| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
2023 01 24 2023/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: О.Пүрэвсүрэн,
хохирогч: Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
шүүгдэгч: Э.П нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.12.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бат-Өнжүүл суманд 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баян Өнжүүл сум 0 дугаар баг Цээл гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Ш овогт Эын П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “000” нэртэй караокены гадаа иргэн Б.Бийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-1/,
- Хохирогч Б.Б “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Төв аймгаас мах зарахаар 10 цагийн орчимд Улаанбаатар хотод орж ирээд дандаа таньдаг хүмүүсээ гэрт хүргэж өгөөд борлуулж байгаад үлдсэн махаа аваад буцах гээд явах замдаа Нисэхийн эцэст өмнө хөдөө саахалт айл байсан Пт мах хүргэж өгөөд Төв аймаг явж байх замд П над руу залгаад чи буцаад хүрээд ир ойрд уулзаагүй юм чинь өнөөдөр нэг газар орж сууя гэхээр нь би буцаад аймгаас 23 цагийн орчимд Улаанбаатар хотод замын унаанд сууж ирэхэд П намайг нисэхээс тосож аваад Баруунсалаа гэх газарт П ахындаа дагуулж ирээд 2,5 граммтай Боргио нэрийн 3 том савтай пиво 5-уулаа уугаад тойрог гэх газарт ирээд “000” нэрийн бааранд П, миний хамаатан У, Пын хоёр ах бид бааранд орох замдаа хоёр залуутай танилцаад 7-уулаа хамт ороод нэг ширээнд суугаад 0.75 граммтай хоёр шил Экс нэрийн архи авч уугаад дуусаад бүгдээрээ гараад би Птой маргалдаад намайг цохихоор нь би тонгорч унагаад дараад байж байхад нэг нь миний зүүн нүд рүү өшиглөсөн тэгээд би санахгүй байж байгаад ухаан ороход нөгөө танилцсан хоёр залуу байж байсан нэг ах ирээд чи наад цусаа угаагаад цагдаа дуудаач гэж байсан. Тэгээд цагдаа ирээд хамт байсан хоёр залууг надтай хамт суулгаад явж байгаад намайг буу эмнэлэгт үзүүл гээд буулгаад тухайн хоёр залууг аваад явсан. Тэгээд би хадам эгчтэйгээ холбогдоод такси бариад очсон. Зүүн нүд, чамархай маш их өвдөж байна, хамар бас зүүн талын чих толгой маш их өвдөж байна гомдолтой. Тэр үед эхлээд П манай хамаатны дүү болох У хоёр маргалдахаар нь би Уыг өмөөрөөд Птой маргалдсан. Манай дүү У найз П нар нь хоорондоо ер нь л таардаггүй маргалдаад байдаг байсан юм. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээсээ өмнө У, П нарт хэлж байсан ба та 2 хоорондоо таардаггүй шүү аятайхан идэж уугаарай гэж хэлж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй. П бол намайг ямар ч байсан цохиж зодсон. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш би Гэмтэл согог сэргээх Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хохирлоо барагдуулж авмаар байна. Эмчилгээ үйлчилгээ авсан баримтууд байгаа гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /х.х-4-12/,
- Гэрч С.У “2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 03-04 цагийн үед тухайн “000” нэртэй караоке хаах гээд бид 4 тухайн караокеноос гараад зогсож байгаад би Пын шилэн хүзүүн дээр нь гараа тавьтал П уурлаад яагаад гараа мөрөн дээр тавиад байна гээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Б намайг өмөөрөөд Птой маргалдаад хоорондоо барьцалдаж аваад Б Пыг газар унагасан чинь П босож ирээд Бийн нүүр рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд бас П Бийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /х.х-16-18/,
- Гэрч Г.Г “...Тэр үед Бийн биед учирсан гэмтлийг П учруулсан. Бийг Поос өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /х.х-20-22/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.11.26-ны өдрийн 15718 дугаартай “Б.Бийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацар, зүүн чих, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /х.х-25-26/,
- Яллагдагч Э.П “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд найз Б Төв аймгаас ирчихлээ уулзъя гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй караокед Бтой уулзсан ба тухайн үед би найз У, Г нарын хамт явж байсан. Тэгээд Б, У, Г бид 4 тухайн “000” нэртэй караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тухай өдрийн буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 04 цагийн орчимд тухайн караоке хаах болоод бид 4 караокеноос гараад гадна нь зогсож байтал У над дээр ирээд миний мөрөн дээр гараа тавихаар нь би Ут уурлаад яагаад гараа мөрөн дээр тавиад байгаа юм бэ гэтэл У миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Уын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь Б хамаатны дүү болох Уыгаа өмөөрөөд над руу дайраад байхаар нь Б бид 2 зууралдаад барьцалдаж аваад Б намайг газар унагахаар нь би босож ирээд Бийн нүүр рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөөд бас Бийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон тэгээд бид нар явцгаасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх /х.х-56-59/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э.Пын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Пнь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “000” нэртэй караокед үйлчлүүлсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд караокений гадна талд байхдаа С.Уыг “мөрөн дээрээ гараа тавилаа” хэмээн урлаж С.Уын нүүрэнд 1 удаа цохьсон, С.Ууганбаярыг өмөөрсөн иргэн Б.Бтой маргалдан зодолдож, түүний бие махбодид “хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацар, зүүн чих, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б.Бийн мэдүүлэг /х.х-4-12/, хүний биед хийсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.11.16-ны өдрийн 15718 дугаартай дүгнэлт /х.х-25-26/, гэрч С.Уын мэдүүлэг /х.х-16-18/, Э.Пын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.П нь урьд өмнөх хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр Б.Бтой маргалдан түүний нүүр рүү нь гараараа болон хөлөөрөө цохиж зодсон, улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Э.П нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Э.Пүрэв-Очироос шаардах эрхтэй байна.
Хохирогчоос хэрэгт хавсаргуулсан зарим баримт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зардалд хамаарахгүй /шатахууны болон хоол, хүнсний баримт/ байх тул шүүгдэгч Э.Поос 904440 төгрөгийг гаргуулах тооцоо гарсан ба Э.П нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах талаар 5 хоногийн завсарлага авах тухай хүсэлтийг гаргасныг хангаж шүүх хуралдааныг завсарлуулахад шүүгдэгч Э.П нь хохирогчийн хохирол төлбөрт 905000 төгрөгийг төлж барагдуулсан тул өнөөдрийн байдлаар Э.П нь бусдад төлбөргүй болсон байна.
Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл нь баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Б.Б нь зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Поос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.П нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлж бусдад төлбөргүй болсон, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид цаашид эмчилгээ шинжилгээтэй холбогдон зардал гарсан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх саналыг, хохирогчоос “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирол төлбөрөө төлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 0-7 насны 3 хүүхэдтэй амьдралын төлөө зүтгэж яваа залуу байгаа. эхнэр нь 7 хоногийн өмнө амаржсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Дээрх нөхцөл байдал болон Э.Пын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоон шийтгэж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Эын Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Эын Пт 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.П нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчид 905000 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Б.Б нь зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Поос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Э.Пт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиар шинжлэн судалсан дүрс оношилгооны төвийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, КТГ хийлгэсэн төлбөр 36000 төгрөг төлсөн баримтыг хуулбарлан авч, Э.Пт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогч Б.Бд баримтаар хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ