Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга О.Анхтуг,

Улсын яллагч Д.Г,

Шүүгдэгч Т.У /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Т-ын У-т холбогдох 2229001800162 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ш.Б-ийн Хаан банкны ............... дугаарын дансны интернет банкны шилжүүлэг ашиглан 5 удаагийн гүйлгээгээр нийт 491.000 төгрөгийг хохирогч Ш.Б-д мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн Хаан банкны ............... дугаарын дансанд шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ш.Б-ийн Хаан банкны ................. дугаарын дансны интернет банкны шилжүүлэг ашиглан 5 удаагийн гүйлгээгээр нийт 491.000 төгрөгийг хохирогч Ш.Б-д мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн Хаан банкны ................. дугаарын дансанд шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Ш.Б-ийн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр танил У гэдэг эмэгтэй болон түүний нөхөр Б нартай Цогтцэций сумын төвд таксины зогсоол дээр уулзаад бид гурав хамт У, Б нарын гэр лүү явсан юм. Тэгээд тэднийд очоод ... би архи ууж байгаад хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлэх хэрэг гараад би өөрөө шилжүүлж чадахгүй байсан юм. Тэгээд У-т өөрийн Хаан банкны мобайл банкныхаа нууц үгийг хэлж өгөөд  У-р өөрийн хүү Т-лүү 3.000.000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн юм. Тэгээд байж байгаад би унтчихсан байсан. Тэгээд би магааш өглөө нь босоод хүү Т-тэй яриад мөнгө орсон уу? гэж асуусан чинь манай хүү надад 2.500.000 төгрөг шилжиж орж ирлээ та одоо 500.000 төгрөг шилжүүлээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би У-ээс асуухад мөнгийг чинь шилжүүлчихсэн гээд байсан. Тэгээд би “2.500.000 төгрөг шилжүүлсэн байна. 500.000 төгрөг нь яасан бэ?” гэж асуусан чинь надад шилжүүлчихсэн гэж хэлээд байсан. Тэгээд би Хаан банк орж дансаа шүүлгэж үзсэн чинь надад “У гэдэг данс руу гүйлгээ хийгдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би У рүү залгаад ярьсан чинь “дүү нь согтуудаа өөрийнхөө данс руу мөнгийг чинь шилжүүлчихсэн байна. Би машинаа зараад мөнгийг нь өгнөө“ гээд байсан. Тэгээд би өөрийн дансныхаа дугаарыг У рүү явуулсан боловч одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй утсаа авахгүй байна.... Би итгээд өөрийн Хаан банкны мобайл банкныхаа нууц үгийг өгч хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлгэж байхад надад хэлэлгүйгээр миний данснаас өөрийн данс руугаа мөнгө шилжүүлж авсанд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Яллагдагч Т.У-ийн: “...Би Ш.Б гэгчийн ................... тоот данснаас өөрийн ................... тоот дансандаа 491.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн мөнгөөр архи авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Ш.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаартай дансны хуулга /хх-ийн 37-р хуудас/,

Т.У-ийн эзэмшлийн Хаан банкны ................. дугаартай дансны хуулга /хх-ийн 40-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.У нь дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ш.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, шүүгдэгч нь хулгайлсан мөнгө болох 491,000 төгрөгийг хохирогчид буцаан өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул шүүгдэгч Т.У-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар,  ажил, сургуулиа өрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Т.У нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлтийн нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

            Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдсан гэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т-ын У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.Удвалцэцэгт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

            4. Хохирогч, Ш.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.У-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА