Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0474

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б овогтой О  /РД:/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Онь шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшсэн. Өмнө нь удаа дараа сонгуульд нэр дэвшиж байсан ч Үндэсний аудитын газарт тайлан өгөх ёстой талаар мэдээгүй. Сонгууль богино хугацаанд зохион байгуулагдаж, дууссан. Тэр хугацаанд цугларсан хандив болон сонгуулийн зардлын тооцоотой холбоотой асуудлыг нягтлан бодогч хариуцаж, ажилласан. Явцын тайланг цахимаар өгдөг байсан. Үндэсний аудитын газар, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг төрийн байгууллагууд бидэнд тайлангийн талаар тайлбарлаж байгаагүй. Хоёр намаас бусад намын олон хүмүүс эцсийн болон явцын тайлангаа өгөөгүй, энэ талаар мэдлэггүй байсан. Сонгуулийн зардлыг хувь хүнээс буюу өөрөө гаргасан. Мөнгө, санхүүгийн хувьд одоог хүртэл өртэй, төлж дуусаагүй байна. Дахин 10,000,000 төгрөг төлнө гэдэг хохиролтой байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэт хийлгэсэн.

Гэтэл Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т Аудитын үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой баримт, мэдээллийг харилцагч банк, санхүүгийн байгууллага болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардан авч танилцах гэж заасан. Ерөнхий Аудитор үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо, банк, нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн зардлын дансыг шаардаж аваагүй.

Нэр дэвшигчдийн зардлын данс, зардлын дансны явцын болон эцсийн тайланг авах ажиллагааг дутуу дулимаг, муу зохион байгуулсан нь энэ үүргээ биелүүлээгүй гэж би үзэж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуультай холбоотой бүх асуудлыг хуулийн дагуу төвлөрүүлэн зохион байгуулан бусад байгууллагуудтай уялдаатай ажиллаж байгаа гэсэн итгэлийг хөсөрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний Аудитын газрын хооронд ажлын уялдаа холбоогүйн улмаас дээр дурдагдсан хуулийн заалтуудыг зөрчигдсөн нь илт юм.

Сонгуулийн явцад Сонгуулийн ерөнхий хороо болон бусад төрийн байгууллагуудаас утсаар ярьж мэдэгдэх, албан тоот ирүүлэх зэргээр сонгуультай холбоотой үйл ажиллагаануудыг мэдэгдэж байсан. Үндэсний аудитын газар манай намын нягтлан бодогчоос явцын тайлан шаардаж, авч байсан боловч эцсийн тайлангийн талаар албан ёсоор мэдэгдээгүй, холбогдох хуулийн талаар сурталчлаагүй тул манай намын нягтлан бодогч мэдээгүй байсан. Сонгуулийн санал хураах өдөр миний чихрийн шижин хүндэрч, өвчтэй байсан тул өөрийн биеэр оролцож чадаагүй. Мөн сонгуулийн дараа хатуу хөл хорио тогтоосон зэрэг хүндэтгэх шалтгаантай байсан. Хоёр намаас бусад намын олон хүмүүс эцсийн болон явцын тайлангаа өгөөгүй байсан. Сонгууль богино хугацаанд зохион байгуулагдаж, дууссан. Нэгдүгээрт хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хоёрдугаарт эцсийн тайлангийн талаар мэдээлэл байгаагүй, гуравдугаарт улсыг болон бусдыг хохироосон үйлдэл гаргаагүй.

Эцсийн тайлан өгч, үүргээ биелүүлж чадалгүй хугацааг өнгөрөөсөнд олон нийтийн хатуу хөл хорио тогтоосон, эрүүл мэндийн байдал муудсан зэрэг хүндэтгэх шалтгаантай байсан. Эрүүл мэндтэй холбоотой асуудал эмнэлгийн магадалгаагаар нотлогдоно. 10,000,000 төгрөгийн торгууль төлөх шаардлага байхгүй. Иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж дурдсан боловч Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэн хохирч байгааг буруу зохион байгуулалттай байна гэж үзэж байна. Миний бие таван удаа сонгогдох эрхээ эдэлж, мөн удаа хохирсон. Сонгуулийн зардал хувь хүнээс гарч, санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн. Хатуу хөл хорионы үед бүх газар хаалттай байдаг байсан. Эцсийн тайланг сонгууль дууссанаас хойш 30 өдрийн дотор өгөх ёстой байсныг сүүлд мэдсэн. Сонгууль дууссаны дараа 10 хүрэхгүй хоноод л хатуу хөл хорио тогтоосон. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр надтай утсаар холбогдож, танд 10,000,000 төгрөгийн торгуулийн хуудас бичигдсэн, төл гэсэн. Миний бие утсаар ярьж лавлаж, очиход өрөөнд оруулан хэд хэдэн асуулт асуусан ба би шалтгаанаа хэлсэн.

Үндэсний аудитын газар Хөгжлийн хөтөлбөр намыг шалгаагүй. Хөгжлийн хөтөлбөр намын сонгуулийн тайлангийн талаар шалгаагүй. Хөгжлийн хөтөлбөр нам 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Үндэсний олон нийтийн радио телевизээр сонгуулийг хууль бусаар эртнээс төлөвлөн, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэл хийснийг үзээд Хөгжлийн хөтөлбөр нам сонгуульд оролцохыг зөвшөөрөөгүй, татгалзахад Сонгуулийн ерөнхий хорооноос нэр татах хугацаа өнгөрсөн гэж мэдэгдсэн. Үндэсний аудитын газарт Хөгжлийн хөтөлбөр нам тайлангаа хүлээлгэж өгсөн, гэтэл гаргаж өгсөн тайланг олдохгүй байна гэсэн намын тайлангийн талаар маргаантай байгаа. Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсанд хамааралгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлантай холбоотой асуудлаар тухайн нэр дэвшигчийн дэвшсэн дүүрэг, орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын албанд хүргүүлсэн актаар, гомдол гаргагчид 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан. ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулах болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа зөрчлийн субъектийг зөв тодорхойлж чадаагүй. Гомдол гаргагч О нь Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч ба маргаан бүхий шийтгэл хуудсыг гомдол гаргагчид ногдуулсан. Хөгжлийн хөтөлбөр намыг шалгаагүй. Тухайн нам болон нэр дэвшигчийн хэнд нь торгууль ногдуулах ёстой эсэхийг тогтоогоогүй.

Маргаан бүхий захиргааны акт утга агуулгын хувьд илт алдаатай. 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулахдаа шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл гэж заасан буюу хэд дэх хэсэг, заалтыг баримтлан 10,000,000 төгрөгөөр торгосон нь тодорхойгүй.

Зөрчлийн хэрэг бүртгэлт, гарсан шийдвэр, шийтгэл ногдуулах үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байдаг. Зөрчлийн тухай хуульд шийдвэрийг гардаж авснаас хойш гомдол гаргах эрхтэйг зааж өгсөн байдаг. Шийтгэлийн хуудсыг өөрчлөх, прокурорт гомдол гаргах эрх хаалттай байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заагаад прокурорт гомдол гаргах эрхийг заагаагүй хууль зөрчсөн шийтгэлийн хуудас бичсэн. Шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш прокурорт гомдол гаргах эрхтэй гэж үзэж байгаа тул илэрхий алдаатай захиргааны акт. Прокурорт гомдол гаргах эрхийг хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан байдаг. Шийтгэл ногдуулсан зүйл заалт тодорхой бичигдээгүй тул бүхэлдээ илт бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д гэж заасан ч, шийдвэрлэх хэсэгт хэд дэх хэсгийг заагаагүй. Уг хуулийн 17.1 дүгээр зүйл 36 хэсэгтэй, тус тус өөр торгуулийн зохицуулалттай.

Гомдлын шаардлагаа дэмжиж байна, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд 23 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөрийн намаас нэр дэвшигч О.З******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн болох нь Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн Улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Монголын Үндэсний Аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр тогтоогджээ.

Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц. нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг бичсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны 07/6746 дугаартай албан бичгээр арга хэмжээ авч, ажиллах тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар сонгуулийн зардлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийг ирүүлж, арга хэмжээ авна уу гэсэн албан бичиг ирсэн байдаг. Албан бичгийн хавсралтын 137-т Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч О нэр эцсийн тайланг ирүүлээгүй гэж ирсэн. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдахдаа нам болон нэр дэвшигчийн хэнд нь шийтгэл ногдуулаад байгааг асуусанд нэр дэвшигчид тооцсон. Албан бичигт намд биш нэр дэвшигчид нь арга хэмжээ авна уу гээд намынх нь нэрийн хойноос нэр дэвшсэн хүний нэрийг заан ирүүлсэн. Хөгжлийн хөтөлбөр намаас ганц гомдол гаргагч Оэвшээгүй. Бусад нэр дэвшигчид нь эцсийн болон явцын тайлангаа гаргаж, зөрчилгүй байна. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар гэж заагаад гомдол гаргагчид 10,000,000 төгрөгөөр шийтгэлийн хуудас ногдуулсан. Шийтгэл ногдуулахаас өмнө гомдол гаргагчтай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр холбогдож, мэдүүлэг авсан тэмдэглэл байна. Гомдол гаргагч мэдүүлэгт болон шүүх хуралдаанд маргаантай холбоотой хуулийг тайлбарлаагүй, явцын тайлан шаардсан шиг эцсийн тайланг шаардаагүй гэж дурдсан. Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Сонгогдох эрхээ эдлээд нэр дэвшсэн. Сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиа уншиж, судлах болон сонгуулийн зардлын тайлан өгөх нь нэр дэвшигчийн үүрэг. Төрийн байгууллага тайлан шаардах үүрэг байхгүй. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш гомдол гаргах эрхийг захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана гэж зааж өгсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль шатанд прокурорт гомдол гаргах эрхийг зааж өгөх ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Гомдол гаргагчаас авсан мэдүүлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны туршид эдлэх эрх, үүрэг болон гомдол гаргах эрхийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцуулаад, гарын үсгийг нь зуруулсан байдаг. Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэхгүй байна. Гомдол гаргагч гаргасан шаардлагынхаа хүрээнд тайлбар хийлгүй, гомдлын шаардлага нь хэвээр юм шиг эсвэл эсрэг байр суурьтай 2 талт өөр зүйл ярьж байна.

Хүн болгон хүндэтгэх шалтгаантай байж болно. Гэвч хуулийн хугацаанд багтааж, тайлан өгсөн, зөрчилгүй нэр дэвшигчид байсан. Хатуу хөл хориотой байсан боловч Баянзүрх дүүргийн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст дээд шатны байгууллагуудаас тайлангийн хугацааг сунгах чиг үүрэг өгөөгүй. Хөгжлийн хөтөлбөр намыг шалгаагүй. Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын тайлан хүлээж авах чиг үүрэгтэй. Сангийн яамд руу тойргоор нь хуваан, албан бичгээр зөрчилд арга хэмжээ авч, ажиллах үүрэг өгсөн. Дүүрэг рүү тойрогт хамаарах нэр дэвшигчдийн нэрс ирсэн. Үндэсний аудитын газар зөрчилтэй нэр дэвшигчдийн дэвшсэн намыг шалгасан эсэх талаар мэдэгдээгүй.Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас намыг шалгасан зүйл байхгүй. Ирсэн албан тоот дээрх нэр дэвшигчдийн нэрсийн дагуу шалгасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь ирсэн албан бичгийн дагуу арга хэмжээ авч, ажиллах чиг үүрэгтэй. Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс сонгуулийн зардлын тайланг хүлээн авах, зөрчил шалгах зэрэг чиг үүрэггүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Онь түүнд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг төрийн байгууллагууд бидэнд тайлангийн талаар тайлбарлаагүй, тайлан өгөх ёстой талаар мэдээгүй, Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшсэн байхад Хөгжлийн хөтөлбөр намыг шалгаагүй, шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн чухам аль хэсгийг баримталсан нь тодорхойгүйгээс шийтгэлийн хуудас утга агуулгын илэрхий алдаатай гарсан гэсэн үндэслэлүүдээр хууль бус гэж хүчингүй болгуулахаар маргажээ.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан улсын байцаагч Ц. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар шилжүүлэн ажиллуулахаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул шүүхээс хариуцагчийн эрх залгамжлагчаар улсын байцаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд болох Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг тогтоосон болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэргийн болон бусад нотлох баримтууд, талуудын тайлбарт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь заалтаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шалгаж шийдвэрлэхээр харьяалуулсан бөгөөд улсын байцаагч Ц нь зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байх үедээ Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2020 оны 12 дугаар сарын 10-наас тус хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажилласан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий албан тушаалтан бөгөөд, шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшсэн О.З*******г сонгуулийн зардлын эцсийн тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн ... заасныг баримтлан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал Үндэсний аудитын газар нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд, сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг хэрэгжүүлээгүй нэр дэвшигчдэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 тоот албан бичгээр зөрчилд хамаарах нэр дэвшигчдийн мэдээллийг хүргүүлсэн, улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 тоот албан бичгээр харьяалах дүүргийн Төрийн сангийн хэлтэст мэдээллийг хүргүүлж, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнуудад үүрэг болгосон, Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгийн хавсралтын 137 дугаарт нэр дэвшигч О эцсийн тайлан ирүүлээгүй хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Дээрх Улсын Ерөнхий аудитороос Сангийн Яаманд хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2929 тоот албан бичгээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам сонгуулийн зардлын дансны явцын болон эцсийн тайлангаа ирүүлээгүй зөрчил гаргасан гэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д "Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нам, эвслээс нэр дэвшигч нь санал хураалт дууссан өдрөөс хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийг зардлын тайлангаа хүргүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэр дэвшигчийг дан ганц торгох бус нам, эвслийг нь мөн торгох хуулийн зохицуулалттай байх бөгөөд нэр дэвшигч нь зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж, нам эвсэл нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой байхад Үндэсний аудитын газар уг зөрчлийг шалгаагүй, шалгасан талаарх баримт байхгүй атал уг намаас нэр дэвшигчийг сонгуулийн зардлын эцсийн тайлан өгөөгүй гэж үзэж шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Ийнхүү нэр дэвшигчид шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан ... шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

О. нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, 58 дугаар зүйлийн 58.4, 57 дугаар зүйлийн 57.3-т заасан сонгуулийн сурталчилгааны зардлын данс нээлгэх, дансаа бүртгүүлэх, авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд маргаан үүсчээ.

Зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Ц.нь нэр дэвшигч О. холбогдох мэдээллийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэлд санхүүгийн тайлан ирүүлээгүй гэснээс биш чухам явцын, эсхүл эцсийн тайлан ирүүлээгүй аль үйлдлийг зөрчил гэж үзсэнээ тусгаагүй, прокурорын зөвшөөрлөөр Сонгуулийн ерөнхий хорооноос авсан нэр дэвшигчийн утасны дугаараар зөрчилд холбогдогчид зөрчлийн талаар мэдэгдэхдээ мөн л явцын, эсхүл эцсийн тайлан ирүүлээгүй аль үйлдлийг зөрчил гэж үзсэнээ тусгаагүй, холбогдогчоос 2020 оны 12 дугаар сарын 15-нд мэдүүлэг авахдаа сонгуулийн зардлын тайлан хуульд заасан хугацаанд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд холбогдуулж мэдүүлэг авсан, холбогдогч нь Тайлангаа өгсөн, өгөөгүйг мэдэхгүй байж байхад хөл хорио тогтоосон гэсэн тайлбар өгч, тайлангаа хавсарган өгсөн байна. Үүний дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл ямар зөрчилд холбогдуулан шалгаж буйгаа холбогдогчид тодорхой илэрхийлээгүй, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын тайланг хуулиар тогтоосон хугацаанд өгсөн нь шийтгэлийн хуудсыг гарахаас өмнө урьдач нөхцөлийг хангаж тайлангаа гаргаж өгсөн нь тайланг тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад өгөөгүй зөрчил тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

Энэ байдлыг эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийг нотлох, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох, тухайн хүн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзлээ.

Түүнчлэн шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн чухам аль хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж буйгаа заагаагүй бөгөөд мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3, 7.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хуулийн аль зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулж буйгаа тодорхой заагаагүй энэ тохиолдолд зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарлаагүй гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг тогтоогоогүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Огомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч О. олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА