Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

 

 

        

     2023      01        25                                         2023/ШЦТ/43

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2238000000693 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах “50 100 Event Hall”-ийн караокены зурагтыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хагалж гэмтээж, 2.222.900 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000693 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “50 100 Event Hall” рестораны караокед суурилуулсан 65 инчийн Skywoth маркийн LCD зурагтыг таваг шидэн хагалж, 2.222.900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ын өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.М-ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах “50 100 Event Hall-ийн Алтангадас караокед үйлчлүүлж байсан хүмүүс нөгөө талаас жижиг караокенд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргаан үүсгэж Алтангадас караокены өрөөнд байсан 65 инчийн Skywoth маркийн зурагт хагалсан байсан. Би тэр үед байгаагүй болохоор хараагүй. Манай байгууллагын ажилчид надад хэлж ярьснаар л би тийм зүйл болсон юм байна гэж ойлгосон. Уг асуудалд байгууллагыг төлөөлөн миний бие хохирогчоор оролцохоор болсон. Тухайн зурагт хагарснаар манай караокены өрөө нь нэг цагийн 50.000 төгрөгийн тарифтай ажилладаг, өглөө 10 цагаас орой 00 цаг хүртэл нэг өдөрт нийт 12 цаг ажилладаг. Өдөрт 8 цаг ажиллахаар тооцоолж нэг өдрийн 400.000 төгрөг буюу 1 өдрийн орлого нийт 1 сая 200.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээр нь зурагтны төлбөр 3 сая төгрөг нэхэмжилнэ. Ингээд 4 сая 200.000 төгрөгийн хохирол гэм буруутай этгээдээс нэхэмжлэх саналтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Д.Н-ийн: “Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Event Hall-д ресепшнээр ажиллаж байхад манай Дөл караокед оройн 20 цагийн үед дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй орсон. Тэр хүмүүсийн дараа хажуу талынх нь Алтангадас караокед зургаан эмэгтэй, нэг эрэгтэй орсон. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Алтангадас караоке дотор хүмүүс маргалдаж зодолдох чимээ гарсан. Би яваад очсон чинь хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Тэгээд үүдэнд нь зогсож байхад тасхийх чимээ гарсан. Тэгээд нэг хүүхэн дотроос нь хаалга онгойлгож өгсөн. Би орсон чинь караокены зурагт хагарсан байсан. Зурагтны доод талд цагаан өнгийн шаазан таваг хагарсан байсан. Өрөөнд байсан хүмүүс тэр дотор байсан нэг эмэгтэйг зааж энэ эмэгтэй бичлэг хийж орж ирээд хэрүүл маргаан үүсгээд, таваг шидээд зурагтны дэлгэц хагалчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Ш.Д-ын: “Би 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 19 цагийн үед найз Б.Б-ийн төрсөн өдөр дээр очсон. ...Би удалгүй араас нь орсон чинь өрөөнд нэг жижиг биетэй эмэгтэй ороод ирчихсэн байсан бөгөөд О.Д- тэр эмэгтэйд хандаж чи яагаад бичлэг хийж байгаа юм утсаа өг гэж хэлж байсан. О.Д- өрөөнд байсан хүмүүст хандаж энэ хүүхэн өрөөний хаалганы гаднаас бичлэг хийгээд зогсож байна гэж байсан. Би О.Д-г орох гэхэд л өрөөний үүдэнд тэр эмэгтэй бичлэг хийгээд зогсож байхаар нь түлхээд оруулаад ирсэн юм байна гэж ойлгосон. Тэр танихгүй хүүхэн утсаа өгөхгүй гээд О.Д- утсаа өг бичлэгээ устга гээд байсан. Тэгээд л тэр хүүхэн өгөхгүй гээд учиргүй сарвалзаад буйдангийн дэр энэ тэр авч савчаад, хойшоо хөшиг шиг юм байсан чинь тэрийг хий налж унаад, орилж хашгираад агсамнаад байсан. Тэр бүр нэлээд согтуу байсан бөгөөд аймар агсам зантай эмэгтэй байсан. Тэр эмэгтэй хөл дээрээ тогтохгүй шахуу л гуйваад өөрөө унаж босоод өрөөнд цамнаад байсан. Буйдан энэ тэр дээр үсэрч гараад байсан. Тэр эмэгтэй тэгж байгаад нэг хавтгай цагаан таваг аваад шидсэн чинь ямар нэгэн хүн оноогүй, тасхийгээд дуугарсан чинь таваг нь хагараад унасан. Тэгээд харсан чинь манай өрөөний караокений голын том зурагтыг оноод хагалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч О.Д-гийн: “Би 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 19 цагийн үед найз Б.Б-, Э.Э-, Ш.Д-, Г-, Б.Б-ийн найз эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт “50 100 Event Hall-ийн том өрөөтэй караокед нь орсон. ...Тэгээд Ш.Д- бачуураад байна гэхээр нь би хамт гараад коридорт юм ярьж байгаад буцаад орох гэж байтал манай караокены өрөөний хаалганы завсраар нэг эмэгтэй утсаараа бичлэг хийгээд үүдэнд нь зогсож байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг түлхээд өрөө рүүгээ оруулсан. Оруулаад утсаа өг, эсвэл бичлэгээ устга гэсэн чинь утсаа өгөхгүй тэрүүгээр орилж чарлаад агсам тавиад хавийн юм авч шидээд байсан. Тэгж орилж байхдаа нэг таваг авч шидээд караокены зурагтыг

шидсэн тавгаараа оноод хагалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэрч Э.Э-ийн: “2022 оны 10 сарын 21-ний өдөр найз Б.Б-ийн төрсөн өдөр болоод “50 100 Event Hall-ийн караокед орсон. Тэнд караокены 2 өрөө байсан бөгөөд бид нар урд талын буюу яг 00-ийн хажуу талын өрөөнд нь орсон. Б.Б-ийн төрсөн өдөрт би, Ш.Д-, О.Д-, Г- буюу Г-, миний таньдаг Д- гээд эмэгтэй бид хэд очсон. ...Тэгээд бид нар архи пиво уугаад төрсөн өдөр тэмдэглээд өрөөндөө байцгааж байтал Ш.Д-, О.Д- хоёр өрөөнөөс гарсан. Өрөөнд Б.Б-, Г- бид гурав байж байтал О.Д- гаднаас өөрөө араас нь орж ирээд тэр хүүхнийг нэг эмэгтэйг түлхэж оруулж ирээд утсаа өг энэ тэр гээд байсан бөгөөд тэр хүүхнийг өрөөний үүдэнд хаалганы завсраар бичлэг хийгээд зогсож байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь бид нар юун хүн юм чи яагаад бичлэг хийж байгаа юм, устга энэ тэр гэсэн чинь тэр хүүхэн гар утсаа өгөхгүй байсан бөгөөд дэр авч шидээд, тэнд ширээн дээр байсан юмнуудыг авч шидээд агсамнаад байсан. Тэгж байгаад тасхийгээд явчихаар нь харсан чинь цагаан шаазан таваг голын том зурагтны өмнө хагарч унасан байсан бөгөөд зурагтны дэлгэц нь харлаад доогуураа зураас татчихсан байсан. ...Тасхийгээд зурагт хагарангуут гаднаас зөөгч энэ тэр хоёр эмэгтэй орж ирээд зургийг нь дарж аваад, утсаараа бичлэг хийгээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Гэрч Л.Д-гийн: “Би 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 21 цагийн үед “50 100 Event Hall-ийн баруун талын караокены өрөөнд найз Ө-, Н.Д-, Т.Б-, Д- нарын хамт тавуулаа орсон. Тэнд караокед байж байгаад 22 цаг өнгөрч байхад Н.Д- бид хоёр хувцасаа сольж өмсөөд өрөөнд байж байтал гаднаас Т.Б- утсаа булаалгачихлаа гэсээр орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

Гэрч Н.Д-ийн: “Би 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад 50 100 Event Hall-ийн караокед найз Т.Б-, Л.Д- Ө-ын найз Д- нарын хамт орсон. Тэгээд 22 цагийн үед цаг дуусах гээд гарах гэж байхад Т.Б- гаднаас миний утсыг нэг хүн авчихлаа гэсээр орж ирсэн. ...Л.Д- бид хоёр гарсан чинь намхан шилэн хаалттай нарийн коридорт Т.Б-ыг гурван хүүхэн тойроод зогсчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч Д.М-ын: “... Би тэр орой 22 цаг өнгөрч байхад Б.Б- гээд манай 10 жилийн сургуулийн нөгөө ангийн эмэгтэй Б.Б- намайг утсаар нарийн коридороор яваад караокены коридор руу ороод баруун гар тал руугаа эргээд ОО-ийн хажуу талын караокены өрөө рүү орсон чинь Б.Б-, Ш.Д-, Д-, Э.Э-, Л- нар байсан. Би ороод Б.Б-тэй юм яриад сууж байсан. Бусдыг нь нэг их анзаараагүй. Ганц нэг орж гараад л байсан. Тэгж байтал жижигхэн биетэй, хар хувцастай эмэгтэй нилээн согтуу гаднаас орж ирээд хэрүүл маргаан хийгээд тэрүүгээр дальжигнаад байсан. Тэгж байгаад цагаан таваг авч шидээд хананд суурилуулсан байсан зурагтыг онож хагасан. Тэр зурагт нь уг нь дэлгэц асаалттай, гэхдээ караоке тэр тавиагүй байсан. Тэгтэл таваг аваад шидсэн чинь дэлгэц нь харлачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Гэрч Б.Б-ийн: “...Би тэр орой найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглээд “50 100 Event Hall-ийн караокены өрөөнд орж 20 цагт ороод гарахдаа цагаа тооцоод тооцоогоо хийхээр ярьж тохироод сууж байсан. Тэгээд сууцгааж байтал яг хэдэн цаг болж байсанг мэдэхгүй байна, гаднаас О.Д- нэг хүүхэнтэй орж ирээд тэр хүүхнийг чи яахаараа бичлэг хийдэг юм гээд байсан. Тэгж орж ирэхэд өрөөнд Д.М- бид хоёр юм яриад сууж байсан. Өрөөнд бас Э.Э- байсан. ...Тэгээд бид нар юун хүүхэн юм, яагаад бичлэг хийж байгаа юм гэсэн чинь утсаа өгөхгүй, яагаад бичлэг хийж байгаагаа хэлэхгүй байсан. Тэгээд ухарч явж байгаад хөшиг хий налаад хойшоо унаад байсан. Утсаа өгөхгүй гээд гараа савчаад агсамнаад байсан. Хөшиг налж унасаныхаа дараа босож ирээд хажуу талын буйдан руу хий дараад уначихсан. Тэгээд босож ирэнгүүтээ ширээн дээрээс таваг аваад шидчихсэн. Тэгсэн чинь харин зурагт хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч Т.Э-ын: "...Н- гэх эмэгтэй энд үйлчлүүлж байсан нэг хүүхэн хажуу өрөөний хүмүүсийн өрөө рүү орж утсаар бичлэг хийгээд тэрнээс болж хэрүүл маргаан болсон байна. Манай караокены зурагт хагарчихсан байна, хагалсан эмэгтэй нь энэ гэж байна гээд нэг эмэгтэйг надад зааж өгсөн. Тэгээд тэр эмэгтэйтэй уулзахад нилээн согтуу байсан бөгөөд бид нарын ярьж байгаа зүйлийг ойлгох чадваргүй байгаа бололтой, орилоод чарлаад агсамнаад байсан. Тэгээд тэр зөрчил гаргасан гэх эмэгтэйг машинд суулгаад дэд ахлагч Б-т харгалзуулж үлдээгээд буцаж орж караокены өрөөг үзэж шалгахад хананд тогтоосон зурагтны дэлгэц нь харлаад зураас татчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Гэрч М.Б-н: “...тэгээд юм хагарах чимээ гарахаар нь яваад ороход зурагтны дэлгэц харлачихсан дор нь цагаан өнгийн таваг хагарсан байсан. Тэр өрөөнд ороход Дөл караокены өрөөний 5 эгчээс гадна 5 эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Би та нар зурагт хагалчихлаа гэсэн чинь Алтангадас караокены өрөөнд байсан хүүхнүүд бүгд нэгэн зэрэг дуугаар Дөл караокены эгчийг заагаад энэ хүүхэн таваг шидээд хагалчихлаа гэж байсан. Тэгэхэд Дөл караокены эгч бол би хагалаагүй ч гэж хэлэхгүй юм дуугарахгүй байсан. Тэгээд би утсаараа зураг дарж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

“Ихэрмөрөн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2245617200452 дугаартай: “Хөвсгөл аймаг Мөрөн сум 1-р багт байрлах “Event Hall үйлчилгээний төвийн кароекены 65 инчийн Skywoth маркийн LCD дэлгэцтэй телевизорын үнэлгээг 2.222.900 мянган төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Гэрч М.Б-гаас гаргаж өгсөн гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

“50 100 Event Hall рестораны 2 давхарын коридорын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/,

Эд мөрийн баримтаар асаахад дэлгэц харласан, 65 инчийн Skywoth маркийн LCD зурагт 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

 “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал П.О-ын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай албан бичиг /хх-ийн 18 тал/

М.Б-гаас 4 кадр гэрэл зураг, 19 секундын дүрс бичлэгийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.М-, гэрч Д.Н-, О.Д-, Э.Э-, Л.Д-, Н.Д-, Д.М-, Б.Б-, Т.Э-, М.Б- нарын мэдүүлэг, “Ихэрмөрөн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2245617200452 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “50 100 Event Hall-ийн 2 давхарын коридорын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчаас: “Шүүгдэгч та гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юу?” гэх асуултанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж хариулсан зэргээр шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “50 100 Event Hall” рестораны караокед суурилуулсан 65 инчийн Skywoth маркийн LCD зурагтыг таваг шидэн хагалж, 2.222.900 төгрөгийн хохирол учруулж, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар “Хөвсгөл Центр” ХХК-ийн “50 100 Event Hall” рестораны Skywoth маркийн 65 инчийн LCD зурагтыг хагалсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогч “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед караокены өрөөний 1 өдрийн орлого 1.200.000 төгрөг, зурагтны үнэ 3.000.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг” нэхэмжилсэн ба /хх-ийн 22/ караокены өрөөний 1 өдрийн орлогын талаарх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас Skywoth маркийн 65 инчийн зурагтын үнэ 2.222.900 төгрөгийг гаргуулж “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.М- нарт олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 70-72 талд авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Г.Ц, Г.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгргөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэлгэц харласан, 65 инчийн Skywoth маркийн LCD зурагт 1 ширхэгийг шүүгдэгч Т.Б-д олгож, Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-аас 2.222.900 (хоёр сая хоёр зуун хорин хоёр мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.М- нарт олгож, хохирогч нь караокены өрөөний 1 өдрийн орлого болох 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэлгэц харласан, 65 инчийн Skywoth маркийн LCD зурагт 1 ширхэгийг шүүгдэгч Т.Б-д олгож, Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР