Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

2023.01.24                                         2023/ШЦТ/24

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0007

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ө ,

шүүгдэгч Н.Я , түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Я-т холбогдох эрүүгийн 2139002640396 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Я  нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн С.Б-ий гэрийн гадна байсан түүний эзэмшлийн 2016 онд үйлдвэрлэгдсэн Хайрхан маркийн хул шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотод байх “Бэрх-Уул” ХК-ийн хашаанд байсан А.А-ийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч А.А-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Я :

...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул ахиж мэдүүлэг өгөхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...тухайн үед Бэрх тосгоны зүүн хойно Зосын гол гэх газарт мал маллаж байсан. Малаа уруудуулчихаад малынхаа хойноос явах гээд авч явсан. Аманбек мотоциклийг нь унаад явсанг мэдэж байсан...мотоциклийг нь буцаан хүлээлгэж өгсөн...Өмнөговь аймгийн Гурван тэс сум Шивээ хүрэнгийн боомт Си Ар Найнтээн Бюро Монголиа ХХК-ын  Баян-Ундрага нүүрсний уурхайд ажилладаг...А.А-ийн мотоциклийг унаад Баян-Овоо суманд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхад цагдаа хураагаад авчихсан юм. Тэгээд талийгаач С.Б ахтай урьд нь хуурай ах дүү нар байсан. С.Б ахтай уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд мотоциклийг унаад явсан юм...8 сарын 12-ны өдөр Бэрх тосгоны 59 дүгээр байрны хажууд байхад нь мотоциклийг нь А.А-тэй   хамт байхдаа авч явсан. А.А-ийн мотоциклийг Баян-Овоо суманд цагдаа хураагаад авч үлдсэн. С.Б-ий мотоциклийг хамт архи ууж байгаад бас авч явсан... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2139002640396 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.Я  нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн С.Б-ий гэрийн гадна байсан түүний эзэмшлийн 2016 онд үйлдвэрлэгдсэн Хайрхан маркийн хул шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллий хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр хуудас/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 57 дугаар хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 2021/ШД334 дугаартай ...Иргэн С.Б-ийн хулгайд алдсан улсын дугааргүй БНХАУ уйлдвэрлэсэн, улбар шар өнгийн Хайрхан маркийн мотоциклийн үнэлгээний өдөр болох 2021 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээг 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

хохирогч С.Б-ийн ...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт охины хамт оршин суух бүртгэлтэй байдаг ч одоогоор сүүлд суусан эх******* охины хамт тус сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай. Намайг Найданжав /Маамуу/ ахын гэрт байхад манай хуурай дүү Я / Я / нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх хотоос улсын дугааргүй ногоон өнгийн угсармал мотоциклтой орж ирээд дүү нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу малын эрэлд явж байна. Баян-Овоо суманд танаас өөр таних хүн байхгүй болохоор өнөөдөртөө танай гэрт аль эсвэл таньтай хамт хоночихьё гэхэд нь тэг дээ миний дүү ах нь дүүтэйгээ уулзаагүй яасан их удаа вэ яг уулзья гэж бодохоор ах нь сумаасаа гарч чадахгүй юм аа. Гэхэд за дүүгийнх нь холын хамаатан байдаг юм аа дүү нь гарч бензин авчихаад ирье маргааш өглөө эрт малынхаа эрэлд явах болохоор банкаа дүүргэчихье гээд гарсан. Тэгээд ч удалгүй бий гарч бие засчихаад ороод ирсэн чинь Маамуу ах Я ыг загначихсан зогсож байхаар нь юу болсон юм бэ ахаа гэхэд наад сонин бацаанаа манай гэрээс зайлуул би гэртээ хонуулахгүй гэж хэлэхээр нь за уучлаарай дүү нь гэр рүүгээ дагуулаад харилаа манай хуурай дүүг ах минь битгий дээрэлхээрэй гэж хэлээд гэрээс нь аваад гарсан. Тэрнээс хойш 2 3 хоног дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өглөө босоод мотоциклоо асаах гэтэл манай гэрийн гадаа байсан хул буюу шар өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикл маань алга болсон байсан... Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өглөө байхгүй байсан үүрээр аль эсвэл 2021 оны 08 дугаар сарын 23-ны шөнө алдсан... Тиймээ манай хуурай дүү гэх Хэнтий аймгийн Бэрх хотоос ирсэн Я  гэх залуу анх манай суманд ирэхдээ ногоон өнгийн угсармал мотоциклтой ирчихээд өөрийн мотоциклоо үлдээгээд явсан байна лээ тэгэхээр Я ыг сэжиглэж байна... Тиймээ гомдол саналтай байна алдагдсан эд зүйлээ олж авмаар байна... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормагнайгийн ...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Задгай” гэх газарт эх******* хүүхдийн хамтаар оршин суудаг. Миний төрсөн ах С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр биеийн байдал муудсанаар таалал төгссөн. Өмнө жил буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өглөө гэртээ амарчихаад унтаад сэрэхэд нь манай талийгаач ах С.Б-ийн хул /шар/ өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикл алга болсон байсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү надад өөр ярих зүйл байхгүй байна... Би сайн мэдэхгүй байна тухайн үед Хэнтий аймгийн Бэрх хотоос талийгаач ахын маань таньдаг дүү гэх нэг залуу манайд ирээд хэд хоног согтууруулах ундааны зүйл хэрэглээд явсан гэж талийгаач ах маань хэлдэг байсан... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Д.Найдандоржийн ...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суудаг. Намайг манай сумынхан Маамуу, маа гэх мэтээр хочилж дууддаг. Тухайн үед буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх хотоос улсын дугааргүй ногоон энгийн угсармал мотоциклтой Я  /Я / гэх залуу ирээд манай хуурай дүү Б-ийн н хуурай дүү хамт шоронд ял эдэлж байсан гэж хэлсэн. Тухайн Хэнтий аймгийн Бэрх хотоос ирсэн гэх Я  /Я /-ыг ирсэн гэх залуу намайг тус сумын 4 дүгээр багт байх гэрт маань ирэхээр нь чи манайхаас яв чамайг гэртээ байлгахгүй гэтэл хуурай дүү Болор-Эрдэнэ ахаа болио манай дүү юм аа та нар битгий ад үзээд бай гээд надтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Харин Я  /Я / хэлэхдээ та нар маргалдаад байх шаардлагагүй би удахгүй явлаа хамаатны ахаараа бензин дүүргүүлчихлээ одоо Бэрх хот руугаа буцна гэж хэлэхэд нь гэрийнхээ гадаа гараад харахад улсын дугааргүй ногоон өнгийн угсармал мотоциклтойгоо явсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өглөө манай хуурай дүү болох Болор-Эрдэнэ гэрт маань ирээд ахаа тус сумын 4 дүгээр баг буюу сумын төвд байх гэрийн маань гаднаас миний мотоциклийг хулгай авчихжээ гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Гэхдээ тэр үед нь Б-ийн  хул өнгийн мотоциклийн хажуу талд миний ногоон өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикл байсныг асаах гэж оролдож байгаад кундактир эвдэлчихсэн байсан... Сэжиглэж байгаа хүн алга байна...би гэртээ амарч байсан... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Д.Сансарзулын ...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт эх******* 3 хүүхдийн хамт оршин суудаг. Намайг 2021 оны 08 дугаар сарын 24-ний шөнө гэртээ амарч байхад өмнөх өдөр нь буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бэрхээс ирсэн гээд Я  гэх *******тэй залуу таараад танилцсан. Тэгээд тухайн өдөр манай гэрт хамт ирээд буцаад найзуудтайгаа уулзлаа гээд гараад явсан. Тухайн орой хэдэн цаг болж байсанг санахгүй байна. Ямар ч гэсэн унтаж байхад гэрийн хаалга тогшоод хэн бэ амарч байна гэхэд ах хаалгаа Я  байна гэхээр нь гэрээсээ гараад ийм орой юутай яваан бэ гэхэд мотоциклтой явна гэхээр нь гэрэл тусгаад хартал улсын дуааргүй хул шар өнгийн мотоциклтой байсан. Би ч С.Б-ий мотоциклийг гуйж унаж дээ гэж бодчихоод за ах нь орж амарлаа гэхэд дүү явлаа та дулаан хувцас нөмөрчих муу хөнжил байвал өгөөч гэж байсан... Тийм ээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хажууд нь зогсоход архи сэнгэнэж байсан... Үгүй ээ дүү нь явлаа л гэж хэлсэн яг аль хүрэх талаараа хэлээгүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч Д.Машбатын ...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Талын хөндлөн” гэх газарт эх*******ийн хамт оршин суудаг. Намайг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед тус сумын 2 дугаар баг “Талын хөндлөн” гэх газарт байх гэртээ эх*******ийн хамт унтаж байхад гаднаас нэгэн үл таних залуу хаалга тогшисон. Хаалга тогшиход нь хэн бэ яасан хүн бэ гэхэд Хэнтий аймгийн Бэрх хотоос малын эрэлд Баян-Овоо сум руу явж байна замдаа бензингүй болоод хөдөө хоночихоод явж байна та жаахан бензин өгөөч гэхэд нь шагайтал бараан өнгийн хувцастай 168 орчим өндөртөй залуу /хуучивтар хулшар/ өнгийин хайрхан маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон ирсэн байсан. Миний дүү аль хүрч яваа гэсэн бэ гэхэд өө дүү нь Баян-Овоо сум руу явж байна буцахдаа бензинийг чинь өгчихнөө миний *******ийг Я  гэж дуудаж болно бүтэн *******ийг маань Я  гэдэг гэхээр нь 1 литр бензин өгөхөд манай тус сумын 2 дугаар баг “Талын хөндлөн” гэх газарт байх гэрээс маань урагшаа хөдөлсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... Үгүй ээ өглөө эрт байсан болохоор бараан өнгийн хувцас л харагдсан... /хх-ийн 37 дугаар хуудас/,

гэрч Р.Батбаярын ...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Биндэр суманд байхдаа Я  гэх залуутай танилцсан юм. Тухайн үед Я  нь сум сум дамжаад хэсэж явна гээд “Улаан шаргал өнгийн улсын дугааргүй хуучирч муудсан мотоциклтой явж байсан. Тэрнээс хойш Я  нь Биндэр сумаас баруун урд зүгт зүүн Баян гэх ногоо тарьдаг газар байж байгаад буцаад Биндэр суманд ирж бид хоёр 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр замын унаанд дайгдаж самарт явсан явахдаа унаж явсан улаан шаргал өнгийн улсын дугааргүй мотоциклоо манай хашаанд орхиод явсан. Бид хоёр Төв аймгийн нутаг Ар өнгөлжин гэх газраас очоод хэд хоног нэг отогт байрлаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 10-ны үед мөн замын унаанд дайлгаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 10-ны үед мөн замын унаанд дайгдаж самраас буугаад Биндэр суманд ирж Я  нь надаас түрүүлээд зардлаа өгөлгүй гудамжинд буугаад явчихсан. Тэгтэл маргааш нь самраас дайгдаж ирсэн унаа маань надаас Я ын замын зардлыг нэхэж ирэхээр нь замын зардал нь гэж 250.000/ хоёр зуун таван мянга/ төгрөг өгөөд явуулчихсан юм. Түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа Я  над руу хүний утсаар би Норовлин сум руу явлаа гэж ярьсан. Одоо ямар утсаар ярьж байсанг нь санахгүй байна тэрнээс хойш Я тай таараагүй холбоо бариагүй. Тухайн үед Норовлин сум явлаа гэж утсаар ярихдаа наад мотоциклоо чи өрөндөө ав ав надад хэрэггүй гэж ярьж байсан... Үгүй би мэдээгүй надад хэлэхдээ миний өөрийн мотоцикл гэж ярьж байсан... /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

яллагдагч Н.Я ын ...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 08-р сарын сүүлээр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэн С.Б гэх хуурай ахынхаа гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 3 хоноод 2021 оны 08 дугаар сарын 23-ны орой С.Б ахын эзэмшлийн хул шар өнгийн мотоциклийг аваад явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Я  нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотод байх “Бэрх-Уул” ХК-ийн хашаанд байсан А.А-ийн эзэмшпийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч А.А-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллий хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 84 дүгээр хуудас/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 122 дугаар хуудас/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 127 дугаар хуудас/,

“Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний 2021/ШД331 дугаартай ...Иргэн А.А-ийн хулгайд алдсан 37-77 ХЭЗ улсын дугаартай БНХАУ уйлдвэрлэсэн, Даюун маркийн мотоциклийн үнэлгээний өдөр болох 2021 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээг 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 117-119 дүгээр хуудас/,

хохирогч А.А-ийн ...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Бэрх тосгоны төвд хөдөө гэрээсээ буюу Бэрх тосгоны төвөөс хойд зүгт 20 орчим км зайд байх “Хутаг-Уул” гэх газраас өөрийн эзэмшлийн 37-77 хэз улсын дугаартай мотоцикийг жолоодож Бэрх тосгоны төвд ирсэн. Тэгээд Бэрх тосгоны төвөөр тухайн мотоциклтой явж байтал манай Бэрх тосгонд амьдарч байсан хүүхэд байхдаа Бэрх тосгоны төвд сурч байсан манай үеийн Я  гэх залуутай тааралдсан. Я  надад хандаж чи мотоциклоороо хөдөө айл руу явж хонь дөхүүлж өгөөч хамт яваад ирье гэхээр нь Бэрх тосгоноос зүүн зүгт байх М.Хэрлэнбаяр гэх айл руу хамт явсан. Хөдөө яваад Бэрх тосгонд ирээд “Бэрх-Уул компаны эзэмшилд байх хуучнаар авто баазын граж байсан хашаанд еөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 37-77 ХЗЗ улсын дугаартай мотоциклоо ямар нэгэн хүнд захилгүй Бэрх тосгоны төвөөр явган явсан. Тухайн хашаанд түр манаач хийж байгаа гээд Отгонбат гэх айл байсан боловч тухайн айлд ямар нэгэн хүн байгаагүй гэр нь цоожтой байсан. Би алга болохгүй байх гэж бодоод ямар нэгэн хүнд мотоциклоо хашаанд оруулж орхиж байгаа талаар хүнд захиж хэлэхгүй явсан. Тэгээд тэр оройноо Бэрх тосгонд хоноод өглөе нь мотоциклоо авах гээд очтол миний мотоцикл алга болсон байсан. Би тухайн “Бэрх-Уул компаны эзэмшилд байх хуучнаар авто баазын гражны манаач хийж байсан Отгонбат гэх айлаас мотоциклоо асуухад манайх гэртээ орой ирцгээсэн. Биднийг ирэхэд мотоцикл байгаагүй гэж хэлсэн. Тэрнээс хойш манай найз нар болон танил хүмүүс унаж явсан байх гэж бодоод өөрөө хайж хэд хоноод олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан... /хх-ийн 93 дугаар хуудас/,

хохирогч А.А-ийн ...Миний ногоон өнгийн Даюун маркийн мотоцикп нь албан ёсны 37-77 ХЭЗ улсын дугаартай бөгөөд би 2021 оны 07 дугаар сарын үеээр мал тууж явж байгаад би өөрөө өөрийнхөө мотоциклны номерийг хаяад гээчихсэн юм. Анх хулгайд алдах үед миний мотоцикл номер дугааргүй байсан... /хх-ийн 95 дугаар хуудас/,

гэрч Э.Наранчулууны ...Миний бие Хэнтий аймгийн Бэрх хотод 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай байдаг ч одоогоор нөхөр Болормагнайгийн хамт Баян-Овоо сумын 4 дүгээр багт түр оршин суух хаягтайгаар явж байна. Гэхдээ манай нөхөр багийн засаг даргын судалгаагаар ганц биеэрээ тус сумын 4 дүгээр багийн оршин суугчаар явдаг. Яагаад гэвэл би одоогоор нөхөртөйгөө гэрлэлтийн баталгаа батлуулаагүй байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байхаа сайн санахгүй байна. Тухайн үед Хэнтий аймгийн Бэрх хотоос зам асуухаар явж байна гэж манай гэрт орж ирсэн. Тэр үед нь би хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. Манай нөхөр хөдөө явчихсан байх хооронд нь зам асуухаар орж ирсэн. Тэгээд өө сайн байна уу эгч сонин сайхан юу байна даа та энд байдаг юм уу гэхэд нь тиймээ чи яаж яваа юм бэ гэхэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас мал хайж явна гэж хэлсэн. Тухайн үед ногоон өнгийн Даюун маркийн банктай банкан дээрээ мотоциклийн бүрээстэй улсын дугааргүй угсармал мотоциклтой явж байсан. Тэгээд манай гэрээс Цолмонхүү гэх залуугийн гэр хаана байдаг вэ намайг энд ир гэж хэлсэн гэхээр нь аан за гээд чимээгүй байсан. Тухайн ир гэж хэлсэн гэх Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух Цолмонхүү гэх залуугийн дугаар руу өөрийн утсаар залгахад найз нь Улаанбаатар хотод байна яасан гэсэн. Тэгэхээр нь    Хэнтий аймгийн Бэрх хотоос ирсэн гэх Я  /Я /-д             эгчийн дүү Цолмонхүү ирээгүй юм байна шүү дээ гэхэд хөдлөөд явчихсан... Тиймээ манай төрсөн дүүгийн ангийн залуу байгаа юм аа намайг Бэрх хотод амьдардаг байхад манай гэрээр орж гардаг байсан... Тиймээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу явж байна мал хайж явна гэхээс өөр зүйл хэлээгүй... /хх-ийн 99 дүгээр хуудас/,

гэрч Д.Найданжавын ...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суудаг. Намайг манай сумынхан Маамуу, маа гэх мэтээр хочилж дууддаг. Намайг гэртээ байхад хуурай дүү Б-ийн  хамт байхад буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх хотоос улсын дугааргүй ногоон өнгийн угсармал мотоциклтой Я / Я / гэх залуу ирээд манай хуурай дүү Б-ийн  сайн дүү байгаа юм аа өчнөөн олон жил шоронд ял эдэлж гарч ирчихээд уулзья гэж бодоод хэн хэн дээрээ ирж чадахгүй байсан ингэж уулзах гэж гээд баярлаад суусан. Хэнтий аймгийн Бэрх хотоос ирсэн гэх Я  /Я / гэх залуу намайг тус сумын 4 дүгээр багт байх гэрт маань ирэхээр нь чи манайхаас яв чамайг гэртээ байлгамааргүй байна би чамайг танихгүй гэтэл хуурай дүү Болор-Эрдэнэ ахаа болио ч дээ манай дүү юм аа та нар битгий ад үзээд дээрэлхээд бай л даа гэхээр нь наад бацаанаас чинь болоод энд хэрүүл маргаан үүсч байна гэж хэлсэн. Харин Я  /Я / хэлэхдээ та нар маргалдаад байх шаардлагагүй байхгүй дээ дүү нь удахгүй явлаа сая Баян-Овоо суманд байх хамаатны ахаараа бензин дүүргүүлчихлээ одоо эндээсээ шууд Бэрх хот руугаа буцна гэж хэлэхэд нь гэрийнхээ гадаа гараад харахад улсын дугааргүй ногоон өнгийн угсармал мотоциклтойгоо явсан. Тэгээд намайг тус сумын 2 дугаар багийн нутаг духын цагаан нуурын баруун доор хөдөө байхад манай хуурай дүү Баярмагнайгийн эх******* миний утас руу залгаад ахаа нэг танихгүй залуу танай хаалгыг эвдэлчихлээ гэхэд нь хөдөөнөөс ирэхэд эвдэлсэн гэх залуу байгаагүй...үгүй ээ би танихгүй...үгүй ээ тийм зүйл яриагүй... /хх-ийн 104 дүгээр хуудас/,

гэрч Б.Отгонбатын ...Би 2021 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдарч байгаад Бэрх тосгоны төвд байх Бэрх Уул компаны хуучин авто гражийн хашаанд нүүж очоод 2021 оны 09 дүгээр сард буцаж Хэрлэн сум руу нүүсэн...Манайх тухайн хашаанд 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл гараа барьж амьдарч байсан. Тэр хашаанд А.А   гэх хүн мотоциклоо орхиж бид нарт захиж үлдээсэн талаар бол мэдэхгүй байна. Хэзээ орхиод, хэзээ алдагдсан талаар нь би болон манай гэрийнх мэдээгүй. А.А   гэх хүнийг би мэднэ бид нэг нутгийн хүмүүс... /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

яллагдагч Н.Я ын ...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 08-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бэрх тосгонд ирээд найз Бертмуратын гэрт хоноод маргааш өглөө нь Аманбек, Бертмурат, Төрболд нарын хамтаар архи уугаад хоносон. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Бэрх-Уул ХХК-ны хашаанд байсан А.А-ийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун мотоциклийг унаад явсан...Тухайн үед би сайн анзаарч хараагүй. Хэрэв улсын номер дугаартай байсан бол замд хаягдаж үрэгдсэн байж болзошгүй гэж бодож байна... Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Биндэр суманд хамаатны айлд очиж хоносон. 2021 оны 09-р сарын 01-ний өдөр би Төв аймгийн Мөнгөнморьт гэх газар руу самар түүхээр яваад 2021 оны 09-р сарын 21-ний өдөр Биндэр суманд ирсэн. Тэгээд түүнээс хойш хугацаанд Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар 09-ний өдрөөс хойш хугацаанд Си АР Монголиа гэсэн компанид жолоочоор ажииллаж байгаа. Би 2021 оны 08-р сарын 23-ний өдрөөс хойш хугацаанд ажил хийж амьдарч байсан... /хх-ийн 136-137 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Я ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 140-143 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...шүүгдэгч Н.Я  нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн С.Б-ий гэрийн гадна байсан түүний эзэмшлийн 2016 онд үйлдвэрлэгдсэн Хайрхан маркийн хул шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотод байх “Бэрх-Уул” ХК-ийн хашаанд байсан А.А-ийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч А.А-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай үйлдлээр учруулсан гэж үзэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг:

...миний үйлчлүүлэгч Н.Я  нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн С.Б-ий гэрийн гадна байсан түүний эзэмшлийн 2016 онд үйлдвэрлэгдсэн Хайрхан маркийн хул шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотод байх “Бэрх-Уул” ХХК-ийн хашаанд байсан А.А-ийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч А.А-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Хохирогч А.А  , С.Б нарт мотоциклийг хүлээлгэн өгсөн мөн хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул бусдад төлөх хохирол, төлбөргүйд тооцож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Я :

...гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид ахин ийм алдаа гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Н.Я ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Я  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Я  дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Н.Я ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагыг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Н.Я ын иргэн А.А-ийн эд хөрөнгийг хулгайлж буй гэмт үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба тусгайлан заасан гэмт хэргийн улмаас бусдад 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн, иргэн С.Б-ийн эд хөрөнгийг хулгайлж буй гэмт үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба тусгайлан заасан гэмт хэргийн улмаас бусдад 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш хохирол хор уршиг учирсан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тэрээр шүүгдэгч Н.Я  нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа энэхүү өөрийн идэвхитэй гэмт үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготойгоор хүсэж хийсэн, нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд шүүгдэгчийн санаатай, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Я ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн нэг удаагийн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Я ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эд хөрөнгөд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн, хохирогч А.А-ийн  эд хөрөнгөд 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь шүүгдэгчээс эд зүйлээ биет байдлаар нь буцаан хүлээн авсан нь хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд, хохирогч А.А   нь шүүгдэгчээс эд зүйлээ биет байдлаар нь буцаан хүлээн авсан нь хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” 54, 122 дугаар хуудсанд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Я ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө ын:

...Шүүгдэгч Н.Я ыг шүүхээс  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...” энэ хуулийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан байх тул тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй тул өмнөх ялын саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг:

...миний үйлчлүүлэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага  оногдуулах нь үндэслэлтэй байна.  Үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  6 сарын хугацаагаар тэнссэн харгалзаж өгнө үү...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Я :

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Ингээд шүүх шүүгдэгч Н.Я т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг, мөн тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Я т тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2139002640396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Я  энэ хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.6.,36.7., 36.8.,

36.10, 36.12, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Я-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн нэг үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Я-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Я-тшүүхээс тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Я-т тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

 мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2139002640396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Я энэ хэрэгтээ нийт 2 /хоёр/ хоног цагдан хоригдсоныгг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Я-турьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт хариуцуулсугай.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Я-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН