| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2019/00542/И |
| Дугаар | 102/ШШ2019/01439 |
| Огноо | 2019-05-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2019/01439
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2019/01439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М
хариуцагч Б.Ч
нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У би Б.Чтай 2015 онд танилцаж улмаар байр түрээслэн хамт амьдарч байсан. Б.Ч нь 2017 оны 06 дугаар сараас эхлэн намайг орхин явсан бөгөөд миний бие тухайн үед түүнээс хүүхэд олсон байсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү У.М төрсөн. Б.Чаас хүүхдийн тэтгэвэр гаргуулж хүү У.Мийг тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Иймд Б.Чаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан өгнө үү.
Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.У гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй.
Нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У би Б.Чтай 2015 он танилцаж, улмаар байр түрээслэн хамтран амьдарч байсан. Б.Ч нь 2017 оны 6 дугаар сард надаас салж намайг орхин явсан бөгөөд миний бие тухайн үед түүнээс хүүхэд олсон байсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү У.М төрсөн. Иймд Б.Чыг хүү У.Мийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, У.М тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна.
Хариуцагч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.Мийн эцэг мөн болох нь тогтоогдсон тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Б.Ч, Б.У нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү У.Мийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Уын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж зааснаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.М эхийн нэрийг авсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2013 дугаар дүгнэлтээр Б.Ч нь У.Мийн эцэг мөн болох нь тогтоогдсон байна. Иймд хариуцагч Б.Чыг У.Мийн эцгээр тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.Чаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү У.Мийг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч У.М нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, одоо 1 нас 2 сартай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 217900 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч Б.Чаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ сар бүр 108950 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Хариуцагч Б.Ч нь нэг жилийн хугацаанд хүү У.Мт 1,307,400 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 35868 төгрөг төлнө. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 34332 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Батжаргалын Чинбатыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Урантогосын Мөнхтүшигийн эцгээр тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Чаас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү У.Мийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 34332 төгрөг, хариуцагч Б.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 35868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уод олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА