| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/01225/И |
| Дугаар | 102/ШШ2019/01342 |
| Огноо | 2019-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2019/01342
| 2019 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2019/01342 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .......................... тоотод оршин суух, ...............овогт Г.Г /РД: 0000000000 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..........................тоотод оршин суух, ...............овогт Н.Д /РД:000000000 /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,600,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргий хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бямбажаргал, гэрч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Н.Д нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлбэл хоногт тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож нэхэмжлэгч Г.Г надаас зээлж авсан. Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 776а тоотод байрлах 463 мк талбай бүхий хувийн сууц, 48 мк талбай бүхийн газрыг барьцаалж гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан. Хариуцагч Н.Д нь 2016 оны 12 дугаар сарын 16-наас2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх эхний жилийн хүүгээ бүрэн төлж барагдуулсан, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгах хүсэлт гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 12дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Үүнээс хойш нэг сарын хүү 400,000 төгрөг төлсөн, өөрийн мөнгө төлөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 4,400,000 төгрөг, алданги 6,200,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг хариуцагч Н.Д-гээс гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Д-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний хадам ах Болдбаатар ... Г.Г-ас мөнгө зээлэх гэсэн юм, барьцаа хөрөнгөтэй бол зээл өгнө гэж байна, миний өмнөөс зээлийн гэрээ байгуулчихаач гэж гуйсан юм. Ингээд Г.Г-тай би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг мөнгийг би биш Болдбаатар авч ашиглах гэж байгааг Г.Г эхнээсээ сайн мэдэж байсан, тэгээд ч зээлийн 8,000,000 төгрөгийг Болдбаатарын данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулсан өдөр би Г.Г-г танидаггүй байсан. Зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр Болдбаатар Г.Г дансанд тушаадаг байсан. Би зээлийн гэрээнд дүр үзүүлж гарын үсэг зурсан болохоос биш мөнгийг авч ашиглаагүй. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгийг авсан Болдбаатараас мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь үндэслэлгүй байна. Мөнгө зээлэхийн тулд дүр үзүүлж энэ барьцааны гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 4,400,000 төгрөг, алданги 6,200,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч ... Нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөгийг өөрийн хашаа, байшингаа барьцаалж Б.Б-т авч өгсөн, мөнгийг би ашиглаагүй, Б.Болдбаатар сарын хүүг төлж байсан, би хариуцах үндэслэлгүй, Б.Б хариуцах ёстой гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Д-тэй 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 8,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиодолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 776а тоот хаягт байрлах 463 мк талбай бүхий газар, 48 мк талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба гэрээ хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Н.Д-гийн Хаан банкин дахь 5059243019 тоот дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн депозит дансны хуулгаар тогтоогдсон, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-т 5 хувийн хүүтэй гэжээ. Хариуцагч зээлийн гэрээгээр хүү төлөх үүрэг хүлээжээ.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч хариуцагчийн хүсэлтээр дахин 1 жилээр гэрээний хугацаагаар буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 1 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Г.Г гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй.
Хариуцагч Н.Д нь гэрээний үүрэгт 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, мөн сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн. Гэвч нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хариуцагч 24 сарын хүү төлөх ёстойгоос 13 сарын хүүнд 5,200,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасан, үүнийг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагч Н.Д нь 5,200,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг ба Монгол улсад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага буюу банкуудын бүх төрлийн зээлийн хүүгээс зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү 1 сарын 5 хувь байгаа нь хэт өндөр байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү сарын 1.5 хувь болгон өөрчлөх нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэнэ гэж үзлээ. Иймд хариуцагч Н.Д нь 24 сарын зээлийн хүүнд 4,320,000 төгрөг төлөх ёстойгоос 5,200,000 төгрөгийг төлсөн буюу 880,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 110 хоногийн алдангид нэхэмжлэгч 6,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэхгүй байна. Хариуцагч Н.Д нь 110 хоногийн алдангид 4,400,000 төгрөг төлөх ёстой боловч хуулийн дээрх зүйлд нийцүүлж, алдангийн хэмжээг 4,000,000 төгрөг болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Н.Д-гээс үндсэн зээл 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулах ёстойгоос үндсэн хүүнд илүү төлсөн 880,000 төгрөгийг хасч 11,120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 776а тоот хаягт байрлах 463 мк талбай бүхий газар, 48 мк талбай бүхий хувийн сууцнаас хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Н.Д-гээс 11,120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 776а тоот хаягт байрлах 463 мк талбай бүхий газар, 48 мк талбай бүхий хувийн сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 321,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс 263,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР