| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг,
Улсын яллагч Д.Г,
Хохирогч Ц.А /цахимаар/,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох 2229002840152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, нүүрс тээврийн 3 дахь километрт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-ийн нүүр хэсэг рүү нь алгадах, цохих, хоолойг цамцаар боох, газарт унагах зэргээр эрх чөлөөнд нь халдасны улмаас тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн бугалга, цээж баруун шилбэ дэх цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Ц.А өөрөө хэл амаараа доромжилж орж ирчхээд уучлалт гуйсангүй чамайг би шоронд чинь оруулаад өгнө гэж хэлдэг. Өчигдөр манай найзын эхнэрт хэлсэн байна лээ. Цохисон нь миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “Б.Б нь намайг ямар ч үндэслэлгүйгээр манай нөхрийн ахын дэргэд алцгар банзал хүүхэн гэж хэлсэн. Намайг алах гэж занаад алах гэж завдсан нөхөр орж ирж салгаагүй бол намайг алах байсан байх. Намайг зодсондоо гэмшиж уучлалт гуйх нь байтугай алгадуулсан би уучлалт гуйх уу надад ямар ч гэм буруу байхгүй гэсэн. Гол асуудал намайг тэгж ярьж гүжирдсэнээс болж л ийм асуудал үүсэж бий болсон. Би нутагтаа байтугай хаана ч тэгж тийм муухайгаар явж үзээгүй тэгтэл намайг тийм юм шиг манай нөхрийн ахад ярьж байгаагаас асуудал үүссэн. Одоо бол өвдөж бариад байгаа зүйл байхгүй тухайн үед толгой энэ тэр өвдөөд байсан. Би зодуулчхаад шүүх эмнэлэгт 2-3 хоногийн дараа үзүүлсэн учраас миний гэмтлийн зэрэг арай гайгүй гарахад нөлөөлсөн гэж хувь хүний зүгээс бодсон” гэв.
Улсын яллагч Д.Г нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Г би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Б-д холбогдох 2229002840152 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, нүүрс тээврийн 3 дахь километрт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-ийн нүүр хэсэг рүү нь алгадах, цохих, хоолойг цамцаар боох, газарт унагах зэргээр эрх чөлөөнд нь халдасны улмаас тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн бугалга, цээж баруун шилбэ дэх цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Ц.А-ийн мэдүүлэг, гэрч Ч.Ш-ийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай шинжээчийн дүгнэлт яллагдагч Б.Б-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хохирогч Ц.А-ийн эрүүл мэндэд учирсан “...тархины доргилт, хүзүүний зулгаралт, зүүн бугалга, цээж, баруун шилбэ дэх цус хуралт...” гэмтэл нь шанаа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Ц.А-ийн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхрийн машинаар тээвэрт явдаг Б гэдэг залуу нь манай жижиг машиныг унаад сум яваад ирсэн... Тэгээд гэртээ ороод байж байтал хажуу гэрт манай хүргэн ах Ш, тэгээд тэр Б хоёр чанга, чанга яриад байхаар нь манай нөхөр Б намайг “наад хүмүүс чинь согтуу байна, Б нуруу нь өвдөөд байна гэж байсан наад хүмүүс чинь янз бүр болоод гэмтээчихэж магадгүй чи яваад Б дагуулаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б, Ш, С нарын байсан гэрт ороход 0.75 граммын савалгаатай /нэрийг нь хараагүй/ архийг задлаад ууж эхэлж байсан. Тэгээд би Б-г дуудаад “манайд ороод унтчих явъя” гэсэн чинь Б "би явахгүй ээ би энд хононо” гээд С гэх хүний орон дээр хэвтээд байсан. Тэгээд би С, Б, Ш нарт хандаж “одоо архи уухаа боль” гээд ууж байсан архийг нь аваад гэрлүүгээ явж ороод гэрт оруулаад архийг нь нуучихаад халуун савтай цай хоол оруулаад Б, С, Ш ах гуравт хийж өгчихөөд гэртээ ороод амрахаар хэвтсэн чинь нөгөө гэрт хүмүүс чанга, чанга дуугараад Б-ийн хоолой сонсогдоод байсан. Тэгсэн чинь манай нөхөр чи нөгөө гэр лүү ороод үз дээ юу болж байна гэсэн. Тэгээд би гараад хаалганых нь завсараар харсан чинь С байхгүй Ш ах, Б хоёр дундаа кола ундаа тавьчихсан миний талаар Б нь "Би Б ахад өглөө шударгаар хэлнэ, энэ янхан банзал хүүхэнээ явуул эсхүл би явъя гэж хэлнэ" гээд Ш-д хэлээд сууж байсан. Харин өмнөөс нь Ш ах юм хэлэхгүй сууж байсан. Тэгээд миний уур хүрээд гэр'тээ орж ирээд нөхөртөө “Б чинь намайг тэгж яриад сууж байна ямар учиртай юм бэ” гэсэн чинь манай нөхөр чимээгүй байгаад байсан. Тэгээд би хэсэг сууж байгаад Бямбаагаас асуухаар нөгөө гэр лүү орсон чинь дахиад л намайг муулаад сууж байхаар нь явж ороод Б-ийн хажууд суугаад "Миний дүү чи яагаад намайг ингэж ярьж байгаа юм бэ? би хаана банзалдаж янхандаж явсан юм бэ? Би чамд ямар гэм хийсэн болоод чи ингэж худлаа юм ярьж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн чинь л Б хажуудаа байсан барианы шилийг бариад над руу далайгаад намайг хэл амаар доромжлоод өндийсөн. Тэгэхээр нь би хацар луу нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгсэн чинь Б баруун гартаа барьж байсан барианы шилний тагтай талаар нь миний толгойнд цохисон. Тухайн үед би газарт унаад босож ирээд “чи яагаад ингэж байгаа юм” гээд уурласан чинь Б баруун гараараа миний толгойн хэсэгт 1 удаа цохиод миний өмсөж байсан цамцны захаар намайг боогоод орон дээр дараад “чамайг алчихая” гээд олон үгээр хараагаад байсан. Тэгэхээр нь “Ш ахаа намайг аллаа авраарай” гээд орилсон чинь Ш ах босож ирэхгүй байхаар нь нөхрийгөө дуудсан. Тэгсэн чинь манай нөхөр гүйж орж ирээд Б руу “болиоч чи хүн аллаа шүү дээ” гэсэн чинь Б намайг тавиад цаашаа явсан. Тэгээд би босоод Б-д уур хүрээд ‘чи яахаараа намайг зоддог юм бэ” гэж хэлсэн чинь намайг дахиад баруун гараараа толгой руу 1 удаа цохисон би унаад толгой эргээд босож чадахгүй байсан. Тэгээд манай нөхөр намайг босгоод Бямбааг цохих гээд дайрахаар нь би нөхрийгөө болохгүй гээд татаад аваад гараад явчихсан юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
Гэрч Ч.Ш-ийн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэс таван толгойн уурхайгаас 3 дахь километрт манай гэр байдаг. Тэнд амрах гээд оройхон Б.Б бид хоёр ганц 0.5 л Хараа нэртэй архи хувааж уугаад гэртээ сууж байтал гаднаас А орж ирээд Б.Б-г 1 удаа өшиглөөд, хацар руу нь 1 удаа алгадаад авсан чинь буцаагаад Б.Б А-г нэг удаа хацар руу нь алгадаад байтал нөхөр нь болох Ч.Б орж ирээд Б-г цохиж аваад найз бүсгүй болох А-г аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай “Ц.А-ийн биед тархины доргилт, хүзүүний зулгаралт, зүүн бугалга, цээж, баруун шилбэ дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, нүүрс тээврийн 3 дахь километрт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-ийн нүүр хэсэг рүү нь алгадах, цохих, хоолойг цамцаар боох, газарт унагах зэргээр эрх чөлөөнд нь халдасны улмаас тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн бугалга, цээж баруун шилбэ дэх цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй болохыг дурдаж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА