| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
2023.01.27 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0026/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Ө ,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Д.Г-д холбогдох эрүүгийн 2339000000039 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн Оюут 3-5 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хар өнгийн хутгаар нүүрэн тус газарт нь нэг зүсэж түүний эрүүл мэндэд зүүн хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Г :
...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлж эм тариаг нь авч өгсөн байгаа.... гэж мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2339000000039 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн Оюут 3-5 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хар өнгийн хутгаар нүүрэн тус газарт нь нэг зүсэж түүний эрүүл мэндэд зүүн хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллий хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №59 дугаартай ...О.С-н биед зүүн хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
хохирогч О.С-ийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 15 цагийн үед ( Цэнхэрмандал сумын төвд хаягыг нь сайн мэдэхгүй найз Гантулгийнд очиж хоноод маргааш нь самарт явах санаатай байсан юм. Гантулгийн гэрт бид хоёр 1 шил 0.75гр Хараа архи уугаад газар мах идээд сууж байсан юм. Тухайн үед Г хутга бариад мах идээд сууж байгаад гэнэт миний зүүн талын хацар хэсэг рүү хутгаар зүсчихсэн тэгээд Г бид хоёр цуг эмнэлэг ороод би 3 оёдол тавиулсан... Би мэдэхгүй байна. Г гэнэт л миний хацрыг зүсчихсэн... Тухайн үед болон тухайн асуудал болохын өмнө бид хоёр ямар нэг байдлаар хэрүүл маргаан хийгээгүй. Бид хоёрын хооронд өс хонзонгын шинжтэй асуудал байгаагүй... Г бид хоёр байсан өөр хүн байгаагүй... Г хутгаа баруун гар талдаа бариад газар сууж байсан... Миний зүүн талын хацар хэсэг зүсэгдэж би 3 оёдол тавиулсан... Надад гомдол санал байхгүй... мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
гэрч Н.Эрдэнэтуяагийн ...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвд тус сумын иргэн О.С , Д.Г нар ирсэн ба С гийн зүүн талын шанаанаас цус гойжсон байсан ба шалгааныг нь асуутал хүн хутгалчихсан гэж хэлсэн. О.С-ийн биед үзлэг хийж үед зүүн талын шанаанаас гойжсон цусыг цэвэрлэж 3 оёдол тавьсан. Шархны хэмжээ нь 3,5 см урттай, 0,5см гүнтэй шарх байсан. Биеийн бусад хэсэгт гэмтэл шарх байгаагүй... С өөрөө хэлэхгүй байсан ба хамт ирсэн Г нь би д хоёр хоорондоо маргалдаад би хутгалчихсан гэж хэлж байсан...С гийн биеийн байдал дунд зэрэг байсан цус алдсанаасаа болж шоконд орсон болон бусад зүйл илрээгүй. Бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч Х.Ган-Эрдэнийн ...Д.Г нь бага насаа Цэнхэрмандал сумын хүүхдийн цэцэрлэгт өнгөрүүлж, Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуульд бүрэн бус дунд боловсролоо эзэмшиж, Төв аймгийн Аптанбулаг сумын 119 дүгээр цэргийн ангид алба хаагаад Улаанбаатар хотод арьс ширний үйлдвэрт ажиллаж амьдарч байгаад 2020 оноос хойш Цэнхэрмандал суманд ирж амьдарч байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна... Д.Г нь бага насандаа бүжгийн спортоор хичээлэлдэг байсан. Чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулдаг... Д.Г нь бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг... Д.Г нь сумынхаа С гэгч хүнтэй маргалдаад хутгаар зүссэн гэж ярьж байсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
яллагдагч Д.Г-ийн ...Тогтоолыг болон прокурорын сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай нутгийн залуу болох С гээд залуу манайд ирсэн. Тэгээд өдөр ойролцоогоор 15 цагийн үед С бид хоёр хамт нэг шил архи уунгаа чанасан мах идээд сууж байтал С намайг гуйлгачин гэж хэлэхээр нь би мах огтолж идэж байсан хутгаараа С гийн хацрын зүүн хэсэг рүү нь хатгачихсан юм. Тэгээд би өөрөө С г дагуулаад эмнэлэг рүү явсан. Тухайн үед би яг яагаад тийм үйлдэл хийснээ мэдэхгүй байгаа гэнэт л гарт байсан хутгаараа хацрыг нь зүсчихсэн. С бид хоёр өмнө нь ингэж маргалдаж муудалцаж асуудал гаргаж бие биедээ санасан урьдын хонзон өр авлагатай зүйл байхгүй... Би эмчилгээтэй холбоотой эм тарианы мөнгийг нь төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй... /хх-ийн 54 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө :
...Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн Оюут 3-5 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хар өнгийн хутгаар нүүрэн тус газарт нь нэг зүсэж түүний эрүүл мэндэд зүүн хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гантулгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г :
...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Г нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Д.Г-ыг холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч Д.Г хохирогч иргэн О.С г хутгаар зүсэж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр шүүгдэгч Д.Г хохирогч О.С-ийн биед хүч хэрэглэн халдаж хутгалж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч О.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилго эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Д.Г-ыг гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч О.С-ийн зүүн хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч О.С-ийн ...Г нь миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан санал гомдол байхгүй.... гэсэн хүсэлт, хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Г-ын хүсэлт, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаарх шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө :
...шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эд мөрийн баримтаар хутга хураагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааны зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г :
...... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Д.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус байгаа эсэхийг тогтоох шаардлагагүй.
Зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс шүүгдэгч Д.Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,
торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгч Д.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч Д.Г 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шаардлагатай гэж үзэж,
шүүгдэгч Д.Г д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2339000000039 дугаартай иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2339000000039 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хутгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН