Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00976

 

Д.Чинбатын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

 

Д.Чинбатын нэхэмжлэлтэй,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нарт холбогдох,

 

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр болон өмгөөлөгч М.Ганзориг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Ц.Лхамягмар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Чинбат нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.11.23-ны өдрийн 1102 дугаартай шийдвэрээр Э.Буян-Ундрахыг тэжээн тэтгэхээр болсон. Үүний дараа энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж эхэлсэн. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад надад мөнгөний хэрэг гараад байна 1,000,000 төгрөг өгчих тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаая, би чамтай зууралдаж байх сонирхол алга, би хүүхдээ өөрөө тэжээгээд явчихаж чадна гэдэг зүйлийг хэлсэн. Би тухайн үед нь үнэхээр л мөнгөний хэрэг гарсан бол түүнд энэ мөнгийг нь бүтээж өгье гэж бодоод 1,000,000 төгрөгийг олоод түүнд өгсөн. Д.Энхцэцэг нь мөнгийг аваад Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 13/33-09 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолоор дуусгавар болгосон. Гэтэл 2019 оны 7 дугаар сард шүүхээс дуудаж, тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд танд холбогдуулан гаргасан байна ирж нэхэмжлэлээ ав гэсний дагуу нэхэмжлэлийг эхнэрээрээ авахуулсан. Энэхүү тэтгэлэг нэхэмжилсэн иргэний хэрэгт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч М.Мэндбаярыг оролцуулсан юм. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.6.18-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан болохыг олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нар надад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг надад огт мэдэгдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үндэслэн сэргээсэн гэж үзэхгүй байна. Иймд Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын 2019.6.18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Ц.Лхамягмар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.11.23-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр Д.Чинбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Д.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг 2013.4.29-ний өдрийн 13/55-09 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Тэтгэлэг авагч Д.Энхцэцэг тус газар хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул гүйцэтгэх баримт бичгийг сэргээлгэх талаар хүсэлтийг ирүүлсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 заасны дагуу сэргээсэн. Нэхэмжлэгч нь хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Чинбат нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлгийн мөнгөө огт төлөхгүй байж байгаад фондын өвс шатаасан хэргээр хорих ялаар шийтгүүлээд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Өвс шатаасан хэргийн хохиролд 7 сая орчим төгрөг төлөх ёстой байсан ба хэрэв төлөхгүй тохиолдолд дахин хорих ял эдлэх асуудал үүссэн тул 1 сая төгрөг өгөөд тэтгэлгээ түр зогсооё, тэгээд би 7 сая төгрөгөө төлчихөөд хүүхдийн тэтгэлгээ үргэлжлүүлэн өгье гэж гуйсаар байгаад бичиг хийлгэж аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгвар болгосон. Би 1 сая төгрөг авъя гэж ер хэлээгүй. Намайг гүтгэж байна... гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах Д.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр болон өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаарх: Д.Энхцэцэг нь өөрийн саналаар Д.Чинбатаас 1 сая төгрөг бэлнээр авч цаашид хүүхдээ өөрөө тэжээн тэтгэх болохоо илэрхийлсэн. Үүнийг Д.Чинбат нь хүлээн зөвшөөрч Д.Энхцэцэгт 1 сая төгрөгийг бэлнээр өгч 2013.4.29-ний өдөр тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан шийдвэр гүйцэтгэгч Д.Азжаргалд мэдэгдсэнээр тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл Д.Энхцэцэг нь 2019 онд тус дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд нь хүсэлтийг хүлээн авч 2019.06.18-ны өдөр 19-5/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол үйлдэж байгаа нь илт үндэслэлгүй юм. Мөн Орхон аймгийн давж заалдах шатны шүүх дээрх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1-д заасантай нийцсэн гэж шийдэж байгаа нь мөн адил үндэслэлгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар тохиолдолд дуусгавар болгох, сэргээн явуулахыг хуульчилсан бөгөөд дээрх факт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасан Төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэх заалтад хамаарч байгаа болно. Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах заалтанд дээрх 29.1.2-т заасан үндэслэл байхгүй бөгөөд Иргэний шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр авагч цаашид төлбөр авахаас татгалзсан үед дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах зохицуулалт байхгүй. Иймээс давж заалдах шатны шүүх хэргийн фактыг буруу дүгнэсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтыг хэрэглээгүй болно.

 

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх: Орхон аймгийн давж заалдах шатны шүүх Д.Чинбат болон Д.Энхцэцэг нарын хоорондох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон фактыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал, Д.Чинбатаас тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох санал санаачилга гаргаагүй зөвхөн Д.Энхцэцэгийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрснөөр түүнд хэрэгтэй гэсэн 1 сая төгрөгийг өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.2-т заасан ажиллагааг 29.1.4-т заасан ажиллагаа хэмээн ойлгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан ажиллагааг явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын хууль хэрэглээг засаж залруулах байтал хэт нэг талыг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын хууль хэрэглээг зөвтгөж шийдвэрлэж байгаа нь мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйл болон 30 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.27-ны өдрийн 35 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Чинбат нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нарт холбогдуулан 2019.6.18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...Д.Чинбат, Д.Энхцэцэг нарын хооронд тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж маргажээ.

 

Хариуцагч нар нь ...тэтгэлэг авагч Д.Энхцэцэг хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа үндэслэлээр гүйцэтгэх баримтыг сэргээх хүсэлт ирүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу сэргээсэн гэсэн, гуравдагч этгээд Д.Энхцэцэг ...Д.Чинбат шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэг огт төлөхгүй байсаар фондын өвс шатаасан хэргээр хохирол төлөх болсон. ...1,0 сая төгрөг өгөөд тэтгэлгээ түр зогсооё, хохирлоо төлчихөөд үргэлжлүүлж өгье гэж гуйсаар байгаад бичиг хийлгэж аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон... гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.11.23-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Чинбатыг 2006.11.20-ны өдөр төрсөн охин Э.Буян-Ундрахын эцгээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулж хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа 2012.01.16-ны өдөр эхэлсэн байх боловч төлбөр авагч Д.Энхцэцэгээс 2013.4.29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ...Д.Чинбат бид хоёр хоорондоо тохиролцож бэлнээр 1 сая төгрөг аваад цаашид хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хаалгахаар тохиролцлоо гэсэн хүсэлт гаргаснаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол үйлдэж, гүйцэтгэлийн ажиллагааг дууссанд тооцсон. Улмаар төлбөр авагч Д.Энхцэцэгийн хүсэлтийн дагуу 2019.6.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс дуусгавар болсон гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 19-5/01 дугаартай тогтоолыг гаргасан үйл баримтууд тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д ...төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж заасан ба төлбөр төлөгч Д.Чинбатыг тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй боловч шийдвэр гүйцэтгэгч тэжээн тэтгүүлэгч насанд хүрээгүй, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоогүй, хүүхдийн эрх ашгийг харгалзан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцсэн байна.

Харин талууд харилцан тохиролцсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн 2019.6.18-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх бөгөөд энэ үеэс Д.Чинбат нь охин Э.Буян-Ундрахыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ