт заасан нөхцөл бий болсон, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох заалт зөрчигдсөн тохиолдолд гэрээг хүчингүй болгож, газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх гэж заасан бөгөөд тухайн эрхийг хэрэгжүүлэх этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь энэ үүргийнхээ хүрээнд тухайн 27/31 тоот албан бичгийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш гэрээ болон хуульд заасан зориулалтын дагуу газраа 5 жилийн хугацаанд ашиглаагүй. Анх 2016 онд газар ашиглах гэрчилгээг авсан. Газар ашиглах эрхийг цуцалсан тушаал нь 2021 онд гарсан ба нийт 5 жилийн хугацаа байна. Бид тухайн газарт шүүхийн үзлэгийн дагуу очиход ямар нэгэн барилга байгууламж бариагүй, газраа ашиглаагүй болох нь илэрхий харагдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолоор Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Мөн давагдашгүй хүчин зүйлийн талаар Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгч тал Ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор бид үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Тухайн нөхцөл байдал нь хэдэн оноос хэдэн он хүртэл үргэлжилж байгаа нь бүгдэд илэрхий юм. Гуравласан гэрээг 2016 онд байгуулсан. 2006 оны Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах журмын 207-д газар ашиглагч гэрчилгээ гарснаас хойш гуравласан гэрээг байгуулж газраа ашиглах үүрэгтэй гэж заасан. 2016 оноос хойш З ХХК нь үйл ажиллагаа явуулан, газраа ашиглан, газрын төлбөрөө төлөх үүрэг нь үүссэн. Гэтэл 2020 онд Ковид-19 өвчний хорио цээрийн нөхцөл байдал үүссэн гэхэд 2019 он хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Өнөөдрийн байдлаар 5 жилийн хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна.

Цахилгааны шугам зөөвөрлөснийг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Өнөөдөр шүүхийн үзлэг хийх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн биеэр байлцсан. Шүүхийн зүгээс үзлэгтэй холбоотой асууж, тодруулах ажиллагааг хийх үед нэхэмжлэгч нь тухайн газарт барилга байгууламж бариагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Тухайн газарт барилга байгууламж бариагүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй талаар тодорхой хуулийн заалтыг үндэслэсэн.

Дээрх тушаалыг гаргахдаа захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 27-д заасны дагуу сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн тухай албан бичиг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бүртгэлтэй тухайн компанийн хаягт шуудангаар хүргүүлсэн.

Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй нь харагдаж байна. 2016, 2017, 2018 онуудад газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Сүүлд 2020 оны 12 дугаар сард нөхөж төлсөн байна. Гуравласан гэрээ нь ямар үүрэгтэйгээр мөн зориулалтаар байгуулагддаг гэдгийг талууд ойлгож байгаа гэж найдаж байна. Газрын төлбөрийг хугацаанд төлөх үүргийг газар ашиглагч хүлээдэг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа бид газрын төлбөрөө төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн тооцоо нийлсэн актыг харвал 2016 онд 2,128,000 төгрөгийг төлөх ёстойгоос 478,000 төгрөгийг төлсөн, 1,650,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. 2017 оны газрын төлбөр 3,300,000 төгрөгийг төлөөгүй. 2018 оны газрын төлбөр 3,300,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Нийт 11,000,000 гаруй төгрөгийг төлөх ёстойгоос 2019 онд төлсөн 9,969,500 төгрөгийг хасахаар 1,863,310 төгрөгийг 2020 онд төлөөгүй үлдсэн. 2016 онд төлбөрийн үлдэгдэл байсан. 2017, 2018 онд огт төлбөр төлөөгүй. 2019 онд шинэчилсэн дүнгээр төлөхдөө 9,969,000 төгрөгийг төлөөд 2020 онд 1,863,310 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2020 оны 12 сард нийт үлдсэн 5,446,422 төгрөгийг төлөөд төлбөрийн үлдэгдэлгүй гэж гарч байна. Нэхэмжлэгч өөрөө дурдахдаа дараа онд төлөх ёстой байсан гэж тайлбарлаж байна. 2016 оны төлбөрийг дараа онд нь төлөөгүй байна, 2017 оны төлбөрийг 2018 онд төлөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэлүүд нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэн гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс тухайн компанийн газар ашиглах эрх хүссэн тухай, түүнтэй холбогдуулан өгсөн материал, мөн компанийн мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн. Тус компани төрийн захиргааны байгууллагад өөрийн хаягаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК нь тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 дугаар тушаалаа З ХХК-д Хан-Уул дүүргийн ******* хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 0,25 га талбай бүхий газрыг таван жилийн хугацаанд ашиглах эрх олгож, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай газар ашиглах гэрчилгээ бичиж, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурван талт гэрээ байгуулагдсан байдаг.

Нэхэмжлэгч З ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай тус компанийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай ******* тоот гэрээний 4.1-д З ХХК нь тухайн газар дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний хүрээнд 60 ортой зочид буудал, ресторан, гал тогоо, биллярд, саун, автомашины зогсоол, хурлын танхим зэргээс бүрдэх аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлнэ, 4.2-т газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлнө, 5.4-т Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байжээ.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8235 дугаартай албан бичгээр хүргүүлсэн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх тайлбар авах сонсох ажиллагааны мэдэгдэлд, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дугаар албан бичгээр хүргүүлсэн саналд тус компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүй ашиглаагүй гэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар тусгасан ч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүй ашиглаагүй гэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн байдаг.

Ийнхүү шийдвэрийн үндэслэл болоогүй ч сонсох ажиллагаа хийсэн үндэслэл болсон газрын төлбөр төлөлтийн тухайд, З ХХК нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээгээр 2016 онд 2,128,000 төгрөг төлөхөөс 478,000 төгрөг төлж, 1,650,000 төгрөгийг төлөөгүй, 2017 онд 3,300,000 төгрөг төлөхөөс огт төлөөгүй, 2018 онд 3,300,000 төгрөг төлөхөөс мөн огт төлөөгүй, 2019 онд 3,582,000 төгрөг болон өмнөх онуудын үлдэгдэлд 9,969,500 төгрөг төлж, 1,863,310 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг 2020 онд тухайн жилийн төлбөр 3,582,812 төгрөгийн хамт 5,446,122 төгрөгийг төлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байжээ.

Ийнхүү дээрх байдлаар хугацаандаа төлөөгүй байсан газрын төлбөрийн үлдэгдлийг төлж, энэ талаараа болон аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөсөн ч цар тахлын хөл хорио тогтоосноос шалтгаалж гадны хөрөнгө оруулалтын хэлэлцээр цуцлагдсан, газраа хашаалсан тухайгаа тус компани 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20/04 тоот албан бичгээр яаманд хариу тайлбарласан байдаг.

Сонсох ажиллагааны дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэх газар ашиглах эрхийг цуцлах нэг үндэслэл арилсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл арилаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь тус газар дээр байсан цахилгаан дамжуулах агаарын шугамыг нүүлгэн шилжүүлэхэд 30 гаруй сая төгрөгийн, газраа хашаалахад 10 сая төгрөгийн зардал гаргасан, газраа ашиглахаар гадаад улсаас санхүүжилт авахаар аман хэлцлээр гэрээ байгуулагдах шатанд явж байсан боловч дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирус /ковид-19/-ын халдварын цар тахлын улмаас хойшлогдоод байсан, сонсох ажиллагааны дагуу газрын төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа бол хариуцагч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалт хийгдэж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар гаргасан саналыг үндэслэсэн, газраа хашаалсныг, цахилгаан дамжуулах агаарын шугамыг зөөвөрлөснийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй хэмээн тайлбарлав.

Тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохоор заасан, хуулийн энэ зохицуулалт нь газар ашиглагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүйг ойлгоно.

Гэрээнд зааснаар газар ашиглагч газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд мөн Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах зохицуулалттай байна.

Шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч компани нь ашиглах эрх авсан газраа хашаалснаас өөрөөр аялал жуулчлалын зориулалтаар аливаа үйл ажиллагаа явуулаагүй, төсөл хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулахтай холбоотой гэрээ хэлцэл байгуулаагүй, зураг төсөл боловсруулаагүй, эрх бүхий этгээдээр аливаа зураг төсөл батлуулаагүй, техникийн нөхцөл аваагүй, үүнийгээ цогцолборын барилгын ажлыг 2020 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын хөл хорионы улмаас хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийгдээгүй байсан гэж тайлбарлах ч газар ашиглах гэрээ байгуулагдсан 2016 оноос хойш 2020 оныг дуустал 4 жил гаруй хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан болохоо нотлоогүй болно.

Газар ашиглах эрх олгогдох үед газар дээгүүр байсан цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийг зөөснийг гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзэхгүй. Ашиглах эрх авахдаа цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий газрыг авч шугамын байршлыг шилжүүлэн зөөх байдлаар газраа зориулалтын дагуу ашиглахад бэлдсэн хэрэг болохоос зориулалтын дагуу ашиглаж буй хэрэг биш, түүнчлэн энэ нь гэрээнд заасанчлан аялал жуулчлалын зориулалтаар ашиглах урьдач нөхцөл бүрдүүлж буй хэрэг биш юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, гэрчилгээгээр маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаагүй гэж шүүх үзлээ.

Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, эрхийг цуцлах шийдвэр гаргах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулсан ч цуцлах үндэслэлийг Газрын тухай хуулиар зохицуулсан, тухайлбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болох-оор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор газар эзэмших эрх дуусгавар болох-оор заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан, газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгоход энэ зохицуулалтыг хэрэглэх тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн, эрх хэмжээнийх нь хүрээнд байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан З ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА