Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

                   

2023              01              25                   2023/ШЦТ/30

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            

 

Хэргийн индекс.180/2023/0019/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ө ,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.М-д холбогдох эрүүгийн 2239002070011 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар

         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд гар бөмбөгөөр хичээллэж байх явцдаа Ш.С-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр авч өөрт эдийн засгийн ашигтай байдлыг бий болгож түүнд 1.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.М :

...миний буруу би мэдүүлэг өгөхгүй...ахиж ийм асуудал гаргахгүй... сургуулийн спорт зааланд хувцас байсан баруун талын сандал дээрээс өөрийнхөө утастай андуураад авчихсан юм. Дараа нь гаргаад өгөх гэсэн ичээд өгөөгүй юм. Миний утастай өнгө нь адилхан...авсан утсаа гэртээ очоод талхныхаа өрөөнд бие тамирын хувцасны халаасанд хийгээд орхисон байсан маргааш нь мэдсэн...1.700.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн... утсыг төрсөн өдрийн бэлэг гээд нөхөртөө өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2239002070011 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.М гийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд гар бөмбөгөөр хичээллэж байх явцдаа Ш.С-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр авч өөрт эдийн засгийн ашигтай байдлыг бий болгож түүнд 1.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

 “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны  2022/ШД-228 дугаартай ...Иргэн Ш.С-ийн хулгайд алдсан Самсунг А-53 маркийн гар утсыг үнэлгээний өдөр болох 2022 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

хохирогч Ш.С-ийн ...Би 2022 оны 05 сарын 19-ний өдөр манай Амартүвшин багшийн хичээллүүлдэг волейболын дугуйлан 19 цагаас эхэлсэн тэгэхэд сумын төв бие тамирын зааланд эхэлсэн. Би тухайн дугуйлан явдаг учраас зааланд очиход захиргаанд ажилладаг Нансалмаа эгч, Хаан банкны теллер Даваажаргал, Чингис, Оюундарь түүний нөхөр Оргил, эмнэлэгийн Ундармаа эгч, эмнэлэгт ажилладаг Эрдэнэзул түүний нөхөр Лхагва гээд залуу, цэргийн ангид ажилладаг жолооч Наранцогт ахын эхнэр М  эгч, мөн Балж багийн иргэд болох Оюунсүрэн эгч, Сумъяабазар, Өсөхбаяр, Болор-эрдэнэ, Наранцацрал болон түүний хадам ээж Одончулуун, Гомбозаяа гэх эгч, мөн манай сургуулийн сурагчид болох Лхамчиг, Эрдэнэдалай, Төгөлдөр нар мөн манай нөхөр Хэрлэнбаяр нарын хамтаар бид нар волейбол тоглосон. 21 цагийн үед би тоглох гэж байхад Оюундарь миний утсаар хүн рүү яръя гээд авсан. Тэгээд Оюундарь өөрөө тоглохдоо манай нөхөр Хэрлэнбаярт өгсөн байна лээ. Тэгээд бид нар бүгдээрээ талбай дээр гарч тоглох болоход манай нөхөр Хэрлэнбаяр миний утсыг заалны зүүн талын сагсны шийдны урд талын сандал дээр тавиад тоглосон гэж байсан. Би түрүүлж тоглож дуусаад утсаа хайтал манай нөхрийн хэлсэн газарт байхгүй байхаар нь нөхрийнхөө утаснаас өөр рүүгээ залгатал тухайн заалан дотор дугарч байсан тэгэхээр нь би байгаа юм байна гэж бодоод тоолгүй цаашаа тоглоомоо үргэлжлүүлээд 22 цагийн үед дуусгаад утас руугаа залгахад холбогдохоо больсон. Манай нөхрийн тавьсан гэж ярьж байгаа сандалын ойр хавьд нь Наранцацрал болон түүний хадам ээж, Одончулуун гэх Балж багийн иргэн Лхамчиг гэх сургуулийн хүүхэд тухайн сандал дээр сууж байгаа харагдсан. Ингээд утас руугаа залгаад холбогдохгүй байхаар нь ойр хавиар нь үзээд олдохгүй болохоор нь гэртээ хариад зааланд цуг тоглож байсан хүмүүс рүүгээ холбоо барьж асуутал бүгд мэдэхгүй гэж хэлж байсан. Миний утас тухайн үед цэнэг нь дуусч унтрах боломжгүй 50%-аас илүү цэнэгтэй байсан юм. Ингээд утсаа хулгайд алдчихлаа гэдгээ мэдээд цагдаад өргөдөл бичиж өгсөн... Миний утас 2022 оны 04 сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Сайн электроникс компаниас 1.700.000 төгрөгөөр авсан Самсунг А53 загварын 350331803971865 IMEI кодтой цайвар цэнхэр өнгөтэй, өнгөгүй кейстэй утас байсан. Ямар нэгэн онцлог шинж тэмдэг, сэв зураас байхгүй тийм утас байсан... Би утсаа алдах үедээ Мобикомын 94478322 гэх дугаарыг утсандаа хийж ашиглаж байсан... Надад яг тэр гээд сэжиглэж байгаа хүн байхгүй байна... Би гомдолтой байгаа, Алдсан утсаа олж.хулгайлж авсан хүнд нь тохирох шийтгэлийг нь хүлээлгэмээр байна... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч Ш.С-ийн ...Надад нэмж ярих зүйл байна. Миний гар утсыг хэн авсныг би мэдлээ. М  гэдэг хүн өөрөө надад утасдаж хэлсэн. Би гар утсаа 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин одоо би энэ гар утасныхаа мөнгийг нь буцааж авмаар байна... Би шүүх хуралдаанд оролцохгүй. Хавтаст хэргийн материалтай танилцах шаардлагагүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,

хохирогч Ш.С-ийн ...Надад нэмж ярих зүйл байна. Миний гар утсыг авсан М  миний утасны хохирлыг надад бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Г.Сумъяабазарын ...Тиймээ би бэлтгэл хийсэн... Би мэдсэн. Бэлтгэл тарах үед Солонгоо гар утас алга болчихлоо гээд байж байсан. Тэнд байсан хүмүүс мэдэхгүй мэдэхгүй гээд тарцгаасан. Би тэр гар утсыг мөн адил хараагүй. Солонгоогийн хэлж байгаагаар заалны дотор байдаг хувцас солих өрөөнд тавиад тоглож байгаад алдчихлаа гэж байсан. Би хэргийн талаар мэдэх зүйл алга байна... Зааланд эхлээд Амартүвшин багшийн волейболын бэлтгэлийн хүмүүс бэлтгэлээ хийж байсан. Тэгэхэд Солонгоо, Хэрлэнбаяр, Ундраа эгч, Оюундарь, Нансалмаа эгч, Буганаа ахын эхнэр Даваанаа эгч нар байсныг санаж байна. Бусдыг нь сайн санахгүй байна. Ингээд сүүлд багуудын тэмцээний бэлтгэл хийхээр манай багийнхан орж ирсэн. Тэгэхэд манай ээж Оюунсүрэн, Одончулуун ах, манай дүү Өсөхбаяр, Чингис дүү, Болор-Эрдэнэ дүү, Наранцацрал, Гомбозаяа эгч, Эрдэнэдалай дүү, багш Амартүвшин санаж байгаагаар эд нар байсан. Бид нар бэлтгэлээ хийгээд орой 22 цагийн орчим шиг санаж байна тэгээд тарцгаасан. Тарахынхаа өмнө утас алга болчихлоо харсан хүн байна уу гээд явж байсан. Заалнаас бэлтгэлийн хэдэн хүмүүс түрүүлээд тарцгаасан. Дараа нь манай хэд цуваад гарцгаасан. Сүүлд Солонгоо, Амартүвшин багш, Хэрлэнбаяр бид дөрөв үлдээд заалыг тойрч утсаа хайгаад тарцгаасан. Ийм асуудал болсон. Миний мэдэх зүйл энэ байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэдалайгийн ...2022 оны 05 дугаар сарын 19-ний орой би 20-21 цагийн орчимд ерөнхий боловсролын сургуулийн зааланд орж бэлтгэл хийж байгаа хүмүүсийг харсан. Би 10-20-оод минут орчим хараад гарсан. Би зааланд тоглоогүй. Би ангийнхаа Ламчигдоржтой хамт зааланд ороод гарсан. Тэгээд өнгөрсөн долоо хоногийн 4 дэх өдөр тухайн үед заалнаас утас алга болсоныг мэдсэн. Надад Солонгоо эгч ирж эгчийнх нь утас алга болсон юм аа чамд мэдэх юм байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэдгээ хэлсэн... Зүүн талын сандал дээр суусан. Миний ойр орчимд гар утас байгаагүй... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Б.М гийн ...Энэ талаар би мэднэ. Тэр өдөр би зааланд байсан. Волейболын бэлтгэл хийж байсан юм. Тэр орой тоглож байгаад бэлтгэлээ хийж дуусаад яаралтай явах болоод хувцасаа солиод гарах үед миний сууж байсан сандал дээр хувцасны хажууд миний утасны кейстэй ижилхэн гар утас байхаар нь миний утас гэж бодоод аваад явсан. Тэгээд тэр орой нь волейболлын групп дээр Солонгын гар утас алга болчихлоо гэж зар оруулсан байсан. Тэгэхээр нь би айгаад хүний гар утсыг авсандаа санаа зовоод нуугаад өгөөгүй. Тэгээд би тухайн гар утсаа гэртээ хадгалаж байгаад 3 сарын дараа сим картыг нь авч хаяад, өөрийн 86890287 дугаартай сим гартаа хийж асаасан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Наранцогтын төрсөн өдөр болохоор нь би нөхөртөө бэлэглэчихсэн. Түүнээс хойш манай нөхөр өөрийн 88290287 дугаарын сим картыг ашиглаж байгаад сая 11 дүгээр сард хөдөө явж байгаад хаячихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу хохирлыг барагдуулна аа... Самсунг А-53 маркийн гар утас байсан. Өнгөгүй кейстэй байсан... Мэдээгүй. Би хүнээс хямдхан авч өгсөн гэж хэлсэн... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч С.Наранцогтын ...Би саяхан гар утсаа хөдөө ажлаар явж байгаад хаячихсан. Би Самсунг А53 маркийн гар утас барьдаг байсан. Манай эхнэр М  надад миний төрсөн өдрөөр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэсэн... Цайвар цэнхэр өнгийн Самсунг А-53 маркийн гар утас байсан... Манай эхнэр Солонгоо гэх хүний утсыг аваад гэртээ удаан байлгаж байгаад надад төрсөн өдрөөр маань бэлэглэснээ сая хэллээ. Ийм зүйл болсонд би их харамсаж байна. Тухайн хүний хохирлыг 100% барагдуулна... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

гэрч Д.Оюунчимэгийн ...М  нь 1983 онд Хэнтий Өмнөдэлгэр суманд төрсөн. Аав ээжээсээ 4-үүлээ айлын дундах охин юм. Хэнтий аймгийн Өлзийт тосгонд 10 жилийн боловсрол эзэмшсэн. М  Наранцогт нар нь дундаасаа 6-18 насны 4 хүүхэдтэй. Нөхөр нь Хилийн 0287-р ангид олон жил жолооч хийж байгаа. М  одоо Дадал сумын цэцэрлэгт тогооч хийж байгаа. Өмнө нь Хилийн 0296-р салбар буюу 3-р заставт олон жил ажилласаг, хичээнгүй, даруу төвөл зантай. Хүнд маш их тусархуу, шударга эмэгтэй юм. Би олон жил хамт ажиллаж байгаа миний хуурай дүүгээс өөрцгүй хүн байгаа юм. Ажлынхаа хажуугаар талх нарийн боов, бялуу, хэрчсэн гурил, махны цугуулга, төрөл бүрийн хоол, пицца зэргийг хийж Дадал сумын зах зээлд тогтмол нийлүүлдэг. 2021 онд Дадал сумын тэргүүний үйлдвэрлэгч иргэн болж байсан. Миний мэдэхээр ийм мундаг эмэгтэй байгаа юм... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

яллагдагч Б.М гийн ...прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг болон прскурорын сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Би бүрэн дунд боловсролтой... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой манай сумын хэдэн хүн нийлээд заал авч гар бөмбөг тоглож байсан. Тэгээд нэлээн орой болж би яаралтай харихаар болоод зааланд байрлах сагсны шийдний урд талд байсан сандал дээр суугаад хувцасаа солиод гарах гэтэл сандал дээр цагаан өнгөгүй гэртэй том утас байхаар нь аваад гарч унтраагаад гэр рүүгээ харьсан. Намайг гэртээ очсоны дараа групп чатан дээр Солонго багшийн гар утас алба болсон талаар бичиж байсан. Тэгээд би тэр үедээ санаа зовоод утсыг нь авсан талаараа хэлээгүй нууж байгаад 3 сарын дараа сим картыг нь авч хаяаад өөрийнхөө сим картаа хийж барьж байгаад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Наранцогтын төрсөн өдөр болохоор нь бэлэг болгож өгсөн. Тэгээд нөхөр тэрнээс хойш тэр утсыг нь барьж байгаад 11 дүгээр сард хөдөө ажилтай явж байгаад хаячихсан байна лээ... Үгүй ээ. Би нөхөртөө бэлэглэхдээ худалдаж авсан гэж хэлсэн... Үгүй ээ. Би хэнд ч хэлээгүй... Би хохирогчтой уулзаад 1 сая 700 мянган төгрөгийг данс руу нь хийж хохирлыг барагдуулсан байгаа. Одоо надад нэмж гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн... /хх-ийн 80 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.М гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-54 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...шүүгдэгч Б.М нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд гар бөмбөгөөр хичээллэж байх явцдаа Ш.С-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр авч өөрт эдийн засгийн ашигтай байдлыг бий болгож түүнд 1.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...миний үйлчлүүлэгчийн хувьд бусдын гар утсыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Хэрэг үйлдэгдсэн үйл баримт нь М  нь тухай зааланд тоглож байгаад өөрийнхөө утастай андуурч тухайн гар утсыг авч яваад дараа нь хүний утас гэдгийг мэдээд ашиглах, завших гэсэн сэдэлт зорилго үүсээд тухайн утсыг өөрийнхөө нөхөрт бэлэглэсэн асуудал байгаа. Ингээд 3 сарын дараа тухайн хууль зөрчсөн үйлдэл нь мэдэгдээд хохирогчид М  мэдэгдсэн байгаа. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгч Б.М :

...байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Б.М  түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар нь гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.М  дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Б.М гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагыг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.М  иргэн Ш.С-ийн гар утсыг эзэмшигч, өмчлөгч болох Ш.Солонгод хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу хохирогч Ш.Солонгод 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тэрээр шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар болон бусдад мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд оруулж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготой энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, 1.000.000 /нэг сая/  төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.М гийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.Солонгоод эд хөрөнгөд 1.000.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

    

Хохирогч Ш.Сологоод шүүгдэгч Б.М  мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирлыг 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг болгон төлсөн болох нь хохирогч Ш.С-ийн өгсөн мэдүүлэг, дансны хуулга, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.М г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө :

...Шүүхээс шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдож байна

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.5-д,  3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаангүй оролцож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Б.М г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн байдал зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү  ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.М :

...байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан дүгнэн  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоож шийдвэрлэлээ.

шүүгдэгч Б.М г тэнссэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс 1 /нэг/ жил 2 / хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239002070011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн  36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил  2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д тэнссэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

 мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239002070011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН