| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/00767/И |
| Дугаар | 102/ШШ2019/01341 |
| Огноо | 2019-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2019/01341
| 2019 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2019/01341 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................... байранд оршин байх, С.Д СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................... тоотод оршин суух, ...............овогт Ч.Б /РД: 000000000/-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 649,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Саруул дэнж хотхоны 40, 40а, 40б, 40с, 40д байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн цахилгаан шугамыг хамгаалж, шинэчлэх, заврарлах, орц, хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн ханган ажиллаж байна. Манай холбоонд хамаарах 40Д байрны 1 тоотод оршин суух Ч.Б нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тухай мэдэгдлийг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна. Хариуцагч Ч.Б нь 2014 оны 01 дүгээр сараас хойш 649,750 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Манай холбоо нь нэг айлаас сард засвар үйлчилгээнд 1 м/к нь 10 төгрөг, хариуцагч Ч.Бынх 62 м/к талбайтай тул сард засвар үйлчилгээнд 6,200 төгрөг, цэвэрлэгээ 2,000 төгрөг, жижүүр 1,500 төгрөг, цахилгаан 1,000 төгрөг, баримт 150 төгрөг, нийт 10,850 төгрөг авдаг гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ууганбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай гэр тус байрны 1 дүгээр давхарт байдаг учраас шөнө манай цонхыг тогшиж орцны хаалгаа онгойлгохыг шаардаж амгалан тайван байдал алдагдуулдаг. Энэ талаар холбооны захиралд хэлж төмөр хашлага хийлгэхээр хүсэлт тавьсан боловч одоо хүртэл шийдээгүй, мөн цэвэрлэгээ үйлчилгээ муу байдаг тул СӨХ-ны мөнгийг төлдөггүй. Мөн ямар шийдвэр тушаалаар сар бүр ийм мөнгө авч байгаа нь тодорхойгүй байна гэх өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д СӨХ, хариуцагч Ч.Бд холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 649,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... засвар үйлчилгээгээ хийдэггүйн улмаас байрны өнгө үзэмж муудсан, жижүүргүй байдгаас болж гражнаасаа эд зүйлээ алдаж байсан тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40д байрны 1 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Ч.Б мөн эсэх, тухайн орон сууц нь С.Д СӨХ-нд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Ч.Б нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.Д СӨХ нь оршин суугчдаас засвар үйлчилгээний зардалд сард 1 м2х100=6,200 төгрөг, цэвэрлэгээ 2,000 төгрөг, жижүүр 1,500 төгрөг, цахилгаан 1,000 төгрөг, баримт 100 төгрөг, нийт 10,800 төгрөгийн зардал хураадаг байжээ. Хариуцагч Ч.Бын өмчлөлийн 1 тоот орон сууц нь 62 м2 талбай бүхий орон сууц болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна, энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 60 сарын сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрийг нэхэмжилжээ. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан байх тул 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны зардлыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Харин 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрт хариуцагч Ч.Б-аас 388,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 206,950 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75.2.3-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б-аас 388,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 206,950 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,314 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР