| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, дөрвөн хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.О (РД:*****).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч О.О- нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ..... тоотод эхнэр Б.Ш-тэй маргалдан, түүнийг заамдаж, түүнтэй зууралдсаны улмаас амьсгалын цочмог дутагдал 2 дугаар зэрэг, нүүр, хүзүү, чих, мөрний хэсгийн харвалт, зулгаралт бүхий хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О- өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёрын маргаан эхнэрээ явуулахгүй гэж зууралдсанаас эхэлсэн. Эхнэр өөр хүнтэй яваад, би дөрвөн хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. 5 настай хүүхэд ээжийгээ нэхээд байсан. Би янз бүрээр гуйж, аргадаж, уурлаж үзсэн. Тэгэхэд гэртээ тогтохгүй явах гээд байхаар нь явуулахгүй гэсэн, орилоод байхаар нь аргаа бараад яв гээд явуулсан. Гэр бүлийн гадуурх харилцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа. гэсэн мэдүүлгийг гаргасан.
Хоёр: Эрүүгийн *** дугаартай хэргээс судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “нөхөр нь охиныг алах гээд байна, хурдлаарай” гэх утгаар бүртгэгдсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгчөөс Б.Ш-ийн биед 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: 168 см өндөртэй гэх, мах мариа дунд зэрэг, 40 настай гэх эмэгтэй байв. Ил харагдах хэсэгт үзлэг хийхэд хүзүүний урд хэсэгт нилэнхүйдээ улайсан зулгаралттай. Амны зүүн булан хэсэгт хөхөрч хавдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгээр өөр биед харагдах гэмтэл шарх үүссэн талаар асуухад байхгүй гэв. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8 дахь тал),
3. Хохирогч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Нөхөр бид хоёр одоогоос 2 сарын өмнө хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа байсан. Нөхөр тус тоотод хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Би тусдаа байж байгаад уг хэрэг болсон өдрөөс 3 өдрийн өмнө гэртээ ирж хүүхдүүдтэйгээ уулзаад явахдаа гар утсаа мартаад явсан байсан. Би гэрт үлдээсэн гар утсаа авахаар ирсэн чинь хүүхдүүд болон нөхөр байсан. Ороод утсаа аваад үзсэн чинь миний утсыг блоклуулчихсан байхаар нь хэн блоколсон юм гээд бага зэрэг уурласан чинь нөхөр *** хүүхдүүд тоглож байгаад блоколсон биз, утас чинь тийм чухал байгаа юм уу гээд уурласан. Нөхөртэйгөө хэрэлдээд гэрээс гарах гэсэн чинь нөхөр хаалганы урд байхаар нь биеэрээ цаашаа түлхсэн чинь намайг буцаагаад хаалга руу түлхсэн. Тэгээд хувцаснаас заамдаад боосон чинь хүзүү улайгаад өвдөөд байхаар нь түлхэж хаячхаад гэрээс гараад шатаар уруудаад гүйж байсан чинь орцны үүдэнд ээж Батсүх таараад, цагдаад мэдэгдсэн. Нөхөр миний биеийн аль нэг хэсэгт цохиогүй зөвхөн заамдсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10270 дугаартай:
-Б.Ш-ийн биед амьсгалын цочмог дутагдал 2-р зэрэг, нүүр, хүзүү, чих, хоёр мөрний хэсгийн цус харвалт, хүзүү, уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
5. Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: Хүзүүнд үүссэн зулгаралт цус хуралт гэмтэл нь заамдаж зууралдах үед үүсэх боломжтой. Амьсгалын дутагдал 2 дугаар зэргийн цочмог дутагдал хүзүү хоолой ам хамрыг таглаж хаасны улмаас амьсгал бүтэх үед нүүр болон салстуудад цус харвалт үүссэнээр илэрч батлагдаж байна. 2 зовхи завжны салст нүүр чих, хүзүү 2 мөрний хэсгийн цус харвалт нь хүзүү хоолойг боох үед үүснэ. Эдгээрээс бусад гэмтэл нь амьсгалын цочмог дутагдал 1-р зэргийн үед илэрч болох гэмтэл байна. Тухайн гэмтлүүдийг амьсгал боох үед үүссэн илрэлүүдийн хамт багцаар нь ойлгоно. Тухайн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
6. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээнд “бага” гэж тогтоосон үнэлгээ (хавтаст хэргийн 22 дахь тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 32-36 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч О.О-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.О- нь ... тоот гэртээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ш-тэй маргалдан улмаар түлхэх, зууралдах, хувцсаар нь хоолойг боох зэргээр бие, эрүүл мэндэд нь амьсгалын цочмог дутагдал 2-р зэрэг, нүүр, хүзүү, чих, хоёр мөрний хэсгийн цус харвалт, хүзүү, уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
-Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Ш-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8 дахь тал),
- Хохирогч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10270 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахыг үндсэн шинжээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хүндрүүлэх шинжээр тус тус тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид буюу эхнэр, нөхөр болон хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийг хамааруулахаар, мөн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор. хуульчилсан.
Шүүгдэгч О.О-, хохирогч Б.Ш- нар гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар гэрлэгчид буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.
Мөн шүүгдэгч О.О- нь эхнэр Б.Ш-ийн бие махбодод халдсан үйл баримт, мөн хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, шүүгдэгч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба шүүгдэгчээс хохирогч Б.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, харин тус гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүсэлтэй маргалдсаны улмаас хохирогчийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах шалтгаан нөхцөл болж, гэмт хэрэг гарсан байна.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх тул шүүгдэгч О.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч О.О-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй зээл төлдөг, орлого багатай зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү. гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч О.О-ын хувийн байдлыг шалгасан лавлагаагаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч О.О-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэр бүлийн хүрээнд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн ажилтай, хувиараа гагнуур хийх, усны сав борлуулах зэргээр орлого олдог байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О- нь торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.О-од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.О-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.О-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН