Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/1016

 

Г.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

яллагдагч Г.Ггийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1562 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 48 дугаартай прокурорын эсэргүүцлээр Г.Гд холбогдох 1702000320059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Гийн Г, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны хороолол, 17 дугаар байрны 1602 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, 201625021234 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Б, П.Б нарын “хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Бөөс 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард Г.Б, П.Б нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж заажээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгч яллах дүгнэлтийн хавсралтыг гардаж аваагүй, хавсралттай танилцаагүй гэж мэдүүлж байх бөгөөд яллагдагч Г.Гд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлтийг эх хувиар нь гардуулан өгсөн тухай тэмдэглэл /3хх 134/ хэрэгт авагдсан байна. Иймд яллагдагчид хавсралтгүй яллах дүгнэлт гардуулж, хавтас хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийн хувийг /хавсралтын хамт/ яллагдагчид гардуулж, зохих журмын дагуу хавтас хэргийг шүүхэд шилжүүлж, энэ тухай яллагдагч, эсхүл түүний өмгөөлөгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв. Иймд яллагдагч Г.Гд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтээ тус тус мөрдөн байцаалтын шатанд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр Г.Гд холбогдох 1702000320059 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Гд яллах дүгнэлтийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эх хувиар нь буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ" гэх заалтад нийцүүлэн, тухайн эрх зүйн баримт бичигт байвал зохих бүхий л бүрдүүлбэрийг хангаж, яллагдагчид гардуулан өгсөн болно. Гэтэл хүсэлт гаргасан тал прокуророос гардуулан өгсөн яллах дүгнэлтийг эх хувиар нь бус, хавсралтгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт үзүүлж, эх сурвалж, өөрийн гаргаж буй үйлдлийн баталгааг тодорхойлоогүй байхад шүүх нөхцөл байдлыг бүхэлд нь бус яллагдагчийн нэг талын хүсэлт, батлагдаагүй таамаглалд тулгуурласан шинжтэй дүгнэлт хийн, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл /Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх/-ийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал" гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЗ/1562 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, яллагдагч Г.Гд холбогдох 1702000320059 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

Яллагдагч Г.Ггийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Уг хэргийг прокурор болон Авлигатай тэмцэх газар шалгахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Г.Ггийн өмнө үйлдсэн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сард болсон. Яллагдагч Г.Гд холбогдох хоёр хэргийг нэг мөрдөн байцаагч, нэг цаг хугацаанд шалгасан байдаг. Тэгсэн атлаа эхний хэргийг нь шүүх рүү явуулаад, уг хэргийг дарж байгаад шийтгэх тогтоол гарснаас 2 жилийн дараа шүүх рүү явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийг нэгтгэж шийдвэрлүүлээгүй. Өмнөх шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Прокурор яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтэд албан тушаалынхаа албаны үүргийг хэрэгжүүлсний төлөө авилга авсан гэж үзсэн. 2016 онд гаргасан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёстой. Яллах дүгнэлтийг хавсралтын хамт гардуулаагүй. Уг хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан. Бүгд цагдаагийн байгууллагын албан тушаалтан байсан. Зарим нь оргоод зугтаасан, зарим нь байхгүй болсон. Үлдсэн ганц нь мөрдөн байцаагч байдаг. Хэргийг хэн үйлдсэн болох нь тодорхойгүй. Гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй тул хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Хэргийн материалыг яллагдагч Г.Гд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан байдаг. Дараа нь Бд холбогдох хэргийг тусгаарласан. Тусгаарласан тогтоолоо яллагдагч Г.Гд танилцуулаагүй. Гомдол гаргах боломжоор хангаагүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Яллагдагчид хавсралтгүй яллах дүгнэлт гардуулж, хавтас хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийн хувийг /хавсралтын хамт/ яллагдагчид гардуулж, зохих журмын дагуу хавтас хэргийг шүүхэд шилжүүлж, энэ тухай яллагдагч, эсхүл түүний өмгөөлөгчид мэдэгдэх нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана” гээд, 5.1-д “шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр” 5.2-т “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа” 5.3-т “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”, 5.4-т “эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө.” гэж тус тус заажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар прокуророос яллагдагчид яллах дүгнэлтийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гардуулан өгсөн баримт авагдсан бөгөөд уг яллах дүгнэлтийг гардуулах үед хавсралт нь байхгүй байсан нь нотлогдохгүй байна. 

Мөн шүүхийн шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийн хавсралтыг гаргуулан авах эрх нь нээлттэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Иймд прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Гд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1562 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Гд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ