Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 117/2016/0016/з |
Дугаар | 221/МА2016/0668 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0668
Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
О.*******аны нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ан, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын Сонгуулийн хорооны дарга Б.******* нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аны гаргасан давж заалдах гомдлоор Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аны нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Адаацаг сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Дундговь аймгийн Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.*******г нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр:
“Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 156.6, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аны Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Н.******* Дундговь аймгийн Адаацаг сумын Ардчилсан намын салбар байгууллагад 2004 онд гишүүнээр элсэх тухай хүсэлт гаргасан боловч тухайн намын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, үнэмлэхтэй байна” гэж заасны дагуу үнэмлэхээ аваагүй, тус намын гишүүн болсноо ч мэдээгүй байтал Адаацаг сумын Ардчилсан намын салбарын дарга Ч.Уранчимэгийн гаргаж өгсөн тодорхой он, сар, өдөргүй, хэзээ намын гишүүдийн бүртгэл хийсэн нь үйл ойлгогдох, нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийн баримтыг шүүх үнэлж түүний хүсэл зоригийн эсрэг Ардчилсан намын гишүүн мөн гэж дүгнэлт хийж Н.*******гийн орон нутгийн сонгуульд сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан тул Дундговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж нэр дэвшигчээр бүртгүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аны гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь Н.*******г Ардчилсан намын гишүүн болохыг нотлох хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэж чадахааргүй байна.
Тухайлбал, 2004 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөр огноолсон Ардчилсан намд элсэхийг хүссэн анкетыг нэхэмжлэгч өөрийн гараар тухайн үед бөглөж өгсөн болохоо хүлээн зөвшөөрдөг, мөн Адаацаг сумын Ардчилсан намын гишүүдийн бүртгэлийн 218 дугаарт бүртгэгдсэнийг гомдолд дурдсан “...гишүүний үнэмлэхээ аваагүй, намын гишүүн болсноо ч мэдээгүй... татвар төлдөггүй, намын ямар нэгэн ажилд оролцдоггүй...” гэх зэрэг шалтгаанаар үгүйсгэх боломжгүй.
Ардчилсан намын дүрмийн 3.1.2-т “Гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, үнэмлэхтэй байна” гэж зааснаас үзэхэд Н.******* нь Ардчилсан намын анхан шатны байгууллага болох Дундговь аймгийн Адаацаг сумын тус намын гишүүдийн бүртгэлд бүртгэгдсэн, харин үнэмлэхний тухайд энэ нь намын анхан шатны нэгжид бус намын гишүүнд өөрт нь хадгалагдах, бүртгэлийг илэрхийлэх бичиг баримт болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэгчийн Ардчилсан намд элсэхийг хүссэн анкет, намын гишүүдийн бүртгэлийн дэвтрийн хуулбар нь нотлох баримтын шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн, мөн энэ талаар Адаацаг сумын Ардчилсан намын дарга Ч.Уранчимэгээс гэрчийн мэдүүлэг авч тодруулах ажиллагааг явуулсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН