| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
2023.01.18 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0017/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Ө ,
шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Б-т холбогдох эрүүгийн 2239004460009 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Р.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Ш.Ц-той “муухай харлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдах явцдаа биеийн зүүн гарын сарвууны ар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Р.Б :
...Зөвшөөрч байгаа... хохирогчид 200.000 төгрөг төлсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2239004460009 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Р.Б ын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Ц-той “муухай харлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний биед зүүн гарын сарвууны ар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллий хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №742 дугаартай ...Ш.Ц-ын биед зүүн гарын сарвууны ар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
хохирогч Ш.Ц-ын ... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 19-11 тоот хашаанд эх******* хүүхдийнхээ хамт амьдардаг. Тус хашаанд миний дүү Эрдэнэчимэг нь хамтран амьдрагч Баасанжаргалын хамт гэртэй амьдардаг юм. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой миний дүү Эрдэнэчимэгийн гэрт Баасанжаргалын найз нар нь ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглээд юм ярьцгаагаад сууцгааж байсан юм. Тэр үед нь би хаяа гэрт нь ороод ууж байсан архинаас нь хуваалцаж уусан. Тэгээд орой 23 цагийн орчимд тэд нартай архи ууж дуусаад гэрт нь юм яриад сууцгааж байгаад миний дүү манай гэрээс ус авахаар манайх руу орсны дараа Баясгалан гэх залуу бид хоёр зүүн талын орон дээр сууж байхад Б гэдэг *******тэй залуу намайг муухай харлаа гэж уурлаад баруун орон дээрээс над руу дөхөж ирээд цохих гэж байхад Баярбаясгалан гэх залуу намайг хамгаалаад миний урдуур ороод Батхуягийг холдуулаад арагш нь болгосон чинь Б гэгч нь бид хоёрыг түлхээд орон дээр унасан тэр үед би зүүн гараа дээш болгох үед халуун оргисон тухайн үед би анзаараагүй юм. Тэгээд бид хоёр орон дээрээс боссоны дараа Баярбаясгалан намайг та одоо гэртэй ороод амар гэж хэлээд Батхуягийг хорьж байгаад намайг гэрээс гаргасан. Би гэрийн гадаа гараад зогсож байхад миний дүү ирээд таны гарнаас яагаад цус гарцан юм бэ гэж асуухаар гараа харсан чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би дүү Эрдэнэчимэгт хутгалуулчихлаа гэж хэлсэн. Гэхдээ би Б гэгчийг гартаа хутга барьсан байсан эсэхийг хараагүй шууд гэртэй ороод гараа хардал миний зүүн гарын ард хэсэгт зүсэгдсэн байсан. Миний мэдэж байгаагаар ийм л асуудал болсон... Би Р.Б тай хэрүүл маргаан үүсгээгүй. Намайг зүгээр сууж байхад намайг муухай харлаа гэж ирээд зодох гэхэд нь Баярбаясгалан намайг хамгаалаад гэрээс гаргасан юм. Ер нь бол би тэр залууг огт танихгүй миний дүү л танидаг юм байна лээ...Миний зүүн гарын сарвууны ард хэсэгт зүсэгдсэн мэт шарх үүссэн тухайн үед би эмнэлгийн байгууллагад очиж хоёр ширхэг оёдол тавиулсан. Мөн хүзүү хэсэгт жаахан шалбарсан байна. Өөрөөр надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...Р.Б гэгч нь намайг дүүгийн гэрээс гарсаны дараа Баярбаясгаланг хамар болон нүд толгой хэсэгт нь цохиж, зодсон байсныг нь би цагдаа нар ирсэний дараа мэдсэн. Тэрнээс биш намайг гэрт байхад тэнд өөр хүмүүс маргалдаж зодолдсон асуудал байхгүй...Би бодохдоо хутгаар зүссэн байх л гэж бодож байна. Гэхдээ яг юугаар миний гарыг шархлуулсанг нь би сайн мэдэхгүй байна... Би эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авамаар байна. Өөрөөр надад ямар нэгэн санал гомдол байхгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
гэрч Д.Цэндмөнхийн ... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 14-01 тоот буюу найз Б-гийн хашаанд эх******* дөрвөн хүүхдийн хамт амьдарч байгаа юм. Бид хоёр найзалаад 2 жил гаран болж байгаа юм. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед л байх гэж бодож байна. Б намайг айл руу цуг яваад ирье гэхээр нь би хамт явсан чинь Булаг 19-11 тоотод айлд очсон. Тухайн айлд нэг эмэгтэй, гурван эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан юм. Тэгээд бид хоёр тухайн айлд байсан хүмүүсийн хамт 2 шил 0.75 граммын архийг тэр хүмүүстэй хамт уугаад сууж байгаад цаг нэлээн орой болсон байсан байх би цаг хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний найз Б бид хоёр гэрийнх нь баруун талд гэрийн эзэн Жагай гэгч нь хоймортоо харин нөгөө танихгүй хоёр эрэгтэй нь гэрийн зүүн талын орон дээр сууж байсан юм. Тэгээд тэд нар хоорондоо юм яриад л сууж байгаад Б тэр хоёр залуу /Ш.Ц , С.Баярбясгалан/-тай маргалдаад л суугаад байсан юм. Тэгээд л намайг бие засахаар гараад ороод ирсэн чинь Б тэр танихгүй хоёр залуу гурав хоорондоо зодолдож, ноцолдоод эхэлсэн тэр үед нь би гаднаас ороод тэр гурвыг болиулах гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Харин гэрийн эзэн залууд нь би ганцаараа энэ гурвыг болиулж чадахгүй нь гэсэн чинь тэр залуу нь хоймортоо суугаад хөдлөхгүй байсан. Тэнд байсан эмэгтэй цагдаа дуудлаа гэж ярьж байсан чинь тэр гурав зодолдохоо больсон...Тэр гэрт байсан хоёр залууг би огт танихгүй ээ. Тухайн үед Ц , Баяраа л гэж дуудаад байсан. Харин гэрийн эзнийг нь Жагай гэдэг гэсэн... Би хэн тэр гэмтлийг нь учруулсанг мэдэхгүй ээ. Тэр гурав зодолдож, ноцолдоход хутга барьсан хүн байгаагүй. Харин тэр гурав гурвуулаа л хоорондоо зодолдоод байсан...Миний найз Б нь намайг бие засах гээд гарах үед баруун орон дээр л суугаад тэд нар хоорондоо яриад л сууж байсан тэрнээс биш маргалдаж муудахаар асуудал болоогүй. Би ямар учраас зодолдсонг нь мэдэхгүй байна... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Т.Баасанжаргалын ...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг Улаан-Өндөр гэх газарт эх*******ийнхээ хамт амьдарч байгаад 2022 оны 10 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 19-11 тоотод эх*******ийнхээ хамт хоёюулаа амьдарч байгаа юм. Эх******* бид хоёр орой 17 цагийн орчимд л байх гэж бодож байна Баярбаясгалан гэх найзынхаа хамт миний эх******* бид гурав хамтдаа 1 шил 0.75 граммын архийг хувааж уугаад сууж байхад миний эх*******ийн ах Ц нь манай хажууд гэр нь байдаг учраас орж гараад л ганц нэг хундага архи уусан юм. Би Б гэх ахыг дуудсан юм. Гэтэл Б ах нэг найзынхаа хамт хоёюулаа манайд ирсэн. Тэгээд бид нар зургуулаа болоод ахиад хоёр шил Хараа *******тэй 0.75 граммын архийг хувааж уугаад юм яриад Б ах манай гэрийн баруун талын орон дээр найз нь орны дэргэд харин миний найз Баярбаясгалан, Ц ах хоёр зүүн талын орон дээр харин би хойморь хэсэгт авдарныхаа өмнө сууж байсан юм гэтэл Б ах Ц ахыг чи муухай хараад байна уу үгүй юу? гэж уурлаад зүгээр сууж байхад нь очиод нэг удаа гараараа цохиод авсан тэр үед Баясгалан Б ахыг болио гэж хэлээд тэр хоёрын дундуур нь ороод салгасан чинь Б ах Баярбаясгаланг чи Ц г өмөөрлөө гэж уурлаад хэд хэдэн удаа гараараа цохьсон. Тэр үед нь би Б ахыг боль гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй над руу уурлаад намайг сууж бай гээд Баярбаясгаланг орон дээр унагаад дээрээс нь хамаагүй цохиж, өшиглөөд байсан. Тэр үед миний эх******* Эрдэнэчимэг Ц ахын гэр рүү орж ус авахаар гарч явсан байгаад эргэж гэртэй орж ирсэн юм. Тэгээд Ц , Баярбаясгалан Б ах гурвыг боль гэж хэлсэн чинь Б ах Ц ах, Баагий /Баярбаясгалан/ хоёр руу уурлаад дайраад байсан ба миний эх******* цагдаад өглөө шүү гэсэн чинь Б ах тэр хоёртой зодолдохоо больсон. Тэр үед Ц ахын гараас нь цус гарчихсан байна гэж эх******* хэлээд ханаас юунд зүсчихвээ гэж сандралдаад байхад нь цагдаагийн байгууллагад Баясгалан гэх найз маань дуудлага өгсөн юм...Би Ц ахын гарыг хэн юугаар зүссэнг нь хараагүй. Тэр гурав маргалдаж, зодолдож байсны дараа Ц ахын гарнаас нь цус гарчихсан байсан. Тухайн үед ноцолдож зодолдсон газарт нь ямар нэгэн хутга мэсний зүйл байгаагүй...Ц ах, Баярбаясгалан хоёр Батхуягт гар хүрч зодсон асуудал байхгүй. Р.Б нь өөрөө орилж хашгираад л ална гэж тэр хоёр руу уурлаад байсан. Тэр үед Ц ах түрүүлээд гэрээс гараад явсаны дараа Б Баярбаясгаланг гараараа хоёроос гурван удаа цохьсон. Мөн хөлөөрөө өшиглөсөн. Яг хэдэн удаа цохиж өшиглөсөнг нь би мэдэхгүй байна. Зодолдох үед нь сандралдаад л цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн...Би ямар шалтгаанаар цохиж зодсонг нь сайн мэдэхгүй. Зүгээр л орон дээр сууж байгаад Ц ахыг муухай хараад байна уу? үгүй юу гэж уурлаад босож ирээд л зодох гэж оролдох үед нь Баясаа Ц ахыг хамгаалаад зодуулсан...Надтай болон миний эх*******тэй маргалдаж, муудсан асуудал байхгүй. Ц ах Баясаа хоёртой л маргалдаж муудсан... /хх-ийн 24-35 дугаар хуудас/,
гэрч Э.Эрдэнэчимэгийн ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 25-08 тоотод аав, ээж, дүү хүүгийн хамт амьдардаг боловч одоогоор хамтран амьдрагч Баасанжаргалын хамт сүүлийн 2 сарын хугацаанд Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 19-11 тоотод хоёюулаа амьдарч байна. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд миний хамтран амьдрагч Баасанжаргалын найз Баярбаясгалан, бид гурав хоол хийж идээд сууж байхад миний ах Ц ах манайхаар орж гараад бид гуравтай юм яриад сууж байсан. Тухайн үед бид дөрөв 1 шил архийг дөрвүүлээ хуваагаад ууж байхад Баасанжаргал Б гэх найзыгаа утсаар дуудсан чинь Б гэгч Цээгий /Цэндмөнх/ гэх найзыгаа дагуулаад манайд ирсэн. Тэгээд бид нар бүгдээрэй юм ярьж суугаад нийт 3 шил хараа *******тэй 0.75 граммын архийг зургуулаа хувааж ууж дуусгахад цаг бараг 23 цаг болж байсан байх. Тэр үед би хажуу гэр рүү ус авахаар орсон. Тэгээд удалгүй усаа аваад гэртэй орох үед манай гэрийн үүдэнд Ц ах гэрээс гарч ирээд хаалга хаагаад зогсож байсан. Тэр үед нь би гэр рүү орох гэж байхад Ц ахын зүүн талын гарнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр юу болсон бэ яагаад цус гарсан бэ гэж асуухад Б гэдэг хүн намайг хутгалчих шиг боллоо гэж ярихаар нь би гэр рүү орсон чинь Баасанжаргал гэрийнхээ хойд талд Цээгий баруун хойд талд Б Баярбаясгалан хоёр зүүн орон дээр сууж байсан. Тэр үед би тэд нарт хандаж юу болоод байгаа юм бэ гэж асуухад хэн ч дуугараагүй мэдэхгүй гэцгээж байснаа Б ах Баярбаясгаланг яагаад муухай хараад байгаа писда вэ гэж хэлээд гараараа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед нь би Б ахыг салгах гэсэн чинь дийлэхгүй байсан учраас цагдаад өгчихнө шүү гэж хэлсэн чинь за за ах нь болилоо гээд Б Баярбаясгаланг зодохоо больсон. Харин Баясгаланг зодуулсны дараа нь харсан чинь хамар нь хавдсан байхаар цагдаа дууд гэж Баясгаланд хэлээд цагдаа дуудуулсан. Ийм л асуудал болсон...Би Ц ахыг хутгалуулсанг нь хараагүй намайг хажуу гэрээс ус аваад гэрт орох гэж байхад гарнаас нь цус гарсан байсан. Ц ахаас асуусан чинь хутгалуулчихлаа л гэхээр нь би хутгалуулсан байна гэж бодсон...Би хутга байхыг хараагүй, манай гэрт хутга огт байгаагүй. Ганц байсан хутга нь манай зүүн гэрт байсан юм...Намайг гэрт ороход Цээгий, Баасанжаргал хоёр баруун хойд хэсэгт анх сууж байсан газартаа хоёюулаа сууж байсан. Б нь Ц ах болон Баярбаясгалан нар руу дайрч уурлаад л хамаагүй цохиод, өшиглөөд байсан...Тийм ээ. Р.Б нь Баярбаясгалан хоёр нь манай гэрт зодолдож ноцолдохдоо манай модон жижиг ширээг эвдчихсэн болохоор би ширээгээ янзуулж авмаар байна... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
гэрч Б.Батмөнхийн ...Би Р.Б гэгчийг танина. Миний эх*******ийн төрсөн дүү нь байгаа юм. Бид хоёр ураг төрлийн холбоотой... Р.Б нь одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 14- 01 тоотод аав, ээжийнхээ хамт мөн нэг хүүхдийнхээ хамт амьдардаг. Урьд нь хөдөө эх******* хүүхдийнхээ хамт амьдардаг байсан ба эх******* нь салж яваад түүнээс хойш аймгийн төвд ирээд одоог хүртэлх хугацаанд аав ээжийнхээ хамт байдаг. Ер нь бол зан харилцааны хувьд энгийн тайван хүн гэж бодож байна. Хааяа л согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Бусадтай нийтэч, гэр бүлийн гишүүдийн дунд бол ******* хүндтэй. Өөр бусдаар илүү дутуу зан гаргаад байдаггүй юм. Хар бор ажилд сайн. Найз нөхөд гэж олон хүнтэй нийлээд байдаггүй...Миний хадам дүү Р.Б нь хөдөө мал маллах дуртай. Ер нь бол багаасаа л мал харж өссөн залуу байгаа юм...Р.Б нь тамхи татдаггүй. Харин хаяа нэг согтууруулах ундааны зүйп хэрэглэсэн байдалтай байдаг...Би тэрийг нь сайн мэдэхгүй ээ. Р.Б нь архи уусан үедээ манайхаар ирж байсан тэр үедээ ямар нэгэн муухай ааш гаргаж байхыг нь би хараагүй... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
яллагдагч Р.Б ийн ...Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас одоо дахин ярих шаардлагагүй гэж бодож байна...Би 1990 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт гэх газарт төрсөн айлын 10 дахь хүү буюу айлын дундах хүү дороо хоёр дүүтэй, дөрвөн ах, дөрвөн эгчтэй. Би багадаа Сүхбаатар аймгийн 1 дүгээр арван жилийн сургуульд сурч бүрэн бус дунд боловсролыг эзэмшиж, Дорнод аймагт техник технологийн сургуулийн касс, нярав мэргэжилээр сурч 2008 сургуулиа төгссөн. Түүнээс хойш 2009 онд Хилийн цэргийн 0132 дугаар ангид хугацаат цэргийн алба нэг жилийн хугацаанд хаасан. Дараа нь Улаанбаатар хотод барилгын чиглэлээр ажиллаж байгаад 2019-2020 онд Хэнтий аймгийн төвд ирж амьдарч байна. Би 2011 онд эх*******тэй байсан ба бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй одоо хүү маань ЕБ 4 дүгээр сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Миний эх******* надаас салаад одоо 10 орчим жил болж байгаа. Миний хүү одоо миний аав, ээжийн хамт надтай цуг Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт 14-01 тоотод оршин суудаг. Одоогоор би хувиараа хөдөлмөр эрхэлж байна... /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Р.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 72-75 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Р.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Р.Б ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө :
...Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Ш.Ц-той муухай харлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдах явцдаа биеийн зүүн гарын сарвууны ар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Р.Б :
...Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Р.Б нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Р.Б ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч Р.Б хохирогч иргэн Ш.Ц ыг цохиж зодон, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр шүүгдэгч Р.Б хохирогч Ш.Ц-ын биед хүч хэрэглэн халдаж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилго эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Р.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Р.Б ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ш.Ц-ын биед зүүн гарын сарвууны ар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ш.Ц-ын ...Батхуягт гомдолгүй..эмчилгээний зардал авсан гомдолгүй... гэсэн хүсэлт, хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Р.Б ийн хүсэлт, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаарх шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө :
...шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааны зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Р.Б :
... Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Р.Б т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Р.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус байгаа эсэхийг тогтоох шаардлагагүй.
Зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс шүүгдэгч Р.Б т дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,
торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгч Р.Б ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч Р.Б ийг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шаардлагатай гэж үзэж,
шүүгдэгч Р.Б т оногдуулсан дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2239004460009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.Б т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2239004460009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН