Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/1014

 

     А.Э, Б.Ү, Ц.Д нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогч Л.Оын өмгөөлөгч Л.Отгондорж,

яллагдагч Б.Үын өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2513 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 110 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Э, Б.Ү, Ц.Д нарт холбогдох 1906008231357 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Аийн Э, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Лидер финанс” байгууллагад нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. С овгийн Бийн Ү, 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 112 дугаар байрны 48 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            3. Н овгийн Цын Д, 1994 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд резидент эмч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 6 дугаар баг, Ягаантолгой, 41 дүгээр гудамжны 462 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны дотуур байрны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

            Яллагдагч А.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Аг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.Ү нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ан нүүрэн тус газар цохиж 3 шүдийг эмтэлж, 1 шүдийг хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Ц. Д нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Отай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Яллагдагч А.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.Ү, Ц.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж хуульчилжээ. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан сидиний бичлэгт харагдах үйл баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй эргэлзээ бүхий байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Д.Агийн үйлдэлд гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэх, мөн гэрч Ц.Жавхлантөгс, Ж.Гомбосүрэн, Б.Хангай нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байх тул шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Мөн А.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйл баримт, яллагдагч Б.Ү нь тухайн үед хохирсон эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй. ...” гэсэн үндэслэлээр, прокурорын газраас яллагдагч А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, яллагдагч Б.Ү, Ц.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1906008231357 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчаар Т.Мөнх-Амгалан оролцсон атал захирамжид огт дурдаагүй. Яллагдагч Б.Үын “...Д миний найз Оыг цохиж унагаасан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Хоёр хувь тогтоолыг алга болгосон. ...Тухайн үед маргалдаж байхдаа Д.Агийн 1 үүдэн шүд рүү цохиж хугалсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний баруун гарын дунд хурууны үе, шүд цохисноос болоод нилээн том язарсан байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...”/1хх 109-112/ гэж, яллагдагч Ц.Дийн “...Би араас нь гүйж очоод Оын нүүрэн тус газар 1 удаа цохисон. ...Писи тоглоомын газраас үл таних 4 залуу гарч ирээд ... А нэг залууг чи миний шүдийг хугалсан гэж дайраад байхаар нь нөгөө залуусын нэг нь түүнийг зодчихоод яваад өгсөн. ...” /1хх 120-122/ гэж, яллагдагч А.Эгийн “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Д.А Б.Хангайг чи миний шүдийг унагачихлаа гэж хэлээд цустай уруулаа гаргаж харуулж байгаад Б.Хангайгийн цээжин тус газар цохиод цааш зугтаах гэхээр нь би араас нь гүйцэж ирээд Агийн араас 1 цохисон. Эргэж хараад намайг 2, 3 цохиод бид 2 хоорондоо хэд хэд цохилцож байхад А газар унаад нүүрээ гараараа хамгаалаад ... зодоон болохын хувьд болсон. ...” /1хх 136-138/ гэж яллагдагч нар хэргийн талаар мэдүүлсэн бөгөөд доорх нотлох баримтуудаар хохирогч Д.Агийн “...Цэ баарны гадна байсан урт үстэй залуу биднийг та нарт наад охидууд чинь чихдүүлэхгүй гээд байгаа юм биш үү гэж хэлэхээр нь ... манай найз Ц.Д очоод 1 цохиод унагаасан. Найз нь гэх залуу гарч ирээд та нар миний найзыг яаж байна гэж хэлээд миний ам руу нэг удаа цохисон. Миний дээд талын 1 үүдэн шүд унасан. ...Тэгсэн нэг мэдэхэд үл таних 3-4, хорь орчим насны залуус гэнэт гараад ирсэн. ...Бусад гэмтэл нь нөгөө залуучуудад зодуулах үед үүссэн. ... “ /1хх 21-23, 24-25/ гэх, гэрч Ц.Жавхлантөгсийн “...Үл таних урт үстэй залуу бидэн рүү ... бүдүүлэг үг хэллэг хэлээд А түрүүлж очоод чи муу юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Д араас нь гүйж очоод О гэгчийн нүүрэн тус газар гараараа цохиод унагаасан. ...Оын найз нь Агийн шүд рүү нэг удаа цохиж, шүдийг нь эмтэлсэн. Харин Писи-нээс гарч ирсэн залуучуудын нэг болох цагаан өнгийн захтай, хар өнгийн савхин хүрэмтэй залуу Аг газар унасан байхад толгой дээр нь 5-6 удаа орчим дэвсэлж байсан. ...” /хх 33-35,146-147/ гэх, гэрч Б.Хангайгийн “...Цэ пабын дэргэд ... нэг эрэгтэй хүн урт үстэй эрэгтэйг цохисон чинь урт үстэй залуу цохиулаад газар унасан. Цохисон залууг нь боль гээд салгасан. ...Тухайн үед тэр залуугийн дээд талын үүдэн нэг шүд нь унасан байсан. ...А.Э цагаан өнгийн нэхий захтай бор өнгийн савхин хүрэмтэй, малгайгүй байсан. Э бид 2 араас нь хөөсөн. ... Э рүү харсан Э, Бат-Оргил нар шатаар өгсөөд дээш гарч байсан. Тэгсэн А гэгч нь шатны доод талын харанхуй хэсэгт хэвтэж байгаа харагдсан. ...” /1хх 33-38/ гэх, гэрч Б.Цэрмаагийн “...Ухаан алдаж унасан залуугийн найз залуу Цэ пабаас гарч ирээд Атай муудалцсан Жавхлантөгс уйлчихсан Агийн нүүр нь цус болсон, Цэ пабын цаад талын шатны доод талаас гарч ирсэн. ...Оыг Д түрүүлж нүүрэн тус газар нь цохисон чинь ухаан алдсан. ...” /1хх 89-91/ гэх, гэрч Ж.Гомбосүрэнгийн “...Тухайн үед би замын наад талд зогсож байгаад замын дэргэд байрлах хажуу талын шатны талаас яваад очсон, А хана налаад, газар суугаад, толгойгоо хамгаалсан байдА, Хангай болохоор Эг тэврээд түүнээс холдуулаад шатаар өгсөөд гараад ирсэн. ...Д.Агийн байсан газар нь харанхуй булан байсан, үйл явдал их хурдан, богинохон хугацаанд болж өнгөрсөн. Намайг ирмэгц А.Эгийн араас Хангай тэврээд салгасан байдА шатаар гарч ирсэн. ...” /1хх 142-145/ гэх, Шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1789 дугаартай дүгнэлт /Д.Агийн/, шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2250 дугаартай дүгнэлт /Ч.Оын 1хх 52/, шинжээч О.Болороогийн /1хх 54/ мэдүүлэг, шинжээч Т.Сэлэнгийн /1хх 43-50/ мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан баримтууд /1хх 151-155/, Д.Агийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх 8/, эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг /1хх 11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-15/, хохирогч Д.Агийн өвчний түүх /1хх65-83/, Д.Агийн гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардлын баримт 3.479.263 төгрөг /1хх 95-100/, шүдний эмчилгээ хийлгэсэн баримт нийт 400.000 төгрөг /1хх 101-102/, хохирогч Ч.О гэмт хэргийн улмаас ажилдаа 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 25-ны өдрийг хүртэл болон 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 1-нийг хүртэл ирээгүй хугацааны цалин 477.272 төгрөг нэхэмжилсэн, мөн хохирлын баримтууд болон эмчилгээ хийлгэсэн баримтууд 1.602.130 төгрөг /1хх 157-167/ зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг хэн, хаана, ямар байдлаар хэзээ, хэдийд, хэнд, ямар хор уршиг учруулсан талаар яллагдагч нарын дээрх мэдүүлгийг давхар нотолсон байдаг.

            Хэрэгт гэрч Ц.Жавхлантөгс, Ж.Гомбосүрэн, Б.Хангай нарын өгсөн мэдүүлгүүд нь өөрсдийн харсан зүйлээ тодорхой мэдүүлсэн талаар гэрчийн мэдүүлэгт дээр дурдсан. Тухайлбал хэнд, хэн ямар үйлдэл хийж, ямар байдлаар хохирол учруулсан, ямар хувцастай байсан талаар оролцогч нар тодорхой мэдүүлсэн төдийгүй таньж олуулах ажиллагаагаар дээрх гэрч нарын мэдүүлэг давхар нотлогддог. Хохирогч Д.Агийн мэдүүлэгт “Би зодуулахаас өмнө Ү миний үүдэн шүдийг цохиж унагаахаар би Үыг зөрүүлж нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Мөрдөгчөөс шинжээч томилох тогтоол үйлдсэн боловч яллагдагч Б.Ү үзүүлээгүй талаар тогтоол, яллагдагчийн “...шүүх эмнэлэгт үзүүлээгүй, 2 хувь тогтоолыг алга болгосон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан атал захирамжид “Д.Агийн үйлдэлд гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэх” гэж дурдсан нь ойлгомжгүй юм. Мөн “Яллагдагч Б.Үыг хохироосон эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй” гэжээ. Гэтэл хохирогч Д.Агийн мэдүүлэгт “үүдэн шүдийг цохиж унагаахаар би Үыг зөрүүлж нэг удаа цохисон” гэх мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн Б.Үын өгсөн мэдүүлгийн дагуу мөрдөгчөөс шинжээч томилсон боловч яллагдагч шинжилгээг хийлгээгүй, хохирлын баримт, тухайлбал эмчилгээ хаана, ямар байгууллагаар, ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ирүүлээгүй бөгөөд Б.Үын хохирсон эсэх асуудлыг нарийвчлан тогтоогоогүй, захирамжид дурдсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгосон “...мөрдөгч шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол...” гэсэн заалтыг захирамжлах хэсэгт үндэслэл болгосон атлаа энэ талаар үгүйсгэсэн няцаасан дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаар сарын 16-ны өдрийн 2513 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд намайг бүлэглэж зодсон. Тухайн үед гэрч Жавхлантөгс надтай хамт явж байсан. Анхан шатны шүүх хуралд оролцоогүй. Хөдөө байсан тул оролцох боломжгүй байсан. Намайг бүлэглэж зодсон хүмүүс гэрч болсон байна. Намайг гол зодсон хүн Э байгаа. Би Л.Оын хөл рүү өшиглөсөн. ...” гэв.

            Хохирогч Д.Ан өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Л.Оын өмгөөлөгч Л.Отгондорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Захирамжид Агийн буруутай үйлдэл байсан эсэх гэдэг асуудлыг дурдсан. Прокурорын дурдсанаар ганцхан Үын буруутай үйлдэлтэй холбоотой гэж үзэхгүй байна. Хохирогч Л.От хөнгөн хохирол учруулсан гэж зөвхөн Ц.Дид холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Нотлох баримт шинжлэн судлаад, сиди бичлэгийг үзэхэд Л.Оыг эхлээд Ц.Д цохиж унагаадаг. Үүний дараа хохирогч Д.А очоод нүүрэн тус газар нь нэг цохидог, нэг удаа өшиглөдөг. Энэ үйлдэлд ямар нэгэн шалгах ажиллагаа явагдаагүй. А өөрөө мөн мэдүүлдэг. “Оыг унасны дараа очиж өшиглөсөн” гэдэг. Хохирогч Л.От учруулсан гэмтлийг Ц.Д ганцаараа учруулсан уу, А оролцсон уу, үгүй юу гэдгийг шалгаагүй. Гагцхүү Ц.Д гэмтэл учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хохирогч Л.О ямар нэгэн байдлаар биеэ хамгаалах чадваргүй байхад очиж цохисон үйлдэл байдаг. ...” гэв.

            Яллагдагч Б.Үын өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг буцаахдаа хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн. Анхан шатны шүүх хуралд гэрч Хангай, Бат-Оргил нар оролцсон. Гэрч Жавхлантөгсийг оролцуулах шүүгчийн захирамж гарсан боловч тухайн шүүх хуралд ирээгүй тул оролцуулах боломжгүй гэх захирамж гарсан. Шүүх хурал өглөө 9 цагт зарлагдсан боловч прокурор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байсан. 2 цагийн дараа эргүүлээд бид нарыг цуглуулаад шүүх хуралдааныг хийсэн. Би шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй. Хэргийн материА танилцахаар хоёр янзын бичлэгийг Үыг хуулаад ир гэдэг байдлаар мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Мөрдөн байцаагч хоёр талаас нь авсан бичлэгийн нэг талын бичлэгийг нь хэрэгт авч эд мөрийн баримтаар тооцсон байдаг. Нэгэнт урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан тул миний зүгээс шүүгдэгчид ашигтайгаар хүсэлтээ тавьсан. Уг сидиний бичлэг дутуу байна. Зарим хэсгийг мөрдөн байцаагч авч хэрэгт хийгээгүй байна гэдэг байдлаар хүсэлтээ гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэдэг хариу өгдөг. Тэр сиди бичлэг дээр Д.А найзтайгаа зодолдож байгаа бичлэг харагддаг. Тэр сиди бичлэгийг уг хэрэгт огт оруулаагүй. Уг бичлэгээр миний үйлчлүүлэгч Б.Ү хохирогч Ад хөнгөн гэмтэл буюу шүдийг нь хугалаагүй харагддаг. Гэрч Жавхлантөгсийн мэдүүлэг худлаа болох нь уг бичлэгээс харагддаг. Хохирогч Д.А өөрийнхөө найзтай зодолдсон харагддаг. Хохирогч Д.А нь Б.Үыг зодсон асуудал байдаг. Энэ байдлыг тогтоогоогүй. Миний үйлчлүүлэгчид мөрдөн байцаагчийн зүгээс тогтоол танилцуулсан байдаг. Үүнийг нь хаясан гэдэг боловч, Б.Үын зүгээс хамар мурийсан гэх баримтыг гаргаж өгдөг. Иймд хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоогоогүй, гэрчүүдийг хангалттай асуугаагүй, гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон тул прокурорт хэргийг буцаах хууль зүйн үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч хохирогчийн байр сууринаас оролцох боломжтой. Ад гэм буруу байгаа эсэх, бүлэглэсэн эсэх нь сидиний бичлэгийг бүрэн дүүрэн хэрэгт бэхжүүлсэн тохиолдолд харагдана. ...” гэв.

            Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Э, Б.Ү, Ц.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2513 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүх хуралдаанд оролцсон прокурорын нэрийг бичилгүй орхигдуулан, хэт хайнга хандсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч” нарыг тусгана гэснийг зөрчжээ.

Түүнчлэн, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн захирамжид “...Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан сидиний бичлэгт харагдах үйл баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй эргэлзээ бүхий байна. ...” гэж ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар дүгнэлт хийжээ.

Хавтас хэрэгт авагдсан ямар гэрч, хохирогчийн ямар мэдүүлэг өөр хоорондоо хэрхэн зөрүүтэй байгаа нь тодорхойгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хэргийг буруу тусгаарласан бол ...”, 1.2-т “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...”, 1.3-т “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол...” гэж тус тус заасан бөгөөд аль үндэслэлээр нь буцааж байгаа нь тодорхойгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон А.Э, Б.Ү, Ц.Д нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 110 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2513 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Э, Б.Ү, Ц.Д нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл А.Э, Б.Ү, Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ