Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2016/0177/э |
Дугаар | 234 |
Огноо | 2016-12-16 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
иргэдийн төлөөлөгч Б.Бадарч,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Б.Мөнгөншагай, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүгдэгч З.Батчимэг, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Золзаяагийн Батчимэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Бямбасүрэнгийн Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн 2014250000771 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Өрлүүд овгийн Бямбасүрэнгийн Мөнгөншагай, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 44-623 тоотод түр оршин суух, Булган аймгийн 2-р баг, Хужирт 2б-18 гудамж, 02 тоотод бүртгэлтэй, регистрийн дугаар ГЮ94111401,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.
2. Боржигон овгийн Золзаяагийн Батчимэг, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр, Төв аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт Төв аймаг, Сүмбэр сумын 2 дугаар баг, Жавхлант 8 дугаар гудамжны 01 тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33-495 тоотод оршин түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НШ92042905.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа З.Батчимэгтэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-900/б тоотод хохирогч О.Бум-Аюушийн гэрт хоноод явахдаа Тошиба Эс 600 маркийн зөөврийн компьютерийг шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөншагай мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Батчимэг мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирлоо төлөх болно...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.
Хохирогч О.Бум-Аюуш мэдүүлэхдээ: “…Би тэр хоёр охинтой танилцсан юм. Тэгсэн 2014 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэр хоёр охин манай гэрт ирж хоносон юм. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тэр хоёрын нэг нь өглөө босоод явна гээд байхаар нь би ажилдаа явахдаа хаалгаа түгжээгүй нөгөө хоёрыг гэртэй үлдээгээд ажил руугаа явчихаад 11 цаг 30 минутын үе ирсэн чинь нөгөө хоёр охин миний зөөврийн компьютерийг аваад явсан байсан. Би компьютераа ажилдаа явахдаа орон доогуураа хийсэн байсан. Оско, Чимгээ нарын бүтэн нэр болон одоо хаана амьдарч байгаа талаар мэдэх зүйл байхгүй...”/хх-8-9/, ...Батчимэг, Мөнгөншагай нарыг урьд нь таньдаггүй байсан. Батчимэгийг нь Чимэгээ гэж дууддаг, Мөнгөншагайг нь Оско гэж дууддаг байсан. Би хэрэг гарахаас 5 хоногийн өмнө энэ хоёртой танилцсан ба Батчимэг, Мөнгөншагай хоёр нь надтай хамт зах дээр ажилладаг байсан Энхболд гэж залууг таньдаг байсан юм байна лээ. Тэгээд Энхболд л энэ хоёрыг дагуулж манай гэрт ирсэн юм. Энхболд надаас 3 насаар ах бөгөөд бид хоёр багаасаа нэг гудамжинд өссөн юм. Энхболд ах л наад хоёроо гэртэй хонуулчих гээд байхаар нь би тэр хоёрыг гэртэй хонуулж байсан. Батчимэг, Мөнгөншагай хоёр миний зөөврийн компьютер байгааг мэдэж байсан. Угаасаа орж ирэхэд нь дэлгээстэй байж байдаг байсан юм. Компьютерийг худалдаж авсан баримт бол байсан. Одоо алга болсон байх. Батчимэг Мөнгөншагай хоёр миний зөөврийн компьютерийг авсан талаараа хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа ярихдаа бид хоёр мөнгөний хэрэг болоод авч яваад ломбарданд 80.000 төгрөгөөр тавьчихсан байгаа. Мөнгөтэй болохоороо аваад өгнө гэж байсан боловч авч өгөөгүй. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Надад учруулсан хохирол болон энэ үнэлгээнд дурьдсан 400.000 төгрөгийг төлчихвөл санал, гомдол гээд байх зүйл алга...” гэжээ /хх 119-120/.
Гэрч С.Батсүх мэдүүлэхдээ: “...Би Батчимэг гэгчтэй холын хамаатан байгаа юм. 2014 оны цагаан сараар золголт хийж байхдаа намайг энэ хаяган дээр амьдардаг гэдгийг мэдээд хот руу очихоороо танайд очно гэж байснаа 2014 оны 02 дугаар сарын 20-ны үеэр байх манай гэрт хүрч ирээд эгч нь энд ажилд орж байгаа юм. Танайд хувцсаа тавиад хэд хонож болох уу гэхээр нь би гэртээ хэд хонуулсан юм. Тэгээд сураггүй байж байгаад 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэг эмэгтэйн хамт ирээд хувцсаа аваад эгч нь Бөхийн өргөөний тэнд ажилд орж байгаа гээд яваад өгсөн. Тэгсэн удалгүй хэдэн залуучууд манай гэрт ирээд Батчимэг эгчийг асуугаад нөүтбүүк аваад явсан. Хаана байна гээд асуугаад байхаар нь би Чимгээ эгчид хэдэн хүүхдүүд асуугаад байна. Гэр орноор эргэлдээд хэцүү байна. Тэгээд ч энэ байгаа айлууд уурлаад байвал яах юм бэ гэсэн чинь “за за эгч нь тэр нөүтбүүкийг нь буцаагаад өгчихсөн, одоо дахиж ирэхгүй байх” гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин манай гэрээр ирээгүй. 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш утсаар яриагүй. Батчимэг эгчтэй хамт явж байсан эмэгтэйг би танихгүй Оско гээд байсан. Батчимэг эгч болохоор Оскотой нийлээд замаа алдлаа гэж надад хэлж байсан…” гэжээ /хх-10-11/.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №85 дугаар дүгнэлт:
Мөн шүүгдэгч Б.Мөнгөншагай, З.Батчимэг нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41, 42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45, 46/, эд зүйлийн үнэлгээ /хх-11/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай, З.Батчимэг нар нь бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-900/б тоотод хохирогч О.Бум-Аюушийн гэрт хоноод явахдаа Тошиба Эс 600 маркийн зөөврийн компьютерийг шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Мөнгөншагай, З.Батчимэг нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Б.Мөнгөншагай нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн боловч түүний дээрх ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Мөнгөншагайг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, ял оногдуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч З.Батчимэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруутай үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч О.Бум-Аюушийн нэхэмжилж буй Тошиба-Эс 600 маркийн зөөврийн компьютерийн үнэ болох 400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч З.Батчимэгээс 200.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Мөнгөншагайн Төрийн сангийн 900005406 тоот дансанд байршуулсан 200.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх, шүүгдэгч Б.Мөнгөншагайд ял шийтгэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, 0-2 насны буюу бага насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзаад ял хойшлуулах боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Өрлүүд овгийн Бямбасүрэнгийн Мөнгөншагай, Боржигон овгийн Золзаяагийн Батчимэг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Боржигон овгийн Золзаяагийн Батчимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250000771 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Б.Мөнгөншагайд 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч Боржигон овгийн Очирхуягийн Бум-Аюушид /РД: УЗ94051050/-д Чингэлтэй дүүргийн шүүхийн Төрийн сан дахь 900005406 тоот дансанд шүүгдэгч Б.Мөнгөншагайгаас байршуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч З.Батчимэгээс түүнд ногдох 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг гаргуулан олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнгөншагайд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Г.БУЯННЭМЭХ