Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/01357

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/01357

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......................тоот хаягт оршин суух, ................овогт Л.Б, /РД: 0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................тоот хаягт байрлах, Ж.Э.Э.Т.Д ХХК, /РД: 000000/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 59,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК нар нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эксковаторын түрээсийн гэрээ байгуулан Hyundai 2900LC3 маркийн 3272 УБ улсын дугаартай эксковаторыг 1 сарын 40,000,000 төгрөг буюу 1 өдрийн 1,333,300 төгрөгөөр, Hyundai 4500LV3 маркийн 0080 УБ улсын дугаартай эксковаторыг 1 сарын 23,000,000 төгрөгөөр буюу 1 хоногийн 766,6000 төгрөгөөр, Tsengun ZL50 маркийн 7663 улсын дугаартай ковшийг 1 сарын 8,000,000 төгрөг буюу 1 хоногийн 266,6000 төгрөгөөр тус тус ажиллуулахаар тохиролцож, хариуцагчид хүлээлгэн өгсөн. Талууд дахин 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Авто машины түрээсийн гэрээ байгуулан Sang Yong маркийн 49-22 УБС улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагч, Howo маркийн 05-03 ӨВА улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагч, Steyer маркийн 69-74 УНБ улсын дугаартай 20 м3 өөрөө буулгагч, Puso маркийн 94-17 ХӨА улсын дугаартай 20 м3 өөрөө буулгагч, Daewoo маркийн 45-01 УНХ улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагч, Daewoo маркийн 43-88 УНХ улсын дугаартай 20 м3 өөрөөр буулгагчуудыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Баян сумын Цайдам нуурын нүүрсний уурхайд түрээслэн ажиллуулах, түрээсийн төлбөрийг 15 м3-тэй техникийн төлбөрт 1 сарын 10,000,000 төгрөг, 20 м3-тэй техникийн төлбөрт 1 сарын 12,000,000 төгрөг байхаар тохиролцож, техникүүдийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч байгууллага нь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байна. Мөн талууд харилцан тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 59,166,000 төгрөгийг тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 59,166,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компан нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 207 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Төв аймгийн Баян сумын Цайдам нуурын нүүрсний уурхайд 80,000 м/куб хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг М.К.Т ХХК-тай байгуулан уг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг гэрээг дүгнэж, акт үйлдсэн байдаг ба ажлын гүйцэтгэл 86,194 метр куб хөрс зөөсөн гэж 2 талаас баталгаажуулсан боловч одоог хүртэл гүйцэтгэлийн төлбөр тооцоог авч чадаагүй байна. Гэрээний авбал зохих төлбөр 86,194х1550=133,600,700 төгрөг, үүнээс урьдчилгаа 35,000,000 төгрөгийг хасч тооцвол 98,600,7000 төгрөгийг одоо хүртэл М.К.Т ХХК-иас авч чадаагүй байна. Учир нь энэ гэрээний ерөнхий захиалагч Л.К.П.М ХХК болон М.К.Т ХХК-иудын хоорондын төлбөр тооцооны маргаан дуусаагүй байгаа. Энэ ажлын төлбөр тооцооны асуудлаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, иргэний хэрэг үүссэн байгаа болно. М.К.Т ХХК-иас төлбөр тооцоо авсны дараа Л.Б-гийн төлбөрийг төлөх болно. Манай компани нь н.Б, н.Ж гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн болон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа н.Мөнхболд гэдэг иргэн байгуулсан. Иймд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан. Гэрээ 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжсэн. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Манайх тухайн үед Л.Б-д урьдчилгаа 19,250,000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд тухайн техникийн жолооч нар архи ууж ажлыг алдагдуулж байсан. Техникүүдийн ажилласан цагийн талаар бүртгэлийг манайх хөтлөөгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 59,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцач нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу ашиглаж чадаагүй, эксковатор болон өөрөө буулгагчийн жолооч нар архи ууж ажил тасалсан гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК нар нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эксковаторын түрээсийн гэрээ байгуулан Hyundai 2900LC3 маркийн 32-72 УБ улсын дугаартай эксковаторыг 1 сарын 40,000,000 төгрөг буюу 1 өдрийн 1,333,300 төгрөгөөр, Hyundai 4500LV3 маркийн 00-80 УБ улсын дугаартай эксковаторыг 1 сарын 23,000,000 төгрөгөөр буюу 1 хоногийн 766,6000 төгрөгөөр, Tsengun ZL50 маркийн 76-63 улсын дугаартай ковшийг 1 сарын 8,000,000 төгрөг буюу 1 хоногийн 266,600 төгрөгөөр тус тус түрээслэн ажиллуулахаар тохиролцож, хариуцагчид хүлээлгэн өгсөн.

Мөн зохигчид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин Авто машины түрээсийн гэрээ байгуулан Sang Yong маркийн 49-22 УБС улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагч, Howo маркийн 05-03 ӨВА улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагч, Steyer маркийн 69-74 УНБ улсын дугаартай 20 м3 өөрөө буулгагч, Puso маркийн 94-17 ХӨА улсын дугаартай 20 м3 өөрөө буулгагч, Daewoo маркийн 45-01 УНХ улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагч, Daewoo маркийн 43-88 УНХ улсын дугаартай 20 м3 өөрөөр буулгагчуудыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Баян сумын Цайдам нуурын нүүрсний уурхайд түрээслэн ажиллуулах, түрээсийн төлбөрийг 15 м3-тэй техникийн төлбөрт 1 сарын 10,000,000 төгрөг, 20 м3-тэй техникийн төлбөрт 1 сарын 12,000,000 төгрөг байхаар тохиролцож, техникүүдийг хүлээлгэж өгсөн, хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК нь түрээсийн төлбөрөө одоог хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, түрээсийн гэрээнүүд, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ тодорхой хугацаанд хэрэгжсэн, гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй байна.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эксковаторын түрээсийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин Авто машины түрээсийн гэрээ-нүүдийн агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөө хэлбэл хариуцагч тухайн техникүүдийн ажилласан цагийн талаар маргасан атлаа татгалзлаа нотлоогүй, шүүх хуралдаан дээр тухайн техникүүдийн ажилласан цагийн хуваарийг хөтөлсөн эсэхийг шүүхээс тодруулахад ... цагийн бүртгэл хөтлөөгүй гэх тайлбарыг гаргасан болно. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Авто машины түрээсийн гэрээний 4.2-т Түрээслэгчийн үүрэг, 4.2.4-т Жолооч хариуцлага, сахилга алдаж ажил саатуулсан тохиолдолд түрээслүүлэгчид талд тухай бүр мэдэгдэж байна. гэж заасан үүргээ мөн хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч тал гэрээг байгуулахад манай компанийг төлөөлөн Б.Мөнхболд гэрээнд гарын үсэг зурсан, тэрээр компанийг төлөөлөх эрхгүй гэх боловч тухайн гэрээ хэрэгжсэн, өөрөө хэлбэл түрээслүүлэгч өөрийн 9 ширхэг техникийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, техникүүд Төв аймгийн Баян сумын нутаг Цайдам нуурын нүүрсний уурхайд ажилласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн хариуцагчийг төлөөлж гэрээ байгуулсан этгээд болох Б.Мөнхболд нь 59,166,000 төгрөгийн өр төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахыг зөвшөөрч Тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зуржээ.

 

 

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК нар нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эксковаторын түрээсийн гэрээ-г 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу 69 хоногийн хугацаатай байгуулсан ба дээрх хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК нь Hyundai 2900LC3 маркийн 32-72 УБ улсын дугаартай эксковаторын төлбөрт /1,333,300х69=91,997,700 төгрөг/, Hyundai 4500LV3 маркийн 00-80 УБ улсын дугаартай эксковаторын төлбөрт /766,6000х69=52,895,400 төгрөг/, Tsengun ZL50 маркийн 76-63 улсын дугаартай ковшийн төлбөрт /266,600х69=18,395,400 төгрөг/,

 

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Авто машины түрээсийн гэрээ-г 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу 63 хоногийн хугацаатай байгуулсан ба дээрх хугацааны Sang Yong маркийн 49-22 УБС улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагчийн төлбөрт /400,000х63=25,200,000 төгрөг/, Howo маркийн 05-03 ӨВА улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагчийн төлбөрт /400,000х63=25,200,000 төгрөг/, Steyer маркийн 69-74 УНБ улсын дугаартай 20 м3 өөрөө буулгагчийн төлбөрт /666,666х63=42,000,000 төгрөг/, Puso маркийн 94-17 ХӨА улсын дугаартай 20 м3 өөрөө буулгагчийн төлбөрт /666,666х63=42,000,000 төгрөг/, Daewoo маркийн 45-01 УНХ улсын дугаартай 15 м3 өөрөө буулгагчийн төлбөрт /400,000х63=25,200,000 төгрөг/, Daewoo маркийн 43-88 УНХ улсын дугаартай 20 м3 өөрөөр буулгагчийн төлбөрт /666,666х63=42,000,000 төгрөг/, нийт 9 техникийн дээрх хугацааны түрээсийн төлбөрт 322,888,500 төгрөг төлөх ёстойгоос талууд тооцоо нийлж, үлдэгдлийн баталгаа гаргаж, хариуцагч 59,166,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Иймд хариуцагч Ж.Э.Э.Т.Д ХХК-иас 59,166,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан Ж.Э.Э.Т.Д ХХК-иас 59,166,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 454,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчидолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР