| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 119/2024/0038/3 |
| Дугаар | 221/МА2024/0725 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0725
Орхон *************ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0** дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Х нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Орхон *************
Хариуцагч О**************
Гуравдагч этгээд Орхон ***************
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,
Хариуцагч М.Ж,
Гуравдагч этгээд Орхон ************** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 119/2024/00****/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0** дугаар шийдвэрээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 31.9, 74 дүгээр зүйлийн 74.3, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А************* Орхон ***************нд холбогдуулан гаргасан “Орхон ***************ны 20** оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” **** дугаар тогтоол, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдоход тооцох тухай” 22 дугаар тогтоолын Монгол Ардын намд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгчийн зүгээс МАН-ын хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг 2024.09.05-ны өдөр Орхон ***************нд хүргүүлсэн үйл баримттай огт маргаагүй бөгөөд 2024.09.02-ны дотор нам эвслээс нэр дэвшигчдээ тодруулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад сонгуулийн хороо бүртгэж шийдвэрлэсэн нь хууль бус гэх үндэслэлээр маргасан. Цаашлаад Үндэслэх нь хэсгийн 2.3-д “Орхон *************** нь МАН-аас ирүүлсэн 41 нэр дэвшигчийг бүртгэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 31.9-д тус тус заасны дагуу заасан хугацаанд бүртгэж, үнэмлэх олгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэр дэвшигчийг ажиллагааг хуулийн хугацаанд явуулаагүй, энэ хуулийн зөрчлийг захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бодит нөхцөлийг тогтоох замаар шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй талаар маргасан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн системчлэл талаас нь авч үзвэл 6 дугаар бүлгээр “Төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх” харилцааг зохицуулсан бөгөөд энэ нь нэг бүлгийн зохицуулалт учраас нэр дэвшүүлэх болон бүртгэх харилцааг хоорондоо шалтгаант холбоотой, нам эвсэл болон Сонгуулийн хороонд нэгэн адил хамааралтай заалт болно. Нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, маргаж буй үндэслэлийг буруу тодорхойлсноос шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс МАН-ын сонгуулийн хороонд хүргүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж маргаагүй байхад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, аргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хууль болон Улсын дээд шүүхийн тайлбараас үзвэл анхан шатны шүүх Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг буруу хэрэглэсэн буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдана. Зүй нь анхан шатны шүүх Орхон *************** МАН-аас 41 нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд тодруулсан эсэхийг шалгаж тогтоосон эсэх, энэ талаар Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулсан эсэх, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28.1 дэх хэсэг, 32.1.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн хүрээнд МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэснийг зөвтгөх үндэслэлгүй. Мөн дээрх хуулийн 32.1.1-д заасан “татгалзах” үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй байсан. Анхан шатны шүүх Орхон ***************г ийм үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан зохицуулалтыг үгүйсгэсэн явдал болжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэг намын дотоод үйл ажиллагааг хянан хэлэлцээгүй бөгөөд харин Орхон ***************ны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөхөд тухай намын нэг дэвшүүлэх ажиллагаа 2024.09.03-ны өдөр буюу хуулийн хугацаанаас хэтэрсэн үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгож мэтгэлцсэн байдаг. Хуулийн хугацаанд явуулаагүй гэх үйл баримтыг үнэлж, дүгнэхгүйгээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг буруутгах, эсхүл зөвтгөх ямар ч боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ардчилсан намын гишүүн иргэн орон нутгийн сонгуульд нэр дэвших, сонгох эрх нь тухай нэр дэвшиж буй иргэний үндсэн эрх байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй намыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй бүртгэхээс татгалзах бүрэн эрхийг аймгийн сонгуулийн хороонд олгосон байна. Иймд субьектив эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэр дэвшүүлэх ажиллагааг намын дотоод асуудал гэж хэт явцуу байдлаар дүгнэсэн байна. Захиргааны хэргийн шүүхээс нэр дэвшүүлсэн эсэх асуудлыг хянах үүргийг хуульчилсан байхад хуульд зааснаар 45 хоногийн дотор дэвшүүлсэн эсэх хугацааг хянах үүрэгтэй байтал тус хугацааг намын шийдвэр гэж үзэж намын дотоод асуудал гэж хянахгүй гэж дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Орон нутгийн сонгуульд оролцож буй нам бүр нэр дэвшүүлэх нийтлэг журмын дагуу нэр дэвшүүлэх үүрэгтэй байна. Энэхүү үүргийн дагуу Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох эрхтэй, намаасаа намын гишүүн иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байна. Энэхүү эрхэд халдах үйлдэх нь Орхон **************ын нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөхгүй, өөртөө давуу байдал бий болгосон нь Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцож буй эрхэд халдаж буй үйлдэл юм. Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан материалаар Орхон********* нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшүүлэх ажиллагааг 2024.09.02-ны өдрөөс өмнө дуусгах үүрэгтэй байна. Ардчилсан намаас Ардын намын Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийн талаар нотлох баримтын хамт хүргүүлж байхад хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Монгол Ардын намын нэр дэвшигчдийг бүртгэж хууль бус шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин баримталсан хуулийн заалт алдаатай байх тул зөвтгөж өөрчлөв.
Маргаан бүхий Орхон ***************ны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9 дэх хэсгийг тус тус үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн хавсралтад заасан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгожээ. Мөн тус Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тухайн тойрогт хамгийн олон санал авсан хавсралтад дурдсан нэг дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгосонд тооцож тус тус шийдвэрлэжээ.
2. Анхан шатны шүүх “... сонгуулийн хороо нь Монгол ардын намын хорооноос нэр дэвшүүлэх тухай албан бичигт хавсаргасан ... Монгол ардын намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоол болон бусад хавсаргасан баримт баримт бичиг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2-т заасан шаардлагыг хангасан” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... бүрдүүлсэн баримт бичиг болон хэзээ хүргүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин МАН нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулаагүй, 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 цагт байхад сонгуулийн хороо шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй Орон нутгийн сонгуулийн хуулийн 28.1, 32.1.1-д заасныг зөрчиж бүртгэсэн талаар маргасан, энэ талаарх баримтыг үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу хэрэглэсэн ...” гэжээ.
4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуулийн тухайд нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгасан байхаар байна.
5. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 32.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;” гэж заасан тул Сонгуулийн хороо нь нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулсан эсэх талаар шалгах үүрэгтэй гэж үзэхээр байна. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.
Учир нь тухайн хуулиар орон нутгийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд сонгууль зохион байгуулахтай холбоотой бүх ажиллагааны хугацааг мөн хууль болон хуулийн 9 дүгээр зүйлийн 12-д заасан бүрэн эрхийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо нэг бүрчилж тодорхой тогтоосныг бүх этгээд адил дагаж мөрдөх бөгөөд тухайн ажиллагааг хугацаанд нь явуулаагүй бол Сонгуулийн хороог ямар нэгэн шийдвэр гаргахаар хуульд заасан тохиолдолд тухайн шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг тогтоож бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргах үүрэгтэй.
6. Гэвч энэ үүрэг буюу энэхүү маргааны хувьд “бүртгэх” шийдвэр гаргахад хуулиар тогтоосон хавсаргаж ирүүлсэн баримт нь тодорхойгүй, илт хуурамч баримт ирүүлсэн зэрэг тохиолдолд шалгах үүрэг хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл Сонгуулийн хороо нь эргэлзээтэй баримт хавсаргаж ирүүлээгүй байхад хуулиар шаардаагүй баримт бичгийг ирүүлэхийг шаардах эрхгүй, энэ нь сонгуульд тэгш шударгаар оролцох эрхэд халдсан явдал болно.
7. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ: 31.2.1. нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;” гэж зааснаас өөр нэр дэвшүүлэх ажиллагаа хэзээ дууссантай холбоотой баримт ирүүлэхийг шаардаагүй байх тул хариуцагч Сонгуулийн хороо нь Монгол ардын намын хорооноос “Нэр дэвшүүлэх тухай” 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэр, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтын хамт ирүүлснийг үндэслэн нэр дэвшигч нарыг бүртгэн, үнэмлэх олгох тухай тогтоол гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Нэхэмжлэгч Ардчилсан намаас энэ талаар мэдмэгцээ Сонгуулийн хороонд гомдол, видео бичлэг зэрэг материал хүргүүлсэн тул шалгах ёстой байсан гэх боловч хэрэгт авагдсан нэр дэвшүүлэх тухай тогтоол, санал хураалтын дүнг баталсан тухай тогтоол зэрэг нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарсан, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн “… 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдааныг эхлүүлж, 41 нэр дэвшигчийн нэрийг уншиж сонсгосон, тогтоолоо хуулийн цаг боллоо гээд 23 цаг 57 минутад баталсан …” гэх мэдүүлэг, гуравдагч этгээдээс ирүүлсэн “тогтоолоо 100 хувийн саналаар гар өргөж баталж байгаа бичлэг болон бусад баримтуудаар Монгол ардын намын хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, тогтоолоо 00 цагаас өмнө баталсан нь тогтоогджээ.
9. Мөн нэхэмжлэгчээс “… нэр дэвшүүлэх хуралдаан нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 цагт дууссан нь видео бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдоно” гэх боловч мөн гэрчийн “… заалнаас дэвшихийг горилж байсан нэр ороогүй гишүүд санал гаргасан, заалнаас нэр дэвшүүлсэн 14 хүн санал аваагүй ялагдал хүлээсэн …” гэж мэдүүлсэн, мөн тухайн намын зарим гишүүдийн хийсэн хэвлэлийн бага хурлын бичлэг зэргээс үзвэл тухайн хурлын зохион байгуулалт, нэр дэвших гишүүдээ хэрхэн сонгосон, шударга биш байсан эсэх талаар намын дотоод маргаантай холбоотой тухайн хуралдаан үргэлжилж 05 цагт дууссаныг үгүйсгэхгүй боловч тухайн тогтоол баталсан үйл баримтаас хойш дахин нэр дэвшигчийн нэрсийг өөрчилж хавсралтыг тусад нь дахин баталсан зэрэг үйл баримт тогтоогдохгүй байх тул Монгол ардын намыг нэр дэвшүүлэх ажиллагааг “хуульд заасан хугацаанд явуулаагүй” гэх нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэл няцаагдаж байна.
10. Иймд хариуцагч Сонгуулийн хороог Монгол Ардын намаас нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулаагүйг шалган тогтоож, бүртгэхээс татгалзах шийдвэр гаргалгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий тогтоолуудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-д заасныг үндэслэн дүгнэлт хийсэн атлаа Тогтоох хэсэгтээ “74 дүгээр зүйлийн 74.3” гэж алдаа гаргасан, мөн зарим хуулийн заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2024/00** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 16.2.2 ...” гэсний дараа 28 дугаар зүйлийн 28.1” гэж нэмж, “... 74 дүгээр зүйлийн 74.3” гэснийг “73 дугаар зүйлийн 73.4” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ