| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/00595/И |
| Дугаар | 102/ШШ2019/01549 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2019/01549
| 2019 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2019/01549 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Ш-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б ” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ш нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сар бүр 80,000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож АА/00172 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө 1,000,000 төгрөгөө авсан. Ингээд хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнээс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэг сарын хүү болох 80,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэг төлбөр төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, үлдэх 5 сарын хүү 400,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 500,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг М.Ш-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч нийт 6 сарын хүү төлөхөөс 1 сарыг л төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй байгаа. Иймд бидэнд гэрээний дагуу үндсэн зээл болон 5 сарын хүү, түүнчлэн гэрээгээр тохирсон алдангийг шаардах эрх үүссэн гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч М.Ш нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Ш-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие дараах хариу тайлбар гаргаж байна. Миний бие 2018 оны 9 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нуруугаар өвддөг боловч тодорхой оношгүйн улмаас уламжлалт эмнэлэг болон улсын эмнэлэгээр эмчлүүлж байгаа болно. Нэхэмжлэгчтэй эвлэрлийн талаар ярилцсан боловч өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа билээ. Хариуцагч миний зүгээс 2019 оны 10 дугаар сар хүртэл төлж барагдуулах хүсэлтэй байна. Мөн алдангийн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиар бууруулж нийт 1,650,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Өнөөдрийг хүртэл төлөхгүй байдал нь эмчилгээний зардалтай холбоотой тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
Зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч М.Ш нар АА/00172 тоот “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээний дагуу “Б” ХХК нь 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 80,000 төгрөгийн хүүтэй М.Шд шилжүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.Шд холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, 5 сарын хүү 400,000 төгрөг, алдангид 500,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагч М.Ш нийт 6 сарын хүү төлөхөөс нэг сарын хүүг төлсөн, өөр ямар ч төлбөр төлөөгүй. Ийм учраас бид үлдэх 5 сарын хүү болон үндсэн зээл, алдангийг түүнээс шаардах эрхтэй” гэж тайлбарласан байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Хариуцагч зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 1,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн 1 сарын хүү болох 80,000 төгрөгөөс бусад хэсгийг буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагчаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, 5 сарын хүү 400,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж дүгнэлээ.
Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн байна.
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 1.7-д талууд гэрээний хариуцлага буюу алдангийн талаар “...зээлдэгч тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн зээлийн өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцов” гэж тохирсон тул хариуцагчаас алданги болох 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох хэдий ч алдангийн хэмжээг бууруулах шалтгаан, үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Ш-аас 1,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ш-аас 45,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ