| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Д.Г,
Шүүгдэгч Ц.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Ц-ын М-д холбогдох 2229000000161 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Цагаан овоо 1 дүгээр баг, “Манлай” дэлгүүрийн хажууд байрлах иргэн Н.Х-нд байхдаа 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Д-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар хутгаар хүзүүг нь зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Цагаан овоо 1 дүгээр баг, “Манлай” дэлгүүрийн хажууд байрлах иргэн Н.Х-ийнд байхдаа 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Д-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар хутгаар хүзүүг нь зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Г.Д-ы: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний оройн 19 цагийн орчимд танил М, Б 2 над руу утсаар залгаад “пиво ууж байна хүрээд ирээч” гэхээр нь тэр хоёрын зааж өгсөн /хаягийг нь сайн санахгүй байна гэх/ Манлай дэлгүүрийн гудманд байх нэг айлд яваад очсон. Тэгсэн чинь М, Б 2 том савтай 2 ширхэг пиво уугаад сууж байсан. Тэгээд сууж байсан чинь М утсан дээрээ бичлэг хийгээд байсан тэгэхээр нь би “дандаа ууж идсэн, хүний яриаг бичлэг хийж, баримтжуулж байх юм наадахаа больчуул яасан юм” гэсэн чинь М босоод айлын гал тогооны шүүгээнээс хутга аваад шууд над руу ирээд намайг түлхэж унагаад “алчихъя” гээд цээжин дээр өвдөглөж байгаад хутганыхаа араар цээжин дээр 2, 3 удаа цохисон мөн миний хүзүүний зүүн талд хутгаараа зүссэн. Тэгээд тэр үед М араас нь Б татаад болиулсан. Тэгээд намайг тэнд сууж байхад Б манай эхнэрийг дуудаад манай эхнэр С намайг тэр айлаас ирж аваад гэртээ ирсэн... хүзүүний шарх маань 20 гаруй хоноод эдгэсэн. Тухайн үедээ эмнэлэгт очоогүй. Мөн цээж хөндүүрлээд, зовиурлаад зүүн талаараа хэвтэж чадахгүй байхаар нь 07 дугаар сарын 25-ны өдөр цээжний зураг авхуулсан... Эхэндээ хоорондоо шийдчихье гээд хүлээгээд байсан чинь одоо бүр огт холбогдож чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Маргааш өглөө нь нөгөө айлд нь уулзах гээд очиход байхгүй байсан. Утсаа авахгүй хэрнээ манай эхнэр лүү мессэж бичээд байдаг юм. Эхэндээ хохирол барагдуулна гэж байгаад тэгээд сүүлдээ алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-17-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 526 дугаартай “1 Г.Д-ы биед хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
Яллагдагч Ц.М-ийн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний орой би танил дүү болох Х-ийнд найз О-ын хамтаар байхдаа пиво ууж байсан. Тэгсэн чинь О Д-г дуудчихсан юм. Тэгээд Д ирээд бид нар хамт пиво ууж байсан. Тэгсэн чинь би хүнтэй видео калл хийгээд ярьж байсан чинь Д намайг бичлэг хийлээ гээд байсан... ингээд байж байгаад л хоорондоо энэ бичлэг хийсэн, орхиж явах гэлээ гэх асуудлаас болж маргалдаж би Д-ы хүзүүг зүссэн... Би хохирогчийн хохирлыг барагдуулж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг өгсөн... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Ц.М-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх саналыг шүүгдэгч Ц.М нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овогт Ц-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Г.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.М-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА